Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2023/ДШМ/832

 

         2023            8             17                                      2023/ДШМ/832

Э.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/1084 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Батзаяагийн бичсэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр Э.Бад холбогдох 2305010271146 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

******** овгийн Э.Б, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, ахын хамт Төв аймгийн Угтаалцайдам сум, * дугаар баг, Асгат уушиг ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**222222222/;

урьд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Яллагдагч Э.Б нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горький 18 дугаар гудамжны 541 тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Бгийн биед халдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокуророос яллагдагч Э.Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн атлаа яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтдээ “...түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа үндэслэл болгосон 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байх ба уг тогтоолд үндэслэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн хэрэгт цуглуулсан тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ЗШ/365 дугаартай шийтгэвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно” гэсэн заалтыг зөрчиж, зөвхөн хуулбараар хэрэгт хавсаргасан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Байнга” гэсэн шинжийн тооны давтамжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв. Учир нь, шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэмт хэргээр нь дахин шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэх үндэслэл болох тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Батзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгчийн захирамжийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаас өөр асуудлаар шийдвэр гаргасан нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан шүүхийн хэлэлцүүлгийн хүрээ, хязгаараас давж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байна. Учир нь:

1. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт тоочиж бичсэн асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “хүсэлт шийдвэрлэх ажиллагаа” бус, харин нотлох баримтын үнэлгээ, яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлуудыг дагнан дурджээ.

2. Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан “Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан”-ы явцад хэлэлцэж, шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байтал “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг”-ийн шатанд “яллагдагчийн гэм буруу”-тай эсэх, түүнийг нотолсон нотлох баримтын үнэлгээтэй холбоотой шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд алдаатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлгийг барьж шийдвэрлэдэг байдал сүүлийн үед маш их гарч байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1084 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргахаар заажээ.

Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг хүлээн авч, өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2021 оны 531 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй бөгөөд уг тогтоолд үндэслэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй, мөн 2021 оны 388 дугаар шийтгэх тогтоол, 2023 оны 365 дугаар шийтгэвэр нь хуулбар байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэжээ.

Дээрх шийтгэх тогтоол, шийтгэвэр нь Э.Бын өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг нотолсон баримт болсноор түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэж зүйлчлэх үндэслэл болжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан байх бөгөөд захирамжид заасан дээрх үндэслэлүүд нь мөн зүйл, хэсгийн 6.13“нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол” гэж, мөн зүйл, хэсгийн 6.17“эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол” гэж тус тус заасан хэм хэмжээний агуулгад хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” аль нэг, эсхүл хэдэн хэдэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар заажээ.

Э.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэж зүйлчлэх үндэслэл болсон 2021 оны 531 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаагүй,  мөн 2021 оны 388 дугаар шийтгэх тогтоол, 2023 оны 365 дугаар шийтгэвэр нь тус тус хуулбар байдлаар хэрэгт авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлд хамаарна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэсэн үндэслэлээр хэргийг зүйлчлэхэд 2021 оны 531, 388 дугаар шийтгэх тогтоолуудаар гэм буруутайд тооцогдсон байдал нь байнга гэх шинжийг хангах үндэслэл бүхий нотлох баримт болох эсэхэд анхаарвал зохино.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасанд яагаад хамаарахгүй байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлах нь хууль хэрэглээ, зүйлчлэлд чухал ач холбогдолтой байна.

Иймд прокурор Д.Батзаяагийн бичсэн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/1084 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР