| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00082/И |
| Дугаар | 307/ШШ2025/00205 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 307/ШШ2025/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00082/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******дугаар баг, *******хороолол,****** тоотод оршин суух ******* овогтой ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *****баг_********хэсэг,*******гудамж,***** тоотод оршин суух ******* овогтой ******* ******* холбогдох,
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 онд И.*******ай танилцаж, бидний дундаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түү төрсөн. Өмнө нь би бас шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. ******* өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй. Би хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа учраас санхүүгийн асуудал маш хүнд байдаг. Үүнийгээ хэлэхэд хүлээж авдаггүй. 2024 оны намар би хүнээс мах аваад *******ыг махны үнэ 400,000 төгрөг өгөөч гэхэд чадахгүй гэсэн. Зуны халуунд ам цангаад байна, ус авчраад өгөөч гэхээр авчирч өгдөггүй, мод хагалаад гал түлээд өгөөч гэхээр өөрөө хий гэдэг. Тухайн үед би аргагүй байдалд орж ахыгаа дуудаад гэртээ ирж байсан. Би И.******* олон удаа боломж олгож байсан, зөндөө тэвчиж хүлээсэн. *******ыг гэрт ирэхэд манай ээж ч би ч зайл гэж хөөж байгаагүй. Харин ******* намайг зайл гэж хөөж байсан. Нэг удаа хүүхдээ эмнэлэгт үзүүлж ирэхдээ намайг буу гэж мөрнөөс татаж буулгаж байсан. Энэ хүн 50 гарсан хүн гэхэд төлөвшөөгүй, хариуцлагаа мэддэггүй. Тийм учраас би дахин шүүхэд хандсан... гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Надад хэлэх зүйл байхгүй. Намайг хүүхдээ харж үздэггүй гэж байна. Өмнө нь шүүхээр орсноос хойш би мөнгөө байнга аваачиж өгдөг болсон. Төлбөртэй эмнэлгийн төлбөрийг нь ч төлж байсан. Намайг хүүхдээ харж үздэггүй гэж худлаа хэлж байна. Намайг гадуур дотуур явж байгаад очиход хоол цай ч хийгээгүй сууж байдаг. Би өөрийн боломж чадлаараа харж үздэг. Дуудах бүрд нь очдог, би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, ажил төрөл хийж болохгүй эмчийн заавартай. Намайг 50 гарсан гээд ажилд авдаггүй. Миний хөлийн дунд чөмөг хугархай, нэг хөл дээрээ явдаг. Хүнд юм өргөж болдоггүй, би хүүхдээ харж үзнэ. Би хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй... гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, МЭДС ТОБ өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хүүхэд эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч И.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2.Хариуцагч ******* нь ...Би өөрийн боломж чадлаараа харж үздэг. Дуудах бүрд нь очдог, би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, ажил төрөл хийж болохгүй эмчийн заавартай. Намайг 50 гарсан гээд ажилд авдаггүй. Миний хөлийн дунд чөмөг хугархай, нэг хөл дээрээ явдаг. Хүнд юм өргөж болдоггүй, би хүүхдээ харж үзнэ. Би хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй гэжээ.
3.*******, ******* нар нь 2020 онд танилцаж, гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Амгаланбаатарын төрсөн ба зохигчид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан хүүхдийг эцэг *******аар овоглосныг захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзнэ.
4.Зохигч талууд насанд хүрээгүй хүү А.гийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа тул түүний ээнэгшин дассан орчин нөхцөлийг өөрчлөхгүйгээр А.г эх асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
5.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү А.д сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар А.г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшний тавин хувьтай тэнцэх хэмжээгээр, 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг ******* тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС