| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0087/э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч М.Б, Э.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
хохирогч Х.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Майдарын Баасанжав, Сартуул овгийн Энхтайваны Энхсолонго нарт холбогдох эрүүгийн 1711012280313 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Номин Элекроникс ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 51 дүгээр гудамж 666 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
, 1996 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаа 9 дүгээр гудамж 42-11 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-162 тоот хашааны орчим Х.Мөнхнасантай маргалдаж улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-162 тоотод Х.Мөнхнасантай маргалдаж улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирогчоос уучлал гуйж байна. Найз нь тухайн үед уурласан байсан…” гэв.
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Х.Мөнхнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар 29-ний үед найз дээрээ очоод пиво уугаад тэгээд чимээгүй байж байтал Баасанжав надруу баахан пиво тэвэрч орж ирээд шидээд байхаар нь би гараад явсан. Маргааш надруу Отгондулам яриад Энхсолонго бид гурав Баянбүрдийн Бүрд гээд пабад суусан. Тэгээд тэндээ ярилцаад Отгондалайгийнд очихоор болоод тэднийд очоод байж байтал Сокотой яриулаадах гээд намайг хараагаад байсан. Би чамайг одоо очиж байгаад ална гээд байхаар нь чи хүрээд ир гээд хэлсэн, тэгээд ирэнгүүтээ машинаасаа бууж ирээд намайг алгадсан. Тэгээд би найздаа орж хэлээд би найзтайгаа маргалдаж эхэлсэн, тэгээд Энхсолонго намайг үсдээд нүүр маажаад зодсон. Би зодуулсан болохоор бачимдсандаа аяга аваад шидсэн, би эрүүл мэндээрээ хохирсон баруун талын хамар хугарсан байна гэсэн…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ¹154 дүгээр дүгнэлтэд:
“1. Х.Мөнхнасангийн биед тухайн үед дух, хацар, гарын алга, өвдгөнд шалбаралт, цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл учирчээ.
2. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл гэмтлүүд байх ба тухайн хэрэг учрал болсон гэх 2017.10.13-ны өдөр үүссэн байх боломжтой байна.
3. Х.Мөнхнасангийн биед тухайн үед учирсан дух, хацар, гарын алга, өвдгөнд шалбаралт, цус хуралт гэмтлүүд нь ниййлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-95-96/.
Шүүгдэгчийн нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-45-46, 51, 52, 55/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-162 тоот хашааны орчим Х.Мөнхнасантай маргалдаж улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, мөн шүүгдэгч Э.Э нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9-162 тоотод Х.Мөнхнасантай маргалдаж улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б, Э.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч М.Б, Э.Э нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав.
Хохирогч Х.Мөнхнасан нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр,
- шүүгдэгч Э.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Э.Э нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээны зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Э.Э нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ