Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 159/ШШ2024/0074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                   Хэргийн индекс: 159/2024/0067/3                              

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б,

Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0049044 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З /цахим/, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.С /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/566 дугаар албан бичгээр “Т” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл бүхий мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, гэрээт жолооч нараараа ажил гүйцэтгүүлэхдээ ойн инженер ажиллуулаагүй, тусгаарлах талбайгаас гадна талд мод бэлтгэсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар шилжүүлснийг хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Т” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2431000611 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийг нээсэн байна.

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0049044 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг “Ойн тухай” хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.4.1, 35.4.2, 3.1.5, 22.1.4, 35.3-т заасныг баримтлан 10,000,000 төгрөгөөр торгож, 59,559,453 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 0049044 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Гомдол гаргагч “Т” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Улаанбаатар хот Экологийн цагдаагийн газраас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шалгалт ирэн Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн байх болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаад хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтад шилжүүлж хяналтын прокурор н.Номин-Эрдэнэ хэрэг бүртгэлийн хэргийг хянаж Эрүүгийн хэргийн шинжгүй зөрчил гэж дүгнээд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх заалт хэсэгт заасан үндэслэлээр арга хэмжээ авхуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б зөрчлийн хэргийг шалгаж Прокурорын гаргасан шийдвэрийг үндэслэлээр зөрчил биш эрүүгийн хэргийн шинжтэй гэж зөрчлийн прокурорт дахин шалгуулахаар прокурор рүү дахин буцаасан, прокурор материалыг хүлээн авч хянаад прокурорын гаргасан шийдвэр хууль зүйн улсын байцаагч Н.Бд материалыг буцаан хүргүүлсэн.

Н.Б материалыг хүлээн аваад мөн үл зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг хүлээн аваад 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авахдаа хуульд байхгүй 59,559,453 төгрөгийн нөхөн төлбөр тавилаа. Иймд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн шийтгэлийн 0049044 дугаартай хуудаснаас үндэслэлгүй 59,559,453 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч “Т” ХХК-ийн мод бэлтгэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор экологийн цагдаагийн албанаас 2024 оны 03 дугаар сард шалгалт хийж, Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар  хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгасан байдаг. Уг шалгалтаар “Т ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д заасан хэсгийг зөрчиж 42 метр куб мод бэлтгэсэн зөрчил гаргасан тул хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж зөрчлийн шинжтэй гээд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй, зөрчил байна гэж үзээд хааж шийдвэрлэсэн. Хааж шийдвэрлэсэн ажиллагаатай холбогдуулан зөрчлийн хэргийн материалыг Байгаль орчин аялал жуулчлалын газар луу шилжүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын газраас улсын байцаагч Н.Б хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлогыг хураах арга хэмжээ авсан. Бидний тухайд яагаад шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр шийтгэлийн хуудас дээр торгуулийн арга хэмжээ аваад 59,559,453 төгрөгийн нөхөн төлбөрийг тавьсан. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар нөхөн төлбөр тавихаар заагаагүй байхад хууль зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д тус хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд учруулсан нөхөн төлбөрийг гаргуулж, хор уршгийг арилгуулж нөхөн төлбөрийг төлүүлнэ гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д нөхөн төлбөр олгохоор заагаагүй учраас нөхөн төлбөр тавьсан нь үндэслэлгүй байна. Иймд гомдлын шаардлага гаргасан.” гэжээ.

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь ойн мэргэжлийн байгууллага буюу ойн мэргэжлийн түвшинд ажиллах ёстой. Цэвэрлэгээний ажлын эрхийн бичгээр хуурай мод бэлтгэх ёстой байсан хэдий ч зохих зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн. Энэ нь ойн санд 41.2 метр куб модны хохирол учруулсан. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр бүлгийг “Т” ХХК-ийн гаргасан үйлдэл бүрэн хангаж байна. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар аль хүнд шийтгэлийг нь оногдуулна гэдэгт Зөрчлийн тухай хуулийн мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д заасныг авч үзэж байгаа боловч Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5-д нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна гэсний үндсэн дээр ойн санд учруулсан 41.2 метр  куб модонд хохирол нөхөн төлүүлэх шийтгэвэр гаргасан.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Гомдол гаргагч тал өмнөх шүүх хуралдаан болон уг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Зөрчлөө хүлээн зөвшөөрсөн учраас ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Хууль хэрэглээний талаар улсын байцаагчийн гаргасан шийтгэвэр нь хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл бүхэлдээ Ойн тухай хуулийг хамгаалсан зохицуулалттай. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлтэй холбоотой зохицуулалт нь өөрөө хамгаалалтын объект нь ойн санг хамгаалж байгаа гэсэн үг. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 болон 11-д заасан зүйл заалтад байгаа арга хэмжээг давхардуулж оногдуулсан зүйл яригдаад байгаа юм. Зөрчлийг шалгаж, процессын ажиллагаа явуулахад тус гомдол гаргагчийн гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 болон 11-д заасан бүх зөрчлийн шинжийг агуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 2 заалт давхардсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь 2 зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байвал хэрхэн шийтгэл оногдуулах вэ? гэдэг зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зохицуулж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д нэг үйлдэл эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж зохицуулж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д заасныг хэрэглэх үү? 11-д заасныг хэрэглэх үү? гэдэгт эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д заасныг хэрэглэх нь зүйтэй юм гэдэг зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зохицуулж өгсөн. Нэг үйлдлээрээ хоёр заалтыг зөрчсөн байвал аль хүнд шийтгэлтэйг нь оногдуулна гэсэн зохицуулалтыг бариад 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар шийтгэлийн хуудас гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5-д энэ хуулийн тусгай ангид заасан бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт оногдуулсан үндсэн шийтгэл дээр нэмж бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг оногдуулна гэж заасан. Гомдол гаргагчийн өмгөөлөгч хэлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д заасныг хэрэглэсэн бол нөхөн төлбөр оногдуулсан байж болно. Гэтэл 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар нөхөн төлбөр зохицуулж өгөөгүй байхад 59,559,453 төгрөгийн нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд үүнийгээ тайлбарлахдаа Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 гэсэн заалтыг барьж байна. Нөхөн төлбөр оногдуулахын тулд заавал тусгай ангид заасан байхыг шаардана гэсэн заалтыг зөрчсөн гэх тайлбарыг хэлэээд байна. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5-д шийтгэж байгаа шийтгэлээс гадна өөр зөрчигдсөн зүйлийг тусгай ангид заасан нэмэлт шийтгэл, албадлагын арга хэмжээг авч болно гэж зохицуулсан. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 болон 11-д заасныг зөрчсөн гэх аль аль нөхцөл байдал нь бүрдчихсэн учир Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар аль хүнд шийтгэл гэдэг дээр 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар шийтгэлийн хуудсаа бичсэн. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5-д заасан зохицуулалтын дагуу 7.9 дүгээр зүйлийн 10-д заасан нөхөн төлбөрийн асуудлыг 59,559,453 төгрөгөөр оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийг хэрэглэхдээ Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлаж хэрэглэсэн байна гэж харагдахаар байна.

Хэргийг бүтэн агуулгаар нь харвал Ойн тухай хуулийг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир гомдол гаргагч талд зөвхөн шийтгэл оногдуулаад зогсох биш Ойн тухай хуулийн дагуу зөрчигдсөн хамгаалалтын объект болох ойн сан тодорхой хэмжээнд хохирч байгаа тохиолдолд байгаль орчинд учирсан нөхөн төлбөрийг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Гомдол гаргагч байгууллагын үйлдэл дээр эрх бүхий албан тушаалтан хуулийг зөв тайлбарлаж, зөв журамлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэгэнт байгаль орчинд хохирол учруулчихсан, ойн санг хохироочихсон тохиолдолд нөхөн төлбөр оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0049044 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-г “Ойн тухай” хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.4.1, 35.4.2, 3.1.5, 22.1.4, 35.3-т заасныг баримтлан 10,000,000 төгрөгөөр торгож, 59,559,453 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

Гомдол гаргагч “Т” ХХК шүүхэд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 08 дүгээр сарын 20-ний өдрийн 0049044 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Захиргааны зөрчлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, гомдол гаргагч,  хариуцагч нарын тайлбарууд, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, гэрч нарын мэдүүлэг, зөрчлийн хэргийн материалын нотлох баримтуудыг үнэлээд гомдол гаргагч “Т” ХХК-ний гомдлыг шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэг. Маргааны үйл баримтын талаар

1. Гомдол гаргагч “Т” ХХК нь ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бөгөөд Ерөө бүсийн сум дундын ойн ангитай “Ойгоос мод бэлтгэх, талбай тусгаарлах гэрээ” байгуулж 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 16.2 га талбай, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 6.7 га талбай, 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдөр 3.8 га талбай, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 9.8 га талбайг тус тус тусгаарлуулжээ.

2. 2024 оны 03 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд дээрх тусгаарлуулсан талбайд “Т” ХХК-ний ажилтан Б.Баасан, Б.Даваа, С.Баатарчулуун, С.Отгонтөгс, О.Загдсүрэн нар дээрх талбайнуудад мод бэлтгэхээр мод бэлтгэх хяналтын хуудас авч мод бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлжээ.

3. Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс “Т” ХХК-ний ажитнуудын мод бэлтгэх үйл ажиллагаанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал ирүүлснийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол үйлдэж хэргийг хааж, хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлжээ.

4. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б дээрх Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас  албан бичгээр ирүүлсэн “Т” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 13-14-ний өдөр ойгоос мод бэлтгэх тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа ойн инженер буюу зохих албан тушаалтныг ажиллуулаагүй, тусгаарласан талбайгаас гадна мод бэлтгэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шалгажээ.

Хоёр.0049044 дугаартай шийтгэлийн хуудасны талаар

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл олсон орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “ Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ “, 35.4.2 –т “ зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн “ гэж заажээ.

Гомдол гаргагч “Т” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 13-14-ны хооронд Мандал, Ерөө сумын нутаг дэвсгэр Мухарын ам гэх газарт 16.2 га талбайд ойн цэвэрлэгээний огтлолоор шинэс мод бэлтгэхдээ ойн инженер ажилууллаагүй, тусгаарласан талбайгаас гадна зохих зөвшөөрөл олгоогүй байхад 41.2 метр куб модыг бэлтгэсэн зөрчил үйлдсэн болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, гомдол гаргагчийн тайлбар, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1228 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт хавсаргасан гэрэл зураг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар мод бэлтгэсэн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т зааснаар шийтгэл оногдуулж 10,000,000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцсэн байна.

Харин 00490044 дугаартай шийтгэлийн хуудсаар 59,559,453 төгрөгний нөхөн төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т торгох шийтгэл оногдуулахаас гадна нөхөн төлбөр гаргуулах талаар зохицуулаагүй, зөвхөн хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хураахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий анги буюу 4.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн Тусгай анги буюу 7.9 дүгээр зүйлийн 11-д нөхөн төлбөр гаргуулахаар заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж болохоор байна.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гомдол гаргагч “Т” ХХК нь ойн инженер ажиллуулаагүй, тусгаарласан талбайгаас өөр газарт хууль бусаар мод бэлтгэсэн талаараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд Зөрчлийн тухай 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар хууль бусаар бэлтгэсэн 41.2 мкуб модыг хураалгаж улсын орлого болгосон тул тухайн зөрчилд давхардуулан 59,559,453 төгрөгний нөхөн төлбөр оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбартаа дурджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 0049044 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-нд оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг хэвээр үлдээж, ойн санд учруулсан хохиролд 59,559,453 төгрөгний нөхөн төлбөр оногдуулсныг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 35,100 төгрөг гаргуулан “Т” ХХК-нд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР