Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0634

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0634

Улаанбаатар хот

Б.А-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2017/0050 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.А 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 440 дүгээр захирамжийн Б.А холбогдох хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШШ2017/0050 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ны тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 440 дүгээр захирамжийн Б.А холбогдох “аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Б.А-г томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон хэсгийг хүчингүй болгох, Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр баг сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хариуцагчийн зүгээс намайг ажлаас чөлөөлөх тухай маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэж шийдвэр гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт бол хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагаас шаардсан нөхцөлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай бөгөөд анхан шатны шүүхээс тус үндэслэл бүрдээгүй тухай дүгнэлт хийсэн билээ. Анхан шатны шүүхийн тус дүгнэлт нь үндэслэл бүхий дүгнэлт юм.

Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт бол Засаг дарга өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай заалт юм. Иймд тус заалтын дагуу намайг ажилд эгүүлэн томилсон 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгохын тулд тус захирамж нь хууль бус захирамж байх шаардлагатай.

Хариуцагч болон анхан шатны шүүхийн зүгээс намайг ажилд эгүүлэн томилох тухай Б/387 дугаар захирамжийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэмээн дүгнэсэн. Энэ нь үндэслэлгүй дүгнэлт юм.

Цаг хугацааны хувьд намайг ажилд томилох тухай захирамж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр 154.4 дэх хэсэгт заасныг зөрчих боломжгүй юм. Учир нь Сонгуулийн тухай хуулийн тус заалт сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүртэлх харилцааг зохицуулсан байна. Тодруулбал сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажлаа гүйцэтгэхгүй байх тухай билээ. Хуулийн тус заалтыг өргөтгөж тайлбарласан ч Сонгуулийн тухай хууль сонгуулийг зохион байгуулж дуусах хүртэлх харилцааг зохицуулж байгаа тул 2017 оны 6 дугаар cap буюу орон нутгийн сонгууль дуусах хүртэлх харилцааг тус хууль зохицуулж байгаа.

Гэтэл намайг ажилд эгүүлэн томилох тухай захирамж нь 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр буюу сонгууль дууссаны дараа гарсан захирамж юм. Иймд сонгууль дууссаны дараа гарсан захирамж сонгуулийг зохион байгуулж дуусах хүртэлх хугацааны харилцааг зохицуулсан хуулийн заалтыг зөрчихгүй юм.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр 154.4 дэх хэсэгт заасны дагуу намайг ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөх учиртай байсан гэж үзвэл намайг ажилд эгүүлэн томилсон захирамж бус түр чөлөө олгосон захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл болно. Учир нь Сонгуулийн тухай хуулийн тус заалт нэр дэвшигчээс ажлаас чөлөөлөгдөхийг шаардаж байгаа учир ажлаас чөлөөлөгдөөгүй байх нь хууль бус болно.

Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс тус захирамжийг хүчингүй болгоогүй. Хэрэв надад ажлаас түр чөлөө олгосон нь хууль бус гэж үзвэл намайг ажилд эгүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгох бус намайг нэр дэвшигчид тавигдсан ажлаас чөлөөлөгдөх шаардлагыг биелүүлээгүй, сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болох байсан.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт нь сонгуульд нэр дэвшигч ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх заалт гэж ойлгосон ч энэ нь аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн дээрх заалт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид өгөх, ажлаа гүйцэтгэхгүй байхыг шаардсан болохоос нэр дэвшигч ажилтныг ажлаас халахыг ажил олгогчоос шаардаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн тус заалтыг дээрх агуулгаар тайлбарласан байна. Мөн миний иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00052 дугаар магадлалд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т гэж заасныг Хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагддаг байх, ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхыг ойлгоно гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нэгэнт Сонгуулийн тухай хуулийн тус заалтын дагуу ажил олгогч нь сонгуульд нэр дэвшиж буй ажилтныг өөрийн санаачилгаар ажлаас халах эрхгүй учир намайг ажлаас чөлөөлөөгүй гэж хуучин аймгийн Засаг даргыг буруутгах, түүний тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэв би өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй байхад ажил олгогч нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн бол тус тушаал нь хууль бус тушаал болох байсан.

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн дээрх заалт ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх агуулгатай буюу ажил олгогчид түүнийг ажлаас чөлөөлөх эрх олгоогүй, ажлаас чөлөөлөхийг үүрэг болгоогүй тул аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Б/277 дугаар ажлаас чөлөө олгосон захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр 154.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Хуулийн тус заалтыг сонгуульд нэр дэвшигч ажилтан ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх агуулгаар тайлбарлах үндэслэлгүй талаар дараах үндэслэлүүдийг тус тус дэвшүүлж байна.

Сонгуулийн тухай хуулийн тус заалттай төстэй зохицуулалт болох Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолд Улсын Их Хурлын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт төрийн албан хаагч нь улс төрийн сонгуульд оролцож өрсөлдөхөөр бол төрийн алба болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг бий болгосон нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх хууль ёсны зорилгод тулгуурласан.

Төрийн албан хаагч сонгуульд оролцоход төрийн албаны нэр хүндийг буруугаар ашиглах, төсвийн хөрөнгийг зарцуулах, төрийн албан хаагчийн хувьд үзүүлсэн үйлчилгээ, бүтээсэн зүйлийг өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, таниулах байдлаар бусад нэр дэвшигчдээс илүү, давуутай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, хууль бус аливаа үйлдлээс бусад нэр дэвшигчийг хамгаалах, эрх зүйн ижил гарааны нөхцөл бүрдүүлэх, сонгогчийн сонгуульд саналаа өгөх, жинхэнэ хүсэл зоригоо бодитой илэрхийлэх боломжийг баталгаажуулахын ач холбогдлыг хууль тогтоогч тооцон үзсэн.

Энэ нь хууль тогтоогчийн зүгээс сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч албан тушаалын эрх мэдлээ сонгуулийн ажиллагаанд давуу байдал болгон ашиглахгүй байх үзэл санааг хамгаалсан болохыг харуулж байна. Төрийн албан хаагч өөрийн ажлаасаа халагдахгүйгээр сонгуулийн хугацаанд тухайн ажил үүргийг гүйцэтгэхгүй буюу эрх мэдэлгүй байж сонгуульд нэр дэвшсэнээр хууль тогтоогчийн тус зорилго хангагдах боломжтой...” гэсэн.

Би сонгуулийн хугацаанд сургуулийн захирлын албан үүргээ гүйцэтгэхгүй байсан тул сонгуулийн өрсөлдөөнийг ижил гараанаас эхлүүлэх хууль тогтоогчийн санаа зорилго, хуулийн 154.4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлах үүднээс тус заалттай төстэй бусад хуулийн заалтуудыг судлан үзэж харьцуулан тайлбарлах шаардлагатай. Үүнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хоёр заалтаас үзэхэд төрийн албанаас чөлөөлөгдсөн байх, өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй ч түүнийг ажлаас чөлөөлөхөөр хатуу шаардлага тавьсан байна. Харин Сонгуулийн тухай хуулиар тийнхүү ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан байх хатуу шаардлага тавиагүй. Нэгэнт хууль тогтоогч дээрх хуулиудад ондоо нэр томъёо хэрэглэсэн тул хуулийн заалтуудыг ялгаатай авч үзэж тайлбарлах үндэслэлтэй.

Мөн цаг хугацааны хувьд Сонгуулийн тухай хууль сүүлд батлагдсан тул хууль тогтоогч өмнөх хуулийн зохицуулалт болон сонгуулийн туршлагыг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хатуу шаардлагыг зөөлрүүлж өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Цаг хугацааны хувьд сүүлд батлагдсан хуулийн зохицуулалт нь өмнө батлагдсан хуулиас илүү давуу байдлаар хууль тогтоогчийн санаа, зорилгыг илтгэдэг билээ.

Тухайлбал Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанд Улсын Их Хурлын гишүүн А.Б төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлын хангах үүднээс хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байсан.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдсөн байх шаардлага тавьсан. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалтуудаас ялгаатайгаар давуу байдлаар авч үзэж тайлбарлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан албан тушаалаас бүрмөсөн чөлөөлөгдсөн байх эсвэл бүрмөсөн чөлөөлөгдөхийг шаардаагүй гэж тайлбарлах хоёр хувилбар бүхий хуулийн тайлбар байгаа нөхцөлд тухайн салбар болох Төрийн албаны харилцааг зохицуулсан хуулийн зарчимд нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд үндэслэх” гэж заасан.

Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөх бус үргэлжлүүлэн ажлаа хийх нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах зарчимд нийцэх юм. Баян-Өлгий аймгийн орон нутгийн сонгуульд ардын нам ялсан нь ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж сонгогдсон намайг сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шалтгаан болж байгааг анхаарах хэрэгтэй.

Дээр тэмдэглэсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолд тусгагдсанаар Улсын Их Хурлын гишүүн А.Б Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар сонгуульд нэр дэвшигч төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх хатуу шаардлага тавьсан нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх шаардлагад харшилж байгааг хүлээн зөвшөөрч харин сонгуульд оролцож ялагдсан төрийн албан хаагчийн хувьд түүнийг төрийн албанд буцаан авах нөхцөл, журмыг тогтоосон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байж болохыг тайлбарлаж байсан.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Төрийн албаны тухай хуулийн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Би маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх явдлыг хангах юм.

Маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн шийдвэр юм. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцлах, дуусгавар болгох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж хязгаарласан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтныг хуулийн тус хэсэгт заагаагүй нөхцлөөр ажлаас халах үндэслэлгүй.

Хуулийн тус хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй болохоор маргаан бүхий захиргааны акт нь хууль бус юм. Тухайлбал Улсын Дээд шүүхээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж дүгнээгүй байдаг. Хэрэв тийнхүү үзэх үндэслэл байсан бол миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байсан.

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас хэргийг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэлгүй тухай дүгнэлт хийсний үндсэн дээр гаргасан шийдвэр юм.

Аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Б/277 дугаар захирамжаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, цуцлаагүй учир намайг сургуулийн захиралд үргэлжлүүлэн ажиллуулах нь сонгон шалгаруулалт зарлах тухай Боловсролын тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Хуулийн тус заалт нь сургуулийн захирлыг ажлаас чөлөөлсөн буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нөхцөлд шинээр захирал томилоход сонгон шалгаруулалт явуулах тухай заалт юм.

Намайг ажилд эгүүлэн томилох тухай Б/387 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт заасны дагуу миний хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Тус шийдвэрийг хүчингүй болгох тухай 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн Б/440 дүгээр захиргааны акт гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Иймд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг зөвхөн хуульд заасан үндэслэлүүдээр л хүчингүй болгох тухай Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалт үйлчилнэ. Захиргааны ерөнхий хуулийн тус заалтын дагуу захиргааны акт нь хэдий хууль бус ч гэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бол зөвхөн хуулийн тус хэсэгт заасан үндэслэлүүд бүрдсэн нөхцөлд л хүчингүй болгох тухай заасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэх шаардлагаас гарч байгаа билээ.

Иймд хэдийгээр намайг ажилд томилсон шийдвэрийг хууль бус гэж үзэх хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудад заасан нөхцөл бүрдээгүй учир тус тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх хөндөгдөж буй этгээдийг сонгох, тайлбар авах, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах тухай журам зөрчигдсөн тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болох юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, ... нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан нь нэхэмжлэгчдийн давж заалдах гомдолд бичсэнчлэн тухайн сонгууль явагдаж дуусах хүртэлх хугацаанд албан үүргээ гүйцэтгэхгүй байх ойлголт биш болно.

Дээрх заалтын агуулга нь зөвхөн нэр дэвшигчид хамааралтай, тухайлбал Б.А-ны хувьд заасан хугацаанаас өмнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, харин чөлөөлөх тушаал гаргах эсэх, мөн хэзээ, хэрхэн гаргах нь нэхэмжлэгчээс үл хамаарах асуудал учраас магадгүй чөлөөлөөгүй байх тохиолдолд нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байхыг шаардсан зохицуулалт.

Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад “түр” чөлөөлөгдөх тухай ойлголт огт байхгүй, хэдийгээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй ч төрийн албанаас чөлөөлөгдөх харилцааны тухайд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхэд хамаарах төрийн албанаас чөлөөлөгдөх, мөн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөх харилцааг төсөөтэй хэрэглэх боломжтой.

Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны Б/277 дугаар захирамжаар Б.А-ыг орон нутгийн иргэдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой нь холбогдуулан 5 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн захирлын үүрэгт ажлаас түр чөлөөлж, улмаар 2016 оны Б/387 дугаар захирамжаар түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 7 дугаар сарын 4-ний өдрөөс урьд эрхэлж байсан захирлын албан тушаалд эгүүлэн томилсон нь хууль бус байх тул маргаан бүхий актаар Б.А-ыг томилсон захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь үндэслэлтэй.

Төрийн албан хаагч улс төрийн сонгуульд аливаа нам, эвслээс эсхүл бие даан нэр дэвших нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх бөгөөд харин энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх нь улс төрийн сонголтод хамаарах хуулийн хязгаарлалт болно.

Сонгуульд нэр дэвшихдээ өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр эрхэлж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Б.Айдыны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан “захиргааны чөлөө”-нд үл хамаарах бөгөөд өөрөөр хэлбэл Б.Айдыны хүсэлтээр “чөлөө” олгож буй хэрэг огт биш.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан “чөлөө олгох” харилцаа нь Сонгуулийн тухай хуульд заасан “албан тушаалаасаа чөлөөлөгдөх” харилцаанаас хууль зүйн үр дагаврын хувьд өөр, иймд Б.А-ыг сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх, сонгуулийн дүн гарах хүртэлх хугацаанд түүний эрхэлж байсан Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалыг “хэвээр хадгалах” үүргийг хариуцагч аймгийн Засаг дарга хүлээхгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргах, мөн зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрхтэй атал “эрх бүхий албан тушаалтан шаардсан” мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 36.1.4-т заасныг Засаг даргын захирамжид үндэслэсэн нь ойлгомжгүй байх ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй. 

Харин ч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулиас илүүтэй хуулийн эдгээр заалтыг баримтлах нь зүйтэй байх тул шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0050 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д...” гэснийг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН