Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 07

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******д холбогдох, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолын “*******” ХХК-ийн XV-005261 тоот тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцаж буй 48446,08 га талбайтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4442 дугаар шийдвэрээр тус компанийн 19,890,035,091 төгрөгийн хохиролыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар төлөхөөр, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тус компаний хохиролыг барагдуулах боломжгүй тул тусгай зөвшөөрлийг сэргээн олгох, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар тус компаний тусгай зөвшөөрлийг сэргээн олгох шийдвэрүүд гарсан. Мөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуралдаанаас гарсан 9/23 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс 48448,08 га газрыг гаргасан зэрэг холбогдох бодлогын байгууллагуудын шийдвэрүүд гарсан билээ.
Иймд дээрх шийдвэрүүдийг үндэслэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолоос “*******” ХХК-ийн давхцал бүхий 48448,08 га газрыг уг тогтоолоос хасах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн     20.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагч Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн ““Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолын “*******” ХХК-ийн XV-005261 тоот тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцаж буй 48446,08 га талбайтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн *******д холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/04 тоот тогтоолын “*******” ХХК-ийн XV-005261 тоот тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцаж буй 48446,08 га талбайтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 

ШҮҮГЧ                                          М.ЦЭЦЭГМАА