Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/001146

 

К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгийн аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00013 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч:  К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нар

Хариуцагч :  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургууль

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил олгогчийн тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч нарыг төлөөлж М.Саулеш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэнгэл сумын ахлах сургуульд галчаар найман хүн ажиллаж байсан бөгөөд эдгээр ажилтнуудыг 2015 оны 12 дугаар сард сургуулийн захирлын 53, 56 дугаар хоёр удаагийн тушаалаар “...төвлөрсөн халаалтад шилжсэн...” гэж  ажлаас нь чөлөөлсөн. Хамт ажлаас чөлөөлөгдсөн Ш.Тауел, К.Болат нарт тус сургуулийн захирал дахин ажил олгожээ. Энэ үеэс маргаан үүсч, шүүхэд гомдол гаргах болсон, гэтэл захирал нь “...шүүхэд гомдол гаргахгүйгээр түр хүлээгээрэй, ажил олгох болно...” гэж удаа дараа аман хэлбэрээр хариу өгсөн байна. Галч К.Хурметбек нь ганц бие эцэг бөгөөд 2016 оны цагаан сарын баярын дараа, захиралтай уулзаж, ажил олгохыг хүссэн. Тэр үед захирал нь “...олгох ажил байхгүй, очих газартаа оч, одоо та нарын шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн...” гэж хэлсэн байна. Захирал ажилчдыг бөөнөөр халсан 53, 56 дугаар тушаал гаргах үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-г зөрчсөн гэдгээ мэдэж, шүүхэд гомдол гаргах хугацааг өнгөрөөх санаа агуулсан. Иймд  К.Хурметбек, С.Досжан, Х.Хурмет нарын гомдол гаргах хугацааг сэргээж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2015 оны тогтоолоор манай сум “Сумын төвийг шинэчлэх” төсөлд хамрагдаж, төсөвт байгууллагууд эхний ээлжид нэгдсэн халаалтад холбогдсон. Үүнтэй холбогдуулан манай сургуульд ажиллаж байгаа бүх галч нарыг ажлаас чөлөөлөх нөхцөл үүссэн. Манай сургууль нэгдсэн халаалтад холбогдсон учраас ажилчдад байгууллагын нэгдсэн хурал дээр ажлаас чөлөөлөгдөх тухай танилцуулсан. Ингээд дээрх нэр бүхий ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-н дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж тус бүрт захирлын 2015 оны  54 дүгээр тушаалаар нэг сарын тэтгэмжийг олгосон. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг биелүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас 76 хоногийн тэтгэмж олгохоор болсон ба одоогоор 1-2 сарын тэтгэмж авсан байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 235 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуульд холбогдох 2015 оны 53 тоот тушаалын К.Хурметбек, С.Досжан, Х.Хурмет нарт холбогдох заалтыг хүчингүй болгох, галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 212/МА2016/00013 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тушаалын К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Санырау Есентай овогт Көксегений Хурметбек, Санырау овогт Хосайн Хурмет, Найман харатай овогт Сергейн Досжан нарыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосон  байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Манай сургууль нь 2015.12.05-ны өдөр нэгдсэн халаалтад холбогдсон ба энэ нь нийт сумын хэмжээнд явагдсан арга хэмжээ байлаа. Нэгдсэн халаалтад шилжсэнээр сумын хэмжээнд 20 галч ажлаас чөлөөлөгдсөн ба манай байгууллагаас 8 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тухай нэр бүхий ажилчдыг ажлаас нь чөлөөлөхөд урьдах захирал С.Серикгүл ажиллаж байсан бөгөөд түүний гаргасан тушаал шийдвэрийг засан засварлах нь хууль бус бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байгааг уламжилж байна. Засгийн Газрын 2015 оны тогтоолын дагуу галч нарын орон тоо цомхгогдсон тул одоо манайд галчийн ажлын орон тоо байхгүй байна. Түүнчлэн, өөр ажилд томилон ажиллуулах бас боломжгүй байна. Орон тоо гарсан ажлын нэг байранд ажиллуулах хүнийг сонгоход ажилчдын хурлаар сахилгын зөрчил гаргасан, гаргаагүй эсэхийг харгалзан томилсныг холбогдох баримт бичгүүд нотолж байгаа юм. Түүнчлэн энэ 2017 оны төсөв батлагдаж түүндээ галч нарын төсөв тусгагдаагүй бөгөөд халуун усанд нэг галч, гал тогоонд нэг галч өмнө нь ажиллаж байгаа билээ. Иймд шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн захирал 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 53 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-г баримтлан “сургууль төвлөрсөн халаалтанд шилжсэн” гэсэн үндэслэлээр галч ажилтай   Х.Телегин, Х.Серик, К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарыг ажлаас нь чөлөөлсөн /хх 6, 12/ байх бөгөөд уг тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох заалтыг хүчингүй болгуулах, галчийн ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нар шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.    

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг бүрэн хангасан байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүрэн дунд сургууль хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Ажил олгогч нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 53 дугаартай тушаал гаргаж  К.Хурметбек, Х.Хурмет, С.Досжан нарыг ажлаас нь чөлөөлсөн /хх 6, 12/ ба уг тушаалыг  нэхэмжлэгч нар хүлээн авсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан үндэслэлээр тогтоогдсон гэж үзлээ.

2. Ажилтанг ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3-т заасан байна. 

Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа халагдсанаас хойш 2 сар 4 хоногийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэнг нотлох баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

К.Хурметбек нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй байна. “...зудын байдалд байгаа Цэнгэл сумын ажилд тусалсан...” тухай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар албан бичиг К.Хурметбекийн гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийгмийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгоно. Х.Хурмет, С.Досжан нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэнг нотлох ямар нэг баримт, тайлбар, хүсэлт хэрэгт байхгүй байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 548 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын гомдлыг хангах нөхцөл болохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх болно гэж мөн зүйлийн 129.3-т заажээ. Гомдол гаргах эрх бол хөдөлмөрийн гэрээний нэг тал нь өөрийн эрхийг зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс үүснэ. Хугацаа тоологдож дууссанаар гомдол гаргах эрх дуусгавар болох учиртай. Хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нь тодорхой баримтаар нотлогдсон байхыг шаардана. Гомдол гаргах хугацааг сэргээх эсэх тухай шүүхийн дүгнэлт нь тухайн шүүх хуралдаанаас хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэнэ. Хэрэгт нэхэмжлэгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлснийг нотлох баримт байхгүй тул шүүгчийн 2016 оны 548 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзлээ. 

Харин нэхэмжлэлийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул ажил олгогчийн 2015 оны 53 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэв.  

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2016/00013 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгийн аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ