| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00890/и |
| Дугаар | 307/ШШ2025/00251 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/00251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/00890/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* (утас: *******),
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын (утас: ) нарт холбогдох,
64,875,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Одончимэг,
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Содболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
... А.*******, Ц. нар нь миний нөхөр ын танил, найз нөхдийн харилцаатай хүмүүс юм. Миний нөхөр надад хэлэхдээ тухайн хүмүүсийг ******* аймаг руу тариа тарьдаг, орон сууцаа барьцаалаад мөнгө зээлье гэнэ, найдвартай хүмүүс юм л гэсэн.
Би А.*******, түүний нөхөр гэх Ц. нартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгөө сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулан йн нэг хүний өмчлөлийн ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоот дугаартай 50.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг надад барьцаалсан.
А.*******, Ц. нар нь надад 1 сарын хүү 1,250,000 төгрөг өгсөнөөс өөр мөнгө өгөөгүй. Би нөхөртөө наад хүмүүсээсээ мөнгө авч өг гэхээр би утсаар ярьсан, ажил нь жаахан бүтэлгүйтсэн юм билээ, бөөн асуудалтай байхад нь би бас дараа болоод юу гэхэв, надтай А.******* байнга яриад холбоотой байгаа юм, боломж нь л гарвал өгчих хүмүүс гэж байлгасаар өнөөдрийг хүрсэн. Би нөхөртөө хамгийн сүүлд 2024.05.16-ны өдөр мөнгө авч өг гэж шаардахад “А.*******тэй нь ярьсан, одоо ажил нь нэлээн бүтэлтэй байгаа гэнэ, гэхдээ энэ оны 8-9 дүгээр сард бидний мөнгө болон бүх хохирлыг барагдуулна гэнэ, тэр болтол нь хоёулаа сүүлийн удаа хүлээе” гэж хэлсэн. Би нөхрийнхөө хэлснээр, мөн энэ хүмүүсийг мөнгө зээлснээс хойш хүнд хэцүү байдалд орж, бизнес нь хэцүү байдалд орсныг нь харгалзан өнөөдрийг хүртэл хүлээж байхад ядаж хүүгээ ч төлөхгүй, мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж, надад маш их хохиролтой байгаа тул шүүхэд хандаж байна.
Гэрээнд зааснаар 6 сарын хүү авах ёстой боловч 1 сарын хүүг төлсөн тул 5 сарын хүү 6,250,000 төгрөг, зээл болон түүний төлбөрөөс тооцсон алданги 15,625,000 төгрөг, үндсэн зээлийг банкны хугацаатай хадгаламжид хадгалсан бол жилд 12 хувийн хүү авах боломжтой байсан гэж үзэж хохиролд 18,000,000 төгрөг, үндсэн мөнгө 25,000,000 төгрөг, нийт 64,875,000 /6,250,000+15,625,000+18,000,000+25,000,000/ төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч нар нь мөнгөө ойрын хугацаанд төлнө гэвэл ярилцаад нэхэмжилсэн дүнгээ багасгаж эвлэрэх боломжтой гэжээ.
2. Хариуцагч А.*******, Ц. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
... Тус шүүхэд хандаж Г.Түмэнгэрлийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд 2017.04.26-ны өдөр Г.*******тэй зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн хүүг төлж байсан. Ингээд газар тариалангийн ажил эрхэлж байтал төрөл бүрийн саад бэрхшээл учирч байсан бөгөөд үүний нэг хүчин зүйл нь Ковид гарч давагдашгүй хүчин зүйлээс болж манай үйл ажиллагаа бүрэн зогсож дампуурсан юм. Зээлийг эргэн төлнө гэж бодож байсан боловч санхүүгийн ямар ч боломжгүй болсон юм. Өмнө нь буюу энэ зээлийг авахаас 10-д жилийн өмнөөс Г.*******ээс зээл авч үйл ажиллагаандаа хэрэглээд эргэн төлдөг байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:
... Гэрчийн мэдүүлэг бол манай талын гол нотлох баримт болж байна. Гэрч юу ярьж байна гэхээр А.******* өгнө гэдэг байсан гэж ярьж байна. Дээрээс нь 2019 онд шүүхэд өгөх гээд явж байтал энэ хүн шорон оронд явсан гэдгийг сонсоод шүүхэд өгөхөө болиод хүлээсэн гэдэг. Үндсэн агуулга нь А.******* хойшлуулаад өгөөч, байж байгаа ч гэхээр нь бид хоёр хүлээсэн гэдэг агуулга хэлж байна. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалздаг. Нөгөө талаар хариуцагч нь би хүлээн зөвшөөрч байна, төлбөр мөнгийг түр хойшлуулж өгөөч гэдэг зүйл хэлж байсан гэдгээ огт үгүйсгээгүй байна. Энэ талаар нэхэмжлэл дээр ч гэрчийн мэдүүлэг дээр ч байна. Үүнээс үзэхэд ...хүлээж байгаа ч гэж гуйгаагүй гэдэг асуудал дээр маргахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 82 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ байдлыг харгалзан үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох боломжтой байна.
Мөн Иргэний хуулийн 78.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсоно гэдэг заалт бий. Эндээс талууд хоорондоо тохиролцоод хойшлуулж байсан гэдэг агуулга харагдаж байна гэж үзэж байна. Нөгөө талаар манайх Shuukh.mn сайтаас татсан Улсын дээд шүүхийн тогтоолыг гаргаж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 607 дугаартай шийтгэх тогтоол, үүний дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянаад ямар агуулгатай шийдвэрлэсэн бэ гэхээр ...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б, А.С нар нь А.С гэдэг нь А.******* ...өдрийн хооронд З.Г, түүний эхнэр Д.Б нарын гэрийн хаягаар ...чиний хүүхэд байгаа шүү, олон жилийн булайг чинь дэлгэнэ, нэр хүндэд чинь халдана, олон нийтийн телевиз сурвалжлагч гэж байдаг, гэх зэргээр сүрдүүлэн заналхийлж Төрсөн хүүхдэдээ машин авч өг, байр авч өг, 110,000 ам доллар өг, т амьдрах байр, 150,000 ам доллар өг, дунд зэргийн хороололд дунд зэргийн байр /110,000,000 төгрөг болох юм байна/ авч өг, лиценз авч өг гэх мэт эд хөрөнгө, мөнгө шаардаж захидал илгээсэн. 27 удаа З.Г түүний эхнэр Д.Б нарын гар утсанд ...та нарын ажил амьдрал, нэр төрийг чинь эргэж сэргэхгүйгээр унагана. Зовлонгийнхоо үнэ цэнийг төлүүлнэ гэх зэргээр заналхийлж ...өр ширийг минь төлж өг. Хүүхдийн орох орон бэлд гэж эд хөрөнгө, мөнгө шаардаж мессеж бичсэн. Мөн өдрүүдэд З.Г, түүний эхнэр Д.Б нарын хэргийн газар буюу ...тоот хашаанд З.Г нь ...хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч гэх утга бүхий 6 ширхэг хулдаасан хэвлэл байршуулж, дээрх үйлдлүүдийнхээ үр дүнд 200,000,000 төгрөг, 120,000,000 төгрөг, 36,000,000 төгрөг, 250,000 ам доллар буюу 562,500,000 төгрөг, нийт 911,510,000 төгрөг авсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Дээрээс нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.12-ны өдрийн 679 дугаартай шийдвэрээр А.******* хариуцагч нь, Ц. нь нэхэмжлэгч болж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь өмчлөгчөөр тогтоолгох утга бүхий, үүнээс харахад гуравдагч этгээдийн төлөөлөгч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.04-ний өдрийн 766 дугаартай шүүгчийн захирамжаар ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож М.И, ББСБ банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжаар 2017.07.04-ний өдрийн дугаартай худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол, 2020.01.02-ны өдрийн тогтоол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, энэ нь йн тогтоолтой таарч байгаа учраас А.*******д холбогдох шийдвэр байна гэж таньж мэдсэн. 607 зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, өөрийн хүүхэд, нөхрөөр нэхэмжлэл гаргуулж, өөрийн төрсөн дүүгээр төлөөлүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нэхэмжлэл гаргаад шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан. Энэ баримтуудыг манайхаас гаргаж өгсөн. Энэ баримтууд нь ямар ач холбогдолтой вэ гэхээр А.******* гэж хүн, Г.******* битгий хэл Монгол Улсын шүүхийг хүртэл хуурч мэхэлж нэхэмжлэл гаргаад явж байсан байна. Тэгэхээр энэ хоёр хүнийг яаж ийж ятгаж байгаад зөвшөөрүүлээд, хойшлуулаад байсан гэдэг нь нотлогдож байна. Тийм учраас шүүхээс хариуцагч йн үгэнд хууртаж, зээлийн төлөлтийг хойшлуулаад явж байсан нэхэмжлэгч Г.*******ийн эрхийг хамгаалж өгөөч гэж хүсэж байна гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйл буюу зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа гэдэг тайлбар хэлж байна. Аливаа үүргийг гүйцэтгэхэд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн. Иргэний хуулийн 74-82 дугаар зүйл хүртэл хөөн хэлэлцэх асуудалтай холбоотой бүлэг бий. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Тэгэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг өгсөн. Түүний хүү, алданги гэж нэхэмжлээд байгаа нь гэрээний үүрэг шаардсан болохоор байх. Тэгэхээр энд тусгай хугацаа үйлчлэх буюу 3 жилийн хугацаа үйлчлэх талаар зохицуулж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заасан. Шаардах эрх үүссэн буюу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн гэрээ 6 сарын хугацаатай учраас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үндсэн мөнгийг хүүгийн хамт төлж дууссан байх нөхцөл байдлыг гэрээгээр тохиролцсон. Тэгэхээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу шаардах эрх үүссэнээс хойш 7 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ хооронд ямар нэгэн байдлаар шаардсан, нэхсэн, худлаа ярьдаг гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт авагдаагүй. Гэрч бол нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд буюу түүний гэр бүлийн хүн. Энэ тохиолдолд гэрчийн мэдүүлэг давхар ямар нэгэн нотлох баримтаар нотлогдож байна уу? гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой. Хэдий гэрч 2024 онд би ярьсан, утсаа салгасан гэж байгаа боловч энэ талаар утасны лавлагаа ч юм уу?, өөр баримт хэрэгт авагдаагүй учраас гэрчийн мэдүүлгийг хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэж боломжгүй.
Сая шийтгэх тогтоолоос мэдээгүй зүйлийг мэдэж авлаа. Ийм үйл явдлууд болж байсан юм байна, хорих ял хүртэл авч байсан хүн байна. Иргэний журмаар гэр бүлийн болон эд хөрөнгийн маргаантай явж байсан тохиолдол байгаа юм байна. Ингэлээ гээд энэ шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, энэ хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэхэд дээрх баримтууд хамаарахгүй. Ер нь тусгай дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдолд ч тухайн хорих ангийн харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлээд явдаг хуулийн зохицуулалт бий. Тэр хүн шоронд байгаа гээд энэ хүмүүс 25,000,000 төгрөгөө гаргуулж авах эрхэд нь хязгаарлалт болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа зогсох болон тасалдах гэдэг ойлголт байдаг. Нэхэмжлэгч тал 78.1.1-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан буюу хойшлуулсан тохиолдолд зогссон гэдэг агуулга яриад байна. Хойшлуулна гэдэг нь гэрээний хугацааг сунгасан эсвэл нэмэлт гэрээ хийсэн гэрээний үүргийн хугацааг хойшлуулсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас энэ тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Түр зогссон болон тасалдсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 82.4-т заасныг тайлбарлаж байна. Шүүх хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдвэрлэх боломжтой. Гэхдээ яг энэ хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Яриад байгаа зүйл нь сайхан сэтгэл гаргаад, өгчих байх гэж хүлээсэн гээд байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй. Яг энэ асуудал дээр хэлэлцэхийн тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд оруулж өгсөн. Өгсөн юмаа авах нь шударга ёсонд нийцэх ч гэсэн хэрвээ хэн нэгнээс гэрээний үүрэг шаардаж байгаа бол тусгай хугацаатай шүү гэж хуульд зааж өгсөн асуудал байна. Энэ үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн үү үгүй юу гэдэг асуудал дээр мэтгэлцэх ёстой болохоос энэ хүний боломжийг хараад байсан гэдэг байдлаар тайлбар хэлж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулаач гэж асуусан шалтгаан нь гэрээний үүрэг шаардаад байгаа юм гэдгийг тодруулсан юм. Магадгүй өгсөн 25,000,000 төгрөгийг өгье гэдэг асуудал яривал өөр нөхцөлөөр шаардах боломжтой байсан байх. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардаад байгаа нь маргаангүйгээр хуульд зааж өгсөн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар үндэслэлтэй байна. Тийм учраас талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах хугацаа 7 жилээр өнгөрсөн байна. Хуульд заасан 3 жилийн хугацааг хасвал 2021 онд нэхэмжлэлээ гаргаад явах боломжтой байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүхээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Одончимэгт олгосон итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ийн цахим үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сэлэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.*******-Эрдэнийн цахим үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хүсэлт, шүүхийн баримт, хариуцагч ийг албадан ирүүлэх захирамж, хариуцагч А.*******д нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримт, захирамжийн биелэлтийг хангаж 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн баримт, хариуцагчийн хариу тайлбар, хэргийн хугацаа сунгасан баримт, хариуцагч А.*******эс ирсэн хүсэлт, А.*******эгийн өмгөөлөгч Б.Содболдтой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэгийн шүүхэд гаргасан хүсэлт, Цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичиг, гэрч ийн Эрдэнэбатын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэгийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүхийн шийдвэр, зохигчдын шүүхэд гаргасан хүсэлтүүд, Э.Одончимэгийн өмгөөллийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.*******, Ц. нар холбогдуулан 64,875,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.
1. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг тодруулж ... Бид танил, найз нөхдийн харилцаатай байсан. Өмнө нь мөнгө зээлээд буцааж өгч байсан тул дахин 2017 оны 04 сарын 26-ны өдөр гэрээ байгуулан А.*******, Ц., нарт 50,000,000 төгрөг зээлүүлсэн. 25,000,000 төгрөгөөр нь хувааж гэрээ байгуулсан. А.*******, Ц. нар нь зээлийн барьцаанд йн өмчлөлийн ******* аймаг, ******* сум ******* баг, ******* хороолол, ******* тоот, дугаартай 50,5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар нь 1 сарын хүү 1,250,000 төгрөг л өгсөн. Бид мөнгөө шаардаж байсан, гэтэл ажил нь жаахан бүтэлгүйтсэн юм байна өгчих байх гэж их харсан. Нөхөр маань хамгийн сүүлд 2024 оны 5 сард шаардахад бүх хохирлыг барагдуулах юм ярьсан байсан. Иймд одоо үндсэн зээл 25,000,000 төгрөг, 5 сарын хүү 6,250,000 төгрөг, алданги 15 625,000 төгрөг, хохирол 18,000,000 төгрөг, нийт 64,875,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
2. Хариуцагч нар татгалзлын үндэслэлийг ...миний хувьд 2017 оны 04 сарын 26-ны өдөр Г.*******тэй зээлийн гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн хүүг бол төлж байсан. Ингээд газар тариалангийн ажил эрхэлж байсан боловч Ковид гарснаас болж бүрэн дампуурсан. Өмнө буюу 10д жилийн өмнө зээл авч үйл ажиллагаандаа хэрэглээд эргүүлэн төлж байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан 2017 оны 04 сарын 26-ны өдөр нэг талаас Г.*******, нөгөө талаас А.*******, Ц. нар зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч А.*******, Ц. нар нь 25,000,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 сарын 25-ныг хүртэл 6 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, хүүг сар бүр төлөхөөр, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээж, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үндсэн мөнгөний үнийн дүнгийн өдрийн 0,5 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.
Талууд 2017 оны 04 сарын 25-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч йн өмчлөлийн ******* аймаг, ******* сум ******* баг ******* хороолол, ******* тоот 50,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 6 дугаар тал/
Дээрх баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Г.******* болон хариуцагч А.*******, Ц. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
4. Хариуцагч нар нь 2017 оны 05 сарын 26-ны өдөр зээлийн хүүд 1,250,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үгүйсгээгүй ба зээлийн хүүг төлж байсан талаар тайлбартаа дурдсан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, зээлийг хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээр өөрийн нөхөр ыг асуулгасан бөгөөд гэрч нь ...утсаар А.*******, нартай ярьсан, гэрт нь очиж мөнгө асууж байсан “тухай бүрт удахгүй мөнгөө өгнө, миний хүүхэд т байгаа” гэдэг байсан. Тэгээд Короно вирус гараад дээрээс нь А.******* бас хэрэг төвөгт орооцолдоод дээрээс нь нэрмээс болоод яахав гэж бодсон. Шоронгоос гарч ирэхэд нь уулзахад удахгүй өгнө гэсэн. Би 2024 оны 04 сарын 10, 05 сарын 11, 16-ны өдөр ярьсан гэж мэдүүлжээ.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт “А.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 850 дугаартай магадлангаар хорих ялыг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 сая төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлж, цагдан хоригдсон 79 хоногийг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх ялыг 18,815,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд магадланг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 317 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөгдсөн гэсэн хариуг ирүүлсэн байна. /хх-ийн 58 дугаар тал/
5. Нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлалын төвд өргөдөл гаргахаар өмгөөлөгчөөр бичүүлсэн боловч шоронд явсан гэж сонсоод өгөөгүй гэсэн тайлбар гаргаж хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан өргөдлийг ирүүлжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэжээ.
Хариуцагч нь дээрх гэрээний үүргийг биелүүлэх хугацаа 2017 оны 10 сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх ба түүнээс хойш 3 жилийн хугацаанд буюу 2020 оны 10 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд энэ хугацаанд шаардаж байсан нь дээр дурдагдсан гэрчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь шүүхийн шийдвэрээр ял шийтгэл эдэлж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөлд байдалд хамаарахгүй байх тул хуулинд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж хуульчилсан бөгөөд хариуцагчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үндсэн зээл, зээлийн хүү, алданги, хохирол зэргийг гаргуулах шаардлагыг татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...хариуцагч А.******* нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдэж 2 жил 6 сарын хугацаатай ял шийтгэлээр шийтгэгдсэн, улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 679 дугаартай шийдвэрээр Ц. болон йн хүүхдүүд нь А.*******д холбогдуулан хамтран өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий шаардлага гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ баримтуудаас харахад А.******* гэж хүн Г.******* битгий хэл Монгол Улсын шүүхийг хүртэл хуурч мэхэлж нэхэмжлэл гаргаж байна. Тэгэхээр яаж ийж байгаад энэ хоёр хүнийг ятгаж байгаад зөвшөөрүүлээд, хойшлуулаад байсан гэдэг нь нотлогдож байна. Иймд шүүхээс хариуцагч йн үгэнд хууртаж, зээлийн төлөлтийг хойшлуулаад явж байсан нэхэмжлэгч Г.*******ийн эрхийг хамгаалж өгөөч гэсэн тайлбар гаргаж нотлох баримтаар шүүхийн шийдвэрүүдийг, хариуцагч талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 1 дугаартай шүүхийн шийдвэрийг ирүүлсэн боловч энэ нь гэрээний үүрэгтэй холбоогүй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,525 төгрөгийг төрийн сангийн орлогод
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ийн хариуцагч А.*******, Ц. нарт холбогдуулан гаргасан 64 875 000 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,525 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА