Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00256

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     Хэргийн индекс:135/2024/01535/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, н ******* гудамж, ******* тоотод оршин суух овгийн ийн (утас: )-д холбогдох,

4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* (цахимаар),

Хариуцагч: Б. (цахимаар),

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Чинбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Р.******* нь 2024 оны 06 сарын 18-ны өдөр гэх фэйсбүүк хуудсанд гэх хаягаас пажеро зарна гэсэн зарын дагуу гэх дугаараар нь холбогдож сонирхоход 16 сая гэсэн хариуг өгсөн. Тухайн үед миний бие хөдөө орон нутагт байсан бөгөөд тухайн автомашины гадна үзэмж таалагдсан тул маргааш нь найзыгаа явуулж үзүүлэхээр тохиролцсон юм. Маргааш нь манай найз хамт ажилладаг хүний хамт очиж тухайн автомашиныг унаж үзээд “хүчгүй юм, мөн ийм пажеро 16 сая хүрэхгүй, аваад дэмий” гэсэн хариуг надад өгсөн. Үүний дагуу той холбогдож “машины чинь мотор доголтой юм байна, одоогоор больё” гэж хариуг өгсөн.

Гэтэл хэсэг хугацааны дараа нь эргэж над руу залгаад хямдруулаад 14 саяаар ав, сэлбэг хэрэгсэл нь д нь байдаг юм байна гэж ярилцсаны дагуу тухайн автомашиныг 13 сая төгрөгөөр худалдан авсан. Ийнхүү худалдаж авахдаа миний бие тухайн автомашины хөдөлгүүрийг доголтой буюу свече, свений утас, форсунк зэрэг эд ангиас болж доголдож байгаа юм байна гэж ойлгож, хотод ирсэн даруй фэйсбүүкээс пажеро засварын газар хайсны эцэст найдвартай засдаг гэх Шар хадны эцэст байдаг засварын газар аваачиж оношлуулсан. Ингэхэд засварчин залуу нь “таны машины клапаны дуу их байна, энэ дууг дарж байж бусад дууг нь сонсмоор байна та шинэ клапан авчир” гэсний дагуу 144,000 төгрөгөөр 12 ширхэг клапан аваачиж өгсөн. Клапанг сольсны дараа засварчин залуу “ах таны машины мотор цохисон байна” гээд хаазалж үзүүлсэн тэгэхэд өндөр хаазан дээр таг таг гэсэн дуу гарч байсан. Тэгээд одоо яах вэ гэхэд “нэг бол мотор солино, үгүй бол мотор бооно, гэхдээ мотор боолговол хятад сэлбэгээр боодог учир танд баталгаа гаргаж өгч чадахгүй, хамгийн найдвартай арга мотороо солих” гэсэн зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу мөн л фэйсбүүк ухаж ******* хотод унасан /онхолдсон/ пажерогийн сайн мотор 3,200,000 төгрөгт зарна гэсний дагуу тухайн моторыг унааны зардал 200,000 төгрөгөөр авчруулж, 600,000 төгрөгийн хөлсөөр солиулж тавиулсан.

Ингээд той манай эхнэр холбогдож солиулсан моторны үнийг авъя хуучин мотороо ав гэж хэлэхэд эхлээд зүгээр мотор байсан гэж байснаа сүүлдээ мөнгөтэй болохоороо өгье гэсэн хариуг өгөөд одоог хүртэл утсаа авахгүй, эхнэрийн дугаарыг блоклосон учир аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Дахин хэлэхэд миний бие нь цохисон мотортой машин авах зорилгогүй байсан бөгөөд 500,000 төгрөг дотор дээр дурдсан эд ангиудыг солиход болох юм байна. /үнийг нь мөн судалсан/ гэж үзэж тухайн автомашиныг худалдан авсан. Мөн ч тухайн автомашиныг зарахаар маш олон удаа над руу манай хүүхэд рүү мөн эхнэр лүү залгаж байснаас үзэхэд түүнийг эд хөрөнгийн доголдлыг мэдэж байсан надаас нууж худалдсан гэж үзэж байна.

Иймд эд хөрөнгийн доголдлын улмаас учирсан хохирол болох хөдөлгүүрийн үнэ 3,200,000 төгрөг, ачааны зардал 200,000 төгрөг, хөдөлгүүр солих ажлын хөлс 600,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Б.оос гаргуулж өгнө үү гэжээ. (хх 1-2 дахь тал)

 

2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Миний бие Б. нь иргэн Б.*******ын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Миний өөрийн өмчлөлийн пажеро маркийн тээврийн хэрэгслийг зарах шаардлага гарсан тул олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсанд зар оруулсан юм. Уг зарын дагуу ******* дугаарын утаснаас холбогдож өөрөө хөдөө ажиллаж байгаа, маргааш 2 найзаа явуулж үзүүлнэ гэсний дагуу ******* хот баруун 4 зам андуудын ар талд цаг болзож 30-40 орчим насны 2 залуу ирж машиныг маань үзсэн. Ингэхдээ пажероны доогуур болон дээгүүр зөндөө үзсэн, мөн машиныг унаж явж үзчихээд эргээд холбогдоно гээд яваад өгсөн. Тэгээд 2-3 цаг орчмын дараа байх анх ярьсан хүн холбогдож “машинаа 16 саяаас доошоо ярь сайн яривал наймаа хийе” гэсэн. Миний бие тухайн үед барилга барьж байсан, мөнгөний шаардлага гарсан байсан тул 16 сая гэж байсан машинаа 14 сая хүртэл буулгаж үнийг хэлсэн. Тэгтэл ******* нь машиныг 13 саяар худалдаж авах талаар хэлж наймаа тохирч, миний Худалдаа хөгжлийн банкны дансанд 13 сая төгрөг хийсний дагуу би Замын цагдаагийн уулзварын орчимд дэлгүүрийн гадна машинаа байршуулж, Авто тээврийн төв дээр тээврийн хэрэгслийг *******ын хүүхдийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. Миний бие уг тээврийн хэрэгслийг худалдахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг тухайн үед худалдан авагч нь өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, төлбөрийн 100 хувь төлж барагдуулсан байдаг.

Р.******* нь нэхэмжлэлдээ намайг өөр лүү нь болон эхнэр хүүхэд рүү нь олон удаа залгаж, машинаа зарахаар ярьсан, энэ нь эд хөрөнгийн доголдолтой гэдгийг мэдэж байсан хэрнээ нуусан гэж үзэхээр байна гэсэн бөгөөд миний бие машинаа зарахаар ярилцаж тохиролцон, эхнэр хүүхдийн дугаарыг өгч, тэр хоёрын байгаа газарт очиж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөөрэй гэсний дагуу машин болон гэрчилгээ шилжүүлэх ажлаар хэд хэдэн удаа эхнэр хүүхэд рүү нь залгасан бөгөөд би өөрийн зарах тээврийн хэрэгслийг аваач гэж гуйж зараагүй, хүчээр муу машин өгсөн асуудал огт байхгүй.

Би өөрийн биеэр Дарханаас машинаа унаж хот орсон байсан бөгөөд хэрэв нэхэмжлэгчийн ярьж байгаачлан цохьсон мотортой машин байсан бол хэдэн зуун километр зам туулж явах чадваргүй байх ёстой, ер нь мотор цохьсон машин асаж хөдлөх ч боломжгүй ш дээ. ******* надад тухайн үед машины мотор хүч муутай юм шиг байна гэсэн асуудлыг хэлж байсан тул би зохих хэмжээнд 3 сая төгрөг хасаж наймаа хийсэн, машины сэлбэг элбэг байдаг талаар ч хэлж ярьсан нь үнэн.

Бид хоёр машины наймаа 2024 оны 06 сард хийсэн бөгөөд *******ын эхнэр гэх хүн над руу 2024 оны 08 сарын бүүлээр 09 сарын эхээр буюу наймаа хийснээс бүхэл бүтэн 2 сарын дараагаар ярьж машины моторын асуудлыг хэлсэн юм. Би тухайн үед энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд мөнгөтэй болоод өгнө гэх асуудлыг яриагүй. Хэрэв гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдана гэж Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан. Миний бие Р.*******т өөрийн автомашиныг худалдан авахыг шаардаагүй, өөрийнх нь хүсэлтээр найз нараар нь хангалттай үзүүлж харуулж байж харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдсан. Худалдсан тээврийн хэрэгсэл нь тухайн оны болон өмнө оны улсын үзлэг оношилгоонд орсон, бүрэн бүтэн, хөдөлгөөнд оролцох боломжтой талаар дүгнэлт гарсан бөгөөд миний бие Р.*******т биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахт хэсэгт заасантай нийцнэ гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж хуульчилжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээ байгуулах эсэхээ хэнээс ч хараат бусаар сонгох эрхтэй бөгөөд энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буюу гэрээнд заасан үүргийг давхар хүлээх учиртай. Шинжээчийн дүгнэлтэд заасан эвдрэл, гэмтлийн нүдээр хараад шууд тодорхойлох боломжгүй боловч худалдан авагч нь эд зүйлийг шалгаж авах ерөнхий үүргийн хүрээнд эрх бүхий байгууллагаар тодохойлуулах боломжтой байсан. Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагад тэрээр машины мотор доголдолтой, одоогоор болий гэсэн хариуг өгсөн” бичсэнээс харахад мотор цохьсон талаар шаардлага гаргах эрхгүй байна.

Нөгөөтэйгүүр Р.******* нь тээврийн хэрэгслийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүй холбоотой маргаан үүсгэж байгаа ч гэлээ миний бие мотор цохьсон машинаа мэдсээр байж бусдад худалдсан асуудал байхгүй бөгөөд миний машин хэдэн онд үйлдвэрлэгдэж, хэдэн онд Монголд орж ирсэн, хэдэн км явсан гээд бүхий л байдлыг үнэн зөвөөр танилцуулж, сайн дурын үндсэн дээр наймаа хийцгээсэн болно.

Моторын доголдол нь далд доголдол биш өөрөөр хэлбэл мотор доголдсон машиныг асааж хөдөлгөөнд оролцож үзмэгц л жолооч бүр мэдэх боломжтой бөгөөд мотор цохьсон тээврийн хэрэгсэл асаж явах боломжгүй. Гэтэл худалдаж авсан тээврийн хэрэгслээ авч явж 2 сар гаран хэрэглэчихээд далд доголдол илэрсэн гэж 4 сая төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.(хх 24-25 дахь тал)

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

... Миний хувьд хариуцагч Б.ийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн доголдол үүссэн 4,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан талаар хариуцагч өөрөө шүүх хуралдаан болон хэрэгт бичгээр өгсөн тайлбартаа тухайн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гаргасан. Миний хувьд 2024 оны 06 дугаар сард тухайн машиныг шилжүүлээд 02 дугаар сарын хугацааны дараа эд хөрөнгийн доголдол үүссэн 4,000,000 төгрөгийн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн үед Р.*******ын 2 найз ирж тухайн машиныг унаж үзсэн болохоор тухайн машины мотор цохисон талаар доголдол байхгүй байсан нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч талд тавьж байгаа шаардлага нь хэдий 6 сарын дотор эд хөрөнгийн доголдол илэрсэн тохиолдолд худалдсан тал доголдлыг арилгах ёстой гэсэн боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн үедээ эд хөрөнгийн доголдлын талаар нэхэмжлэгч тал мэдэх боломжтой байсан байна гэж үзээд хариуцагчийн тайлбарын дэмжиж байна гэв.

 

4. Шүүхээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгчийн захирамж, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн хариу тайлбар, нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлт, Дархан-Уул аймгийн авто тээврийн газрын улсын дугаартай тээврийн хэрэгслийн техник хяналтын баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа, ын мэдүүлэг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* ******* гэсэн хас банкны данснаас клапан гэсэн утгатай ийн гэдэг хүний данс руу 144,000 төгрөг шилжүүлсэн баримт, ******* ******* гэдэг хүний данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн хас банкны баримт, ******* ******* хас банкны данснаас гэдэг хүний данс руу ачаа зардал гэсэн гүйлгээний утгатай 200,000 төгрөг шилжүүлсэн баримт, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цахимаар оролцох хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Б.ид холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

1. Нэхэмжлэгч Р.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг ... 2024 ны 06 сарын 18-ны өдөр “пажеро зарна” гэсэн зарын дагуу утасны дугаараар нь холбогдоод маргааш нь хөдөө орон нутгаас ирэхээр нь найзыгаа дагуулж очоод үзүүлэхэд “хүчгүй юм 16 сая хүрэхгүй аваад дэмий” гэсэн. Ингээд той холбогдоод “машины чинь мотор доголдолтой байна, одоогоор больё” гэсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа холбогдож хямдруулаад ав гэхэд нь ярилцаад 13 саяар худалдан авсан. Үүний дараа шар хаданд байдаг засварын газар очиж оношлуулахад “машины мотор цохьсон байна, нэг бол солиулна, нэг бол бооно” гэсэн. Ингээд зараар хайж байгаад 3,200,000 төгрөгөөр мотор авч, унааны зардал 200,000 төгрөг, ажлын хөлсөнд 600,000 төгрөг төлсөн. Энэ талаар той холбогдож хэлэхэд мотор зүгээр байсан гэснээ сүүлдээ мөнгөтэй болохоороо өгье гэж хэлээд утсаа авахаа больсон. Иймд моторын үнэ 3,200,000 төгрөг, ачааны зардал 200,000 төгрөг, хөдөлгүүр сольсны ажлын хөлс 600,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлийг ...миний бие уг тээврийн хэрэгслийг худалдахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд тухайн үед худалдан авагч нь өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Би өөрийн биеэр *******аас унаж хот орсон бөгөөд нэхэмжлэгчийн ярьж байсанчлан мотор цохьсон бол машин асаж хөдлөх боломжгүй. ******* надад тухайн үед машины мотор хүч муутай юм шиг байна гэж хэлж байсан тул зохих хэмжээнд нь 3 сая төгрөгийг хасаж наймаа хийсэн, машины сэлбэг элбэг байдаг талаар хэлж байсан. Наймаа хийснээс хойш 2 сарын дараа машины моторын асуудлыг хэлсэн. Хэрэв гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан шаардах эрхээ алдахыг Улсын дээд шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан ******* аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт зэрэг нотолгооны хэрэгслүүдээр зохигчдын хооронд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар худалдан авагч Р.******* үнийг бүрэн төлснөөр тээврийн хэрэгслийн эзэмшигчээр түүний хүү ын нэр дээр 2024 оны 06 сарын 19-ний өдөр бүртгэсэн үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

4. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь үнийг төлж барагдуулсан боловч худалдан авсан тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой байсны улмаас түүнийг сольж засварлахад гаргасан зардлаа нэхэмжилж нотлох баримтаар Хас банкны цахим гүйлгээний мэдээлэл, шилжүүлэгийн мэдээлэлийг ирүүлжээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж хуульчилжээ.

Талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан бөгөөд энэ хэлцэл нь бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага байхгүй тул уг гэрээг байгуулагдсан гэж үзнэ. Улмаар талууд гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй байх тул дээрх хуулинд зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна.

5. Уг тээврийн хэрэгслийг худалдан авах үед  “клапан дуутай байсан, моторын хүч сул” байсан талаар худалдан авах үед мэдэгдэж байсан бөгөөд зохигчид үнийг бууруулсан талаар маргаагүй. Харин машиныг 2 сарын дараа уг худалдан аваад үлдээсэн газраас хөдөлгөж засварын газарт аваачиж клапаныг нь солиулахад мотор нь цохьсон байсан талаар мэдэж, улмаар солиулсан болох нь гэрч Б.ын ...мотор нь их дуутай байсан. Эхний ээлжинд моторын тосон клапан сольсны дараа клапаны дуу арилаад үндсэн моторынх нь дуу гарч ирсэн. Мотор нь цохьсон байсан. Тэгээд мотороо солихыг зөвлөсөн бөгөөд өөрсдөө мотороо авч ирээд солиулсан гэсэн мэдүүлэгээр тогтоогдож байна.

Хариуцагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардах эрхээ алдсан гэж маргаж байгаа боловч уг доголдлыг тухайн үед мэдэх боломжгүй байсан байх ба улмаар клапаныг солиулсны дараа мэдсэн байдал тогтоогдож байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авах үед эд хөрөнгийн доголдол байсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлсэн гэж үзнэ.

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

7. Иймд нэхэмжлэгч нь доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхээ хуулийн хугацаанд гаргасан гэж үзэж нэхэмжлэгч талаас ирүүлсэн уг автомашины доголдол буюу моторыг сольж засварласан Болдбаатар ад 2024 оны 08 сарын 16-ны өдөр 600,000 төгрөгийг ны ******* ******* данснаас шилжүүлсэн баримт, мөн данснаас “Ачаа зардал” утгатайгаар 2024 оны 08 сарын 14-ний өдөр од 200,000 төгрөг шилжүүлсэн баримт, Р.*******аас д 2024 оны 08 сарын 12-ны өдөр “6g72 une” утгатайгаар 3,200,000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар үнэлж нийт 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар хариуцагч Б.оос 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА