| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0014/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 19
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч: Ү.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш ургийн овогтой Ү-ийн О-д холбогдох эрүүгийн 1835000140017 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бөхмөрөн сумын 1-р багийн засаг дарга ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 1-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОБ73120218, Ш ургийн овогтой Ү-ийн О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ү.О нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 31-ээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Бөхмөрөн сумын 1-р багийн нутагт хохирогч Ц.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ү.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар :
Шүүгдэгч Ү.О нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Увс аймийн Бөхмөрөн сумын “Гурванжигэртэй” / 1-р / багийн нутагт хохирогч Ц.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Н-гийн: “ 2017 оны 12 сарын 31-ний орой 17 цагт манай багийн дарга О 1-р багийн төв дээр өвөлжиж байгаа 6 айлын хүмүүст шинэ жилийн цай өгсөн юм. Би О-ийн гэрт очиж цай уучхаад тэднийхээс 20 цагийн үед гараад гэртээ орж гэрээсээ “Улаанбаатар” нэртэй архи авч О-ийнд орж О, О, Б бид 4 хувааж уучихаад би гэртээ ирээд хэвтэх гэж байтал О орж ирээд манай нөхөр Б бид хоёрыг “Д ахын гэрт очъё” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр Б нилээн согтуу байсан тул унтчихаад сэрэхгүй байсан. Тэгээд О, О бид 3 шөнийн 01 цагийн үед Д ахын гэрт очиход Д ах унтаж байсан ба залуу нь болох У бид нарт 1 шал архи задалж, бид нар уг архийг ууцгаасан. Тэгээд Д ахын хажууд өвөлжиж байсан Э-ийг дуудаж ирээд байж байтал О намайг “Залуу авгайд архи сайн өг, хийх ажилгүй авгай” гээд үг хэлээр өдөөд байсан. Би тухайн үед О-д “Энэ жил багийн төвд их мөнгө хуваарилагдсан байна. Төрөөс үзүүлж байгаа хангамж их болсон байна” гэхэд О надад “Чамд тэр төрийн мөнгө ямар хамаатай юм бэ. Дуугүй байж бай” гэхээр нь би “Чи дандаа хэрүүл хийж байдаг ямар сонин авгай вэ” гэхэд О “Би хэрүүлч юм бол чи банзал авгай” гэхээр нь миний уур хүрээд түүнийг цамцнаас нь татахад Э ирж салгасан. Тэгээд О эхнэр О-ээ аваад мотоциклоороо яваад өгөхөөр нь би араас нь явган гүйгээд багийн дарга О-ийн гэрт ороод О-т “Чи яахаараа намайг банзал гэж хэлдэг юм бэ. Би хэнтэй банзалдаад байна, хэлээд өг” гээд маргалдаж байтал манай охин Х орж ирээд намайг аваад О-ийн гэрээс гарсан. Би охинтойгоо хамт гэрлүүгээ явж байгаад О намайг “Банзал” гэж хэлснийг нь бодоод уур хүрээд гэрийн гадна сууж байгаад буцаж багийн дарга О-ийн гэрт ороод “Би энэ асуудлыг цагдаад өгч шалгуулна” гэж хэлээд тэдний суурин “Жи мобайл”-ийн утас аваад сумын төв рүү залгах гэтэл О ирээд утас булаалдсан. Тэр үед би О-ийг түлхээд орон дээр унагаагаад дээрээс нь дарсан. Энэ үед О гал тогооны өрөөнөөс гарч ирээд миний зүүн талын нүд тус газарт 2 удаа алгадаад “Гэрээс гар” гээд намайг чирч байтал манай охин Х орж ирээд намайг аваад зэргэлдээ хашаанд байдаг багийн сахиул Т-ын гэрт орсон. Тэднийд Э байсан бөгөөд би тэдний гэрт ороод болсон явдлыг хэлээд уйлж байгаад гэртээ орж амарсан. Маргааш нь миний зүүн талын нүд хар хөхөрч хавагнасан, толгой өвдөөд даралт ихэссэн байсан. Тэгээд би сумын төв орж эмнэлэгт хэвтэж байгаад аймгийн төв орж нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед би болон О, О бид нар архи уучихсан согтуу байсан. Гэхдээ би болсон явдлыг бүрэн санаж байна. Одоо миний зүүн талын нүд болон толгой өвдөж байна. Эхнэр нь намайг банзал авгай гэж доромжлоод нөхөр нь зодсонд би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06/,
гэрч Л.О-ийн “2017 оны 12 дугаар сарын 31-ний орой 17 цагт манайх 1-р багийн төвд байдаг 6 айлд шинэ жилийн цай өгсөн юм. Тэгээд цай уусан хүмүүс манай гэрээс 20 цагийн үед гарцгаахад багийн эмчийн эхнэр Н 1 шил “Улаанбаатар” нэртэй 0.5 литрийн архи авч орж ирээд Б, Н, манай нөхөр О бид нар хувааж уусан. Энэ үед Б, Н хоёр “Одоо дөрвүүлээ Д ахын гэрт очъё” гэхээр нь би “Одоо айлд очиж хэрэггүй, амарцгаая” гэхэд Н “Д ах миний хуурай ах байгаа юм, явъя” гээд байсан тул О мотоциклоороо Н бид хоёрыг авч Д ахын гэрт очсон. Д ах 0.5 литрийн архи гаргаад бид нар хуваагаад ууж байтал Н миний нөхөр О руу “Чи багийн засварын мөнгийг бүгдийг нь идлээ. 26 жил ажилласан багийн эмч юм нэхээгүй байхад чи ямар их юм төрөөс авдаг юм бэ” гэх мэт үгээр дайрсан. Тэгэхээр нь би нөхрөө өмөөрч “Чи яагаад дандаа манай нөхрийг доош нь хийж доромжилдог юм бэ. Өвчтэй, өмсөх хувцасгүй гэж доромжилдог биз дээ” гэхэд Н намайг “Хэрүүлч авгай” гэхээр нь “Би хэрүүлч бол чи банзал авгай” гэж хэлэхэд Н миний шанаан тус газарт хальт цохисон. Тэгтэл тэнд байсан Э Н-г салгаад гэрээс гаргасан. Тэгээд Э-ийн мотоциклийг манай нөхөр О жолоодоод бид хоёр гэртээ ирээд унтаж байтал гэнэт миний дээрээс Н дараад хамар тус газарт цохих шиг болоод үснээс зуураад тавихгүй байсан. Энэ үед Э салгасан. Мөн Н унтаж байсан хүүхэд дээр хальт гишгээд хөнжлийг нь хөлөөрөө тээхэд хүүхэд уйлахад манай нөхөр О гал тогооны өрөөнөөс гарч ирээд “Чи яасан даварсан авгай вэ. Наад хүүхдээ яаж байгаа юм” гэхэд Н О-ийн урдаас самардахад О түүний нүүрэн тус газарт нь хүчтэй түлхээд холдуулсан. Энэ үед Э Н-г аваад гэрээс гарсан. Д ахын гэрт У, Э, С нар байсан ба Д ах архи ууж согтоод унтчихсан байсан. Манай гэрт нөхөр О, Э нар байсан. Хишгээ орж ирээд ээжийгээ аваад гарсан. Миний хамар тус газар маажигдсан бөгөөд надад өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Н 2016 оны багийн даргын сонгуулиар манай нөхөртэй өрсөлдөөд ялагдсан юм. Түүнээс хойш манай нөхрийн ажлыг байнга доошоо хийж шүүмжилдэг юм. Өөр ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/,
гэрч Б.Х-гийн “2017 оны 12 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед манай багийн дарга О ахынх шинэ жилийн цай уулгасан юм. Би тэр өдөр багийн даргын гэрт ороогүй бөгөөд гэртээ 5 настай дүүтэйгээ хамт байсан. Шөнө унтаж байтал аав Б, ээж Н хоёр орж ирсэн бөгөөд аав нилээн согтчихсон, ээж гайгүй байсан. Араас нь багийн дарга О ах орж ирээд “О хүлээгээд байна. Д ахынд очих юм уу” гэхэд ээж “Явъя” гэж хэлээд хамт гараад явсан, аав гэрт унтаад үлдсэн. Удалгүй багийн дарга О ах дахин манай гэрт орж ирээд аавыг дагуулж явах гэтэл аав босохгүй болохоор нь явчихсан. Тэгээд би унтаж байтал Э ах орж ирээд “Ээж чинь багийн даргын гэрт хэрэлдээд байна. Очиж ээжийгээ ав” гэж гэхээр нь багийн даргын гэрт ороход ээж, О эгч хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Тэгээд би ээжийг дагуулаад гэрийн гадаа очиход ээж “Намайг энэ О янхан гэж доромжиллоо” гээд уйлаад гэрт оролгүй “Ээж нь гадаа жаахан агаар амьсгалж байгаад орьё” гэхээр нь ээжийг гадаа үлдээчихээд дүү уйлаад байхаар нь гэртээ ороод дүүгээ унтуулчихаад гарахад ээж байхгүй байхаар нь би багийн даргын гэрт ороход ээж тэдний гэрт шалан дээр уначихсан, багийн дарга О ах ээжийг өшиглөөд гэрээсээ гаргах гэж байсан. Тэгэхээр нь би ээжийг аваад багийн сахиул Т-ын гэрт ороход тэднийх унтаж байсан ба Э эгч босож ирээд гэрэл асаахад ээжийн зүүн талын нүд хавагначихсан, амнаас нь цус гарч байсан. Ээж тухайн үед “Намайг багийн дарга зодлоо” гэж хэлээд уйлаад байсан тул би ээжийг аваад гэртээ орсон. Ээж гэрт ороод даралтын эм уугаад жаахан сууж байгаад унтсан. Намайг ээжийг авахаар ороход багийн даргын гэрт багийн дарга О ах, О эгч хоёр байсан. Би ээжийг аваад Т ахын гэрт ороход тэднийд Э ах байсан. Тухайн үед ээж, О ах, О эгч гурав архи уучихсан согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
гэрч Н.Э-гийн “ 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагт манай багийн дарга О-ийнх шинэ жилийн цай өгсөн юм. Бид нар багийн даргын гэрт орж цай уугаад орой 20 цагийн үед тэдний гэрээс гарцгаасан. Манайх Бөхмөрөн сумын 1-р багийн сахиул хийдэг бөгөөд багийн даргын гэр, манай гэр хоёр нэг байшинд зэргэлдээ хаалганд байдаг юм. Би багийн даргынхаас гараад гэртээ орж ирээд унтсан. Цагийг нь сайн мэдэхгүй байна, шөнө дунд манай багийн иргэн Э манайд орж ирээд “Багийн даргын гэрт Н эгч хэрүүл хийж байна. Мотоциклийн түлхүүрээ аваад харимаар байна” гэж хэлээд тамхи татаад хэсэг байж байтал Н нь охин Х-гийн хамт манайд орж ирсэн. Н нилээн согтуу байсан ба “Намайг багийн дарга О зодлоо” гэж хэлээд уйлаад сууж байгаад гэрлүүгээ явсан. Тухайн үед манай гэрийн гэрлийн аккумляаторын цэнэг дууссан байсан тул гэрэл асаагаагүй юм. Гар чийдэнгийн бүдэг гэрэлд Н-гийн биед ил харагдах шарх, бэртэл байсан эсэх нь харагдахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
гэрч Б.Э-ийн “2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай багийн дарга О 1-р багийн төвд өвөлжиж байгаа 6 айлд 17 цагт шинэ жилийн цай өгсөн юм. Тэгээд бид нар 21 цагт тарж гарцгаасан. Би эхнэрийн хамт гэртээ ирээд амарсан. Унтаж байтал шөнө дунд манай хажуу талын Д ахын залуу У манай гэрт орж ирээд “Та нарыг дуудаж байна. Манайд багийн дарга О, Н, О нар ирчихсэн байна” гэхээр нь би Д ахын гэрт ороход тэд нар 1 шил архи ууцгааж байсан. Манай эхнэр орж ирээд удалгүй “Хүүхэд уйлж байна” гээд гэртээ харьсан. Д ахын гэрт архи уугаад дуусах үед Н багийн дарга О-г “Засварын мөнгө идсэн” гээд хоорондоо маргалдсан. Энэ үед О-ийн эхнэр О Н-г “Чи дандаа манай нөхрийг доош нь хийж байдаг. Өвчтөй, өмсөх хувцасгүй гэж дорожилдог” гэхэд Н урдаас нь “Хэрүүлч авгай” гэхэд О “Би хэрүүлч бол чи банзал авгай” гэхэд Н босож ирээд О-ийг орон дээр дараад авах үед О бид хоёр салгаад О эхнэрээ аваад миний мотоциклоор гэртээ харьсан. Н араас нь ганцаараа гүйгээд яваад өгсөн. Би удалгүй багийн төв дээр ирэхэд Н хажуу талын гэрийн хаалга цохиод “Би эгчтэйгээ уулзмаар байна” гээд зогсож байсан. Би түүнийг “Гэртээ харьж амар” гэхэд “Намайг банзал гэж доромжилсон. О-тэй учраа олно” гээд хоцорсон. Би Н эгчийн гэрт ороход Н эгчийн нөхөр болох багийн эмч Б унтаж байхаар нь би охин Х-д нь “Ээжийгээ амраа” гэж хэлчихээд багийн сахиул Т-ын гэрт ороход багийн даргын гэрт хүмүүс хоорондоо маргалдаж хэрэлдсэн дуу гарч байсан. Би тэдний гэрээс гаралгүй тамхи ороогоод нэлээн удаан суусан. Тэгж байтал Н-г охин Х нь дагуулчихсан Т-ын гэрт орж ирсэн. Н эгч “Намайг багийн дарга зодлоо” гээд уйлж байгаад гэрлүүгээ яваад өгсөн. Би мотоциклийн түлхүүрээ авах гээд багийн даргын гэрт ороход О эгчийн хамар тус газар жаахан маажигдсан байсан. Тэгээд би мотоциклийн түлхүүрээ аваад хариад амарсан. Тухайн үед О, О, Н нар байсан, өөр хүн байгаагүй. Би тэр үед архи бага уусан болохоор бараг эрүүл байсан. О, О нар согтуу байсан. Н эгч харин нэлээн согтуу байсан. Би багийн даргын гэрт О эгч, Н эгч нарыг зодолдож байхад нь салгасан зүйл байхгүй. Тэр үед би сахиул Т-ын гэрт байсан. Зодоон болсны дараа багийн даргын гэрт орж мотоциклийн түлхүүрээ аваад гэрлүүгээ явсан. Би нялх хүүхэдтэй болохоор хэрүүл маргаанаас хол байя гэж бодсон юм. Н эгч охины хамт Т-ын гэрт орж ирэхэд тэднийх гар чийдэнгийн муу гэрэлтэй байсан тул Н эгчгийн нүд болон нүүр хэсэгт хавдаж, хөхөрсөн эсэхийг би хараагүй. Н эгч “Намайг багийн дарга зодлоо” гэж хэлээд доошоо хараад уйлж байгаад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
шүүгдэгч Ү.О-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 12 дугаар сарын 31-ний орой 17 цагт манайх 1-р багийн төвд өвөлжиж байгаа 6 айлд шинэ жилийн цай өгсөн юм. Тэгээд цай 20 цагт тарах үед Н гэрээсээ 1 шил “Улаанбаатар” нэртэй 0.5 литрийн архи авч ирж ууцгаасан. Энэ үед манай багийн эмч Б “Д ахын гэрт очицгооё” гээд Н, манай эхнэр О бид нар Д ахын гэрт очихоор болоход Б явж чадахгүй согтсон болохоор Н, О, бид гурав Д ахын гэрт очсон. Д ахын залуу 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи гаргаж, хажуу талын айл болох Э-ийг эхнэр С-гийн хамт дуудсан. С орж ирээд удалгүй “Хүүхэд уйлж байна” гээд харьсан. Бид нар архи ууж байх үед Н над руу “Чи засварын мөнгө идэж уудаг. Би энэ багт 26 жил амьдрахдаа төрөөс мөнгө авч үзээгүй” гэх мэтийн үг хаяж эхэлсэн. Би учрыг нь тайлбарлаж хэлэхэд ойлгохгүй над руу дайрч давшилсан. Энэ үед манай эхнэр О намайг өмөөрч “Чи миний нөхрийг дандаа доош хийж өвчтөй, өмсөх хувцасгүй” гэж доромжилдог гэхэд “Хохь чинь, чи хэрүүлч авгай” гэхэд О “Би хэрүулч юм бол чи янхан авгай” гэж хэлэхэд Н босож ирээд манай эхнэрийг шанаа тус газар хальт цохисон. Энэ үед Э манай эхнэрийг салгаж гэрээс гаргахад би хойноос нь гараад эхнэрээ аваад Э-ийн мотоцикльтой гэртээ ирээд амарсан. Шөнө 03 цагийн үед унтаж байтал Н манай гэрт орж ирээд манай эхнэртэй суурин утас булаалцалдаад хоорондоо маргалдаж, хэрэлдэх үед газарт унтаж байсан хүүхдийн үсэн дээр гишгээд хөнжлийг нь хөлөөрөө тээхэд хүүхэд уйлсан. Тэр үед миний уур хүрээд Н-г “Гэрээс гар” гэхэд Н миний урдаас эсэргүүцэл үзүүлэхээр нь түүний нүүр тус газар нь 2 удаа түлхэж гэрээс гаргасан. Би тухайн үед ЗДТГ-ын хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж-д энэ талаар утсаар мэдэгдсэн. Маргааш өглөө нь Н-гийг нөхөр Б манай гэрт орж ирээд “Чи манай эхнэрийг зодож нүдийг нь хөхрүүлсэн байна” гэхэд би болсон явдлыг тайлбарлаж хэлэхэд “Манай эхнэр архи уухаараа их агсам юм” гэж хэлсэн. Бид нар манай гэрт 0.5 литрийн 4 шил архийг 10 хүн, Д ахын гэрт 4 хүн 1 шил 0.5 литрийн архийг тус тус хувааж уусан. Д ахын гэрт Э, С, У нар байсан бөгөөд Д ах согтуу унтаж байсан. Манай гэрт зодоон болоход Э, Х нар байсан. Би Н-г гэрээс гаргахдаа нүүр тус газар нь хүчтэй түлхэж гаргасан. Тэр үед нүд нь хар хөхөрсөн байх. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Манай эхнэрийн хамар тус газар маажигдсан. Өөр гэмтэл учраагүй. Тухайн үед Н нэлээн согтсон байсан. Би бага зэргийн согтолттой байсан ба болсон явдлыг сайн санаж байна. Тэнд байсан хүмүүс бараг эрүүл байсан. Н 2016 оны багийн даргын сонгуульд надтай өрсөлдөөд ялагдсан юм. Түүнээс хойш миний ажилд шүүмжлэлтэй хандаж, дандаа эсрэг зүйл ярьдаг болсон. Өөр ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би эмэгтэй хүнд гар хүрсэндээ харамсаж байна. Би Н-д хохиролд 500.000 төгрөг өгсөн байгаа. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №66 дугаартай: “Үзүүлэгч Ц.Н-гийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны хоёрдугаар хуруунд цус хурсан, зүүн нүдний зовхи хар хөхөрсөн, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ү.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ү.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү.О нь хохирогч Ц.Н-гээс уучлалт гуйж, түүнд 500.000 төгрөг төлсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, Ц.Н-гийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт болох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гаргаж өгсөн ба хохирогч Ц.Н нь шүүгдэгч Ү.О-оос хохирол нэхэмжлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ү.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ү.О нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү.О-ийн хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Ч.Э-ын “Би Ү.О ахыг сайн танина. Бид нар нэг баг, нэг голын хүмүүс юм. 2016 оны багийн нийтийн сонгуулиар би багийн ИНХ-ын даргаар сонгогдож, О ах багийн даргаар сонгогдсон юм. О ах төлөв даруу зантай, хүнд тусархаг, иргэдийн дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, сайн хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19/ авагджээ.
Шүүгдэгч Ү.О нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 1-р багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, Бөхмөрөн сумын 1-р багийн Засаг дарга ажилтай болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Бөхмөрөн сумын засаг дарга Т.Төртогтохын 2018.01.05-ны өдөр гаргасан 04 тоот тодорхойлолтоор, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ү.О нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ү.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овгийн Ү-ийн О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.О-д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд төлж биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ү.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиг, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН