| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0053/З |
| Дугаар | 159/ШШ2024/0075 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 159/ШШ2024/0075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0053/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.Э
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “Албанаас халах тухай” тушаалын “...Яын Эыг ... албанаас дутагдлаар халж...” гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Албанаас халах тухай” 59 дугаар тушаалаар Хөтөл дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа ахлах ахлагч Я.Эыг Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар хурлын шийдвэрүүдийг тус тус үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанаас дутагдлаар халж, хөдөлмөрийн гэрээг цуцлан “Цагдаагийн ахлах ахлагч” цолыг хураажээ.
Нэхэмжлэгч Я.Э нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “Албанаас халах тухай“ тушаалын “Я.Эыг албанаас дутагдлаар халж” гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх 2024 оны 07 дугаар 04-ний өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Цагдаагийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг зөвтгөн, нөхөн гаргуулах тухай” шаардлагааар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Я.Э шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Яын Э миний бие Дархан хотын АХГЗахиргааны даргын 1991 оны 09-р сарын 01-ний өдрийн 214 дүгээр тушаалаар анх Хөтөлийн цагдаагийн тасагт цагдаагаар томилогдон ирсэнээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, жижүүрийн офицер зэрэг албан тушаалуудыг хашиж, 2006 оны 06-р сарын 15-ны өдрийг хүртэл тасралтгүй 15 жил Цагдаагийн албанд ажилласан.
2006 онд охин маань цусны өвчтэй хэмээн оношлогдсон ба миний бие хүүхдээ эмчлүүлэх зорилгоор өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан. Тухайн хүсэлтийг маань Хөтөл сумын цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан шийдвэрлэсэн ба тушаал нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаас гарсан. Миний бие албанаас чөлөөлсөн тушаалаа авахаар удаа дараа асууж сураглан нэхэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ирж байсан. Тэр болгон тушаал маань, гарахгүй байсаар сүүлд 2012 онд. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын бичиг хэргийн ажилтнаас тушаалынхаа хуулбар хувийг хүлээн авсан. Гэтэл тухайн тушаалд намайг албанаас "...дутагдлаар халсан..." хэмээн огт үндэслэл гүй худал зүйл бичсэн байсан. Энэ талаар Цагдаагийн Еренхий газарт бичгээр гомдол гаргасан. Гомдлыг маань шийдвэрлэх боломжгүй талаар тус газрын хуулийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батзоригийн 2024 оны 06-р сарын 12-ны өдрийн 5г/6139 дугаартай албан бичгийг миний бие 2024 оны 07-р сарын 02-ны өдөр хүлээн авч ийнхүү шүүхэд хандаж байна.
Тухайн үед намайг албанаа чөлөөлөхдөө надад цалин хөлс, амралтын мөнгө ч олгоогүй ба би шүүхэд хандан энэ асуудлаа шийдвэрлүүлэн цалин, амралтын мөнгөө авч байсан. Миний бие цагдаагийн албанд ажиллахдаа, алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй бөгөөд уг тушаалын "...албанаас дутагдлаар халсан..." гэх үндэслэлгүй зүйл нь намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүйд хүргэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06-р сарын 15-ны өдрийн 59 дугаартай "Албанаас халах тухай" тушаалын "... Яын Эыг ... албанаас дутагдлаар халж.." гэснийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Я.Эын Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Я.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 594 дэгээр тушаалаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.25-д заасны дагуу "офицер цолыг 1 жил хүртэл хугацаагаар хурааж, Сэлэнгэ аймгийн Хөтөл дахь сум дундын цагдаагийн тасгийн мэдэлд шилжүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай "Албанаас халах тухай" тушаалаар албанаас халагдсан.
Дээрх тушаалаас үзвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар, Я.Э нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга нь Я.Эыг албанаас халсан 2006 оны 59 дугаар тушаалыг өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.
Маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан "Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй." гэсэн зохицуулгатад хамаарах үндэслэл үүсээгүй, тушаал хүчин төгөлдөр байна.
2. Мөн захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.", 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт *14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:" гэж заажээ.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан эрх ашгийг нь хөндсөн гэж үзэж буй захиргааны актыг мэдсэн атлаа гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, шүүхээр хянан шийдвэрлүүлэлгүй өдийг хүрчээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр зөвлөлийн хуралд орсон. Аргагүй амьдралын шаардлагаар хүүхэд маань хүнд авчин туссан. Цаашид амь насанд нь эрсдэл үүсэх асуудал бий болсон. Тухайн үед аав минь бурхан болсон. Сэтгэл санааны хямралтай үед хүүхэд маань цусаар шээсэн. Би хүүхдээ 1 сар эмнэлэгт авч хэвтсэн. Тухайн үед би байгууллагатаа үнэнээ хэлсэн. Насаар ажилласан хугацааг минь боломжгүй бол би өөрийн хүүхдийнхээ төлөө явна. Албанаас чөлөөлж өгнө үү гэж хэлсэн. Хурлаар ороход “Та болсон асуудлаа өргөдлөөр бичээд өг” гэж хэлсэн. Би өөрийн биеэр гараар бичиж өгсөн. Хүүгээ эмнэлэгт орхиод ирсэн гэж хэлэхэд “Өнөөдрөөс хойш өөрийн чинь хэлснээр өргөдлийг чинь, материалыг чинь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар луу явуулъя. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас наад асуудлыг чинь шийдэх байх. Бид өөрийн чинь саналыг хүлээж авлаа. Хурлын материалд өргөдөл гомдлыг чинь өгөөд явуулъя. Эцсийн шийдвэрийг бид хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би амралтаа аваагүй ажиллаж байсан учраас эхний ээлжид амралтаа авъя гэж хэлсэн. Дарга “Амралтыг чинь өгье. Амарч дуусахаар асуудал шийдэгдэх байх” гэж хэлсэн. Би амралтаа аваад хотод байсан. Амралтын хугацаа дууссан учраас албан газартаа мэдэгдье. Миний асуудал шийдэгдсэн үү гэхэд “Шийдээгүй байгаа” гэж хэлсэн. Н.Раднаадорж даргатай уулзахад “Чи юу яриад байгаа юм. Хална гэсэн ойлголт байхгүй. Амралт чинь бүтэн дуусаг” гэж хэлсэн. н.Баасансүх даргатай дахин очиж уулзахад “Чамайг халаагүй. Би яасан гэж чамайг халах юм. Амралтаа дуусгаад ир” гэж хэлсэн. Би чиний хүсэлтийг шийдээд явуулсан. Одоо надтай яриад байх юм байхгүй. н.Раднаа даргатай уулз гэж хэлсэн. н.Раднаабазар даргатай 3 удаа өрөөнд нь орж уулзсан. Тэр үед надад шийд өгөөгүй. Та надад тушаалыг минь өгөөч гэж хэлсэн. Чамайг халсан юм байхгүй гэж хэлсэн. Би нэг жил гаруйн хугацаанд явсан. н.Раднаа даргаас та намайг халсан юм уу, миний асуудлыг шийдсэн юм уу, надад шийдвэрээ өгөөч гэж хэлсэн. “Чамайг халсан юм байхгүй. Чи хүүхдээ бод” гэж хэлсэн. Дотроо хүний зовлонг ойлгодог юм байна гэж баярлаж байсан. Сүүлдээ ажилдаа орох гээд очиход н.Баасанхүү дарга “ Чамайг ажилд чинь авахгүй. Шийдээгүй” гэж хэлсэн. н.Раднаа дарга дээр очиход “Намайг халаагүй” гэж хэлсэн. Би учрыг нь олоогүй. Сүүлдээ хүүхдийн эмчилгээний мөнгөний асуудал гарсан. Аргаа ядаад би хамгаалагч хийж үзсэн. 2 өдөр нь эмнэлэг дээр хүүхдээ сахидаг байсан. Цагдаагийн Ерөнхий газрын архивын газраас архивын лавлагаагаа авах гэж очсон. Хэд хэдэн удаа лавлагаа авсан. Авсан 3 лавлагаа байна. Лавлагаанаас харахад та ажиллаж байна гэж байсан. Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцтэй очиж уулзсан. Таны материал ирээгүй. Бид шийдэх боломжгүй. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргатайгаа уулз гэж хэлсэн. Ингээд н.Раднаабазар дээр дахин ирсэн. Амаар ч хэлээгүй. Бичгээр ч өгөөгүй. Эхнэр ажилгүй, гурван хүүхэдтэй, оюутан хүүхдийн төлбөр нэхэгдэж байсан. Амьдрахын эрхэнд харуул хамгаалалтын ажил хийж байсан. Хуучин ажиллаж байсан н.Баатархүү дарга “Захиргааны шүүхэд өгөөд асуудлаа шийдүүл” гэж хэлсэн. Надад өгөх материал байгаагүй. Энэ хамт олонд ажиллачхаад нэгнийгээ ингэмээргүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш шийд гараагүй. 2012 онд дутагдлаар халсан гэх тушаал авсан. Үүнээс хойш хөөцөлдөж эхэлсэн. 2012 оны 11 дүгээр сард тушаалаа авчхаад Архивын Ерөнхий газрын архивын газраас лавлагаа авсан. Тэрнээс хойш 6-7 сарын дараа дахин лавлагаа авахад “Та ажлаа хийж байна” гэж хэлсэн. Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөц, боловсон хүчин хариуцсан дарга н.Баясгалан хурандаа дээр ороод учир байдлаа тайлбарласан. Боловсон хүчнээ дуудахад “Энэ хүний халагдсан тушаал архивд байхгүй байна гэж хэлсэн. н.Баясгалан хурандаа өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар луу очсон. Тухайн үед нь дарга нь өөрчлөгдсөн байсан. Надад өгсөн бичиг очсон эсэхийг мэдэхгүй. Миний хувьд олон жил, залуу насаа зориулсан албандаа ажиллаж байсан ч өдий насанд тэтгэвэргүй хэцүү л байдаг юм байна. Энэ асуудал ямар ч хүнд битгий тохиолдоосой гэж бодож байна. Миний хувьд эцэг чинь тэтгэвэрт гарсан юм байна гэдэг зүйлийнхээ төлөө явж байна. Тэрнээс надад өөр ярих юм байхгүй. Миний хүүхдүүд тэр үед жоохон байсан. Зарим нь аав нь цагдаад ажиллаж байсныг мэдэхгүй. “Аав танд яагаад цагдаа хувцастай зураг байдаг юм” гэхээр хэлэх үг олдоггүй. Тэрнээс болж зүрх өвдөж, даралт ихэсдэг болсон. Тэрнээс өмнө сайхан байсан. Одоо тушаалаа өөрчлүүлж, тэтгэвэр л тогтоолгочихмоор байна. Өөр хүсэлт байхгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож, дараах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай албанаас халах тушаалын холбогдох хэсэг болох Я.Эыг албанаас дутагдлаар халж гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдүүлсэн шаардлагаар тухайн захиргааны актыг зөвтгөн, нөхөн гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах бүрэн хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацааны тайлбараа хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл хариуцагчийн зүгээс асуухдаа хөөн хэлэлцэх хугацааны 30 хоног гэж ярьсан учраас энэ талаар дүгнэлтдээ хэлээд явъя гэж бодлоо. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг үйлчлэлтэй захиргааны акт байна. Захиргааны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамаарч, захиргааны байгууллага өөрийнхөө санаачилгаар бүхэлд нь юм уу зарим хэсгийг нь хүчингүй болгож болохоор хуульчилсан заалттай агуулга бүхий захиргааны акт байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 05 дугаар сард захиргааны байгууллага болох Цагдаагийн ерөнхий газарт бичгээр өргөдөл гаргасан байдаг. Хууль бус тушаалыг хүчингүй болгож өгөөч агуулга бүхий хүсэлт, өргөдөл гаргасан. Үүнийг шийдвэрлээд 2024 оны 06 дугаар сарын 12-ны “Үүнийг зөвтгөн засах боломжгүй байна” гэх хариуг бичгээр ирүүлсэн. Энэ хариуг хүлээн авч, 30 хоногийн дотор Захиргааны хэргийн харьяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй. Хуульд заасан үндэслэлийн дагуу явагдаж байна. Захиргааны хэрэг үүсэж, ажиллагаа хийгдэх үндэслэл үүсэж, ажиллагаа явагдаж байна. Актын үндэслэлийн тал дээр маш их маргаантай байна. Албанаас халах захиргааны акт нь өөрөө хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байгаа маш том агуулгатай захиргааны акт байна. Үүнийг гаргахын тулд заавал хууль дүрэм, журмыг үндэслэл барих шаардлагатай. Тэр тусмаа цагдаагийн албанаас халж байгаа энэ тохиолдолд ажил олгогч, болон ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зөрчигдсөн юм уу, байгууллагын дотоод журам зөрчигдсөн юм уу, эсвэл цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг зөрчсөн юм уу. Юуг зөрчөөд цагдаагийн албанаас халах тухай тушаал гарсан бэ. Үндэслэл тодорхой байх шаардлагатай. Үндэслэл болгож барьж байгаа хурлын шийдвэр байна. Нэгдүгээр Хөтөл сум дахь цагдаагийн тасгийн даргын 2006 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн хурлын шийдвэр гэж байна. Хурлын тэмдэглэлийг өнөөдөр байдлаар харахад нотлох баримтын шаардлага хангахааргүй байна гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т зааснаар нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг дүгнэлтдээ гаргах нь зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл 2006 оны хурлын тэмдэглэлийг нөхөж гаргаж ирэхдээ гарын үсэг зураагүй ирсэн. Өөрт ашигтай байдлаар хэн ч зурчих боломжтой. 5 хоногийн дараа тухайн тэмдэглэлийн 3 дахь хэсэг буюу төгсгөлийг нь гаргаж ирэхдээ тэмдэглэл үйлдсэн хүнээр гарын үсэг зуруулсан байдаг. Анхнаасаа энэ тэмдэглэл архивд байсан бол архиваас гаргаж ирэх ёстой байсан. Архиваас гарсан гэх үндэслэл харагдахгүй байна. Нөхөж гаргаж ирээд гарын үсэг зуруулсан асуудал байна. Хоёрдугаарт цагдаагийн байгууллага өөрөө энэ хэргийн нэг тал буюу хариуцагч. Нэхэмжлэгч хариуцагч тал мэтгэлцэх, ижил түвшинд байх шаардлагатай. Өөрсдийнхөө байгууллагаас гаргаж байгаа баримтыг хуулбар үнэн дараад шүүхэд гаргаж өгдөг асуудал байх боломжгүй. Улсын дээд шүүхийн зөвлөмжөөр хориглосон байдаг. Зохих хөндлөнгийн байгууллага буюу нотариатаар гэрчлүүлэх боломж байсан. Нотлох баримтын шаардлага хангуулж, авчрах боломжтой байсан. Нотлох баримт мөн бол шинжлэн судлуулах боломж байсан. Хөтөл дахь сум дундын Цагдаагийн газрын 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр нотлох баримт шаардлага хангахгүй. Хуурамч нотлох баримт гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т зааснаар нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг давхар гаргаж байна. Хоёрдугаарт 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэл болгосон байдаг. Энэ хурлын шийдвэрээс шинжлэн судлаад үзэхээр нэхэмжлэгч Я.Эын талаар нэг үг, үсэг байхгүй хурлын шийдвэр байдаг. Ямар ч холбогдолгүй хурлын шийдвэрийг хүнийг албанаас халж байгаа тушаалынхаа үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай. Үндэслэлгүй байна гэдгийг илтгэж байна. 2006 оны 06 дугаар сарын 15-ны 16 дугаартай хурлын тэмдэглэл байхгүй. 2006 оны 06 дугаар сарын 15-ны 17 дугаартай хурлын тэмдэглэл байна. Хоёр дугаарыг үзэхэд хоёуланд нь Я.Эыг дурдаагүй. Албанаас халаад байгаа тушаалын үндэслэл болоод байгаа хоёр хурлын шийдвэр бол хоёулаа энэ тушаалд хамаагүй үндэслэлүүд байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудалд дээр дутагдлаар халж гэж байна. 2006 онд Хөдөлмөрийн тухай хуульд дутагдлаар халах гэдэг үг, үсэг байдаггүй. Дутагдал гэж байгааг юу гэж ойлгож байгааг ойлгохгүй байна. Ажил мэргэжилдээ ур чадварын хувьд тэнцэхгүй байвал дутагдал гэж байна уу, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байна уу, ёс зүйн хувьд алдаа дутагдал гаргаад байна уу аль нэг нь байж таараа. Тушаалаас бид юуг харах ёстой вэ гэхээр энэ хүн ямар зөрчил гаргаж, ямар хууль дүрмийг үндэслээд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болов гэдгийг тушаал дээрээс харах боломжтой болно. Гэтэл тушаал дээр огт хуулийн үндэслэл байхгүй. Дутагдлаар гэсэн байна. Дутагдлыг хэрхэн яаж, ямар байдлаар шалгаж тогтоосон. Энэ хүн үнэхээр зөрчил дутагдал гаргасан юм байна уу гэж үзэхээр тогтоосон зүйл байдаггүй. Амнаас ам дамжаад ярьсан. Хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй эд мөрийн баримт байна. Огт тогтоогдоогүй, үндэслэлгүй гэж хэлэхэд болохоор дутагдлуудыг зөвхөн нөхөж гаргасан хурлын тэмдэглэл дээр байдаг. Цагдаагийн газрын төв архиваас авсан баримт бичгүүд дээр энэ хүний алдаа, дутагдал гаргаж, шалгаж баталсан нэг ч зүйл байдаггүй. Дутагдал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт тушаал нь цаг хугацаандаа гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Яагаад гэвэл 2006 оны 06 дугаар сард албанаас халах тушаал нь тухайн үедээ гарсан бол хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэж, тухайн тушаалын хоёр дахь заалтад заасан тооцоогоор энэ тушаал нь 2006 онд албажаад бэлэн болчихсон байх ёстой. Гэтэл өнөөдрийн хүртэл 2006 онд халсан тушаал огт бичилт хийгдээгүй. 2013 оныг хүртэл Цагдаагийн төв архиваас лавлагааг хүсэхэд лавлагаанд 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай тушаал бичигдээгүй. Архивд 6 жилийн хугацаанд очоогүй. Тухайн үед албанаас халснаас 10 хоногийн дотор тооцоо хийхийг үүрэг болгосон байхад 10 хоногийн дотор тооцоолол хийгдээгүй. 2021 онд тушаалын цалингийн зөрүү нь аудитын шалгалтаар гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нэхэхэд тушаалыг гаргаж өгөөгүй. Би хүсэлтээ өгсөн юм чинь хүсэлтээр минь чөлөөлсөн байх гэж найдаад 6 жилийн хугацаанд тушаалаа хүлээсэн байдал харагдаад байна. 6 жилийн дараа шийдэхдээ ямар ч үндэслэлгүй, дутагдлаар халлаа гэж холбогдолгүй хурлын тэмдэглэлийг үндэслэл болгосон. Энэ асуудал нь энэ хүний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байна. Өндөр насны тэтгэвэрт тогтоолгох боломжгүй байдалд хүрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны актыг гаргах үндэслэл байхгүй байхад гарсан нь илт хууль бусад тооцогдох захиргааны акт мөн байна гэж үзэж байна. Илт хууль бус захиргааны акт анх гарсан цагаасаа үйлчилнэ. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор албандаа ажиллаж байсан гэх үр дагавар үүснэ. Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас 2024 оныг хүртэл олгогдоогүй цалингаа нэхэмжлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тэр мөнгийг нэхэмжлэх сонирхол алга. Надад одоогийн байдлаар зөрчигдөж байгаа миний эрх бол өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилго байна. Энэ тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, цалингаа нэхэмжлэхийн оронд тушаалаа зөвтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Ингэвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Олон жилийн цалин хөлсний асуудал яригдана. Тийм учраас нэхэмжлэгчийн хувьд олон жил ажилласан байгууллагаа бодож байна уу гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Манай цагдаагийн газрын дарга болон миний бие 2006 оны үеийг сайн мэдэхгүй. Гэхдээ 2006 онд ажиллаж байсан. Я.Эад холбогдох баримтуудыг байгууллагын архиваас одоогийн Сайхан сумын цагдаагийн архивд орсон материал дээр дүн шинжилгээ хийж, захиргааны хэргийн шүүхэд холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Авагдсан нотлох баримт, мэдээлэл тул дүгнэлт хийхэд хариуцагчийг төлөөлж байгаа миний хувьд Я.Э гэх хүн 2005 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар офицер цолоо хураалгаж, 1 жилийн сахилгын шийтгэл авсан. 2006 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Хөтөл сум дахь Цагдаагийн газрын зөвлөлийн хурлаар орсон. Тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа н.Раднаадоржид даалгавар хүргүүлсэн. Тухайн халсан шийдвэр гарсан. Халах үндэслэлийн талаар ярихгүй. Ажил тасалсан, архи уусан, хүнээс хонь мал авсан асуудал байсан. Өмнө нь сахилгын шийтгэлтэй байсан учраас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга тушаал гаргах эрх зүйн хэм хэмжээтэй байсан. Тушаалаар халагдсан нь баримтуудаар харагдаж байна.” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Албанаас халах тухай” 59 дугаар тушаалаар Хөтөл дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа ахлах ахлагч Я.Эыг Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар хурлын шийдвэрүүдийг тус тус үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанаас дутагдлаар халж, хөдөлмөрийн гэрээг цуцлан “Цагдаагийн ахлах ахлагч” цолыг хураажээ.
Нэхэмжлэгч Я.Э шүүхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “ Албанаас халах тухай “ тушаалын Я.Эыг албанаас дутагдлаар халж “ гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “ Цагдаагийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг зөвтгөн, нөхөн гаргуулах тухай “ гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд , нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд , Цагдаагийн ерөнхий газрын төв архив болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын архивт баримт бичгийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэргийг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын талаар
1. Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаагаар нэхэмжлэгч Я.Э нь 1991 онд Хөтөлийн цагдаагийн тасагт цагдаагаар, 1995 онд Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цагдаагийн тасагт жижүүрийн офицерээр, 1995 оны 11 сард Хөтөлийн цагдаагийн тасагт эргүүл харуулын цагдаагаар, 1996 онд Хөтөлийн цагдаагийн тасагт хэв журмын цагдаагаар, 1997 онд мөн Хөтөлийн цагдаагийн тасагт хэв журмын цагдаагаар, 1997 оны 09 сараас Сэлэнгэ аймгийн Орхон сумын цагдаагаар, 2001 оноос Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар, 2004 оноос Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр, 2005 оноос Хөтөл дахь Цагдаагийн тасагт жижүүхийн офицерээр, Цагдаагийн ерөнхий газрын 2005 оны 594 дүгээр тушаалаар үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн дэслэгч цолыг хурааж, офицерийн бүрэлдэхүүнээс гаргаж, Хөтөлийн цагдаагийн тасгийн мэдэлд шилжүүлжээ.
2. Нэхэмжлэгч Я.Эыг “Албанаас халах тухай” 59 дугаартай тушаалын үндэслэл болгосон Хөтөл дахь сум дундын Цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар хурлын шийдвэрүүд, албаны шалгалт хийсэн талаарх холбогдох баримтуудыг шалгах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын архивт тус тус баримтын үзлэг хийхэд Хөтөл дахь цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг тэмдэглэлээс дүгнэхэд нэхэмжлэгч Я.Эыг албанаас халах саналыг хурлын материалын хамт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын зөвлөлд хүргүүлж шийдвэрлүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар албаны шалгалт хийсэн ямар нэг баримт байхгүй байна.
Харин Цагдаагийн ерөнхий газрын төв архивт хийсэн үзлэгээр 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, гаргасан зөрчилтэй холбогдуулан албаны шалгалт хийсэн баримт байхгүй байсан бөгөөд хариуцагч тал тэр тухай тайлбарлахдаа тодорхой хугацааны дараа архивын баримтуудыг устгасан талаар тайлбарлажээ.
3. Мөн дээрх Цагдаагийн ерөнхий газрын төв архивт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Я.Эын хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан/хх-47-185-р хуудас/ бөгөөд уг баримтад түүнийг албанаас халсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргын 59 дугаартай тушаал, даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл байхгүй байна. Мөн Я.Эын хөдөлмөрийн дэвтэрт 2006 оны 59 дугаартай “Албанаас халах тухай” тушаал тэмдэглэгдээгүй байна.
4. Дээрх үзлэгийн явцад нэхэмжлэгч Я.Эын хувийн хэрэгт /хх-179-р хуудас/ Сэлэнгэ аймгийн Хөтөл хот дахь сум дундын цагдаагийн тасгийн даргын 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5/556 дугаартай албан бичгээр УБ хот Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа н.Ганхүү-д нэхэмжлэгч Я.Эыг тус цагдаагийн тасгийн жижүүрийн офицерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Улаанбаатар хот руу шилжсэн талаарх албан бичгийг хүргүүлж байсан байна.
5. Дээрх 5/556 дугаартай албан бичгээс дүгнэхэд Я.Эыг 2006 онд албанаас халснаас хойш буюу 2 жил 6 сарын дараа хүргүүлж байсан албан бичиг болох нь тоогтоогдож байна.
Хоёр. “Албанаас халах тухай” 59 дугаартай
тушаалын талаар
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Я.Э нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 59 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Цагдаагийн ерөнхий газраас гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариуг 2024 оны 06 дугаар сарын 12 ны өдөр хүргүүлснийг нэхэмжлэгч Я.Э хүлээн авч 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Я.Эыг Цагдаагийн албанаас халсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 59 дугаартай тушаалын зарим хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн болох нь дараахь үндэслэлүүдээр тогтоогдож байна.
1. Нэхэмжлэгч Я.Э нь албанаас халах тушаал гарахаас өмнө Сэлэнгэ аймгийн Хөтөлийн цагдаагийн тасагт цагдаагаар ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид хамаарч байна.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч Я.Эыг Төрийн албанд томилох, чөлөөлөх, халах эрх зүйн харилцааг Төрийн албаны тухай хуулиар эсхүл Цагдаагийн албаны тухай зохицуулахаар байна.
3. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 3 ба түүнээс дээш / албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1.1-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдана, гэж заасан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” , 82.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон“ гэж тус тус заажээ.
4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 59 дугаартай нэхэмжлэгч Я.Эыг албанаас халах тухай тушаалын зарим хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх дараахь үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд :
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Я.Эыг халах 2006 оны 59 дугаартай тушаалыг гаргахдаа алба хаагч Я.Э нь ямар зөрчил дутагдал хэзээ, хэдэн удаа, хэрхэн гаргасан талаар албаны шалгалт огт хийгээгүй өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар 59 дугаартай тушаалыг нэхэмжлэгч Я.Эад мэдэгдэх, хүргүүлэх, гардуулах ажиллагааг тухайн цаг хугацаанд хийгээгүй байна. Мөн хариуцагч нь 59 дугаартай тушаалыг гаргахдаа дээрх Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийн ажлаас халах хуулийн заалтуудад үндэслээгүй Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэр болон Хөтөлийн цагдаагийн тасгийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэсэн зэрэг нь уг захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
Тухайлбал Я.Э нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, заалтын аль хэсгийг хэрхэн зөрчсөн эсэх, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйл болон Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг зөрчсөн эсэх нь маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт тусгагдаагүй, зөрчил дутагдлын агуулгын талаар тушаалд мөн тусгаагүй, тухайн тушаал нь 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор бичгээр гарсан эсэх нь эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 59 дугаартай тушаалаар цагдаагаар ажиллаж байсан Я.Эыг цагдаагийн албанаас халах хуульд заасан үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “Албанаас халах тухай” тушаалын “Я.Эыг дутагдлаар халж” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Я.Эыг цагдаагийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг зөвтгөн нөхөн гаргахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Я.Эад олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР