| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0071/З |
| Дугаар | 159/ШШ2024/0076 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2024/0076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2024/0071/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Т” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б,
Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0049047 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З /цахим/, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь “....“Т” ХХК нь мод бэлтгэх тусгаарласан талбайгаас мод бэлтгэлийн ажлыг хийж гүйцэтгэхдээ зохих зөвшөөрөл олгогдсон талбайгаас бэлтгээгүй...” гэх зөрчилд 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Т” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2431000*** дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийг нээсэн байна.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0049047 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг “Ойн тухай” хууль зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг баримтлан 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 0049047 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.
Гомдол гаргагч “Т” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...”Т” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж мод, модон материалын үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2023 оны 12 дүгээр сарын 08-ны өдрийн А225 тоот тушаалыг үндэслэн Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар авсан.
Манай байгууллага 2024 онд Сэлэнгэ аймаг Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 123, 124 дугаартай тогтоолуудыг үндэслэн сум дундын Ойн ангитай байгуулсан 54 тоот "Мод бэлтгэх" гэрээн дагуу холбогдох байгалийн нөөц ашигласны төлбөрт 13.285.301 төгрөгийг төлж, Ойн ангийн тусгаарлаж өгсөн 37 га талбайд үйлдвэрлэлийн огтлолтоор /шинэс, нарс/ хэрэглээний 724 м3, түлээний 182м3, цэвэрлэгээний огтлолтоор хэрэглээний 300 м3, түлээний 101м3, нийт хэрэглээний 1024м3, түлээний 283м3 модыг тус тус зохих хууль, журмын дагуу бэлтгэсэн болно.
Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь манай ойн санд үзлэг шалгалт хийгээд 06 сарын хугацааны дараа ямар ч үндэслэлгүйгээр манай байгууллагыг 2024 онд үйлдвэрлэлийн огтлолтоор шинэс мод бэлтгүүлэхээр тусгаарлуулсан талбайгаас мод бэлтгэхдээ мод бэлтгэх гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэж Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1, 35.4.2, 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь дээрх шийтгэл оногдуулсан 0049047 дугаартай Шийтгэлийн хуудсаа манайд 2024 оны 10 дугаар Сарын 01-ны өдөр танилцуулсан бөгөөд уг хууль бус шийдвэрийн улмаас манай байгууллагын хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна гэж үзсэн учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Болдмаагийн 0049047 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаан гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: “...Хэргийн хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0049047 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа зөрчсөн. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж шийтгэл оногдуулж байгаа боловч зөвшөөрөлгүйгээр хэн хэзээ, хаана, ямар техник хэрэгслээр энэхүү модыг бэлтгэсэн гэдэг нь тодорхойгүй. Гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн гэх боловч баримтаар нотлогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаар эдгээр нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учир гомдол гаргагч “Т” ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01/03 дугаартай "Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ойн мэргэжлийн байгууллага “Т” ХХК-ийн 2024 оны үндсэн ашиглалтын огтлолтоор шинэс мод бэлтгэсэн талбайд хийсэн хяналт шалгалтаар “Т” ХХК нь мод бэлтгэх технологийн картыг боловсруулаагүй мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн, мод бэлтгэл явуулахдаа Ойн тухай хуулийн 22.1.4-д заасан "ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ ойгоос ойн менежментийн төлөвлөгөө, гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу мод, ойн дагалт баялгийг ашиглах" гэснийг зөрчиж тусгаарласан талбайгаас мод тээвэрлэх хяналтын хуудсаар 107,092 м3 шинэс мод талбайд бэлтгэгдсэн гэх боловч тусгаарласан талбайн хяналт шалгалтын тооллого болон шинжээчийн дүгнэлтээр 28 м3 модыг тухайн талбайгаас бэлтгээгүй, мөн тусгаарласан талбайн гадна талд буюу зохих зөвшөөрөл олгогдоогүй газарт 9.425 м3 шинэс мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлсэн. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн 2431000*** дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор “Т” ХХК- д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгасан.
Мөн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ойгоос мод бэлтгэх, талбай тусгаарлах гэрээ байгуулсан боловч мод бэлтгэхдээ гэрээнд мод бэлтгэлийн ажлын технологийн картыг хавсаргаагүй буюу үйлдээгүй, ойгоос мод бэлтгэх ажлын эхлэлийн актыг байгаль хамгаалагчаар үйлдүүлээгүй мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Мод бэлтгэх 24032825, 24032853 дугаартай эрхийн бичгээр 2024 оны 02 дугаар сарын 03-аас 2024 оны 02 сарын 23-ыг хүртэл, 2024 оны 02 дугаар сараас 26-аас 2024 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл мод бэлтгэж, тээвэрлэх зохих зөвшөөрөл авсан боловч эрхийн бичигт заагдсан хуулийн хугацаанд бэлтгэж тээвэрлэж, талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй, мод бэлтгэгч нь ойгоос мод бэлтгэх заавар журам заавар, технологийн горимыг чанд мөрдөж ажиллаагүй зэрэг үйлдэл нь дээрх нөхцөл байдлуудаар “Т” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байх тул 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул 2024 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 0049047 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг дээр “Т” ХХК нь мод бэлтгэх талбай тусгаарлах болон 2024 онд Ерөө сумын Мухарт гэх газар үйлдвэрлэлийн огтлолоор мод бэлтгэх гэрээ байгуулсан байгаа юм. Тухайн гэрээнд юу гэж тусгагдсан байна гэхээр тухайн талбайгаас мод бэлтгэхээр 236 м3-ийн эрхийн бичиг авсан. Тухайн талбайд үзлэг шалгалт хийхэд мод бэлтгэх эрхийн бичиг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 236 м3 мод бэлтгэнэ гэж эрхийн бичиг аван мод бэлтгэх хяналтын хуудсаар 118,621 м3 шинэс мод бэлтгэн тээвэрлэсэн хяналтын хуудас байдаг. Хяналтын хуудас гэдэг нь тухайн талбайгаас авч тээвэрлэж явж байгаа зохих бичиг баримт. Тухайн талбай дээр үзлэг шалгалт, тооллого хийхэд улсын байцаагч болон ойн албаны мэргэжилтэн, тухайн компанийн захирал Б.Энхмаа оролцсон байдаг. Мөн мод бэлтгэсэн хоёр жолооч нар оролцож тооллогыг хийсэн байдаг. Тухайн тооллогоор 49 ширхэг хожуул тоологдсон ба 53,3 м3 мод тухайн талбайгаас бэлтгэгдсэн нь тогтоогдсон. Эрхийн бичиг дээрээ 236 м3 мөртөө тухайн цаг хугацаанд 118 м3-ийг оруулж ирсэн хяналтын хуудас байдаг. Тухайн талбайгаас 65 м3 мод хаанаас бэлтгэгдсэн нь тогтоогдоогүй. Үүнд шинжээч томилоод шинжээчийн дүгнэлтээр 53 ширхэг хожуул буюу 79 м3 мод тухайн талбайгаас бэлтгэгдсэн. Тухайн талбайн гадна талд болон 8 ширхэг нойтон хожуул бэлтгэгдсэн зөрчил илэрсэн байдаг. Тухайн талбай тусгаарлах гэрээнд юу гэж тусгагдсан байна гэхээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээнд ойг үйлдвэрлэлийн ашиглалтаар ойд мод бэлтгэх тухай ажлыг Ойн тухай хууль, ойд үйлдвэрлэлтийн ойд үйлдвэрлэлт ашиглалтын огтлолт хийх журмыг дагаж мөрдөнө. Ойд үйлдвэрлэлт ашиглалтын огтлол хийх талбай тусгаарласан солилцлын тогтоосон талбай, ойн ашиглалтын бэлтгэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж гэрээнд өөрөө тусгаад өгчихсөн. Тэгтэл “Т” ХХК нь мод тээвэрлэх хяналтын хуудсаар бичиг баримтаараа 118 м3, эхний үзлэг болон шинжээчийн дүгнэлтээр тухайн талбайгаас 79 м3 бэлтгэсэн нь тогтоогдсон. Тэгэхээр үлдэгдэл мод нь хаанаас бэлтгэгдсэн нь тогтоогдоогүй. Тухайн тогтоосон солилцлын цэг өгсөн байхад талбайн гадна талд мод бэлтгэсэн нь гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан нөхцөл болзлоо зөрчсөн гэж үзсэн учраас Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар арга хэмжээ тооцсон.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн 0049047 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Захиргааны зөрчлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн хэргийн материалын нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч “Т” ХХК-ний гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг.Маргааны үйл баримтын талаар
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ерөө бүсийн сум дундын ойн ангитай “Ойгоос мод бэлтгэх, талбай тусгаарлах гэрээ” байгуулж 9.8 га талбайг тусгаарлуулж мод бэлтгэжээ.
2. Тус компани нь 24032825, 24032853 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх тусгаарласан талбайд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулжээ.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01/03 дугаартай “Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ойн мэргэжлийн байгууллага “Т” ХХК-ний 2024 оны үндсэн ашиглалтын огтлолтоор шинэс мод бэлтгэсэн талбайд ойн албаны мэргэжилтэн Г.Оюунбилэг нь Ерөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Мөнхтулга, “Т” ХХК-ний захирал Б.Энхмаа, жолооч Н.Отгонбаяр, Н.Загдсүрэн нарыг байцуулан хийж гүйцэтгэсэн талаар илтгэх хуудас бичжээ.
4. Дээрх зөрчилд ойн албаны мэргэжилтэн Г.Оюунбилэгээс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гомдол мэдээлэл /илтгэх хуудас/ гаргасныг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зөрчлийн хэрэг нээж шалгажээ.
5. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр зөвшөөрөгдсөн талбайгаас 53 ширхэг нойтон шинэс мод буюу 79.3635 м.куб мод бэлтгэсэн бөгөөд мод тээвэрлэх хяналтын хуудсаар шинэс 107.092 м.куб мод дээд агуулахаас доод агуулах руу тээвэрлэгдэж орж ирсэн, бусад 8 ширхэг шинэс модны хожуул гэрээг зөрчиж тусгаарласан талбайгаас гарч хууль бусаар мод бэлтгэсэн, мөн тухайн талбайд мод бэлтгэлийн ажлын технологийн карт боловсруулаагүй, хянуулж баталгаажуулаагүй гэх дүгнэлт гаргажээ.
Хоёр.0049047 дугаартай шийтгэлийн хуудасны талаар
Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл олсон орлогыг хурааж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ“, 35.4.2–т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь 24032825, 24032853 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр 2024 оны 02 дугаар сарын 03-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдөр хүртэл, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мод бэлтгэхдээ гэрээнд мод бэлтгэлийн ажлын технологийн картыг хавсаргаагүй, ойгоос мод бэлтгэх ажлын эхлэлийн актыг байгаль хамгаалагчаар үйлдүүлээгүй мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн, мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй, мод бэлтгэх гэрээний нөхцөл болзлыг зөрчиж ойд үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт хийхдээ талбай тусгаарласан солбилцолоос өөр талбайд мод бэлтгэсэн зөрчил гаргасан болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан илтгэх хуудас, мод бэлтгэсэн талбайн тооллогын хүснэгт, доод агуулахад хийсэн тооллого, мод бэлтгэх эрхийн бичгүүд, мод тээвэрлэх хяналтын хуудаснууд, Ойгоос мод бэлтгэх, талбай тусгаарлах гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, фото зурагнууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал “Т” ХХК нь тусгаарласан талбайгаас мод тээвэрлэх хяналтын хуудсаар 107.092 м.куб шинэс мод талбайд бэлтгэсэн гэх боловч тусгаарласан талбайд хийсэн хяналт шалгалт, шинжээчийн дүгнэлтээр 28 м.куб модыг тухайн талбайгаас бэлтгээгүй, мөн тусгаарласан талбайн гадна талд зохих зөвшөөрөлгүйгээр 8 ширхэг буюу 9.425 м.куб шинэс мод бэлтгэсэн нь дээрх хуулиудад заасан мод бэлтгэх, талбай тусгаарлах гэрээний нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж дүгнэхээр байх тул байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 00490047 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т зааснаар “Т” ХХК-д шийтгэл оногдуулж 10,000,000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцсэн буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14–т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00490047 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т” ХХК-ийг 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР