| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/00132/и |
| Дугаар | 307/ШШ2025/00218 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 307/ШШ2025/00218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
307/2025/00132/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* *******гийн гудамж, өөрийн байр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ын хүсэлттэй,
******* аймаг, ******* сум, ******* баг, Хушаат ******* гудамж, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Цагдаагийн дэслэгч *******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Э.******* нь миний хариуцсан ******* багийн иргэн. Эхнэр болон 3 бага насны хүүхдийн хамт амьдардаг. Э.******* нь тогтмол архи уудаг, би уг багт 2024 оны 06 сард томилогдож ирсэн. Намайг ирэхэд л согтуу байдаг байсан. Одоо ч архи уусан хэвээрээ. Архи уухаараа ар гэртээ агсан согтуу тавьдаг. Сая гэр бүлийн хүчирхийллээр шүүхээр орж 10 хоногийн баривчлах шийтгэл авч шийтгэл нь 02 сарын 09-ний өдөр дуусна. Албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг эхнэр болох н. нь гаргасан. Тийм учраас Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 5-р анги, дунд хүү 1-р анги, бага хүү 5 настай. Би 5 сард явж ирээд түүнээс хойш ажил хийгээгүй. Эхнэр ******* компанид ажилладаг. Сая анх удаа баривчилгаа авч үзэж байна. Боломж олдвол ажил хийх хүсэлтэй байна. Том хүү 5-р ангийн төгсөлтийн баяртай, дунд хүү үсэглэлийн баяртай би ажил хийх хүсэлтэй байна. Би компанид ажилд орохоор ярьж байгаа гэв.
3. Шүүхээс: Хүсэлт гаргагчаас шүүхэд Э.*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын 2025 оны 01 сарын 21-ний өдрийн дугаартай итгэмжлэл, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 01 сарын 21-ний өдрийн дугаартай тодорхойлолт, Б.гийн 2025 оны 01 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, Э.*******ын гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн эрүүл мэндийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-18, 34 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ ... Бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэг, архи уухаараа ар гэртээ агсан согтуу тавьдаг. Сая гэр бүлийн хүчирхийллээр шүүхээр орж 10 хоногийн баривчлах шийтгэл авч шийтгэл нь 02 сарын 09-ний өдөр дуусна. Албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг эхнэр болох н. нь гаргасан. Тийм учраас Э.*******ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэж тодруулсан. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:
1.Э.******* нь архидан согтуурах зуршилтай, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон гэр бүлийн гишүүддээ аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн болох нь хэсгийн цагдаа, цагдаагийн дэслэгч *******ын хүсэлт, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн Э.*******ын зөрчил, гэмт хэргийн талаархи мэдээлэл, хүсэлт гаргагч Б. болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.*******ын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 2-15 дахь тал/
Түүнчлэн согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр “...Э.*******ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно, албадан эмчилгээнд хамрагдах боломжгүй шалтгаан, хориглох заалт байхгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. /хх 9 дэх тал/
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан.
Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.*******ыг албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй байна.
3.Мөн хэрэгт авагдсан баримт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хүсэлт гаргагч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар ******* овгийн *******ын *******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* овгийн *******ын ******* /РД: *******/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч *******т даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА