Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00120

 

Л ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-ийн хариуцагч Ц.Цид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 22 344 000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Я, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Ц нь Л ББСБ ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14/91 тоот зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй 15 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээг байгуулж, гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ц.Цийн ХААН банк ХХК-ийн 5038376657 тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Ц.Цийн гаргасан саналын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өнөөдрийг хүртэл зээлдэгч нь зээлийн хүүд 7 200 000 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчтай байнга холбоо барьж, зээлийн эргэн төлөлтийг хэрхэн төлж барагдуулах талаар удаа дараа уулзаж байсан.

Иймд үндсэн зээлийн төлбөрт 15 000 000 төгрөг, хүүд 5 820 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 524 000 төгрөг, нийт 22 340 000 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Л ББСБ” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад хүсэлт гаргаж зээлийн гэрээг сунгасан. Үндсэн гэрээний дагуу хүү төлөх үүрэгтэй байсан. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 400 000 төгрөг төлсөн, үүнийг үндсэн төлбөрөөсөө хасч, бусад төлбөрийг тооцож төлнө. Нэхэмжлэгч удаа дараа сануулж мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж худал ташаа тайлбар гаргасан. 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үйлдвэрийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан ч 4 сарын хугацаанд ухамсраараа үүрэг хариуцлагаа хүлээж зээлийн хүүг төлсөн. “Л ББСБ” ХХК-ийн зээлийн эдийн засагчид “...6 сарын хугацаанд хэвтэрт байх учраас зээлийн хүүг зогсоож өгөөч чадлаараа зээлээ төлнө...” гэж гуйсан. 2020 оны 6 дугаар сарыг хүртэл удаа дараа холбоотой байж нөхцөл байдлаа хэлсэн. Мөн оны 3 дугаар сард хөл дээрээ боссон боловч ажлаасаа чөлөөлөгдсөн. “Ковид-19” вирус дэлхий нийтэд гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагаа зогссон. Энэ байдлыг давагдашгүй нөхцөл байдал гэж үзэж болдог бол нөхцөл байдлаа хэлдэг байсан.Хэргийн материалд нуруу хугарсан байх үеийн бүх баримтыг хавсаргасан гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Цоос 21 363 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 241 280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Ц төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.Цийн өмчлөлийн Ү-2205030042 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 26-5 дугаар байр, 3 тоот, 31 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулсан үнээс 15 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 323 820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сард төлсөн эргэн төлөлтийг мөн оны 7,8 дугаар сарын зээлийн үндсэн хүүний төлөлтөнд, 9,11 дүгээр сарын төлөлтийг мөн оны 9,10 дугаар сарын зээлийн үндсэн хүүний төлөлтөнд тус тус тооцсон. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээгээр тохирсон тул шүүх өөрчлөх үндэслэлгүй.

Хариуцагч нь 2020 оны 6 дугаар сар хүртэл зээлийн хүүг тогтмол төлсөн. Өөрөөр хэлбэл 4 800 000 төгрөгийг хүүнд төлсөн. Үүнээс хойш төлсөн 2 400 000 төгрөгөөс 2020 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 600 000 төгрөгийг үндсэн хүүнд тооцож харин мөн сарын 14-ний өдөр төлсөн 600 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 300 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 900 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөгийг үндсэн зээлд тооцуулахаар хариуцагч маргасныг шүүх хангасан. Ингэхдээ төлөлт бүрийг тухайн сарын үндсэн зээлээс хасч, тухайн үндсэн зээлээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодох ёстой байсан. Гэтэл шүүх нь тооцооллын алдаа гаргаж хүү 6 912 000 төгрөг байсныг 4 523 200 төгрөг гэж буруу тооцоолж, нэмэгдүүлсэн хүү болох 1 382 400 төгрөг байсныг 1 379 520 төгрөг гэж мөн буруу тооцоолсон байна.

Мөн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсгийг хэрэглээгүй.

Хөрөнгө барьцаалах гэрээний 1.6, 2.1.2, зээлийн гэрээний 2.5, 7.1 дах хэсгүүдэд барьцааны эд зүйлээр гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэнэ гэж заасан. Шүүх нь зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг судлаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг харгалзахгүй дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчаас нэхэмжлэгчид олгох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг зөрүүтэй шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц давж заалдах гомдолдоо: Би “Л ББСБ” ХХК-аас 2018 оны 10 дугаар сард 15 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээ дуусахад гэрээгээ сунгах хүсэлтийг тавьж 2 удаа утсаар холбогдсон. Тухайн үед нуруугаа хугалан хүнд гэмтэлтэй байсан тул утсаар холбогдсон зээлийн хүүг түр зогсоох тухай хүсэлт тавихад зээлийн эдийн засагч н.Алешка зээлийн гэрээг сунгахыг зөвшөөрч өөрөө гэрээр ирж гэрээ хийхээр аман тохиролцоонд хүрсэн. Би хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадваргүй болсон байсан хэдий ч зээлийн хугацаа дууссаны дараа 2 400 000 төгрөг төлсөн. Надад зээлээ төлөхгүй бол барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар цаасаар огт мэдэгдэл өгч байгаагүй. Би зээлээ төлөхгүй гэж биш хугацааг нь түр хойшлуулж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу ипотекийн зүйл болох хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан байна. Би зээлээ төлөхгүй гэж маргаагүй, боломжоороо төлнө гэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй, миний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулах үндэслэлгүй юм.

Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ипотекийн, банкны болон банк бус санхүүгийн байгууллагын кредитын зээлийн буцаан олголт, нэмэгдүүлсэн хүү, торгуулийг хойшлуулсан, мөн цар тахал дотоодод илэрсэний улмаас мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр болтол дээрх шийдвэрийг сунгасан тул “Л ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүү 1 524 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн шүүгчийн туслах шийдвэрийг шивэхдээ 21 363 520 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж андуурч бичжээ. Нэхэмжлэлийн 22 344 000 төгрөгөөс 3 241 280 төгрөгийг хасвал 19 102 720 төгрөг болж байгаа юм. Үүнээс нэмэгдүүлсэн хүү 1 524 000 төгрөгийг хасч тооцон 17 578 720 төгрөг болгож өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Цид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 344 000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/91 дугаартай гэрээгээр зээлдүүлэгч “Л ББСБ” ХХК нь 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Ц.Ц нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-10/ Энэ гэрээний дагуу Ц.Ц, “Л ББСБ” ХХК-аас 15 000 000 төгрөг хүлээн авсан гэдэгт маргаангүй байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасанд нийцжээ. /хх-17/ Иймээс гэрээний нэг тал нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Гэрээний талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээний хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 7 сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан, Ц.Ц зээлийн гэрээний үүргийг гүйцэд биелүүлээгүй үйл баримтад хэн аль нь маргаагүй байна. /хх-15/ Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг зээлийн хүүд тооцсон нь Иргэний хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн эсэх, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл бий болсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.  

Хэргийн 10, 15 дах талд авагдсан зээлийн гэрээнүүдээс үзвэл зохигчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийг батлахдаа хариуцагч нь сар бүрийн 05-ны өдөр зээлийн хүүд 600 000 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үндсэн зээл 15 000 000 төгрөгийг, ногдох хүүгийн хамт төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байна. Дээрх хуваарийн дагуу хариуцагч Ц.Ц 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүд нийт 4 800 000 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийн заасанд нийцжээ.

Харин гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хариуцагчийн төлсөн 2 400 000 төгрөгийг  нэхэмжлэгч тал “үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээгээр тохирсон” гэх үндэслэлээр зээлийн хүүд суутгасныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзнэ. Учир нь гэрээний хугацаа дууссанаар үүрэг гүйцэтгэгч үүргээ сонгох эрхгүй болно. 

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Цийн, шүүх хуралдааны үеэр гаргасан “2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүүд 600 000 төгрөгийн төлсөн” гэсэн агуулга бүхий тайлбарыг үндэслэн уг мөнгийг зээлийн хүүд суутган, мөн сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд төлсөн 1 800 000 төгрөгийг үндсэн зээлийн үүргээс хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд харшлаагүй байна. /хх-56 ар тал/ Иймээс “үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд гэрээгээр тохирсон байхад  шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, түүнд ногдох хүүг буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээдэг.  

Зохигчид гэрээний 2.3 дах заалтаар “Ц.Ц нь 2.1.2-т заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэх төлөхөөс гадна 2.1.1-д заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх”-өөр, 8.3-д “гэрээний нэмэлт өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэгдэж, талуудын гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцогдоно” гэж тус тус тохиролцсон нь дээрх хуульд нийцжээ. /хх-10 ар тал/

Хариуцагч Ц.Ц гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй гэдгээ зөвшөөрч, маргаагүй. Мөн өвчний улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон,  түүнчлэн цар тахал гарсантай холбоотой хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлүүдээр зээлийн хугацааг хойшлуулж, зээлийн хүүг зогсоох талаарх хүсэлтийг нэхэмжлэгч талд бичгээр гаргаж, талууд гэрээнд өөрчлөлт оруулсан гэх боловч уг үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс хариуцагчийг нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх хуулийн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Хариуцагч тал 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 600 000 төгрөг, 8 дугаар сарын 09-ний өдөр 600 000 төгрөг, мөн сарын 14-ний өдөр 600 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-нд 300 000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 900 000 төгрөг тус тус төлсөн нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-23-25, 55-56/ Шүүх дээрх үүргийн гүйцэтгэлийг үндсэн зээлээс хасч, ногдох хүүг тооцон, хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлсон нь зөв боловч тооцооллын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой.

Тодруулбал, хариуцагч Ц.Цийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 600 000 төгрөгийг мөн оны 7 дугаар сарын 05-ны өдрийн төлөх ёстой зээлийн хүүд суутгасан учир тус өдрөөс дараагийн үүрэг гүйцэтгэсэн өдөр болох 8 дугаар сарын 14-нийг хүртэл 39 хоногийн хүүг үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс тооцоход 780 000 төгрөг /15 000 000 х 4%=600 000 : 30 хоног х 39/ байна. Уг дарааллын дагуу хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасч, хүүг тооцвол 8 дугаар сарын 14-өөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 36 хоногийн хүүд 691 200 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 52 хоногийн хүүд 977 600 төгрөг, 11 дүгээр сарын 12-ноос 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 8 сар 17 хоногт ногдох хүүд 4 523 200 төгрөг, нийт 6 972 000 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүүд 1 394 400 /6972 000 төгрөг х 20%/ төгрөг байна.

Дээрхээс хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг тодорхойлбол үндсэн зээлд 13 200 000  төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 6 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 394 400 төгрөг, нийт 21 566 400 төгрөгийг нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК-д төлөхөөр байна. Гэхдээ нэхэмжлэгчээс давж заалдах гомдлын агуулгаа “21 494 400 төгрөгийн тооцоолол гарган” тайлбарласан тул энэ хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Л ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчтай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ц.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 26-5 дугаар байр, 3 тоот 31 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх11/ Уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй учир тэдгээрийн хэн алинд нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн талаар эдлэх эрх, үүрэг үүссэн гэж үзнэ. Хэргийн баримтаар хариуцагч Ц.Ц нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон учир нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ барьцаагаар хөрөнгөөр хангагдах үүргийг 15 000 000 төгрөг хүртэлх хэмжээгээр тогтоосон нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заасантай тус тус нийцэхгүй байна.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа тооцооны алдаа гаргажээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03087 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “21 363 520” гэснийг “21 494 400” гэж, “3 241 280” гэснийг “849 600” гэж, 3 дах заалтын “323 820” гэснийг “265 422” гэж тус тус өөрчилж, 2 дах заалтын “15 000 000 төгрөгийн” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 123 417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 334 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                  

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                   

                                                                                    Ч.ЦЭНД