| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00684/И |
| Дугаар | 318/ШШ2025/00070 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 318/ШШ2025/00070
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, ........ сум, ....дугаар багт оршин суух, ..... онд төрсөн, эрэгтэй, Б овогт Л-гийн Б-гийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.Б-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Б- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ….. онд төрсөн. Би бага нааснаасаа аавынхаа хамтаар .....ийн Тэжээлийн аж ахуйд мал маллаж байгаад … оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Тэжээлийн аж ахуйд малчнаар ажилд орон ажиллаж байгаад …. оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс Тэжээлийн үйлдвэрт машинистаар ажилласан. 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж, 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд .....ийн Тэжээлийн аж ахуйд тракторчнаар 1991 он хүртэл ажилласан. 1991 онд .....ийн Тэжээлийн аж ахуй хувьчлагдаж Таван ..... хувьцаат компани болоход тракторчнаар 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болоход бичиг баримт дутуу учир шүүхэд хандаж байна. Иймд намайг 1984 оны 01 дүгээр сараас 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл .....ийн Тэжээлийн аж ахуйд малчнаар, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Тэжээлийн үйлдвэрт машинистаар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс ..... сумын Таван ..... хувьцаат компанид 1994 оны 12 дуугаар сарыг дуустал хугацаанд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Л.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаартай зөвлөмжийн хуудас, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3035 дугаартай шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн ..... сумын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай тушаал, Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тушаал, Л.Б-гийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Л.Б-гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоосон шүүхийн шийдвэр, гэрч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Л.Б-гийн 1122464 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалдын хувь, хугацаа тогтоосон акт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ж.Б-, Б.Б- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Б-н ХААТР-1 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйн 1984-1992 он, Таван ..... ХК-ийн 1992-1995 оны баримтаас Л.Б-д холбогдох баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Л.Б-н цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Л.Б-д холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.Б-гийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Хүсэлт гаргагч Л.Б- нь шүүхэд хандаж 1984 оны 01 дүгээр сараас 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл .....ийн Тэжээлийн аж ахуйд малчнаар, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Тэжээлийн үйлдвэрт машинистаар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дуугаар сарыг дуустал хугацаанд ..... сумын Таван ..... хувьцаат компанид тракторчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Л.Б-гийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Л.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Л.Б- нь ....... онд төрсөн. 1984 оны 01 дүгээр сараас ..... сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл тус тэжээлийн машинистаар ажилласан. Улмаар цэргийн албанаас халагдаж ирээд 1991 оныг хүртэл ..... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1991 оноос 1994 оныг дуустал Таван ..... хувьцаат компанид тракторчнаар ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1984-1992 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд тооцуулах хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас нотлох баримтаар гаргуулсан Л.Б-гийн “цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет” гэх баримтад түүнийг 1985 онд 8 дугаар анги төгссөн, 1987 онд тракторчин мэргэжил эзэмшсэн, Тэжээлийн аж ахуйд нормчин ажилтай гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Л.Б-гийн ХААТР-1 маягтад түүнийг бүрэн бус дунд боловсролтой, .....ийн Тэжээлийн аж ахуйд тракторчин, 1989 оноос ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.
Хүсэлт гаргагч Л.Б- нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ..... сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж эхэлсэн гэх боловч Л.Б- нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 14 настай байсан байх бөгөөд түүнийг малчнаар ажиллаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд тогтоогдсонгүй.
Харин хүсэлт гаргагч Л.Б-г 1985 оны 6 дугаар сард 16 настайдаа 8 дугаар анги төгсөөд мал маллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Улмаар Л.Б-гийн ....... дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Тэжээлийн үйлдвэрт машинистаар авч ажиллуулав” тэмдэглэжээ.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Л.Б-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хүсэлт гаргагч Л.Б- нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдах хүртэл Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Л.Б-н цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас хуулбарлан ирүүлсэн Л.Б-д холбогдох цалингийн баримтаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Б-гийн 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй.
4.3. Хүсэлт гаргагч Л.Б- нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаад үргэлжлүүлэн Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилласан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Л.Б-н ХААТР-1 маягтаар нотлогдож байна.
Тодруулбал, тус ХААТР-1 маягтыг 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд Л.Б-г .....ийн Тэжээлийн аж ахуйд тракторчин ажилтай, 1989 онд ажил орсон гэж тэмдэглэжээ.
4.4. Хүсэлт гаргагч Л.Б-гаас Увс аймгийн ..... сумын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай тушаал, Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хүсэлт гаргагч Л.Б- нь дээрх баримтуудын эх сурвалжийг тодорхой заагаагүй, тус баримтууд нь төрийн архивд хадгалагдаагүй байх тул үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
4.5. Гэрч Ж.Б-, Б.Б- нар нь хүсэлт гаргагч Л.Б-гийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1984-1990 оны хооронд Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ж.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Б-ийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 500 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Гэрч нар нь хүсэлт гаргагч Л.Б-г 1984 оноос .....ийн тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж эхэлсэн гэж мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.
4.6. Хүсэлт гаргагч Л.Б- нь 1990-1994 оныг дуустал хугацаанд Таван ..... ХК-д ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан боловч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь хэрэгт авагдсан .......д угаартай баталгаажилтын хуудсаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Б-гийн 1990-1994 оны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар сэргээн тогтоох шаардлагагүй байна.
5. Хүсэлт гаргагч Л.Б-гийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б овогт Л-гийн Б-гийн 1985 оны 6 дугаар сараас 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар, 1986 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд нормчноор, 1989 оны 11 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ..... сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА