Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 318/ШШ2025/00071

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Увс аймаг, ......................... сум, ... дугаар багт оршин суух, .... онд төрсөн, эрэгтэй, Ш овогт М-ын Ж-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.

Хүсэлт гаргагч М.Ж- түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Ж-ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ж- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие …. онд төрсөн, … настай. Би 1984 оноос эхлэн ......................... сумын П нэгдэлд аав, ээжийн хамт мал маллан ажлын гараагаа эхэлсэн. 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд П нэгдэлд ногоочны туслах, малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сард цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлэн П нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж, 1992 оны 5 дугаар сараас ......... компанид малчин, 1995 оноос өнөөдрийг хүртэл хувиараа мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэн малчнаар ажиллаж байна. Аймгийн архиваас П нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт 1984 оны 6 дугаар сараас 1986 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд гарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд П нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн бичилт зөрүүтэй, зөрчилтэй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай зөвлөмжийн хуудас, М.Ж-ын иргэний үнэмлэхийн хуулбар, М.Ж-ын хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 409 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Б.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Д-ын нэгдлийн гишүүний дэвтрийн хуулбар, түүний ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 75 дугаартай шүүхийн шийдвэр, М.Ж-ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс М.Ж-ын хүсэлтээр Б.Б-, Ж.Д- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

Шүүхийн журмаар Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас М.Ж-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг нотлох баримтаар бүрдүүлэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч М.Ж-ын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Хүсэлт гаргагч М.Ж- нь шүүхэд хандаж Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочны туслах, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан М.Ж-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч М.Ж- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

            М.Ж- нь .... онд төрсөн. 1984 оны 6 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдах хүртэл Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ногоочны туслах, малчнаар ажиилласан.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1984-1987 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд тооцуулах хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 409 дугаартай цалингийн тодорхойлолтоор М-ын Ж-д холбогдох цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Дээрх баримтаас үзвэл, М.Ж- нь 1984 оны 6,7,8,10,11,12 дугаар сард, 1985 оны 3,8,10,11, 12, 1986 оны 5,11 дүгээр сард П нэгдлийн Тариа хэсэгт буюу тариа бригадад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4.2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас нотлох баримтаар гаргуулсан М.Ж-ын “цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет” гэх баримтад түүнийг 1985 онд 8 дугаар анги төгссөн, 1987 онд тракторчин мэргэжил эзэмшсэн, цэргийн албанд татагдахаас өмнө буюу 1985 оноос П нэгдэлд ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэжээ.

Хэдийгээр М.Ж-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад түүнийг 1985 оноос П нэгдэлд ажиллаж эхэлсэн гэж тэмдэглэсэн байгаа боловч М.Ж- нь 1968 онд төрсөн, 1984 оны 6 дугаар сараас буюу 16 настайгаасаа Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ажиллаж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан М.Ж-д холбогдох цалингийн баримтаар тогтоогдож байх тул М.Ж-ыг 1984 оны 6 дугаар сараас Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ажиллаж эхэлсэн гэж дүгнэлээ. 

Улмаар М.Ж- нь 1984 оноос цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ногоочин болон малчнаар ажиллаж байсан болох нь М.Ж-ын цалингийн баримт, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтаар нотлогдож байна.

Тодруулбал, М.Ж-ын ХААТР-1 маягтад түүнийг ......................... сумын П нэгдэлд хоньчин гэж тэмдэглэсэн байх бөгөөд дээрх үйл баримт нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.

4.3. Гэрч Б.Б-, Ж.Д- нар нь хүсэлт гаргагч М.Ж-ын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1984-1987 оны хооронд Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч М.Ж-ын 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ногоочноор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоов.

6. Хүсэлт гаргагч М.Ж-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Ш овогт М-ын Ж-ын 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ......................... сумын П нэгдэлд ногоочноор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА