Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00121

 

А.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02930 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Оийн хариуцагч Г.Год холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.О миний бие 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байр ....тоот, улсын бүртгэлийн Ү-220...... дугаарт бүртгэлтэй 45.61 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг А.А-аас 50 000 000 төгрөгөөр худалдан авч, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 00707950 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Бэлэглэлийн гэрээ байгуулсан ч төлбөрийг төлсөн. Гэтэл Г.Г нь А.Ад 10 000 000 төгрөг зээлдүүлж хүүний төлбөрт уг орон сууцанд сууж байгаа, А.Агаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй учир орон сууцнаас гарахгүй гэдэг. А.А нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 7 800 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт зааснаар Г.Гыг эзэмшигч гэж үзэхгүй. Миний хувьд, өөрийн өмчөө эзэмших, байрандаа амьдрах эрхийг хязгаарлаад байна. Иймд Г.Гыг орон сууцнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А.Атай орон сууц хөлслөх холимог гэрээ байгуулж, 13 500 000 төгрөгийг зээлдүүлж, түүний 1 сарын хүү болох 675 000 төгрөгийн хүүнд А.Агийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... дугаар хороо, 45 дугаар байр, .....тоот орон сууцыг хөлсөлж суухаар тохиролцсон. Гэрээ байгуулахад орон сууц нь “Т ББСБ” ХХК-ийн барьцаанд тавигдсан байсан. Гэрээ 2019 оны 5 дугаар сард дуусгавар болоод А.Атай холбогдоход хөдөө ажилтай явна, хот ороод гэрээгээ дахин 1 жилээр сунгана гэж хэлсэн. Үүнээс хойш түүнтэй холбогдож чадаагүй учир А.Аг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу олж уулзсан боловч орон сууцыг өөрийн төрсөн эгч А.От зарж, түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөг өгсөн гэсэн. А.Агаас 13 500 000 төгрөгийг буцаан авч, дахин байр түрээсэлж суух боломжтой. А.А нь төрсөн эгч А.От орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд байхад бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлж авсан тохиолдлыг залилан гэж үзэж байна. А.Отэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг ... хороо, 45 байр .....тоот, 45.61 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220...... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Г хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.От олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

Шүүх А.А, Г.Г нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний нөхцлөөр А.О, Г.Г нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ дуусгавар болсон учир хариуцагч нь орон сууцыг буцааж өгөх үүрэгтэй. А.Агаас 13 500 000 төгрөгийг аваагүй байгаа нь бусдын өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Г.Г, А.А нарын байгуулсан гэрээний 2.9 “Талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг цуцлахаар бол харилцан бие биедээ 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Хүндэтгэн үзэхээс бурад аливаа шалтаг шалтгаанаар гэрээг цуцлахгүй гэж тохиров” гэж, мөн гэрээний 6.2-д “Гэрээг сунгахаар бол талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчлэх боловч Иргэний хуулийн 296 дугаар зүйлд заасны дагуу сунгаж болох талаар талууд тохиролцсон, цуцлах, зогсоох талаар албан ёсоор санаачлага гаргаагүй бол цуцлах талаар мэдэгдэх хүртэл хугацаа сунгагдсан тооцохоор тохиролцлоо" гэх тохиролцсон нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд А.А /А.О ч мөн адил/ нь гэрээгээ дуусгавар болгох, цуцлах талаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Иймд гэрээг дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр гэж ойлгож байгаа.

Өнгөрсөн хугацаанд А.Агаас гэрээгээ дуусгаж, мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч “хариуцагч нь хаягандаа байхгүй” гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон учир А.Аг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан.

А.А нь өөрийн төрсөн эгч А.Отэй үгсэн хуйвалдаж, байраа зарсан болж жүжиглэж, эгч А.Оээрээ шүүхэд хандуулж, байрнаас хүчээр албадан гаргуулах гэж байгаад гомдолтой байгаа төдийгүй А.Аптантуяа нь 13 500 000 төгрөгөө өгөхгүй гэж хугацаа хожих, хариуцлагаас мултрах гэсэн оролдлого гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байна. А.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. А.А, А.О нарын “залилсан” үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж, шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсаны дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд шүүхийн шийдвэр гарсан нь тэдгээрийг “хариуцлагаас мултрах" боломжыг олгож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Г.Год холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч “ гэрээний 6.2-т зааснаар цуцлах талаар мэдэгдээгүй ..., ... гэрээний 2.5-д заасан үүргээ А.А биелүүлээгүй” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ. Энэ нь талуудын маргааны зүйл болжээ.         

Хэргийн баримтаас үзвэл иргэн А.А, хариуцагч Г.Г нар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ” нэртэй гэрээ байгуулж, зээлдүүлэгч Г.Г нь 13 500 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэгч А.Ад зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийн оронд өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн ... дугаар хорооны 10 дугаар хороололд байрлах 45 дугаар байрны ....тоот орон сууцыг зээлдүүлэгчид хөлслүүлэхээр харилцан тохиролцож, харилцан гэрээний зүйлийг тус тусын эзэмшилд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. /хх-53/

Гэрээний хугацаанд А.А нь төрсөн эгч А.Отэй 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1126 дугаартай бэлэглэлийн гэрээ байгуулж дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ Г.Гтой байгуулсан гэрээний хугацаа 1 жилээр сунгагдсан болохыг мэдэгдэж, хөлсний үнэд 7 800 000 төгрөг өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч А.Агийн мэдүүлэг зэргээр нотлогджээ. /хх-6,59/ Ингэснээр хөлслүүлэгч А.Агийн бүх эрх, үүрэг А.От шилжсэн талаар анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А.О нь хөлслүүлэгч А.Агийн бүх эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээдийн хувьд хөлслөх гэрээний хугацаа дууссан буюу 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хариуцагч Г.Год гэрээ цуцлах тухай мэдэгдсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний 6.2-т зааснаар цуцлах талаар мэдэгдэх хүртэл гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцох нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

Нөгөөтэйгүүр, гэрээний 2.3 дах заалтаар талууд “зээлийн хугацаа дуусгавар болсноор зээлдэгч 13 500 000 төгрөгийг буцаан зээлдүүлэгчид төлснөөр, хөлслөгч орон сууцыг чөлөөлж өгнө. Эдгээрийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ” гэж тохиролцсон байх ба гэрч А.Агийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараас үзэхэд хөлслүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хариуцагч орон сууц хөлслөх гэрээний үүргээ эхлэн гүйцэтгэхээр тохиролцсон гэх баримтгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г нь орон сууцыг чөлөөлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

Дээрхээс дүгнэхэд орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоогүй, хариуцагч Г.Гыг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч А.О нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар түүнээс орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрх үүсээгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн  тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Оийн орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ                                                                        

                              ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Ч.ЦЭНД