| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00089/И |
| Дугаар | 318/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00090
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, ......................... сум, ...... баг, сургуулийн хороо ...... тоотод оршин суух, .......... онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ............ Б овогт С-ийн А-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч С.А- (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.А- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие …….. онд төрсөн одоо … настай. Би цэргээс халагдаж ирээд 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа бэлтгэл ангид Аж ахуйн няраваар ажилд орсон. 1986 08.10-1990.05.10 хүртэл ажиллаж байгаад байгууллага татан буугдаж, Эд хэрэглээний хоршоо болоход хамт олны саналаар хоршооны даргаар томилогдож, 1993.05.10 хүртэл ажилласан. 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ерөнхий боловсролын дунд сургуульд няарваар орж ажилласан. Няраваар ажилд орохдоо сургуулийн нягтлан бодогч Ц.О-т урьд нь ажиллаж байсан жилээ тооцуулж хөдөлмөрийн дэвтэр, тушаалуудаа үзүүлээд тухайн үед нярав хариуцдаг байсан сургуулийн сефэнд хийж хадгалсан байсан. 2000 онд сургууль гал түймрийн аюулд өртөн шатахад миний хөдөлмөрийн дэвтэр, тушаал, бичиг баримт галд шатсан. Би 1990 оноос хойших жилээ улсаас олгосон нөхөн олговрын жилээр авсан байгаа. Худалдаа бэлтгэл ангид 1986.08.10-ны өдрөөс 1989.12.31 хүртэл аж ахуйн няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 173 дугаартай зөвлөмжийн хуудас, төлбөрийн даалгавар, Увс аймгийн ......................... сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай архивын лавлагаа, гэрэл зургууд, гэрч Д.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ч.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Н-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс С.А-ийн хүсэлтээр Д.Б-, Ч.Н- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.А-ийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.А-ийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч С.А- нь шүүхэд хандаж Увс аймгийн ......................... сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл аж ахуйн няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан С.А-ийн хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч С.А- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
С.А- нь ........ онд төрсөн. Цэргийн алба хааж ирээд 1986 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ......................... сумын Худалдаа бэлтгэл ангид аж ахуйн няраваар ажиилласан. Тус Худалдаа бэлтгэл анги 1990 онд хувьчлагдаж, Эд хэрэглэлийн хоршоо болоход мөн няраваар ажиллаж байгаад 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдөр сумын ерөнхий боловсролын сургуульд няраваар ажилд орсон.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1986-1989 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн С.А-ийн ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд хүсэлт гаргагч С.А-ийг ......................... суманд оршин суудаг, Худалдаа бэлтгэл ангид нярав ажилтай гэж тэмдэглэжээ.
Иймд хүсэлт гаргагч С.А-ийг 1988 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Увс аймгийн ......................... сумын Худалдаа бэлтгэл ангид няраваар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Хэдийгээр Увс аймгийн ......................... сумын Худалдаа бэлтгэл ангийн 1986-1989 оны цалин, тушаалын баримт аймгийн архивт шилжиж ирээгүй боловч гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргагч С.А-ийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Тодруулбал, гэрч Д.Б- нь хүсэлт гаргагч С.А-ийн шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1986-1989 оны хооронд Увс аймгийн ......................... сумын худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байгаа бол гэрч Ч.Н-ын ажиллаж байсан байдал нь мөн хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч Д.Б-ын “...С.А-ийн аав С агент болоход хүү А- нь худалдаа бэлтгэл ангийн аж ахуйн няраваар ажиллаж эхэлсэн. С.А- нь худалдаа бэлтгэл ангид ажиллаж байгаад, 1990 оны хувьчлалын үеэр тухайн үеийн худалдаа бэлтгэл ангийн ажилтнуудын хамт ягаан тасалбар авч, хувьчилж авсан. Худалдаа бэлтгэл ангийг хоршоо болгож өөрчлөн байгуулаад, С.А- нь хоршооны дарга болсон” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Н-ын “...Би ......................... сумын худалдаа бэлтгэл ангид 1980-1990 он хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан. 1986 оноос С.А- нь худалдаа бэлтгэл ангид няраваар ажиллаж эхэлсэн. С.А-ийн аав С нь агент болоод С.А- ажиллаж эхэлсэн...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн С.А-ийн 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн ......................... сумын Худалдаа бэлтгэл ангид аж ахуйн няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч С.А-ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б овогт Сийн А-ийн 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн ......................... сумын Худалдаа бэлтгэл ангид аж ахуйн няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА