| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00049/И |
| Дугаар | 318/ШШ2025/00092 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00092
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Увс аймаг, .............. сум, ….дугаар багт оршин суух, …. онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ………….., О овогт Ж-ын Г-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ж.Г-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Г- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие …. оны … дүгээр сарын ….-нд төрсөн, …. настай. Би 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. 1987 оны 07 сарын 01-ээс 1988 оны 05 сарыг дуустал .......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааны ажилд орсон, гарсан тушаал, цалингийн тодорхойлолт олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. 1988 оны 06 сараас 1991 оныг дуустал архивд цалингийн тодорхойлолт, орсон, гарсан тушаал байгаа юм. Иймд 1987 оны 07 дугаар сарын 01-ээс 1988 оны 5 сарыг дуустал .............. сумын .......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн .............. сумын .......... нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай тушаалын хуулбар, .......... нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 7067 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ж.Г-ын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажилтын хуудас, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 259 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Ж.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.А-ийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1024 дугаартай шийдвэр, гэрч П.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн .............. сумын намын үүрийн товчооны 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоол, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тогтоолын хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс Ж.Г-ын хүсэлтээр Ж.А-, П.Э- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж.Г-ын ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Г-ын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Ж.Г- нь шүүхэд хандаж Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Ж.Г-ын хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Ж.Г- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Ж.Г- нь ..... онд төрсөн. 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргийн алба хааж ирээд 1987 оны 7 дугаар сараас 1988 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд малчнаар ажиилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд 1987-1988 оны хооронд ажиллаж байсныг нотлох тушаалын баримт байхгүй байгаа тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Ж.Г- нь 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгаас цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь тогтоогдож байна.
4.2. Хэдийгээр Ж.Г-ыг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд малчнаар ажиллаж эхэлснийг нотлох тушаалын болон цалингийн баримт хэрэгт авагдаагүй боловч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн Ж.Г-ын ХААТР-1 маягт болон гэрч нарын мэдүүлэгт үндэслэн Ж.Г-ын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлтэй байна.
Тодруулбал, шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ж.Г-ын ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад хүсэлт гаргагч Ж.Г-ыг .............. сумын .......... багт оршиг суудаг, .......... нэгдэлд үхэрчнээр ажилладаг, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ.
Гэрч Ж.А-, П.Э- нар нь хүсэлт гаргагч Ж.Г-ын шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч П.Э-д холбогдох Увс аймгийн .............. сумын намын үүрийн товчооны 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай тогтоол, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай тогтоол, гэрч Ж.А-ийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1024 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд гэрч Ж.А-ийн “...Ж.Г- нь 1982 онд 8 дугаар анги төгссөн. 1984-1987 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд аавын хамт .......... нэгдэлд мал малчин хийж байсан. Ж.Г- нь гэр бүл болоод тусдаа нэгдлийн хонь маллах болсон” гэх мэдүүлэг,
Гэрч П.Э-ийн “...Би 2 дугаар бригадын дарга байсан. Ж.Г- нь цэргийн алба хааж ирээд эцэг, эхийн хамт .............. сумын .......... нэгдлийн 2 дугаар бригадад хонь голдуу маллаж байсан...” гэх мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Хэрэгт авагдсан Увс аймгийн .............. сумын .......... нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай тушаалаас үзвэл, Ж.Г-ыг 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэгдлийн сүү цагаан идээ боловсруулагчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
5. Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн Ж.Г-ын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч Ж.Г-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1. дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан О овогт Ж-ын Г-ын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн .............. сумын .......... нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА