| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2025/00010/И |
| Дугаар | 318/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 318/ШШ2025/00103
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, ..................... сум, .... дүгээр баг, ..... тоотод оршин суух, регистрийн дугаар .........., Х овогт В-ийн Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, ..................... сум, .... дугаар багт байрлах, ..................... сумын ........... цэцэрлэгт холбогдох,
Увс аймгийн ..................... сумын ......... цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч В.Т-, түүний өмгөөлөгч Т.У,
Хариуцагч Увс аймгийн ..................... сумын .......... цэцэрлэгийн эрхлэгч Д.Д-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Увс аймгийн ..................... сумын ....... цэцэрлэгийн эрхлэгч Д.Д- шүүхэд гаргасан хүсэлтдээ: “В.Т- нь манай байгууллагад туслах тогоочоор ажилдаг байсан. Нэхэмжлэгч нь тухайн ажлын байранд ажиллаж байхдаа хүүхдүүдийн хоолноос хулгайлах зэрэг асуудал гаргадаг байсан. Тиймээс одоо ажилд авахдаа цалингийн түвшин нь ижил хэмжээтэй, цагаан хэрэглэл угаагчийн ажилд авах саналтай байна” гэв.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хариуцагчийн хүсэлтийн талаар шүүхэд гаргасан саналдаа: “Хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.
Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “В.Т-ыг Увс аймгийн ..................... сумын ....... цэцэрлэгт цагаан хэрэглэл угаагчийн ажлын байранд авах хүсэлтэй байна.
В.Т- миний бие ......... цэцэрлэгийн эрхлэгчийн цагаан хэрэглэлийн угаагчийн ажлын байранд ажиллуулах тухай саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч В.Т-, хариуцагч Увс аймгийн ..................... сумын ......... цэцэрлэгийн эрхлэгч Д.Д- нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь тус цэцэрлэгийн тогоочийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч талын саналыг хүлээн авч, тус цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаагчийн ажлын байранд ажиллахаар зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн үеэр эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Нэхэмжлэгч В.Т-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн ..................... сумын 3 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн ...................тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч В.Т- нь Увс аймгийн ..................... сумын ....... цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тогоочийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзаж, хариуцагч Увс аймгийн ..................... сумын ...... цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгч В.Т-ыг тус цэцэрлэгийн цагаан хэрэглэл угаагчийн ажлын байранд ажиллуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч В.Т-ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн ..................... сумын ......... цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА