| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2020/02586/И |
| Дугаар | 210/МА2021/00122 |
| Огноо | 2021-01-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2021/00122
Ж.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Бгийн хариуцагч Б.Үд холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 33 485 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 7 дугаар сард А.Бгаас 20 000 000 төгрөг, дараа нь 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг зээлсэн ба бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А.Б нь өмнөх 30 000 000 төгрөг дээр хүү, алданги гэж 6 000 000 төгрөг нэмж тооцон 36 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж буйгаар зээлийн гэрээг бичгээр хийж, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгасан. Би А.Бн “...зээлсэн мөнгийг буцаан төлөхдөө эхнэр Б.Үгийн данс руу шилжүүлээрэй” гэж хэлсний дагуу Б.Үгийн ХААН банк ХХК-ийн 506322..... дугаар дансанд мөнгө шилжүүлж ирсэн.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид А.Б нь надаас 36 000 000 төгрөгийн зээл, түүний хүү, алданги, нийт 94 640 000 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргасан ба тэрээр хүү, алдангиас татгалзаж, бид 50 000 000 төгрөгт эвлэрсэн. Шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч би зээлийн төлбөрт 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нийт 54 950 000 төгрөгийг Б.Үгийн данс руу шилжүүлсэн. Үүнээс үзвэл, хариуцагч Б.Ү болон нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч нь түүнд 54 950 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр авагч А.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад намайг “...21 465 000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарласан тул уг 21 465 000 төгрөгийг болон миний тэтгэврийн данснаас суутгасан 2 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэрт заасан төлөх төлбөр 50 125 000 төгрөгөөс хасаж, үлдэх 33 485 000 төгрөгийн хэмжээнд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үзэх тул хариуцагчаас 33 485 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б нь А.Бгаас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө зээлсэн бөгөөд тухайн зээлээ төлж барагдуулалгүй удсан, хүү, алданги нь нийлээд 94 640 000 төгрөг болсон. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал дээр хүү, алдангийг нь хасаад Ж.Б нь үлдэх 50 000 00 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарснаас хойш нэхэмжлэгч нь 21 465 000 төгрөг төлсөн байгаа. Нэхэмжлэгч нь шүүхээр шийдүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан байна. А.Б нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн дансаар авч байсан гэдгийг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлж байсан мөнгө нь зээлийн гэрээний үүрэг бөгөөд үлдэх төлбөр дээр нь эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээр баталгаажсан тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Үгаас 16 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, үлдэх 17 485 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Б давж заалдах гомдолдоо: Зээлдүүлэгч А.Б нь надад мөнгө өгөх үедээ эхнэр Б.Үгийн хамт ирж байсан бөгөөд тэрээр зээлдүүлсэн 30 000 000 төгрөг нь Б.Үгийн мөнгө тул зээлийн төлбөрийг түүний дансанд хийж байгаарай гэж хэлсэн. Мөн А.Бгийн ээж Д.Батжаргал нь надад хэлэхдээ, 30 000 000 төгрөг нь бэр Б.Үгийн мөнгө шүү, хурдан төлөөрэй гэдэг байсан. Түүнчлэн би энэхүү зээлийн асуудлаар Б.Үтай удаа дараа утсаар холбогдож, уулзаж байсан. Тиймээс миний бие хэдийгээр А.Бтай зээлийн гэрээ байгуулсан ч, энэ мөнгөний эзэн нь түүний эхнэр Б.Үг юм байна гэж итгэсэн учраас зээлийг хариуцагч Б.Үгийн ХААН банк ХХК-ийн 5063..... тоот данс руу шилжүүлж ирсэн бөгөөд түүнд нийт 54 950 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх “ ...нэхэмжлэгч нь А.Бн зөвшөөрлөөр ... 41 200 000 төгрөгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна” гэсэн дүтнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Миний бие нь дээрх байдлаар 54 950 000 төгрөгийг хариуцагч Б.Үд шилжүүлсэн нь анх 2015 онд А.Батмантайгаас авсан 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ л биелүүлсэн хэрэг юм. Энд өөр бусад зээлийн асуудал байхгүй. Шүүхийн шийдвэрийн улмаас миний бие нэг зээлийн гэрээний нэг төлбөрийн төлөө хоёр төлбөр төлж хохироход хүрч байна.
А.Б нь “зээлийн гэрээний дагуу Ж.Баттүяа зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байна, 35 000 000 төгрөгийн зээл, түүний хүү, алданги нийт 94 640 000 төгрөгийг төлүүлэхээр байгаа боловч хүү, алдангиас хасч 50 000 000 төгрөг гаргуулна” гэж 50 000 000 төгрөг дээр эвлэрэх хүсэл зоригоо шууд илэрхийлсэн байдаг. Энэ нь тус иргэний хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар тодорхойлогдоно. Түүнчлэн А.Б нь Ж.Бд 30 000 000 төгрөг зээлдүүлсэн боловч 50 000 000 төгрөг болгон авахаар эвлэрэх нь байж болох нөхцөл юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... өргөдөл гаргагч А.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 01, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү, алданги нийт 94 640 000 төгрөг гаргуулахаар биш, харин гэрээний үүрэгт 50 000 000 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/Ш32017/.... дугаар захирамжаар зээлдүүлэгч А.Б, зээлдэгч Ж.Б нарын хооронд байгуулагдсан 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 50 000 000 төгрөг байхаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болж байна. Үүнтэй холбоотойгоор Ж.Б, А.Б нарын хооронд байгуулагдсан 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой төлбөр зөвхөн дээрх 101/Ш32017/..... дугаар захирамжийн хүрээнд шийдвэрлэгдэх үндэслэлтэй болсон.
Би Б.Үгийн данс руу 38 950 000 төгрөг шилжүүлчихээд байсан тул А.Бн эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөлд дурдсан шиг хэмжээний хүү, алданги тооцогдох үндэслэл байхгүй юм. Мөн А.Бн хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ж.Б надаас 50 000 000 төгрөг төлүүлэхээр 2019 онд мэдэгдэл өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж ирсэн. Би Б.Үд 2015-2018 онд дансаар нь зээл төлсөн бүхий л баримтыг гаргаж өгөхөд, А.Б нь зээл төлсөн талаар мэдэхгүй байсан бөгөөд баримтуудыг авч явсан. Үүний дараа А.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 21 465 000 төгрөг авсан үлдэх 28 536 000 төгрөг аваагүй талаар тайлбар гаргасан нь тус иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Шүүх “...Ж.Бгаас 6 750 000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлгүй. ... ХААН банк дах 5022610175 дугаар данс нь ... гэрч Д.Батжаргалын эзэмшлийн данс ... нэхэмжлэгч нь гэрчээр дамжуулж хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна” гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Гэрч Д.Батжаргал шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “.. энэ мөнгө нь нотариатч болон өөрийн найз нараас цуглуулж зээлдэж Б. Ү-ийн данс руу шилжүүлсэн” гэж, мөн тэрээр энэхүү 6 750 000 төгрөг нь Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ж.Бд холбогдох хэрэгт хамааралтай гэдгийг зөвшөөрч мэдүүлсэн байтал шүүх гэрчийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Г.Болд-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ж.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7 000 000 төгрөг, алданги 1 880 000 төгрөг нийт 8 880 000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь дээрх 6 750 000 төгрөгтэй шууд хамааралтай бөгөөд гэрч Д.Батжаргал нь нэхэмжлэгч Г.Болд-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр түүний данснаас Б.Ү руу шилжүүлсэн 6 750 000 төгрөгийг Ж.Б надаас гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Дээрх 7 000 000 төгрөг нь Д.Батжаргалын танил нотариатч О.Цэвэлмаагийн мөнгө бөгөөд тэрээр өөрийн туслах Г.Болд-Эрдэнийг надтай зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгийг нь Д.Батжаргал өөрийн дансаар Б.Ү руу шилжүүлж байсан. Миний бие нь энэхүү 7 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцож Г.Болд-Эрдэнэд өөрт нь болон гэрч Д.Батжаргалаар дамжуулан нийт 4 300 000 төгрөг төлөөд байна. Гэрч Д.Батжаргал нь мөн надаар өөрийн танил н.Ганболдоос 10 000 000 төгрөгийн зээл авахуулж. Б.Үгийн данс руу зээл төлүүлж байсан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Үгаас 16 000 000 төгрөг гаргуулахаар зөв шийдвэрлэсэн боловч үлдэх 17 485 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Би хариуцагч Б.Үг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхтэй этгээд гэж үзэж түүнд төлбөр шилжүүлсэн тул А.Бн зөвшөөрөл шаардагдахгүй юм. Түүнчлэн хариуцагч Б.Ү нь миний шилжүүлсэн 54 950 000 төгрөгийг нөхөр А.Бд биш өөртөө олж авсан гэдгээ үгүйсгээгүй бөгөөд эхнэр, нөхөр хоёр гэх байдал нь тэдэнд давуу байдал олгож, намайг хохирооход хүрэх ёсгүй гэж үзэж байна. Б.Ү бид хоёрын хооронд үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй. Мөн анхан шатны шүүх нь нэг зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарахаас өмнө болон хойно гэсэн хугацаагаар салган үзэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх асуудалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ32017/..... дугаартай захирамж гарснаас хойш төлсөн 16 000 000 төгрөгийг төлбөр авагч Ж.Бгаас А.Бн эхнэр Б.Үгийн дансруу шилжүүлсэн гэж маргаагүй. Талууд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарахаас өмнө болон хойно төлбөр авагчийн хүсэлтийн дагуу түүний эхнэр Б.Үгийн данс руу мөнгө шилжүүлдэг байснаа шүүхийн мэтгэлцээний явцад ярьж тайлбарласан.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар А.Б нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлмэгц 21 465 000 төгрөгийг төлбөр төлөгч Ж.Бгаас өөрийн эхнэр Б.Үгийн дансаар дамжуулан авсан гэдэг нь нотлогддог. Нотлох баримтын хүрээнд шүүх хуралдаан эхэлмэгц нэхэмжпэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дээрх мөнгөн дүнгийн хэмжээгээр багасгасан байдаг. Шүүхээс хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 16 000 000 төгрөг нь төлбөр авагч А.Бгийн авсан гэж мэдүүлсэн, төлбөр төлөгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан мөнгөн дүнд багтаж байхад хариуцагч Б.Үгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Үгаас гаргуулахаар шийдвэрлэсэн 16 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нийт төлбөрөөс хасуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Үгаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 54 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 33 485 000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч “нөхөр А.Бд төлөх нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг өөрийнхөө дансаар авч байсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан байна.
Иргэн А.Б, Ж.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сараас зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэхээр А.Б нь эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргажээ./хх-2,56/ Эвлэрлүүлэн зуучлах ажиллагааны үеэр өргөдөл гаргагч А.Бгийн “ ... зээл, зээлийн хүү, алданги нийт 94 640 000 төгрөг болж байгаа боловч хүү, алдангийг хасч 50 000 000 төгрөг гаргуулах” хүсэлтийг Ж.Б хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2017 он 9 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны дотор 3 хувааж төлөхөөр харилцан тохиролцоод 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 329 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх-60/ Эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/5947 дугаартай захирамжаар баталгаажуулснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. Тус шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Үгийн дансанд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ж.Б нь 16 000 000 төгрөг шилжүүлжээ. /хх-32-34, 58-59/
Энэ үйл баримтад зохигчид маргаангүй, харин тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар маргасан байна.
Нэхэмжлэгч Ж.Б нь зээлдүүлэгч А.Бтай зөвшилцсөний дагуу түүний эхнэр Б.Үгийн данс руу нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн мөнгө шилжүүлэх замаар зээлийн үүргээс гүйцэтгэж байсан, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/5947 дугаартай захирамжийн дагуу 50 000 000 төгрөг төлөх үүргээс 16 000 000 төгрөгийг хариуцагч Б.Үгийн данс руу шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гаргасан төлбөр авагч А.Бгийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-32-34,102,120-121/
Дээрхээс дүгнэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай захирамж гарсан өдрөөс өмнө болон хойно нэхэмжлэгч Ж.Бгаас хариуцагч Б.Үгийн данс руу шилжүүлж байсан мөнгийг иргэн А.Б, Ж.Б нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт нийцнэ.
Гэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /шүүгчийн захирамж/ гарснаас хойш хариуцагчийн данс руу шилжүүлсэн 16 000 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн 50 000 000 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлд тооцогдсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу иргэн А.Бн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул “... 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Б.Үгийн ... данс руу нийт 54 950 000 төгрөг шилжүүлсэн, ... А.Бн зээлийн төлбөрт 4 950 000 төгрөг илүү төлсөн ..., .... Б.Ү, Ж.Б нарын хооронд үүрэг үүсээгүй ...” гэх нэхэмжлэгч талын тайлбар болон энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-/ Иймд хариуцагч Б.Үг 33 485 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Бгийн 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Б.Үгийн дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг иргэн А.Бн зөвшөөрлөөр хийгдсэн үүргийн гүйцэтгэл гэж зөв дүгнэсэн байна.
Мөн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрч Д.Батжаргалын эзэмшлийн данснаас хариуцагч Б.Үгийн данс руу шилжүүлсэн 6 750 000 төгрөг нь нэхэмжлэгчийн хөрөнгө гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүйн гадна нэхэмжлэгч нь яагаад уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй тул хариуцагчийг 6 750 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуулийн үндэслэлгүй.
Харин хүчин төгөлдөр шийдвэрээс хойш хугацаанд хариуцагч Б.Үгийн данс руу шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг иргэн А.Б нь хүлээн зөвшөөрч, хариуцагчийн 50 000 000 төгрөгийн үүргээс хасч тооцсон байхад хариуцагчийг 16 000 000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасанд тус тус нийцээгүй байна. Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/03156 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Б.Үд холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 33 485 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхмжлэгчийг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16935 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ч.ЦЭНД