| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2305000000382 |
| Дугаар | 2023/ДШМ/785 |
| Огноо | 2022-08-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2023/ДШМ/785
2023 8 3 2023/ДШМ/785
Ц.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
хохирогч Л.Г,
шүүгдэгч Ц.О,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/514 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Г-н гаргасан давж заалдах гомдлоор Ц.О-д холбогдох 2305 00000 0382 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн Ц-н О, 19.. оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ......аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “С” авто угаалгын газарт машин угаагч, засварчин ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, /РД: ................/,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-д зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, 3 жил 1 хоног хорих ялд 1 жил хорих ялыг багтаан, нийт эдлэх ялыг 3 жил 01 хоног хорих ялаар тогтоон, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ц.О нь 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” зочид буудлын 4, 5 дугаар давхарын шатны орчимд хохирогч Л.Г-н биед шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 180 хоногийн хугацаанд буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Л.Г нь хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие “А” ХХК-д 2022 оны 10 дугар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл буудалд ажиллаж байхад Ц.О нь өрөө авч үйлчлүүлсэн. Шөнө согтуу гарч ирээд өрөө хэсэж, хэрүүл хийж эхэлсэн. Камераар харж байгаад би дээшээ гарч шаардлага тавьж, нөгөө гурван хүнийг өрөөнд нь оруулсан. Гэтэл намайг О ална гэсэн. Би цагдаа дуудах гэтэл гар утсыг булааж аваад өгөөгүй. Тэгээд энэ утсаар чинь чамайг цохино гэхээр нь “нүүр лүү битгий цохиорой” гэж хэлээд “өрөөний мөнгө дутуу хийсэн, мөнгөө өг” гэж хэлтэл удалгүй доошоо шатаар буусан. Тэгээд 4-5 давхарын шатны голд гэнэт гэнэдүүлэн миний гар утсаар нүүр лүү цохиж эхэлсэн ба би ухаан алдсан. Надад хүндэвтэр гэмтэл санаатай учруулснаас болж нүүрний хагалгаанд орж, яс хадуулж, эмнэлэгт 1 сар орчим хэвтсэн. Гэмтлээс болоод зүүн чих сайн сонсохгүй, толгой өвддөг, хараа муудаж, тонгойж болдоггүй зовуурьтай байна. Би 3 удаа хагалгаанд орсон. Би гэр бүлээ тэжээдэг, түрээсийн байранд амьдардаг, өндөр настай ээжийгээ асарч тэтгэдэг. Зодуулснаас болж нүүрний хэлбэр өөрчлөгдөж, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санааны хүнд хохирол учирсан ба 2 жил нүүрээ эдгэртэл ажил хийх боломжгүй болсон. Одоо дахин 2 хагалгаанд орно. Би 700.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Би Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас анхан шатны шүүх цалин хөлс орлогогүй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжтой байхад гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Ц.О хохирлыг бүрэн төлөхөө бичгээр илэрхийлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 4 шүд булга цохисон, имплант шүд хийлгэхэд нэг нь 3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа. Хүнд гэмтэл авснаас хойш буудал болон барилгын ажил хийж чадахгүй болсон. 2024 оны 3 сараас хойш нүүрний ялтас болон хадаасыг авна. Миний ажиллаж байсан буудал 2024 оны 10 дугаар сарын 22-нд гэрээ дуусангуут ажилдаа орж болно гэсэн. ... Ажилгүй учраас орлогогүй, түрээс нэхэгдээд хэцүү байна. Би эрүүл байхдаа гэр бүлийнхээ бүх зардлыг гаргадаг байсан. Би буудалд ажиллахын хажуугаар 3-11 сар хүртэл барилгад мужаан хийж, 20-28 сая төгрөг олдог байсан. Энэ орлогоо нэхэмжилж байна. Ц.О нь шүүхийн шийдвэр яаж гарснаас үл хамаарч бодит хохирлыг 1 сарын дотор гаргаж өгнө гэсэн. Нүүрний яс хугарч, цуурснаас болж шөнө хамар битүүрч, тонгойхоор нүүр өвддөг, цаашид эрүүл мэндэд ямар хохирол учрах, яаж өвдөж зовох бол гэж бодон сэтгэл санаа хүнд байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Би буудалд 1 өдөр гараад, амарч байгаа 2 өдрөө барилгын мужааны ажил хийж, 1 өдрийн 150.000 төгрөгийн цалинтай нэмэлт орлого олдог байсан. Л.Г би 3 хагалгааны мөнгө, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын цалин /700.000 төгрөг/ нэхэмжилж, мөн 4 ширхэг булгарсан шүдний имплантны 12.000.000 төгрөг, мөн сэтгэл санаа, гоо сайхны мөнгө нэмж нэхэмжилж байна. Сэтгэл санаа хүнд нөхцөлд амьдарч байгаа тул шүүгдэгч Ц.О-н хохирол төлнө гэсэн амлалтыг харгалзан үзэж, хохирлыг барагдуулж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ... Би ажилгүй байсан хугацааны цалин 14.000.000 төгрөг, имплант шүд хийлгэх 10.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг Ц.О-г ээс нэхэмжилж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаар хохирогчтой гэрээ байгуулж тохиролцсон. Өмнөх 7 хоногт хөдөө явж, мал зарж, мөнгөтэй болсон. Энэ 7 хоногт цалингийн зээл маань бүтвэл хохирогчид 24.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. ...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь “Боржигон” зочид буудалд хамгаалагчаар ажилладаг талаар тодорхойлолт авагдсан боловч нийгмийн даатгал төлсөн баримт байдаггүй. Үүний улмаас анхан шатны шүүх хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргах боломжгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Мөн хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо хохирол төлбөр нөхөн барагдуулах талаар гэрээ байгуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.
Прокуророос шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудаас сонгож хэрэглэхээр хуульчилсан байна.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх учиртай.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа ямар үндэслэлээр торгох ялын төрлийг сонгож хэрэглэсэн нь ойлгомжгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.О нь хохирогчийн биед олон тооны гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээг түүний гэмт үйлдэл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон гэж үзэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/514 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР