Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 112/ШШ2024/0038

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 04 өдөр                    Дугаар 112/ШШ2024/0038                 Есөнбулаг сум

 

 

 

  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Т тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

  Хариуцагч: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн улсын байцаагч З.Г нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/,  хариуцагч З.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 1.Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0135201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна. 

 Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

 2.1. Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч  З.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0135201 дугаартай шийтгэлийн хуудсаар “Т Т” ХХК-д тусгай зөвшөөрөлгүй, тохирлын гэрчилгээгүй, бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулсан  гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

 2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан байна. 

 Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

   3.1. Нэхэмжлэгч “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0135201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

  Нэхэмжлэлийн үндэслэл: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн, 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгүүдийн заалтыг зөрчин үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Үүнд: Нэг. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн талаар: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно" гэж тодорхой заасан бөгөөд энэ нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн бол зөрчил үйлдсэнд тооцохгүй гэсэн заалт болох нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Монгол улсын Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар бетон зуурмагийн үйлдвэр тусгай зөвшөөрөл авна. Харин тусгай зөвшөөрөл авахын тулд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам"-ын 6.3-д заасан шаардлагыг хангах ёстой учир манайх энэ урьдчилсан нөхцөлүүдийг хангах арга хэмжээг 2024 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл гүйцэтгээд явж байна. /Энэ журмын бүртгэлийн огноо 2021.07.01 дугаар-5341/ Энэ ажиллагаа нь эрх бүхий хэд хэдэн байгууллагын шийдвэрлэх, олон үе шат дамжих ажиллагаа байгаа учир багагүй цаг хугацаанд үргэлжилж байна. Бид энэхүү үед шат бүрийн дагуу доорх ажлуудыг хэрэгжүүлж байгаа.

Үүнд:1.1. Бид бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн оношилгоо тохиргоог мэргэжлийн байгууллага болох Д к ХХК-ийн инженер техникийн ажилтны хяналт дор тэдний заавар зөвлөмжөөр хийлгэн үйл ажиллагааг жигдрүүлсэн.

1.2. Үүний дараа Монгол Улсын барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт зааснаар бетон зуурмагийн үйлдвэрлэлийн түүхий эд материал болох элс, дайрга, хайрга, цемент, химийн нэмэлтийг 2024 оны 6-р сарын 13-ны өдөр Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн холбогдох дүгнэлтүүдийг гаргуулсан.

1.3. Дараа нь үйлдвэрлэх бетон зуурмагийн орц найрлагыг тодорхойлох сорилт шинжилгээг Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хийлгэсэн. Тус лаборатори нь манай үйлдвэрлэх бетон зуурмагийн найрлагыг MNS 2916: 2014, MNS 0392: 2014 стандартуудын дагуу тогтоож, 2024 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн дүгнэлтээ ирүүлсэн. Бетон зуурмагийн түүхий эд материалд шинжилгээ хийлгэх, орц норм тогтоолгох бүхий л ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 13-аас 7 дугаар сарын 20-д хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд барилгын салбарт мөрдөгдөж байгаа БНбД, стандартуудын дагуу явагдсан.

1.4. Монгол Улсын барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсгийн "бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулах" гэсэн заалтын дагуу үйлдвэрлэсэн бетон зуурмагийнхаа дээжийг Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн сорилт шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргах ажиллагааг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн. Бетон зуурмагийн сорилт, шинжилгээ нь MNS1272: 1999, MNS EN 206: 2017 стандартуудын дагуу хийгдэх ёстой бөгөөд бетоны шахалт, суналтын бат бэхийг тодорхойлох MNS1272: 1999 стандартад тогтоосноор бетон зуурмагийн шахалтын бат бэхийг үйлдвэрлэсэн өдрөөс хойш 28 хоног тутам дээр нь сорилт хийж дүгнэлт гаргах ёстой. Энэ дагуу дүгнэлтүүдийг 2024 оны 7 дугаар сараас 9 дүгээр сард гаргуулахад хамгийн сүүлийн дүгнэлт 2024 оны 9-р сарын 10-нд гарсан байгаа.

1.5. Манай компани энэ хугацаанд Барилга хөгжлийн төвийн захирлын 2018 оны А/257 дугаартай тушаалаар баталсан "Барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн заавар боловсруулах, хянаж баталгаажуулах, бүртгэх журам"-д заасны дагуу "Бетон зуурмаг үйлдвэрлэх технологийн заавар"-ыг боловсруулж уг зааврыг батлах эрх бүхий байгууллага болох Барилга хөгжлийн төвд 2024 оны 8-р сарын 13-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 9-р сарын 04-ний өдөр батлагдаж ирсэн. Уг зааврыг MNS 1185: 19988 MNS 1170: 2009, MNS 2916: 2014, MNS ASTM C 173:2005, MNS 5002: 2000, MNS 4930: 2000, MNS EN 206: 2017 хорь гаран стандарт норматив бичиг баримтуудын боловсруулан батлуулсан.

1.6. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор баталсан "Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт", "Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам"-д зааснаар бетон зуурмаг нь заавал баталгаажуулагдаж тохирлын гэрчилгээ олгогдох ёстой бүтээгдэхүүн учир бид үйлдвэрлэсэн бетон зуурмагаа баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авахаар ажиллаж байгаа. Тохирлын гэрчилгээ олгохын тулд бетон зуурмагийн дээжид 3 удаагийн сорилт шинжилгээ хийгдэж дүгнэлт гарсан байх, "Бетон зуурмаг үйлдвэрлэх технологийн заавар"- аа Барилга хөгжлийн төвөөр батлуулсан байх зэрэг нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай бөгөөд үүнд багагүй хугацаа шаардлагатай болсон. Бид тохирлын гэрчилгээ гаргуулах хүсэлтээ шаардлагатай материалын хамт Барилга хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба /БХҮНТ-ийн ББА гэх/-нд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Тус албанд хүргүүлэхдээ бетон зуурмагийн 3 дахь удаагийн дээжийн дүгнэлт гарах хугацаатай уялдуулсан. /Бетон зуурмагийн 3 дахь удаагийн дүгнэлт 09 дүгээр сарын 02-нд гарсан/. 2024 оны 8 дугаар сарын 17-нд тус төвөөс мэргэжлийн шинжээчдийн баг ирж үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, бетон зуурмаг үйлдвэрлэлийн явц зэрэгт тохирлын үнэлгээ хийгээд буцсан. Одоогоор манай үйлдвэрлэсэн бетон зуурмагийг баталгаажуулсан тохирлын гэрчилгээ гараагүй бөгөөд бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа талаар БХҮНТ-ийн ББА-аас албан тодорхойлолт ирсэн байгаа. Бетон зуурмагийн чанар баталгаажигдан тохирлын гэрчилгээ гарахаар барилгын салбарын нэгдсэн санд бүртгэгддэг журамтай.

1.7. Бетон зуурмаг баталгаажин тохирлын гэрчилгээ ирмэгц Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар баталсан журмын 6.3-ын 6.3.1-д заасны дагуу уг гэрчилгээг бусад баримтыг хавсарган тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх боломж бүрдэх юм.

1.8. Дээр дурдсан бүх ажиллагааг хэрэгжүүлэхдээ барилгын материал үйлдвэрлэлийн технологийн Монгол Улсын зөвлөх инженер Г.Ц-тай 2024 оны 7 дугаар сарын 1-нд гэрээ байгуулан зөвлөн туслах үйлчилгээ авч ажиллаж байна. Бид дээрх байдлаар Барилгын тухай хууль бусад хууль болон барилгын норм дүрэм, стандарт, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмуудыг биелүүлэхээр холбогдох бүх арга хэмжээ /зохих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа/-г авч байгаа. Харин биднээс хамаарахгүй нөхцөлүүдээс шалтгаалан мөн цаг хугацааны хувьд хүлээгдэж байгаагаас хамааран бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ гараагүй, тохирлын гэрчилгээ гараагүй учир тусгай зөвшөөрөл авах боломж бүрдээгүй байна. Ийнхүү бид бетон зуурмаг үйлдвэрлэхтэй холбоотой хууль, захиргааны хэм хэмжээний актуудыг биелүүлэх зохих арга хэмжээг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр байтал зөрчил үйлдсэн гэж үзэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж торгох шийтгэл оногдуулсан.

Хоёр. Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн талаар: Барилгын хяналтын улсын байцаагч манай компанийг "барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй" гэсэн зөрчилд хэрэг үүсгэсэн /зөрчлийн хэрэг нээсэн ............. дугаартай тогтоолын 1-р заалт/ атлаа "тусгай зөвшөөрөлгүй" гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэсэн.

Гурав. Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгүүдийн заалтыг зөрчсөн талаар:

Улсын байцаагч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээж уг тогтоолоо прокурорт танилцуулж ......... тоот дугаар авсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн улсын байцаагчийн хэрэг бүртгэлт явуулах 14 хоногийн хугацаа тоологдож, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24 цагт дууссан. 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нь долоо хоногийн 5 дахь өдөр буюу Баасан гараг байсан учир зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр /6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар/ 14 хоногоор сунгасан гэж тоолоход энэ хугацаа 9 дүгээр сарын 16-ны өдрийн 24 цагт дууссан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна" гэж заасан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой. Гэтэл барилгын улсын хяналтын байцаагч хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болголгүй 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Т т ХХК-ийг торгох тухай шийтгэлийн хуудас гаргаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийг зөрчсөн.

Дөрөв. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Т Т ХХК-ийн төлөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.9-д заасныг зөрчсөн. Энэ нь "Т т" ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Ийнхүү барилгын хяналтын улсын байцаагч нь Т т ХХК-аас хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх зохих арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байхад зөрчил үйлдсэн гэж тооцон Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн заалтыг зөрчсөн. Мөн "барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй" гэж буруутгасан атлаа "тусгай зөвшөөрөлгүй" гэх үндэслэлээр шийтгэл оногдуулж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг буруу хэрэглэсэн. Түүнчлэн улсын байцаагч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн, хугацаа дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтыг хэрэглэх хуулиар оногдуулсан үүргээ биелүүлээгүй зэргээр хууль зөрчсөн, үндэслэлгүй, хууль бус шийтгэлийн хуудас гаргасан. Иймд ...шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хамгийн гол үндэслэл бол Монгол улсын Зөрчлийн тухай хуульд тухайн хуулийн этгээд, хүн хууль болон хэм хэмжээ тогтоосон актыг дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон актыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд тэрийгээ явуулаагүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл Т ткомпани бетон зуурмагийн тохирлын гэрчилгээгээ авахын өмнөх шатны бүх үйл ажиллагааг явуулж байсан үед байцаагч тусгай зөвшөөрөлгүй байна гэдэг үндэслэл дээр зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулчхаад байгаа. Гэтэл тусгай зөвшөөрлөө авахын тулд тайлбар дээр бичсэн нэхэмжлэл дээр бичсэн бүх үндэслэлүүдийг хангаж байж тусгай зөвшөөрөл гаргах ёстой тусгай зөвшөөрлийг гаргадаг эрх бүхий субъект болох Барилга хот байгуулалтын яам өөрийнхөө эрх яг энэ талаарх бүрдүүлэх эрхээ буюу Монгол улсын барилгын материал үйлдвэрлэгчдийн барилгын Үндэсний ассоциацид шилжүүлсэн байгаа. Энэ хоёр байгууллага мөн яг л хууль дүрэм журамд заасан баримтуудыг бүрдүүлж тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг яаманд тавьж байж шийдвэрлүүлэх ёстой. Тэрний дагуу технологийн даалгавраа батлуулах, бүтээгдэхүүнийхээ тохирлын гэрчилгээг хянуулж гаргуулах шаардлагатай байгаа энэ үйл ажиллагаануудыг  шат дараалсан журмаар явуулах ёстой юм байна лээ. Мөн нөгөө бетон зуурмагтай тохирлын гэрчилгээ гаргуулах боломжийг нь стандартын дагуу бетон зуурмагаа зүгээр л үйлдвэрлэж явуулах ёстой. Тэр нь одоо монголын барилгын материал үйлдвэрлэлийн магадлах байгууллагад нь буюу технологийн заавар олгох тэр байгууллагад нь явуулах ёстой. Тэр журмын дагуу манайх бүгдийг нь явуулсан байгаа. Тохирлын гэрчилгээ гарч байгаа технологийн заавар батлагдах ёстой тэрийгээ бид 08 сарын сүүлчээр батлуулсан. Тохирлын гэрчилгээгээ 09 сарын эхээр 08 сарын 16-аас эхлээд материалуудаа хүргүүлж зуурмагийн 3 удаагийн зууралтаас 24 хоногийн дараа итгэмжлэгдсэн лабораторид дүгнэлт гаргаж байж стандартад нийцүүлж баталгаажуулж, тохирлыг эрэлхийлж энэ бүх үйл ажиллагааг яг л шат дараалсан журмын дагуу өөрөөр хэлбэл Зөрчлийн хэргийг тухай хуульд заасан заасан болон хэмжээ тогтоосон актуудад заасан журмынх нь дагуу хэрэгжүүлээд явж байхад бид нарыг одоо манай компанийн зөрчил үйлдсэн байсан гэж үзсэн учраас тэр шийтгэврийн хуудсыг зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн барилгын улсын хяналтын байцаагч маань 09 сарын 16-нд эрх бүхий албан тушаалтны удирдах, дээд шатны албан тушаалтан хугацаа сунгасан 14 хоног нь 09 сарын 16-ны өдөр дуусаад байсан. Ингээд хугацаа дуусаж байна гээд бодоод байж байтал 17-ны өдөр 17-ны өдрийн огноотой шийтгэлийн хуудас надад гардуулж өгсөн. Тэгэхээр хугацаа дуусчихсан хойно шийтгэврийн хуудас бичиж шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Энэ нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд зөрчлийн хэргийн бүртгэлтийн ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийн 4 дүгээрт нь “хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол” гэж байгаа. Гэтэл 16-ны өдөр хугацаа дууссан байхад 17-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийнхээ хэргийг хэрэгсэхгүй болгох шийтгэл шийдвэр гаргах ёстой байсан гэж би үзэж ийм хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан гэжээ. 

  3.3. Хариуцагч  З.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г би, Барилга, Хот байгуулалтын яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02-00/05 дугаар албан тоот “Барилгын материал үйлдвэрлэл эрхлэгч, ханган нийлүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийгээд  “Т Т” ХХК нь 2024 оны 07, 08 дугаар сард барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэл гаргаж Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсгийг зөрчсөн байж болзошгүй тул “Т Т” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрт Барилгын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд Т тХХК-ийн инженер Д.Ц-ийг байлцуулан 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Барилга архитектур корпораци, Барилгын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв зэрэг байгууллагаас тус компани нь тусгай зөвшөөрөл авсан эсэх, тохирлын гэрчилгээ авсан эсэхийг шалгах, нотлох баримт гаргуулах, лавлагаа авах зэрэг ажиллагааг хийсэн боловч цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардпагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн прокурорын газарт 2423000267 дугаартай “Т Т” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр нь барилгын материал, түүхий эд бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ аваагүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн.

 Ингээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж гэрчийн мэдүүлэг, Барилгын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв зэрэг байгууллагын тодорхойлолтоос тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон тул 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчилд шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул “Т Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  3.4. Хариуцагч  З.Г шүүх  хуралдаанд хэлсэн тайлбартаа:  2024 оны 08 сарын 16-нд Т т ХХК тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн. Тэгээд 06, 07 сард энэ Т тт бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулаад байсан. Манайхаас албан тоот байнга өгсөн. Тусгай зөвшөөрөл авахаас өмнө туршилтын журмаар бетоноо хэрэглэнэ ээ гэснээ  улсын болон хувийн чанартай бүх барилгууд руу бетон зуурмаг нийлүүлээд байсан юм. Тэгээд танайх зөвхөн ингээд өөрсдийнхөө барьж байгаа барилга дээрээ бетон зуурмагаа нийлүүл туршилтын журмаар хэрэглэж байгаа юм чинь бусад улсын төсвийн барилгууд руу битгий өг гэж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй. Тэгээд 2024 оны 08 сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэгээр нөгөө төрийн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргаанаас авсан тодорхойлолтуудын дагуу. Тэгээд Зөрчлийн тухай хуулийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын материалын үйл ажиллагаа хийх гэсэн гэдгээр нь за торгуулийн хуудас тавьсан. Тэгээд эднийх болохоор Барилгын тухай хуулийн 18.1, 19.1-4, 19.1-4 нь болохоор дараах барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.  19.1.4 нь даацын хийц бүтээхдэхүүнтэй сэтгэхүйн материал түүний түүхий эд болон шатахуунтай химийн ордтой эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ болохоор тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эхлүүлнэ гэж хуульчилсан. 2023 оны 10 сарын 02-ны Барилга хот байгуулалтын сайдын 25 дугаар тушаалын дагуу нөгөө хяналтын хуудас бөглөсөн. Байцаагч бид нар тэр хяналтын хуудасныхаа дагуу бүх барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудад тэр хяналтын хуудсаараа хяналт шалгалтаа хийдэг. Хяналтын хуудас дээр барилгын материал үйлдвэрлэх үйлдвэр нь болохоор заавал тусгай төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр нөгөө бетонон өргөн үйлдвэр хэрэглэнэ гээд тэгэнгүүт эднийх хяналтын хуудасны дагуу биш тусгай зөвшөөрлийн үндсэн үйл ажиллагаа эрхлэх, Барилгын тухай хуулийн 43.1.4-ийг бас зөрчсөн. Барилгын тухай хуулийн 43.1 нь “барилгын материал түүхий эд бүтээгдэхүүнийг итгэмжилсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах гэсэн байдаг. Эднийх болохоор тусгай зөвшөөрлөө ч аваагүй тохирлын гэрчилгээгээ ч аваагүй. Ингээд үйл ажиллагаа явуулаад Зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээгээд эхний ээлжид 14 хоног сунгаад 2024 оны 09 сарын 16-ны өдөр зөрчлийн хэргийн хугацаа дуусаж байсан юм. Т т талаас надад болохоор санал тавьсан. Зөрчлийн хэргийнхээ хугацааг прокурор дээр сунгачих манайх ингээд дүгнэлт ажиллагаа явуулчихлаа гэдэг юм. Тэгэнгүүт нь би за тэгье. Би анх удаа зөрчлийн хэрэг нээгээд явж байгаа юм. 2024 оны 01 сарын 01-ээс барилгын техникийн улсын хяналтын байцаагч болоод тэгээд энэ миний хэрэг нээсэн анхны зөрчлийн хэрэг. Прокурор хугацаа сунгачих юм байна гээд мэдэхгүй яваад байсан. Тэгээд 2024 оны 09 сарын 16-ны өдөр прокурор дээрээ очоод би ингээд хугацаагаа сунгуулчихъя гэсэн чинь прокурор зөвшөөрөөгүй. Чи өнөөдөр хэргээ хаагаад хугацаа сунгах тодорхой шаардлага алга тэгэхээр өнөөдөр хэргээ хаагаад нөгөө торгуулийнхаа хуудсыг бичээд аваад ир гэсэн. Тэгээд би нөгөө материалаа бүгдийг нь дуусгаад оройны тав хагасын үед нөгөө шийтгэлийнхээ хуудсыг бичсэн юм. Тэгээд прокурор луу яриад би өнөөдөр материал өгч амжихгүй нь ээ маргааш өглөө өгчихье гээд прокуророос тэг маргааш өглөө заавал өгөөрэй гээд тэгэнгүүт нөгөө зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нөгөө торгуулийн хуудас бичингүүт хариуцагч компанидаа тайлбарлаад өгөх ёстой гэдэг хуулийн нэг заалтыг уншчихаад би маргааш өглөө компанидаа өгөх юм чинь би маргаашаараа он сараа бичье гээд 09 сарын 17-ны өдрөөр биччихсэн юм. Торгуулийн хуудас гурван баримтыг тэгээд өглөө нь прокурор орохоос өмнө компанидаа 17-оор гэж өгчхөөд прокурор очоод хэлсэн чинь прокурор болохоор үгүй ээ чи 17 биш зөрчлийн хэрэг дууссан өдрөөрөө буюу 09 сарын 16-нд бичсэн байх ёстой гэсэн нэхэмжлэгч буюу Н эгчид хэлээд за дүү нь ингээд алдаа гаргачихжээ.  Анх удаа бичиж байгаа. Би  энэ 2 хуудсаа 17 болгочихлоо шүү та 17 болгочхоорой гээд гуйсан л даа. Таньруу явуулсан материалууд ингээд засчихсан байгаа. Энийг бол хүлээн зөвшөөр ч байгаа.  За дээрээс нь нэхэмжлэгч Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн талаар биччихсэн байна л даа үндэслэл нь  болохоор цаашдаа тусгай зөвшөөрөлгүйгээр бетон зуурмаг үйлдвэрлээд тэрийгээ зарчихсан чинь бол зөрчил үйлдсэн гэж би бодож байгаа. Түүнээс биш зөрчил үйлдчихээд энийгээ эргээд засах гээд яваад байна гэдэг нь зөрчил биш болно оо гэж биччихсэн байна л даа. Өөрөөр хэлбэл хүн зодчихоод нөгөө хүнээ эмнэлэгт үзүүлж байна. Нөхөн төлбөрийг өгч байна гээд зөрчлөө арилгах гээд яваад байж байна гэдэгтэй тэр адилхан гэж бодож байна гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0135201 дугаар шийтгэлийн хуудсаар “Т Т” ХХК нь барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 12.1 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 5 мянган нэгж буюу таван сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

5. Гомдол гаргагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...Хамгийн гол үндэслэл бол Монгол улсын Зөрчлийн тухай хуульд тухайн хуулийн этгээд, хүн, хуулийн этгээд тухайн хэм хэмжээг тогтоосон хууль болон хэм хэмжээг тогтоосон актыг дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон актыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд тэрийгээ явуулаагүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл Т ткомпани бетон зуурмагийн тохирлын гэрчилгээгээ авахын өмнөх шатны бүх үйл ажиллагааг явуулж байсан үед байцаагч тусгай зөвшөөрөлгүй байна гэдэг үндэслэл дээр зөрчлийн хэрэг нээж шийтгэл оногдуулчхаад байгаа,

 За хоёрдугаар үндэслэл маань барилгын хяналтын улсын хяналтын байцаагч маань 09 сарын 16-нд эрх бүхий албан тушаалтны удирдах, дээд шатны албан тушаалтан хугацаа сунгасан 14 хоног нь 09 сарын 16-ны өдөр дуусаад байсан. Ингээд хугацаа дуусаж байна гээд бодоод байж байтал 17-ны өдөр 17-ны өдрийн огноотой шийтгэлийн хуудас надад гардуулж өгсөн. Тэгэхээр хугацаа дуусчихсан хойно шийтгэврийн хуудас бичиж шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Энэ нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд зөрчлийн хэргийн бүртгэлтийн ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийн 4 дүгээрт нь “хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан бол” гэж байгаа.” гэж,

6. Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гөөс “...Тэгээд танайх зөвхөн өөрсдийнхөө барьж байгаа барилга дээрээ бетон зуурмагаа нийлүүл туршилтын журмаар хэрэглэж байгаа юм чинь бусад улсын төсвийн барилгууд руу битгий өг гэж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй. 2024 оны 08 сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь тогтоогдсон. Гэрчийн мэдүүлэг болон нөгөө төрийн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргаанаас авсан тодорхойлолтуудын дагуу. Зөрчлийн тухай хуулийн 12.1 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын материалын үйл ажиллагаа хийх гэсэн гэдгээр торгуулийн хуудас тавьсан.” гэж тус тус маргадаг.

7. “Т Т” ХХК нь Завхан аймагт бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлж байгаа болох нь гомдол гаргагч болон хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно: 3.3даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 43 дугаар зүйлийн 43.1-т Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараахь чиг үүрэгтэй: 43.1.3.үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа өгөх; 43.1.4.барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах; гэж тус тус заажээ.

Тодруулбал, Барилгын материал үйлдвэрлэх хуулийн этгээд нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхаас гадна барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах үүрэгтэй байна.

8. Гомдол гаргагч компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т  зааснаар хууль болон хэмжээ тогтоосон актуудад заасан журмынх нь дагуу зохих арга хэмжээг хэрэгжүүлээд явж байгаа нөхцөлд зөрчил үйлдсэн  гэж үзэхгүй байхаар ойлгогдож байгаа” гэж тайлбарлаж байх боловч дээр дурдсан хуулиудад зааснаар компани өөрийн үйлдвэрлэсэн барилгын материалыг лабораторийн шинжилгээнд хамруулах, технологийн заавар батлуулсаны дараа барилгын ажилд нийлүүлэлт хийх хууль зүйн зохицуулалттай байна.

Үүнээс дүгнэвэл гомдол гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байгаа учир энэ үе шатуудад хариуцлага ногдуулж байгаа нь хуульд нийцээгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

9. Зөрчлийн хэрэгт А.М, Д.Т нараас авсан гэрчийн мэдүүлэгт гомдол гаргагч компани 2024 оны 07, 08 дугаар сард гэрч нарын компанийн гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажилд бетон зуурмаг нийлүүлсэн болох нь тогтоогддог.

Энэ нь барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд бетон зуурмагийг тохирлын гэрчилгээгүйгээр барилга угсралтын ажилд нийлүүлсэн зөрчил болсон байна.

10. Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь тухайн компанийг барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй, бетон зуурмагийн технологийн зааврыг батлуулалгүй барилгын ажилд нийлүүлэх зөрчил гаргасныг шалган тогтоосон хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно., 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна., 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж тус тус заасан байна.

Үүнээс дүгнэвэл зөрчил шалган шийдвэрлэх нийт хугацаа 58 хоног байх бөгөөд прокурор зөрчлийн хэргийн хугацааг сунгаагүй нөхцөлд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг 28 хоногт шалган шийдвэрлэх зохицуулалттай байна. 

Хариуцагч улсын байцаагч зөрчлийн хэргийн хугацааг эрх бүхий прокуророор сунгуулаагүй болох нь Завхан аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/723 дугаар албан бичгээр нотлогддог.

11. Зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд, хариуцагч улсын байцаагч нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байх бөгөөд дээрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацааг тоолоход 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан, энэ өдрөөс удирдах албан тушаалтан 14 хүртэл хоногоор сунгахад 2024 оны 09 дүгээр 13-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн 28 хоногийн хугацаа дуусахаар байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацаа 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буюу “Баасан” гараг ажлын өдөр дуусч байгаа учир дараагийн ажлын өдөрт хугацааг шилжүүлэн тооцох үндэслэлгүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн  4-т Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна. гэж заасан байна.

 

12. Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан 2024 оны 9 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан, эрх бүхий албан тушаалтан болох барилгын техникийн улсын байцаагч 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийтгэлийн хуудас бичсэн байна.

Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч шүүх хуралдаанд “... Би хугацааг буруу тооцож 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шийтгэлийн хуудас гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хугацааг 16-нд дуусаж, шийтгэлийн хуудас бичих ёстой гэдгийг мэдээд “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н д хэлсэн. Би 16-ны өдөр болгож шийтгэлийн хуудасны огноог зассан.” гэж тайлбар гаргасан.

            Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлтийн 28 хоногийн хугацааг буруу тооцож 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шийтгэлийн хуудас бичсэн нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүргэсэн байна. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: 1.4.зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан. гэж заажээ.

            13. Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан энэ тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй хууль бус шийдвэр гаргасан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            14. Энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шйидвэр нь барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн “Т” ХХК-ийг гомдол мэдээллийн дагуу дахин хянаж шалгах, зөрчлийг арилгах, албан шаардлага хүргүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.11 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Гийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0135201 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                          

 

                           

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН