Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/786

 

    2023            8              3                                         2023/ДШМ/786

                                                              Э.Н, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баяр-Эрдэнэ,  

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Н, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Н, О.Б нарт холбогдох 2304 00000 0038 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б овгийн Э.Н, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр  Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Багануур дүүргийн цахилгаан механикийн үйлдвэрт гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн …. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч … тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, /РД: ……./;  

2. Б овгийн О.Б , 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр  Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, /РД: ......../;

 Шүүгдэгч Э.Н, О.Б нар нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн .. дугаар гудамжинд хохирогч Д.Г-ын нүүр хэсэгт нь гараараа алгадах зэргээр хүч хэрэглэн, илээр, хууль бусаар хохирогчийн эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Э.Н, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н, О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, О.Б нарыг тус бүр нэг 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тухайн шөнө 23 цаг 30 минутын орчим Б-ын гэрээс уух зүйл авах зорилготой дэлгүүр гарах үед Б-ын хажуу хашааны 2 залуутай таарч Б юм ярьж байх зуур би түрүүлээд дэлгүүр орохоор явсан. Би эхнэр болох О-той маргаантай байсан. Эхнэр маань миний болон найз Б-ын утасны дуудлагыг авахгүй байсан болохоор засмал замын урдуур явж байсан хүнээс би цаг асууж, утсаар яриулахыг хүсэхэд сонсохгүй байх шиг байсан. Тэгэхээр нь араас нь очоод татаад зогсоогоод байж байтал Б нөгөө хоёр залуугийн хамт ирээд алгадаад авсан. Би тэр үед утсаа өг гэхэд өгсөн. Кодтой байхаар нь “кодоо гарга” гэж хэлээд утсыг нь өгтөл гаргаж өгсөн. Би аваад дуудлага хийх гээд байж байтал цагдаа гэх дуугаар зугтааж Б-руу орсон. Гар утас авсныг найз Б мэдээгүй. Миний бие гар утсыг нь дээрэмдэх зорилго санаа огт байгаагүй тул хэргийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн найз болох Э.Н-н хамт гэрээсээ гараад дэлгүүр явах замд манай хажуу айлын 2 дүү надтай юм ярьж байх зуур найз Э.Н түрүүлж алхсан. Би удалгүй 2 дүүтэй араас нь гудамж эргэтэл найзыг маань хүмүүс дээрэлхэж байгаа юм шиг харагдсан. Би очиж нэгийг нь алгадсан. Хариу үйлдэл үзүүлээгүй тул муудалцаагүй юм байна гэж бодсон. Нэг нь цагдаа дуудлаа гэхээр нь бид салаад Н-тай хамт гэр лүүгээ орсон. Миний бие найз Н-г маргалдсан хүмүүсийн утсаар ярьж байгааг тухайн үед мэдээгүй, мөн утсыг нь авч гэр лүү орж ирснийг ч мэдээгүй. Иймд миний бие дээрэм хийх санаа зорилго байгаагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэхээр гэм буруугийн хэлбэрийг хуульчилсан. Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад “тухайн эрэгтэй гар утсаа гаргаж ирсэн ба кодыг нь гарга гэхэд гаргаж өгсөн” гэж, мөн О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “Намайг очиход Н 1 хүнтэй муудалцаж байсан бөгөөд  нүүр лүү нь 1 удаа алгадсан, тэгээд харанхуй гудамжид орсон ба би гэр лүүгээ гүйсэн” гэж тус тус мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзсэн байна. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл үгсэж тохиролцоогүй боловч бүлэглэн гүйцэтгэсэн талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна. Харин шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй хэмжээний согтолттой байсан, мөн дэлгүүр гарч архи нэмж авах зорилгоор явсан, утсаар ярих шаардлагатай байсан зэргээр мэдүүлсэн бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Дээрх үйл баримтад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй нь хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэх үндэслэл байна.

2. Хохирогч Д.Г-ын “хойноос нэг хүн “хөөе” гээд орилоод байсан, гүйж ирээд намайг бариад авсан, тэгээд манай найзыг яагаад байгаа юм бэ” гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл нь анхнаасаа дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрсан шинжтэй үйлдэл хийсэн нь харагдаж байна. Мөн хохирогч Д.Г-ын мэдүүлэгт “кодыг нь гарга гэхээр нь утасныхаа кодыг гаргасан, шорт өмссөн залуу нүүр лүү алгадсан” гэжээ. Энэ нь шүүгдэгч нар шунахайн сэдэлтээр хохирогчийн гар утсыг эзэмдэж авах бус утсаар ярих санаа зорилготой байсан болох нь харагдаж байна.

3. Шүүгдэгч О.Б-ын мэдүүлэгт “маргааш өглөө би сэрээд эхнэр лүү залгаад “манай гэрт бидний утас байна уу, өөр утас байна уу” гэхэд үүдний амбаарын модон шатны завсар нэг утас байна” гэж хэлсэн гэжээ. Энэ нь шүүгдэгч нар анхнаасаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авч ашиг хонжоо олох зорилгогүй байсан нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-ийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н, О.Б нар тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдааны үеэр гэм буруугийн талаар маргаагүй. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж шүүгдэгч тус бүрт 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Уг шийдвэр үндэслэл бүхий тул хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Н, О.Б нар нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 7 дугаар гудамжинд хохирогч Д.Г-ын нүүр хэсэгт нь гараараа алгадах зэргээр хүч хэрэглэн, хууль бусаар хохирогчийн эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг дээрэмдэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Г-ын “... Би шөнийн 00 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Э, Б нарын хамт тоглолт үзэж дуусаад харихаар байрны харалдаа зам дагуу алхаж явсан. Тэгэхэд хойноос нэг эрэгтэй хүн хөөе гээд орилсон. Тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй алхаж байхад ... нэг жижиг биетэй туранхай эрэгтэй хүн гүйж ирээд намайг бариад авсан. Тэгээд би “юу болов оо” гэтэл “манай найзыг яагаад байгаа юм” гэсэн. Би гайхаад “юу болсон бэ” гэхэд хойноос нэг гэрийн шаахайтай залуу хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр залуу намайг “наадахыг чинь харанхуй гудамж руу авч оръё” гээд 7 дугаар гудамж руу чирээд аваад орсон. Тэгээд гудамжны шонгийн хажууд очиж зогсоод эхэнд гүйж ирдэг жижиг биетэй залуу нь миний халааснаас гар утсыг булааж аваад шорт өмссөн залуу нь миний нүүр лүү алгадсан. Тэгээд миний гар утсыг үзэж байснаа кодтой юм байна гээд кодыг нь гарга гэхээр нь би гаргаж өгсөн. ...” /хх 17/,

гэрч Б.Б-ийн “... бид гурав цааш явж байхад нэг намхан залуу араас гүйж ирээд Г ахыг бариад авсан. Тэгээд араас шорттой залуу гүйж ирээд 7 дугаар гудамж руу харанхуй хэсэг рүү аваад орчихсон. Тэгээд хоёр залуу нь эхэлж гарч ирээд Рашаант хэсгийн гудамж руу гүйгээд явсан. Түүний дараа Г ах гудамжнаас гарч ирсэн. ...” /хх 22/,

гэрч Д.Э “... Араас шорттой залуу, хар куртиктэй залуу хоёр гүйж ирээд Г-ыг чирээд Нарийн хэсгийн 7 дугаар гудамжны харанхуй хэсэг рүү аваад орчихсон. Б бид хоёрыг наанаас нь тухайн хүмүүсийг болиоч ээ гэхэд огт тоохгүй байсан. Удалгүй нөгөө залуучууд гудамжнаас гараад Рашаант хэсэг рүү гүйгээд явсан. ...” /хх 24/,

гэрч М.М-ын “... Шөнө 00 цагийн үед намайг унтаж байхад манай нөхрийн найз Н орж ирсэн. Тэгээд 10 минут орчмын дараа манай нөхөр О.Б гэртээ орж ирсэн. Тэр хоёр согтуу байсан бөгөөд манай нөхөр “бид хоёр ууж байгаад зодоон хийчихлээ” гэж хэлсэн. ... Маргааш өглөө 09 цаг өнгөрч байхад манай нөхөр залгаад “гэрт бид нарын утаснаас өөр ямар нэгэн утас байна уу” гэхээр нь үзэхэд манай байшингийн амбаарын модон шатны завсар нэг гар утас байсан. Би тухайн утсыг байшин руу оруулж ирээд ширээн дээр тавьсан. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн “Самсунг Эс-7” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ /хх 47/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 120/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н, О.Б нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Э.Н, О.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг шүүх хүлээн авч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй гэснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулжээ.

Гэвч шүүгдэгч нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэмт буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байгаа боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нараас “... Э.Н-ийг хохирогчийн гар утас авсныг О.Б мэдээгүй, дээрэм хийх санаа зорилго байгаагүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнайгаас “... мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар урьдчилан үгсэн тохиролцсон талаар нотлогдон тогтоогдоогүй, хохирогчийн гар утсыг зөвхөн утсаар ярих санаа зорилготой авсан, тэдний үйлдлийг танхайрсан шинжтэй гэж үзэх үндэслэлтэй ... тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эсхүл зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч нар нь хохирогчийг харанхуй гудамж руу авч орсон, улмаар шүүгдэгч Э.Н нь хохирогч Д.Г-ыг гар утсаа өг гээд авах үед шүүгдэгч О.Б нь хохирогчийг алгадсан, энэ үед Э.Н нь “гар утасны кодыг гаргаж өг” гэж хэлээд кодыг тайлж байгаад гар утсыг аваад хоёулаа зугтаасан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба тэдний шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсныхаа дараа зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь Э.Н-ийг хохирогчоор гар утасны кодыг нь тайлуулаад авч байгааг мэдсээр байж түүнийг алгадаж хүч нэмэгдүүлсэн үйлдэл хийсэн бөгөөд Э.Н хохирогчийн гар утсыг авсныг О.Б мэдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй хэмжээний согтолттой байсан ...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Н, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, О.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 50 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н, О.Б нар нь тус бүр 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 3ы өдрийг хүртэл хугацаанд 50 /тавь/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР