Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 112/ШШ2024/0039

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар туушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлүүлэхээр маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Б.Д нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан.

2.2. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67,5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,2, 37.1.7, 37.1.8 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 39.1.11 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтуудыг үндэслэн тус газрын дотоод хяналт шалгалтын нэгжийн дүгнэлтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2024/ДШМ/01 дугаар магадлалаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээсэн Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б.Дыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас  халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2.3. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан.

 Харин Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар албан бичгээр Б.Дыг шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгснийг  2024 оны 08 дугаар сарын 26-нд хүлээн авсан байна.

 

 2.4 Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 

  Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

  3.1. Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Б.Д Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Тус газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Намайг ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 3.2. Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаартай Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын гаргасан тушаал нь нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэнд олгосон мөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авсан гэдэг ийм үндэслэл байгаа. Тэр хүний олгосон байгаа мөнгийг би аваагүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа мөнгийг тухайн байгууллагын чиг үүрэгт хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь хариуцдаг. Би ямар нэгэн байдлаар нийгмийн халамжийн үйл ажиллагаа хариуцдаг ийм албан тушаал дээр ажиллаж байсан. Тиймээс энэ нь миний нэр төрд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна. Дараагийнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан зүйл ангиар шүүхээр шийтгэгдээд торгох ял авсан. Торгох ял авсан нь миний хөдөлмөрлөх эрхэд хамаарал байхгүй. Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Ийм үндэслэлээр ажлаасаа халагдсан. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Ажил олгогчийн зүгээс тэргүүн ээлжид өнөөдөр хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрхийг зөрчиж байгаа ийм тушаалыг ажил олгогчийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б/60 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ. Тухайн тушаал хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг үндэслэлээр ажил олгогч ажилтны хувьд нэхэмжлэл шүүхэд гаргасан. Энэ хүн улс төрийн албан хаагч болчихсон төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй гэдэг асуудал ярьж байгаа хэдий боловч өнөөдөр хөдөлмөрлөх эрхэд 2024 оны 05 дугаар сарын 31-нд халдаж үүнээс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, энэ хүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн асуудал, тасалдаж байгаа асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд улс төрийн албан хаагчдаар ажиллана, өөр албан тушаал эрхэлж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт хязгаарлалт бол байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Ажил олгогчийн гаргаад байгаа тушаал өөрөө хууль зүйн үндэслэлтэй юм уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Ажил олгогч Б/60 дугаар тушаал гаргахдаа хоёр үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байна гэдэг үндэслэлээр тайлбарлаад байгаа. Ингэж ажлаас чөлөөлсөн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг зөрчсөн байна. Нэгдүгээрт ямар зөрчил гаргасан бэ гэдэг талаар ажил олгогчийн зүгээс тухайн зөрчлөө дурдахдаа Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн энэ хүн нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгоод хөдөлмөр халамжийн сангаас С.О ийн нэр дээр мөнгө аваад өөртөө завшсан гэдэг байдлаар дүгнэлт хийгээд байдаг. Энэ зөрчлийг манайх дотоод хяналтаараа тогтоочихсон. Иймд энэ хүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Дотоод хяналт шалгалтын энэ журмыг нь харахаар хэрвээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал тэр дотоод хяналт шалгалтад ч ажиллагаа явуулдаг юм биш цаашаа хуулийн байгууллагад шилжүүлэх хуулийн зохицуулалт байна. Дараагийн дугаарт С.О гэдэг хүний тайлбарыг авсан дотоод хяналт шалгалтаар энэ төлөвлөгөөт бус хяналт хийсэн юм шиг харагдаад байгаа юм. Нөгөөдөх хугацааг нь харахаар 05 дугаар сарын 22-оос 05 дугаар сарын 23-ны хугацаанд байдаг. Энэ хүнийг ажлаас чөлөөлөхдөө 27-нд ажлаас чөлөөлөөд байдаг. Нөгөө тушаалаа үйлдээд сонсох ажиллагаа хийгээд ажлаас халах дотоод хяналт шалгалт хийж байгаа. Дотоод хяналт шалгалтаа хийхээр С.О ээр дамжуулаад мөнгө авчихсан байна. С.Оийн энэ тайлбар нотлох баримт гээд байгаа юм. Эвлэрүүлэн зуучлалын баримт нотлох баримт гээд байгаа юм. Тэгээд эвлэрүүлэн зуучлалын баримтыг нь харахаар 2024 оны 01 дүгээр сарын баримт огнооны хувьд эвлэрүүлэн зуучлал дээр гаргаж байгаа тайлбарыг өнөөдөр тухайн нотлох баримт гэж үзэх ямар ч боломжгүй. Тэр дээр эвлэрэх ажиллагаа ч хийгдээгүй. Гэтэл хариуцагчаас асуухад ажил үүргийн хуваарь нь биш энэ хөдөлмөр халамжийг дэмжих сангаас өөр хүмүүс холбогдох материалыг нь бүрдүүлээд даргын шийдвэрээр ингэж олгодог юм, энэ хүнтэй бол хамааралгүй гээд яриад байдаг. Гэтэл ямар үндэслэлээр энэ хүнтэй хамааралтай болгоод нотлох баримтыг хуурамчаар үйлдээд С.Оээр дамжуулаад мөнгө аваад байгаа юм. Энэ үйл баримт тогтоогдохгүй С.Оийн тайлбар мөн эсэх нь ч эргэлзээтэй нэг хоногийн хугацаанд яаж дотоод хяналт шалгалт явуулаад байгаа юм. Ажлаас халахын тулд хийсэн л ийм нэг хяналт шалгалтын ажиллагаа хийсэн мэтээр ингээд баримт бүрдүүлчихсэн, он сар огноогүй баримт байгаа. Нэгдүгээрт нь ажил үүргийн хуваарийн хувьд бол нотлогдохгүй байна. Хоёрдугаарт хэрвээ энэ үйлдэл байвал гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул энэ дотоод хяналт шалгалтад шийдвэр гаргах эрх хэмжээтэй субъект биш байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг газар биш байна. Эвлэрүүлэн зуучлалаар өгсөн баримт гээд байгаа боловч өнөөдөр эвлэрүүлэн зуучлал дээр хариуцагч нар нь С.О, Б.Хгэдэг хүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан болохоос биш Б.Д гэдэг хүнд холбогдож нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хэргийн шүүхэд хандчихсан байдаг. С.О Б.Хгэдэг хүмүүст холбогдож тухайн зээл гарсан энэ зээлтэй холбоотой баримтыг төлүүлэх энэ нэхэмжлэлийн агуулга ч гэсэн Б.Дд холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Шүүгчийн захирамжаас харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд 2.750,000 төгрөг үлдэгдэл төлбөрөө төлчихсөн байгаа. 100,000 төгрөг төлөгдөөгүй гэдэг зүйлийг яриад байна. Энэ нь С.О, Б.Хнарт хамааралтай юм биш үү. Тэгэхээр энэ зөрчил нэгдүгээрт тогтоогдохгүй байна. Хоёрдугаарт ажлын өдрөөр согтуураад хүн зодсон энэ эрүүгийн хуулиар шалгагдаад шүүхээр шалгагдаад ял авсан гэж байгаа юм. Үндсэн хуульд зааснаар хүн болгон хөдөлмөрлөх эрхтэй, хөдөлмөрлөх эрхтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх юм бол таны хөдөлмөрлөх эрх хуулиар хязгаарлагдсан гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг бол зөв ойлгож ажил олгогч нар хэрэглэх эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр ч гэсэн мөн давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал яригдаж байсан. Би хэргээ хүлээн зөвшөөрч байгаа миний буруу гэхдээ ажил албан тушаалтай холбоотой юм биш биз дээ гэдэг талаар бас тайлбарлаж байсан. Энэ дээр давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага гэж байгаа юм. Эрүүгийн хуульд заасан авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах гэж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал 47 дугаар зүйлийн 1.2 дахь агуулга чинь өөрөө энэ 22.1, 3 дахь хэсэгтэй хамааралтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн гэмт хэрэг өнөөдөр энэ хүний ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь ямар байдлаар харшлаад байгаа юм бэ гэдэг дээр анхаарал өгөх хэрэгтэй. Тухайн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхээс энэ хүний нийтийн албанд томилох эрхийг хасаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрхийг нь хасаагүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйл ангиар нийтийн албанд томилогдох эрхийг хасаагүй энэ албан тушаалын холбогдолтой гэмт хэрэг үйлдээгүй бусад зүйл ангитай хэрэг дээр тэнсэн ял аваад төрийн албан хаагч хийж байгаа. Энэ хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа заалт бол биш гэж үзэж байгаа хууль тайлбарлаж байсан. Тэгэхээр энэ 22 дугаар зүйлийн 1.3, 47 дугаар зүйлийн 47.1  магадгүй төрийн албанд томилогдчихоод албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол тэр хэлээд байгаа ажил олгогчийг Төрийн албаны тухай хуулийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халах, нийтийн албанд томилогдох эрх хассан. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажлаас халах нь бол үндэслэлгүй байна. Иймээс бусад зүйл ангитай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.2-ыг хэрэглэх ямар ч боломж байхгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь энэ хүнийг төрийн жинхэнэ албан хаагчаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй учраас харшлах тийм хууль зүйн зохицуулалт нэгдүгээрт байхгүй хуулиа баримтлах учраас тухайн ажил олгогчийн гаргаад байгаа энэ тушаалын хууль зүйн үндэслэл өөрөө үндэслэлгүй байх тул ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд даалгаж өгнө үү. Энэ хүний улс төрийн албан тушаалд томилогдох уу үгүй юу гэдэг асуудал өөрийнх нь эрхийн асуудал. Харин өнөөдрийг хүртэл энэ хугацаанд энэ хүний хөдөлмөрлөх эрхийг бол ажил олгогчийн зүгээс зөрчжээ гэдэг дээр бас дүгнэлт хийж байна гэв.

 

3.4. Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад албан тушаалаасаа халагдсан Б.Д нь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. 

 Б.Д нь Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгжийн шалгалтын дүгнэлтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг С.О гэх иргэний нэр дээр материал бүрдүүлэн авч албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон.

           Б.Д нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр архидан согтуурч согтуугаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2024/ДШМ/01 дугаар магадлалаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Иймд Б.Дыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 39.1.11 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг, үйл ажиллагаанд хориглосон заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар халсан нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Д нь нийгмийн халамжийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгжийн шалгалтын дүгнэлтээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг С.О гэх иргэний нэр дээр хуурамч материал бүрдүүлэн албан тушаалаа урвуулан ашиглаж авсан нь тогтоогдсон байгаа. Хоёрдугаарт нь Б-ийн Д нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр архидан согтуурч, согтуугаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага  хүлээлгэсэн байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгжид энэ чиглэлээр шалгах мэдээлэл албан тоотоор ирсэн. Энэ дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дотоод хяналтын нэгж бол шалгалтын үйл ажиллагааг явуулсан байгаа. Манай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд дөрвөн чиглэлээр энэ 2023 онд ер нь иргэдэд төсөл хөтөлбөр олгодоггүй санхүүжилт олгодог байгаа. Энэ ажлын байр бий болгох төслийг нь хүлээж аваад тэр журмынхаа дагуу төсөл хөтөлбөр олгодог байгаа. С.О, батлан даагч Б.Х гэх энэ хоёр хүн дээр 4.500,000 төгрөгийн зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог. Энэ аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ санхүүгийн дэмжлэгийг авсан байдаг. Гэвч С.О хугацаандаа бол зээлээ төлөөгүй, зээлээ төлж дуусах хугацаа дууссан боловч зээлээ төлөөгүй байсан учраас манайх журмынхаа дагуу эвлэрүүлэн зуучлалд өргөдөл хүсэлт гаргасан байгаа. Эвлэрүүлэн зуучлал дээр С.О, батлан даагч Б.Х нар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дээр өөрийнхөө тайлбар мэдээллийг гаргаж манайд хариу ирүүлсэн. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй болсонд хариу ирүүлсэн. Тийм учраас манайх журмынхаа дагуу анхан шатны шүүхэд хандсан байгаа. С.О эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дээр хэлэхдээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Б.Д бид хоёр нэг ангийн хүүхдүүд, мөн одоо дотоод хяналтын нэгжийн шалгалтын үеэр ч гэсэн өөрөө эхнэртэйгээ ирж хэлсэн байгаа. Тэгээд шалгалтын явцад утсаар ярихад өөрөө Цагаан хаданд ажилладаг гэсэн. Тэгээд хүрч ирээд эхнэртэйгээ дотоод хяналт шалгалтын нэгжийн шалгалт явж байх үйл ажиллагаанд өөрөө албан бичгээр тайлбараа гаргаж өгсөн байгаа. С.О ийн тайлбарыг хавтаст хэргийн материалд хавсаргасан байгаа. Өөөрийнхөө гарын үсгийг зураад өөрөө бол тайлбараа гаргаад гарын үсгээ зураад явсан. С.О нь хэлэхдээ Б.Д бид хоёр нэг ангийн хүүхдүүд, багадаа нэг ангид байсан нэг ангийн найзууд тэгээд надад хэлэхдээ энэ зээлийг эргэн төлөгдөхгүй надад аваад өгөөдөх гэж хэлээд бүх материалыг нь би бэлдэж өгнө, хамгийн гол нь гарын үсгээ ирээд зурчих хэрэгтэй байна гэж хэлээд зээлийг авсан. Зээлийг аваад мөнгийг нь 4.500,000 төгрөг дансанд орж ирсэн. Дотоод хяналтын нэгжийн шалгалтын үед хуулгыг үзсэн. 4.500,000 төгрөг  дансанд нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг орсон байгаа. 4.500,000 төгрөгийг бэлнээр авч ирж өг гэсэн. Би бэлнээр 4.500,000 төгрөгийг Б.Д д хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үүдэнд авч ирж бэлнээр өгсөн. Би тэр зээлээс 100 төгрөг ч аваагүй. Би энэ талаар гэр бүлийнхээ хүнд хэлээгүй байсан, асуудал ийм болсон учраас манай гэр бүлийн хүн ингээд дагаад явж байна гээд дотоод хяналт шалгалтын хүмүүстэй уулзсан. Тухайн үед Б.Д бас утсаар яриад С.О тэй байнгын харилцаа холбоотой байсан. 1.750,000 төгрөгөөр нэг удаа зээл хаасан. Дараагийн 2.750,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч шүүхэд хандсан. Шүүх дээр ирээд С.О 2.750,000 төгрөгөө тухайн үеийн нэхэмжлэл гаргасан мөнгөн дүнгээр нь төлсөн. Гэвч өнөөдөр 4.500,000 төгрөгийн С.О ийн нэр дээр байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр байгаа зээл 125,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар туушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 5. Хэргийн үйл баримтын хувьд: Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан.

 Харин тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67,5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,2, 37.1.7, 37.1.8 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 39.1.11 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтуудыг үндэслэн тус газрын дотоод хяналт шалгалтын нэгжийн дүгнэлтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2024/ДШМ/01 дугаар магадлалаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээсэн Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б.Дыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас  халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

6. Нэхэмжлэгч Б.Д нь “...С.Од олгосон мөнгийг би аваагүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа мөнгийг тухайн байгууллагын чиг үүрэгт хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нь хариуцдаг. Би ямар нэгэн байдлаар нийгмийн халамжийн үйл ажиллагаа хариуцдаг ийм албан тушаал дээр ажиллаж байсан. Тиймээс энэ нь миний нэр төрд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмээс “...Б.Д гэдэг хүнд холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Иргэний хэргийн шүүхэд хандчихсан байдаг. С.О Б.Х гэдэг хүмүүст холбогдож тухайн зээл гарсан энэ зээлтэй холбоотой баримтыг төлүүлэх  нэхэмжлэлийн агуулга ч гэсэн Б.Д д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй. Шүүгчийн захирамжаас харахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд 2.750,000 төгрөг үлдэгдэл төлбөрөө төлчихсөн байгаа ...” гэж маргажээ.

7. Хариуцагч Д.Б “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг С.О гэх иргэний нэр дээр материал бүрдүүлэн авч албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон ...албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр архидан согтуурч согтуугаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2023/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2024/ДШМ/01 дугаар магадлалаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

         8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1-т заасныг баримтлан  шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй буюу уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд хандан,  2024 оны 08  дугаар 26-ны өдөр хариуг авч урьдчилан шийдвэрлэх  журмыг хангаж, хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 9. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга нь төрийн захиргааны албан тушаалтан байх ба нэхэмжлэгч нь 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

10.Хариуцагч нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж үзэж албан тушаалаас нь халж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдал нь тогтоогдсон байх шаардлагатай.

11.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг С.О гэх иргэний нэр дээр материал бүрдүүлэн авч албан тушаалаа урвуулан ашигласан  үндэслэлийн тухайд:

 11.1. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/42 дугаар тушаалаар “Дотоод хяналт шалгалт зохион байгуулах нэгж байгуулах тухай” ажлын хэсгийг байгуулж, Дотоод хяналт шалгалтын удирдамж болон журмыг батлуулсан байна.

Тус дотоод хяналт шалгалтаар 1. “Малжуулах хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Жаргалан сумын Бүрэн багийн малчин Б.Ц-ын 2023 оны гэрээний биелэлт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн байдал, иргэн С.О, батлан даагч Б.Х нартай 2020 онд байгуулсан гэрээний биелэлт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

11.2. Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад: “Д-тай утсаар /...........-2024.05.23-нд/ холбогдоход наад 2 хүн чинь өөрсдөө ирж нотариат дээр гэрээ байгуулсан хүмүүс С.О бид 2 нэг ангийн найзууд бид 2-ын хооронд нэг машины асуудал байгаа. Над луу хэзээ билээ яриад Өмнөговьт ажилтай байна. Эвлэрүүлэн зуулчлахаас яриад байна очоод тэр бичгийг аваатхаа ч гэхэд би бичгийг нь авсан ...Дүгнэлт: Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Б.Д нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Есөнбулаг сумын иргэн С.О ийн нэр дээр хуурамч бичиг баримтыг өөрөө бүрдүүлж, тухайн зээлийн санхүүжилт болох 4,5 сая төгрөгийг иргэн С.О ийн харилцах данснаас бэлнээр гаргуулж авсан нь С.О ийн утсаар өгсөн тайлбараар нотлогдож байна. Энэ тайлбарыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн шүүхийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн эвлэрүүлэх үйл ажиллагаанд өгсөн байна. Зээлийн үлдэгдэл болох 2.750,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийг өнөөдөр хүртэл хөдөлмөр эрхэлтийн дэмжих санд бүрэн төвлөрүүлээгүй байгаа тул анхан шатны шүүхэд ХХҮГ нэхэмжлэл гаргасан” гэсэн тэмдэглэл байна.

11.3.Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод хяналт шалгалтын нэгжид С овогтой О нь тайлбар гаргасан байх ба уг тайлбарт: “Б.Д гэрээ авч ирж гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 23-нд миний дансанд 4.500,000 төгрөг орж үүнийг өөрийн биеэр бэлнээр нь авч Б.Дд ажлын газрын үүдэнд нь өгсөн...” гэх гараар бичсэн тайлбар,  Говь-Алтай аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 133/ШШ2024/00242 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөр, халамжийг дэмжих сангийн ......... тоот дансанд 2.750,000 төгрөгийг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэрэгт авагдсан.

11.4.Иймд С.О ийн эзэмшлийн Хаан банкны .............тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус  2.750,000 төгрөг төлөгдсөн байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Д нь хөдөлмөр эрхлэгч иргэнд олгодог аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хүний нэр дээр материал бүрдүүлэн авч албан тушаалаа урвуулан ашигласан гэх байдал нь хангалттай тогтоогдохгүй байна.  

12.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед санаатай хохирол учруулж эрүүгийн хариуцлага хүлээсэн гэх үндэслэлийн тухайд:

12.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, 1.4 дэх хэсгийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, хуулийн 5.1 дэх хэсгийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, 5.2 дахь хэсгийн 1-т “Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна, 1.1.торгох ял, 1.2.нийтэд тустай ажил хийлгэх ял, 1.3.зорчих эрхийг хязгаарлах ял, 1.4.хорих ял, 1.5.эрх хасах ял” гэсэн ялын төрлийг оногдуулахаар заасан.

12.2.Нэхэмжлэгч Б.Д ы тухайд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болох нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоол,  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлал зэрэг баримтаар  нотлогдож байна.

12.3.Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.3-т “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй бөгөөд хууль дээдлэх зарчмыг баримтална.

12.4.Дээрх тохиолдолд нэхэмжлэгч Б.Д төрийн жинхэнэ албан хаагч, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байгаагийн хувьд хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх,  төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй байхад  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон, 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байгаа нь Төрийн албан тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болох юм.

12.5. Нэхэмжлэгч Б.Д “…торгох ял авсан нь миний хөдөлмөрлөх эрхэд хамааралгүй, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна...”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Эрүүгийн хуульд заасан авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах гэж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудал 47 дугаар зүйлийн 1.2 дахь агуулга чинь өөрөө энэ 22.1.3 дахь хэсэгтэй хамааралтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн гэмт хэрэг өнөөдөр энэ хүний ажил хөдөлмөрөө эрхлэхэд нь ямар байдлаар харшлаад байгаа юм ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх юм бол таны хөдөлмөрлөх эрх хуулиар хязгаарлагдсан гэсэн хуулийн зохицуулалт байхгүй ...тухайн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхээс энэ хүний нийтийн албанд томилох эрхийг хасаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах эрхийг нь хасаагүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйл ангиар нийтийн албанд томилогдох эрхийг хасаагүй энэ албан тушаалын холбогдолтой гэмт хэрэг үйлдээгүй бусад зүйл ангитай хэрэг дээр тэнсэн ял аваад төрийн албан хаагч хийж байгаа...” гэх тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй байна.

12.6. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар тусгайлан заасан зохицуулалт тул Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн болон нийтийн албанд томилох эрхийг хасаагүй тохиолдолд торгох ял /нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял/ шийтгүүлсэн хүн төрийн жинхэнэ албанаас халагдахгүй байх боломжтой гэж тайлбарлахгүй бөгөөд хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

12.7. Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх” гэж заасан нь иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилоход тавигдах нийтлэг шаардлагын нэг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял авсан тохиолдолд төрийн жинхэнэ албанаас хална гэсэн агуулгаар ойлгож хуулийг хэрэглэхгүй.

13. Иймд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Дыг албан тушаалаас халах тухай Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаал бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчмын хүрээнд төрийн албан хаагчийн зөрчлийг шалган тогтоох, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг мөрдөх учиртай бөгөөд Б.Дыг ажлаас халахдаа мэдэгдэх сонсох ажиллагаа хийсэн болох нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар сонсох ажиллагааны тэмдэглэл, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид эрх, үүрэг тайлбарласан баримт, сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, захиргааны шийдвэр /акт/-ын тухай мэдэгдэх хуудас, тушаалын төсөл  зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.Д дээрх ажиллагаанд оролцож гарын үсэг зурсан байгаагаас харахад мэдэгдэх сонсгох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Ды нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Бд холбогдох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ