| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06402/И |
| Дугаар | 191/ШШ2025/00260 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/00260
| 2025 01 17 | 191/ШШ2025/00260 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* дүгээр давхарт оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, тоотод оршин суух, Дүйнхэр овогт ын /рд:/,
Хариуцагч: *******,*******,*******,*******, тоотод оршин суух, Хэрээд овогт ын /ИБД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,014,793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө., Ч. нар нь ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 313021220049 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ тус тус байгуулж, 24,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу 24,000,000 төгрөгийг Ө., Ч. нарт шилжүүлсэн. Ө., Ч. нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 5 удаагийн гүйлгээгээр зээлийн эргэн төлөлтийг дутуу хийсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,583,473 төгрөг, хүү 2,849,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 569,803, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 25,014,793 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нар үүрэг гүйцэтгэх хугацааг 455 хоног хэтрүүлж, зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болох байсан ч зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах талаар утсаар болон бичгээр олон дахин мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй тул зээлдэгч талын санаачилгаар 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцалсан. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан тээврийн хэрэгслийг устгаж, одоогоор тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна.
Хариуцагч Ө., Ч. нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 21,583,473 төгрөг, хүү 2,849,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 569,803 төгрөг, нэхэмжлэл гаргахад бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 12,500 төгрөг, нийт 25,014,793 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ө., Ч. нар нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл, хүүгийн тооцоо, нотариатын төлбөр төлсөн баримт,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ө., Ч. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,014,793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ******* ХХК болон Ө., Ч. нар 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулжээ. Тус гэрээгээр ******* ХХК нь 24,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Ө., Ч. нар нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлд улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан байна. /хх-ийн 6-10/
3.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа тус тус үүсчээ.
3.2 Хариуцагч Ө., Ч. нар нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, үгүйсгэсэн тайлбар баримт гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Зээлийн гэрээний зүйл болох 24,000,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.
4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч Ө., Ч. нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 1,110,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 19-ний 868,862 төгрөгөөр тус тус төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч буюу зээлдэгч Ө., Ч. нар нь зээлийн төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл, хүүгийн төлбөрт нийт 9,710,000 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны9 дүгээр сараас эхлэн зөрчиж, 2024 оны 01 дүгээр сараас хойш зээлийн төлөлт огт төлөөгүй болох нь зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон.
4.2 Нэхэмжлэгч ******* ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбараар тогтоогдсон.
Зээлдүүлэгч ******* ХХК-иас зээлдэгч Ө., Ч. нарт үүрэг биелүүлэх хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүсчээ.
5. Хариуцагч Ө., Ч. нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 21,583,473 төгрөг үлдсэн, төлвөл зохих үндсэн хүүгийн төлбөр 2,849,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 569,803 төгрөг, нотариатын зардал 12,500 төгрөг, нийт 25,014,793 төгрөгийн хэмжээнд маргаж, үгүйсгэсэн тайлбар баримт гаргаагүй. Зээл, хүүгийн тооцооллын хүснэгтийн баримт болон нотариатын мөнгөний тасалбарын баримтаар зээлийн гэрээний үүрэг нийт 25,014,793 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
5.1 Зээлийн гэрээнд хариуцагч Ө., Ч. нар нь хамтран гарын үсэг зурж, гэрээ байгуулсан тул тэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иймд хариуцагч Ө., Ч. нараас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 25,014,793 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж тус тус заасан.
Гэвч нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 283,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Хариуцагч нар шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө., Ч. нараас 25,014,793 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 283,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ