2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00401

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21

191/ШШ2025/00401

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин байрлах, Рэд шифт ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, тоотод оршин суух, Сартуул овогт Пүрэвдоржийн ******* /рд:/-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 16,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр П.*******оос 6 ширхэг компьютерын хатуу дискийг нийт 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл Худалдагч тал нь Иргэний хуулийн 243.1, 253.1 дэх хэсэгт заасан доголдолгүй эд хөрөнгийг нийлүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д ...Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг аргилгах тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заасан. Худалдагч талын нийлүүлсэн 6 ширхэг компьютерын хатуу диск нь ашиглалтын хугацаа маш их, мөн серверийн ачаалал хөргөлтийн тохируулга буруугаас үүдсэн халалтын хатуу дискийн сектор гэмтлүүд, цахилгааны салалтаас үүдэлтэй логик болон физик секторын гэмтэлтэй барааг нийлүүлсэн болох нь хатуу дискийн оношилгооны актаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу барааны доголдлыг арилгахыг шаардсан бөгөөд худалдагч тал барааны доголдлыг арилгах тухай баталгааг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн боловч доголдлыг арилгахгүй гэдгээ 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр утсаар мэдэгдсэн болно. Ийнхүү доголдолтой бараа нийлүүлсэн болон доголдлыг арилгахгүй тухай мэдэгдэл нь худалдан авагч нь гэрээг цуцлах үндэслэл болсон. Худалдагчийн нийлүүлсэн бараа нь "Таван Эсс Солюшн ХХК-ийн оношилгооны актаар тухайн хатуу дискүүд нь хэт удаан олон жил ашигласан нь тогтоогдсон. Иймээс хатуу дискүүд нь секторын гэмтлээсээ болж бүтцээ бүрэн гаргаж чадахгүйгээс мэдээлэл боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан хатуу диск оношилгооны үзлэгт 450,000 төгрөг, эдгээр дискийн засварт 10,000,000 төгрөгийг манай компани төлсөн. Үүнтэй холбогдуулан барааны доголдлыг арилгасан зардал буюу 10,450,000 төгрөгийг худалдагчаас Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу гаргуулах үндэслэлтэй. Дээрх үндэслэлүүдээр худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул манай компани 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр худалдагчаас барааны үнийг төлүүлэх тухай баталгаа гаргуулсан боловч худалдагч тал барааны үнийг төлөх боломжгүй болсон тухай утсаар мэдэгдсэн болно. Иймд, Иргэний хуулийн 243.1, 253.1, 254.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн барааны төлбөр 3,500,000 төгрөг, барааны доголдлыг арилгасан зардал 10,450,000 төгрөг, нийт 13,950,000 төгрөгийг худалдагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Уг шаардлагаа 2,200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Манай компани ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлаа дээрх 6 ширхэг хатуу дискэд хуулбарласан байсан боловч диск гэмтэлтэйгээс хийсэн ажлаа файлаар хүлээлгэж өгч чадаагүй. Энэ нь П.*******ын доголдолтой бараа хүлээлгэн өгсөнтэй холбоотой учирсан хохирол юм. Иймд ******* ХХК-иас ажлын хөлсөнд авах байсан 2,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Иймд хариуцагчаас нийт 16,150,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2023 оны 9 дүгээр сард өөрийн хэрэглэж байсан компьютер буюу сервер компьютерыг зарах зар тавьсан. Нэхэмжлэгч талаас 6 ширхэг хард диск худалдаж авсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Компьютер дотроо 6 ширхэг хард дисктэй буюу дотроо 6 ширхэг хард дисктэй иж бүрэн компьютерыг зарсан. Би зар оруулахдаа ...хэрэглэж байсан, хуучин, ямар нэгэн баталгаа байхгүй гэдгийг өөрийн фейсбүүк хаягтаа тодорхой оруулсан. 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Рэд шифт ХХК-ийн ажилтан ******* гэх хүн чат бичиж холбогдоод, ...таны серверийг авъя, манайд яаралтай хэрэгтэй байна, өнөөдөр хүргэж өгч чадах уу гэсэн. Би тухайн өдөр амжихгүй, ажил ихтэй байгаа тул маргааш нь хүргэж өгөхөөр болсон. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ******* гэх залуу болон өөр 3 хүн байлцаж, хүлээлгэж, угсарч өгөөд, сүлжээг нь тохируулж, бүгдийнх нь нууц үгийг сольж өгөөд явсан. Хүлээлгэж өгөхдөө ...Сүлжээний асуудал чинь удаан юм байна, өөр шаардлага, туслалцаа хэрэгтэй бол туслаад, зөвлөөд өгч болно гэж хэлээд холбогдох дугаараа үлдээсэн. Тэгээд төлбөр тооцоо хийх болоход надаас И-баримт бичиж өгөх талаар асуусан. Өмнө нь тийм зүйл яриагүй байсан ч иргэнийхээ үүргийн дагуу хувь хүний орлогын албан татвараа мэдүүлэхийн тулд тус өдөр нь И-баримтыг шивж өгсөн. Төлбөрийг 3 өдрийн дараа буюу 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орой хугацаа хэтрүүлж шилжүүлсэн. Төлбөр тооцоо шилжээд, серверийг хүлээж авсан, И-баримтыг шивж өгснөөр бидний худалдах, худалдан авах гэрээний харилцаа дууссан гэж би ойлгосон. Төлбөр шилжсэнээс хойш 2024 оны 4 сард ******* гэх хүн утсаар ярьж, чатаар ...серверт байгаа файлууд амарч чадахгүй байна, туслаад өгөөч гэсэн. Тухайн үед би Орхон аймагт байсан тул ...Би боломжоороо зайнаас туслаад өгье гээд төлбөр мөнгө шаардаагүй. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр очиж шалгахад ...серверийн диск хандалт өгөхгүй, асуудалтай байна хэмээн эхний байдлаар оношилсон. Би серверийн дискийг тохиргооны ямар нэгэн асуудал байна хэмээн мэргэжлийн засварын газар аваачиж өгөхийг зөвлөсөн. 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр захирал гэх залуу над дээр ирж ... чи надад эвдэрсэн зүйл зарсан байна. Үүнийгээ буцааж ав, бид мөнгөө авмаар байна гэх шаардлагыг тавьсан. "Таван Эсс Солюшн ХХК-ийн нэхэмжлэхийг үзүүлсэн. Түүнд гэмтэл, доголдлыг арилгахад гарсан зардал биш, тус байгууллагаас авсан нэхэмжлэх буюу төлбөр төлсөн баримт биш байсан. Түүний дараа би туслах сайхан сэтгэлийн үүднээс "Таван Эсс Солюшн ХХК-д очиж уулзахад ..хард диск нь гэмтэлтэй болсон байна. Засаж чадахгүй байж ч магадгүй, Рэд шифт ХХК нь оношилгооны төлбөрийг төлөөгүй. Чи дискийг худалдсан хүн тул оношилгооны төлбөрөө шилжүүлчих, засварын мөнгөө Рэд шифт ХХК-иас дараа нь нэхэмжилж авах юм байна гэх тайлбарыг надад хэлсэн. Би Рэд шифт ХХК-д худалдсан хард дискийг "Таван Эсс Солюшн ХХК-д шалгуулахад ...асуудалгүй диск байна гэсэн тул бартерын байдлаар оношилгооны төлбөрийг хард дискээр сольж авсан. Тухайн үед би зайнаас хандаж, шалгаж байх үед ******* гэх залуутай чатаар холбогдож юу болж байна, дэлгэцэнд ямар формат гарч ирж байгааг асууж байсан. Тухайн үед Viber чатаар харьцаад, зургийг нь над руу дарж явуулж байсан. Өмнө нь надаас хүлээж авсан хүн хаачсан бэ гэхэд ...ажлаасаа гарсан, одоо би хариуцаж байгаа гэсэн. ******* гэх хүн надад ...серверийг унтраахдаа хэзээ ч ном ёсоор нь буюу команд өгч салгадаггүй байсан. Цахилгааны тэжээлийг дараад, унтраачихдаг гэж хэлж байсан. Энэ үйлдэл нь компьютертой ажиллаж байгаа тохиолдолд хэзээ ч хийж болохгүй үйлдэл. Мөн унтраастай байгаа үед буюу ажиллаж байх үед тэжээлээс салгана гэдэг нь эвдрэх үндсэн шалтгаан байдаг. "Таван Эсс Солюшн ХХК-ийн оношилгооны актад үүнийг мөн дурдсан байдаг. Залгуур хөндийрч, дахин хэвийн болсон эсэхийг бүртгэсэн бүртгэл үйлдсэн байсан. Хэн хэзээ хандсан, хэн хэзээ унтраасан, асаасан гэдгийг бүртгэдэг боловсронгуй компьютер зарсан. Гэвч асаасан бүртгэл нь байхгүй мөртөө унтраасан бүртгэл нь байхгүй байсан. ******* гэх хүнээс тодруулж асуухад тогноос нь шууд салгачихдаг гэх хариуг өгсөн. Рэд шифт ХХК нь серверийг буруу асууж унтрааж байснаас үүдэн гэмтэл гарсан байна. Би иж бүрэн сервер зарсан. 6 хард диск нь үүний нэг хэсэг. Би хүлээлгэж өгөөд, төлбөр тооцоо хийх үед миний сервер 100 хувь ажиллагаатай байсан. Ямар нэгэн байдлаар доголдолтой байсан бол дараа оны 4 сар хүртэл хугацаанд яагаад асуудал үүсгээгүй юм бэ. "Таван Эсс Солюшн ХХК-д засварын зардал төлөөгүй байж нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мобиком гэх компаниас төлбөрөө төлбөрөө төлөхгүй гэсэн ямар нэгэн албан бичиг, тодорхойлолт, нотлох баримт байхгүй байна. Худалдан авсанаас хойш 6 сарын хугацаанд өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж хард дискүүд гэмтсэн. Гэмтсэн асуудлаа надаар төлүүлэх гээд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, төлбөрийн баримт, П.*******оос гаргасан бичиг, Таван эсс солюшн ХХК-д хүлээлгэн өгч сэргээлгэхээр өгсөн хард дискний оношилгооны акт, нэхэмжлэх, фото зураг, ажил гүйцэтгэх гэрээ,

3.2 хариуцагчаас гаргасан Pc mall, BSB баталгааны хуудас,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн захидалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Рэд шифт ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 13,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 16,150,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, П.******* нь компьютерийн сервер хүлээлгэн өгөх, ******* ХХК нь 3,500,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч нь 6 ширхэг хатуу диск худалдан авсан гэж тайлбарласан боловч гэрээний зүйл нь компьютерийн сервер болох нь хариуцагчаас гаргасан ... серверийн иж бүрдэлд 6 ширхэг хатуу диск багтдаг гэх тайлбар болон захидалд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч компанийн ажилтанаас хариуцагч руу ...сервер байгаа болов уу, яаралтай хэрэгтэй байна гэх илгээсэн захидлаар тус тус тогтоогдсон.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр ******* ХХК-ийн ажилтан гэх *******, ******* нараас П.*******той вайбераар харилцсан захидалд үзлэг явуулсан. Нэхэмжлэгчээс *******, ******* нар нь уг компанид ажиллаж байсан үйл баримтад маргаагүй. /хх-19-45, 57-59/

 

2.1 Хариуцагч П.******* нь компьютерийн серверийг нэхэмжлэгч ******* ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэн өгч, холболтуудыг хийж, заавар өгсөн болохыг, гэрээний зүйлийг нэхэмжлэгч компанийн компьютерийн мэргэжилтэн нь байлцаж хүлээж авсан болохыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тус тайлбарласан.

 

2.2 Худалдан авагч ******* ХХК-иас эд хөрөнгийн үнэ 3,500,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдагч П.*******д шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

3.Худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан 6 ширхэг хатуу диск нь олон жил удаан хугацаанд ашигласны улмаас гэмтэл үүсч цаашид ашиглах боломжгүй болсон. Иймд дискний үнэд төлсөн 3,500,000 төгрөг, диск оношлуулахад төлсөн 450,000 төгрөг, засварлуулахад төлсөн 10,000,000 төгрөг, гэмтэлтэй дискний улмаас ******* ХХК-иас авч чадаагүй ажлын хөлс 2,200,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...6 ширхэг диск биш компьютер буюу сервер худалдсан. Сервер дотор 6 ширхэг хатуу диск багтдаг. Анх худалдах зар байршлуулахдаа хэрэглэж байсан хуучин сервер болохыг мэдээлсэн. Худалдаж авсанаас хойш 6 сарын хугацаанд гэмтэл гарсан талаар огт мэдэгдээгүй. 6 сарын дараа сервер ажиллахгүй байна, үзээд өгөөч гэж холбогдсон ба цахилгаан холболтыг шууд салгаж унтрааж байснаас үүдэн гэмтэл гарсан байсан. Ашиглалтын явцад буруу ашигласнаас гэмтэл гаргасан гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

5. Нэхэмжлэгчээс хэрэгт ******* ХХК-ийн хард дискний оношилгооны актын гаргаж өгсөн. Хариуцагч уг оношилгооны акт нь гэрээний зүйл болох компьютерийн серверийн 6 ширхэг хатуу хард дискэнд оношилгооны дүгнэлт гаргасан болон уг дүгнэлтэд агуулагдсан баримтад мэдээлэлд маргаагүй.

Уг оношилгооны актад ...4000 гигабайт 3,5 инч 6 ширхэг хатуу дискийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр гэмтэлтэй компьютерт орж ирэхгүй байна. ZFS төрлийн өргөтгөл партишнтэй нэгдэж ажилладаг гэсэн оноштойгоор ирсэн. Тухайн хатуу дискнүүд нь ашиглалтын хугацаа маш их, мөн серверийн ачаалал хөргөлтийн тохируулга буруугаас үүдсэн халалтын хатуу дискний сектор гэмтлүүд, цахилгааны салалтаас үүдэлтэй /хүчээр унтраах, тог тасрах г.м/ логик болон физик секторын гэмтлүүд нь бүтэцийг алдагдуулж нэгдмэл болгосноос үүдэн мэдээллүүдийг харах боломжгүй болгосон байна. Тухайн хатуу дискүүд нь хэт удаан олон жил ашигласан нь мөн гэмтэхэд хүргэх шалтгаан болсон болно гэжээ. /хх-121/

Нэхэмжлэгч уг оношилгооны актыг үндэслэн хэт удаан олон жил ашигласнаас үүдэн хатуу дискэнд доголдол үүссэн болох нь тогтоогдоно гэж тайлбарласан. Гэвч тус оношилгооны актаар хатуу диск гэмтэх болсон шалтгааныг зөвхөн олон жил ашигласан болохыг тогтоогоогүй ...серверийн ачаалал хөргөлтийн тохируулга буруугаас үүдсэн халалтын хатуу дискний сектор гэмтлүүд, цахилгааны салалтаас үүдэлтэй /хүчээр унтраах, тог тасрах г.м/ логик болон физик секторын гэмтлүүд нь бүтэцийг алдагдуулж нэгдмэл болгосноос үүдэн гэмтэл гарсан болохыг мөн оношилжээ.

Үүнээс дүгнэвэл хариуцагчаас гаргасан ...ашиглалтын явцад компьютерийн цахилгааныг хүчээр шууд салгаснаас үүдэн гэмтэл гаргасан гэх тайлбар үндэслэл бүхий байна. Уг тайлбар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажилтан *******гаас П.******* руу бичсэн ...холбогдохгүй болчихоор нь гараар унтрааж асаагаад байсан гэх захидлаар тогтоогдсон. /хх-42/

 

5.1 ******* ХХК-ийн хард дискний оношилгооны актаар хатуу хард дискийг олон жил ашигласан болохыг тогтоосон ба уг үйл баримтад хариуцагч маргаагүй. Хариуцагчаас ...анх сервер зарах зарыг оруулахдаа хуучин болохыг тодорхой мэдээлсэн. ******* ХХК-ийн ажилтанууд үзэж шалгаж авсан. Худалдан авах үедээ доголдол байсан бол мэдэх боломжтой байсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...хатуу дискийг манай компанийн компьютерийн ажилтан үзэж, шалгаж авсан гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд компьютер, техникийн чиглэлээр тусгай мэдлэгтэй этгээд гэрээний зүйлийг шалгах замаар хүлээн авсан байх ба олон жил ашигласан эсэх, доголдол байгаа эсэхийг эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байжээ.

 

6. Талуудын хэн аль нь ******* ХХК-иас маргааны зүйл болох хатуу дискэнд эвдрэл гарсан болохыг П.*******д анх 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн үйл баримтыг тайлбарласан. П.*******оос 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баталгаа гаргах нь гэх бичгийг үйлдсэн байна. Уг бичигт ...2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зарсан Nas server-ийн 6 ширхэг HDD сэргээх ажилд өөрийн биеэр идэвхитэй оролцож санаа тавих болно. Мөн дата сэргээх ажил хэр удаан, хэр амжилттай явахаас үл хамааран борлуулсан серверийг буцааж төлбөрийг 100 хувь буцааж 3,5 сая төгрөгийг компанийн дансанд шилжүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгчээс уг баталгааны баримтыг үндэслэн хариуцагч П.******* нь 6 ширхэг хатуу дискний үнийг буцааж өгөх баталгаа гаргасан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Талууд худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй буюу баталгаат хугацааг тогтоогоогүй тул 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол гэрээг цуцлах болон доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр шаардах эрхтэй. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний зүйл болох хатуу дискийг хүлээн авснаар өмчлөх эрх нь үүссэн. Уг өдрөөс хойш 6 сарын хугацааг тоолвол 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрээг цуцлах болон доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх шаардлагаа гаргах хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргаснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохиролд ******* ХХК-д оношилгооны төлбөр 450,000 төгрөг, 6 ширхэг хатуу дискийг засварлуулсан ажлын хөлс 10,000,000 төгрөг, ******* ХХК-иас авах байсан ажлын хөлс 2,200,000 төгрөг тус тус гаргуулна гэж шаардсан нь үндэслэлгүй байна. Уг шаардлагаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

7.1 Нэхэмжлэгчээс хэрэгт ******* ХХК -ийн оношилгооны төлбөр 450,000 төгрөг, 6 ширхэг хатуу дискийг засварлах ажлын хөлс 10,000,000 төгрөгийн нэхэмжлэхийн баримтыг гаргасан. Уг нэхэмжлэхийн баримтыг үндэслэн ******* ХХК-иас 10,450,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэхгүй. /хх-120, 122/

Нэхэмжлэгч нь ******* ХХК-д 10,450,000 төгрөгийн төлбөр төлсөн болохоо санхүүгийн баримтаар нотлоогүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...6 ширхэг хатуу дискийг засварлуулаагүй байгаа гэж тайлбарласан атлаа засварлахад гарсан зардал 10,000,000 төгрөгийг манай компани төлсөн гэж зөрүүтэй тайлбар гаргасан нь учир дутагдалтай.

 

7.2 Нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хавсралт-1-д заасан ажлуудыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...6 ширхэг хатуу диск 2024 оны 04 дүгээр сарын хүртэл хэвийн ажиллаж байсан гэж тайлбарласан. Гэрээний зүйл болох серверийн 6 ширхэг хатуу диск 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд хэвийн ажиллаж байжээ. ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр диск хэвийн ажиллаж байх цаг хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ажлаа хүлээлгэн өгөх байсан байна.

Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгчээс гаргасан ...6 ширхэг хатуу диск эвдрэл үүссэнээс ******* ХХК-д гүйцэтгэх үүргээ биелүүлж чадаагүйгээс ажлын хөлс 2,200,000 төгрөг авч чадаагүй хохирсон гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан эсэх, төлбөр төлөхгүй талаарх мэдэгдэл өгсөн эсэх талаарх баримтаа нэхэмжлэгч хэрэгт гаргаагүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч П.*******д холбогдуулан гаргасан 16,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,850 /227,700+50,150/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.*******д холбогдох 16,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ