| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07185/И |
| Дугаар | 191/ШШ2025/00742 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00742
| 2025 01 28 | 191/ШШ2025/00742 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух бүртгэлтэй, Найман овогт Дэмбэрэлнямбын ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, тоотод оршин суух, Санырау Пушихсары овогт ын ******* /рд:/,
Хариуцагч: *******,,, тоотод оршин суух, Ители овогт ын ******* /рд:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагч А.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Б.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Х.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* нь хувийн компанитай, компанийнхаа үйл ажиллагааныхаа хүрээнд Хаан банк ХК-тай шугаман зээлийн гэрээ байгуулсан. Банктай харилцаж байх үед зээлийн мэргэжилтэн Б.*******тэй танилсан. Ингээд Б.******* нь Д.*******г компаниараа дамжуулан 600,000,000 төгрөгийн зээл авсан гэдгийг мэдсэн. Д.*******д Б.******* нь ...манай гэр бүл том машин авах гээд 100,000,000 төгрөг дутаад байгаа тул 2 сарын хугацаатай зээлээч гэж гуйдаг. Хэдэн уулзалтад тус саналыг сонсоод ямар нэгэн шийдвэрт хүрээгүй. Харин эхнэр Б.*******тайгаа гуйсан учир...залуу гэр бүл том машинаараа амьдралаа сайжруулах гэж байгаа юм бол банкнаас авсан компанийн мөнгөнөөс 100,000,000 төгрөгийг зээлье, банканд цааш нь хүүг төлж байгаа тул хугацаандаа өгөөрэй, хугацаандаа өгөөгүй тохиолдолд алданги хамгийн өндрөөр тооцно хэмээн тохиролцож, гэрээ хийхээр болсон. Б.******* нь машинаа авчихаад, эхнэр нь хотод байсан тул эхнэрийнхээ дансаар тус мөнгийг шилжүүлж авсан. Эхнэр нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нотариат дээр ирж гэрээ байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлөхөөр тохирсон. 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шалтаг, шалтгаан тоочиж, эхнэр нь жирэмсэн болж, хүүхдээ төрүүлсэн, залуу гэр бүл тул Д.******* нь зээлийн төлбөрийг шаардахгүй тэвчээртэй хүлээсэн. Бичгийн гэрээг Б.******* байгуулсан боловч зээлийн мөнгийг Б.******* Өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50 хувиас хэтэрсэн тул 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.******* нь Хятад улсад ажлын шугамаар хүнд даацын машин худалдаж авахаар явж байх үедээ Д.*******тэй холбогдож 100,000,000 төгрөгийг зээлэхээр болсон. Тухайн үед 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 3 хувийн хүүтэйгээр нийт 106,000,000 төгрөг болгож өгөхөөр амаар тохиролцсон. Хятад улсад Б.******* нь явж байсан учраас Д.******* нь эхнэр Б.*******тай гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн. Эхнэр Б.******* нь Д.*******г огт танихгүй. Б.*******тай гэрээ байгуулахдаа амаар тохиролцсон нөхцөлийн дагуу байгуулаагүй, алданги зааж их хэмжээний төлбөрийг нэхсээр ирсэн. Хариуцагч Б.******* нь өөрөө 100,000,000 төгрөгийг төлөх нь гарцаагүй боловч нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэмэлт 50,000,000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Нэхэмжлэгчээс авсан мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй хэд хэдэн шалтгаан нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс 2024 оны 01 дүгээр сарын дунд хоног хүртэл 2 сар Монгол улсад шатахууны нийлүүлэлт зогссон учраас бизнесийн үйл ажиллагаагаа явуулж ашиг орлого олж чадаагүй. Мөн Б.*******ийн ээж нь эмчилгээгээр Турк улс руу явах үед ээжийгээ харгалзсаны зэрэгцээгээр өөрөө хамрын таславчны хагалгаанд орсон. Тийм учир төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй юм. Б.******* нь нэхэмжлэгчтэй банкны зээлийн эдийн засагч байх үедээ танилцаж, нэхэмжлэгчийн хэд хэдэн зээлийн асуудлыг шийдэж өгч байсан. Иймд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
3. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Б.******* зээлийг бодитоор аваагүй. Зээл авах өдрийг хүртэл байдлаар Д.*******г танихгүй байсан. Б.*******, Д.******* нар хоорондоо харилцаатай байснаас биш Б.*******тай ямар нэгэн харилцаа холбоотой биш байсан. 100,000,000 төгрөгийн хувьд 2 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй буюу сард 3,000,000 төгрөгийн хүү төлөх байдлаар тохирсон. Б.*******эд яаралтай мөнгө хэрэг болоод ...100,000,000 төгрөгийг зээлээч, би хүүг нь баталгаатай өгнө гэж байсан учраас түүнд зээлэхээр болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байдаг. Тус зээлийг авах өдрөө Бүгд найрамдах Хятад ард улсад ажлын шугамаар явж байсан учраас Д.*******тэй ямар нэгэн бичгээр гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан ч утсаар холбогдоод, бүх нөхцөлүүдээ тохирчихсон байсан учраас зээлэхээр тохиролцоонд хүрсэн. Ингээд Б.*******ыг нотариат дээр очоод зээлийн гэрээ байгуулъя гэж Д.******* шаардсан учраас зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг Д.*******гийн зүгээс өөрийнхөө эрсдэлийг хаах зорилгоор бичгээр байгуулсан. Д.******* 100,000,000 төгрөгийг Б.******* авч байгаа гэдгийг өөрөө мэдэж байсан. Б.*******ы зүгээс ч гэсэн нөхөр Б.******* нь Д.*******гээс бизнестээ хэрэглэх байдлаар зээлж авч байгааг мэдэж байсан. Б.*******д зээл авах ашиг сонирхол байгаагүй. Б.******* 2023 оны 11 дүгээр сард хүүхдээ төрүүлсэн буюу тус зээлийн гэрээ байгуулахад 9 сартай жирэмсэн, ажилгүй, ямар нэгэн тогтмол орлогогүй, гэртээ төрөх үеэ хүлээгээд л сууж байгаа эмэгтэй байсан. Гэтэл энэ хүнд 100,000,000 төгрөгийн хэрэгцээ гараад өмнө нь уулзаж байгаагүй хүнээсээ очоод зээл авна гэдэг нь байж боломгүй зүйл. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар П.*******тэй байгуулсан зээлийн гэрээ дүр үзүүлэн байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Б.******* нь энэ авсан зээлийг хариуцах үндэслэлгүй. Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас Б.*******ы хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, зээлийн гэрээ, дансны хуулга, Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ,
4.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл, төрсний болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.******* түүний нөхөр Б.******* нарт 100,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.*******тэй бичгийн гэрээ байгуулаагүй боловч түүний хүсэлтээр эхнэр Б.*******тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж,
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...нөхөр Б.******* нь 100,000,000 төгрөгийг Д.*******гээс зээлэхээр тохирсон. Нөхөр зээл авах үед байгаагүй тул би өмнөөс нь зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Надад зээл авах хэрэгцээ, шаардлага байгаагүй, жирэмсний амралттай байсан. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж,
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...би том тээврийн хэрэгсэл авах зорилгоор Д.*******гээс 100,000,000 төгрөг зээлэхээр тохирсон. Бид алданги төлнө гэж тохироогүй. Би өөрөө Монгол Улсад байхгүй байсан тул эхнэр Б.*******тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 100,000,000 төгрөгийг төлнө, харин алдангийн төлбөр төлөхгүй гэж тус тус тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.******* нь 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, Б.******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаандаа төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагч Б.******* нь дээрх зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар хүлээн авсан болохоо тэрээр тайлбарласан, уг үйл баримтад талууд маргаагүй.
Хариуцагч Б.*******, Б.******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Зохигчдын тайлбараар Б.******* нь Д.*******гээс 100,000,000 төгрөг зээлэх зорилготой байсан болох нь тогтоогдсон боловч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр Д.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан. Гэрээний тал болох Б.******* нь өөрийн эзэмшлийн дансаар гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгө 100,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо тайлбарласан.
Хариуцагч Б.******* нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний агуулгыг өөрөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.******* нь зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тэрээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авах замаар бодит үйлдлээр гэрээг байгуулсан байна.
Д.*******, Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Иймд уг гэрээний үүргийг хариуцагч Б.******* хүлээнэ. Зээлийн гэрээгээр хүлээн авсан мөнгөн хөрөнгийг зээлдэгч Б.******* нь хэрхэн зарцуулах, нөхөр Б.*******ийн эд зүйл худалдах авах хэрэгцээ шаардлагад өгөх эсэх нь түүний эрхийн асуудал ба энэ нь зээлдүүлэгч Д.*******д хамааралгүй болно.
5.1 Зохигчдын хэн аль нь зээлдэгч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг 100,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Д.*******д тохирсон хугацаа 2 сарын дотор буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байгаа үйл баримтыг тайлбарласан.
Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж талууд тохирсон байна.
Хариуцагч нь зээлийн гэрээг байгуулах үед алдангийн тохиролцоо байгаагүй, энэ талаар огт тохиролцоогүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Б.******* нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх тул түүний ямар баримт дээр гарын үсэг зурсан болохоо сайн мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Зээлдэгч Б.******* нь гүйцэтгээгүй үүрэг 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, түүний гүйцэтгэвэл зохих үүрэг 100,000,000 төгрөгт ногдох алданги нь хууль заасан хэмжээгээр хязгаарлагдаж 50,000,000 төгрөг төлөхөөр байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******аас зээлийн үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Б.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Б.*******аас 150,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Б.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ