| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0027/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 33
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,
Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Д-ын Н-т холбогдох эрүүгийн 1835000410044 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багт оршин суух, гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2001.04.19-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2008.08.19-ний өдрийн 81 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, тэнссэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2011.08.17-ны өдрийн 91 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:МИ84091719, Б ургийн овогтой Д-ын Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Н-ын нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутагт хохирогч Р.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар :
Шүүгдэгч Д.Н нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутагт хохирогч Р.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.Б-ын: “2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр миний хуучны танил Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат Н гэдэг залуу намайг Улаангом суманд байдаг “Гранд” буудал дээр хүрээд ир гэж дуудахаар нь би очиж уулзсан. Н надад “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум руу хамт яваад ирье. Би хүнээс мөнгө авах ёстой” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн үед Ногооннуур сум руу явах гээд Бөхмөрөн сум руу явж байгаа Э гэдэг жолоочтой пургон машинаар явсан юм. Замдаа машинд Н бид хоёр 0.5 литрийн “Их Монгол” нэртэй 2 шил архи хувааж уусан. Би архи уугаад сандал дээр унтаад явж байтал гэнэт миний өмдөн дотор юм хөдлөх шиг болохоор нь сэрсэн чинь Н миний өмдөн дотор гараа хийчихсэн байхаар нь миний уур хүрээд түүний нуруу болон гар тус газар 2-3 удаа хальт цохисон. Тэгээд шөнө 00 цагийн үед Бөхмөрөн суманд ирээд Э-гийн эгчийнд очсон. Тэр үед Э дэлгүүрийн бараа буулгахаар явсны дараа Н бид хоёр Э-гийн эгчийн гэрт орж ирээд байж байгаад би замд болсон явдлыг санаад уур хүрээд Н-т хандан “Чи ямар хогийн хулгайч вэ, чи гомо юм уу” гээд хүзүү болон толгой дээр нь дарсан. Энэ үед Н босож ирээд “Чи ямар сүртэй пизда вэ. Чамайг би яагаач үгүй биз дээ” гэж хэлээд намайг бариад авахаар нь би зөрүүлээд бариад авсан. Тэгээд Н бид хоёр гэрээс гараад гэрийн гадна би шороонд бүдрээд унах үед Н миний гэдэс рүү өшиглөхөд нь би нүүрээрээ газарт саваад унасан. Босоод ирэхэд миний магнай тус газраас цус гарсан байсан. Миний духнаас цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг явах гэхэд Н намайг “Бага зүсэгдсэн байна ах. Эмнэлэг яваад хэрэггүй” гээд намайг хориод байсан. Би эмнэлэг рүү өөрөө явж байтал Э машинтайгаа ирээд бид хоёрыг аваад эмнэлэг дээр хүргээд Э буцаж яваад Бөхмөрөн сумын их эмчийг авч ирээд зүсэгдсэн газарт 7 оёдол тавиулсан. Надад эмнэлгийн анхны тусламж үзүүлж судсаар тариа хийсэн. Тэгээд Н бид хоёр эмнэлэг дээр хоносон. Маргааш өглөө нь Н бид хоёр Э-тэй очиж уулзаад “Ногооннуур сум руу хүргээд өг” гэхэд “Ажилтай” гээд явж өгөөгүй. Тэгээд М-гийн машинтай Ногооннуур суманд хүргүүлээд тэндээ хоносон. Маргааш нь Н-ын “Би Баян-Өлгий яваад маргааш Улаангом ороод тантай уулзана” гэж хэлээд явсан. Түүнээс хойш Н-ын утас холбогдохгүй байгаа бөгөөд хаана байгааг нь мэдэхгүй байна. Тухайн үед Н надаас гуйгаад “Цагдаад битгий мэдэгд” гээд байхаар нь би мэдэгдээгүй юм. Би гомдолтой байна. Энэ хүнийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
гэрч Н.Э-гийн өгсөн “Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн үед Улаангомоос Бөхмөрөн сум руу өөрийн пургон машинаар явах гэж байтал Улаангом сумын харьяат Б над руу утсаар яриад “Бөхмөрөн сум руу явна” гэж хэлсэн. Тэгээд Улаангомоос 17 цагийн үед гарахад Б, хажуудаа танихгүй залуугийн хамт ирээд Бөхмөрөн сум явсан. Замдаа Б, танихгүй залуу хоёр 2 шил 0.5 литрийн “Их Монгол” гэдэг нэртэй архи хувааж уугаад Бөхмөрөн суманд шөнө 00 цагийн үед ирсэн. Би тэр хоёрыг авга эгч болох О эгчийн гэрт оруулаад “Та хоёр энд амарч бай” гэж хэлчихээд миний машинд хөлдөж муудах бараа ирсэн учир дэлгүүрт барааг буулгах гээд явсан. Тэгээд дэлгүүрийн бараа буулгаж байтал О эгч над руу утсаар яриад “Чамтай хамт ирсэн 2 залуу хоорондоо зодолдоод болохгүй байна. Хурдан ирж салга” гэхээр би тэр дор нь очиход хашааны ар талд Б-ын толгой хэсгээс их хэмжээий цус гарсан, тэр хоёр маргалдсан хэрэлдсэн байдалтай байсан тул би сумын их эмч О рүү утсаар яриад тэр хоёрыг машинаар эмнэлэгт хүргэчихээд эмчийг гэрээс нь авч ирсэн. Эмч ирээд Б-ыг үзээд шарханд нь 7 оёдол тавьсан байсан. Тэгээд би тэр хоёрыг эмнэлэг дээр үлдээгээд гэртээ харьж амарсан. Маргааш өглөө 10 цагийн үед Б тэр хоёр хамт ирээд “Бид хоёрыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум руу хүргээд өгчих” гэхээр нь “ Би ажилтай” гээд яваагүй. Тэр хоёр өөр машинаар хүргүүлсэн гэж сонссон. Б, Н хоёр замд 2 нэг шил архи хувааж уугаад унтаад ирсэн, машинд маргалдаж хэрэлдсэн асуудал байхгүй. Харин намайг бараа буулгах гээд явсны дараа тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Б тэр хоёр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас хүнээс мөнгө авах ёстой гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,
гэрч М.О-ийн “Намайг 2018 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байтал манай сумын Э над руу утсаар “Миний машинд Улаангом сумаас ирсэн 2 залуу хоорондоо зодолдоод нэгнийх нь толгойноос цус алдаад байна” гэж ярьсан. Тэгээд удалгүй Э машинтай ирээд намайг гэрээс аваад эмнэлэг дээр очиход үл таних 2 залуу байсан ба нэгнийх нь дух хэсгээс цус гарсан байдалтай байсан. Би тэр залуугийн биед үзлэг хийгээд гэмтсэн хэсгийг нь үзэхэд дух хэсэгт саран хэлбэртэй зүсэгдсэн шарх байсан бөгөөд уг шарханд нь 7 оёдол тавьсан. Оёдол тавьж дуусаад шарханд боолт хийж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж 500 гр натри клорид, рибоксин 500 гр, витамин С 4 гр, аналгин 2 гр, демидрал 1 гр зэрэг эмүүдийг судсаар тарьж эмнэлэгт хэвтүүлсэн. Маргааш өглөө намайг ажилд ирэхээс өмнө тэр залуу эмнэлгээс гараад явсан байсан. Тухайн үед жолооч Э эрүүл байсан. Харин танихгүй 2 залуу архи уучихсан согтуу байсан. Оёдол тавиулсан залуу “Намайг надтай хамт явж байгаа энэ залуу ийм болголоо” гэж хэлж байсан. Хохирогчийн духанд үүссэн шарх саран хэлбэртэй /дугуй/, гол хэсгээрээ гүн, зах хэсгээрээ өнгөц байсан. Тэр шарх ухагдаж гэмтсэн гэмээр шарх байсан. Тухайн үед би оёдол тавиулсан залуугийн хажууд явсан залуугийн биед үзлэг хийгээгүй. Өнгөц харахад ил харагдах шарх сорви харагдаагүй. Харин куртикных нь ханцуй урагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
гэрч Б.О-ын “2018 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 00 цагийн үед гэртээ унтаж байтал миний дүүгийн хүү болох Э хажуудаа танихгүй 2 залуугийн хамт Улаангомоос манай гэрт ирсэн юм. Тэгээд Э “дэлгүүрийн бараа буулгана” гээд явсны дараа хамт ирсэн 2 залуу нь манай гэрт хоорондоо маргалдаад хэрэлдэхээр нь би “Та хоёр гэрээс гарч маргалд. Та хоёрын хэрэлддэг газар биш” гэхэд тэр хоёр маргалдаад гэрээс гараад хашааны хойд талд маргалдаж, зодолдоод байх шиг болохоор нь би Э рүү утсаар яриад “Чамтай хамт ирсэн 2 залуу зодолдоод байна” гэж хэлсэн. Удалгүй Э машинтайгаа ирээд тэр хоёрыг аваад явах чимээ гарсан. Тэгээд намайг унтаж байтал Э манайд ирээд амарсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед нөгөө хоёр залуу ирээд Э-г “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум руу хүргээд өг” гэхэд Э ”Ажилтай байна” гээд яваагүй. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Тэр хоёр залууг маргалдах үед би гэртээ ганцаараа байсан. Тухайн үед Э эрүүл байсан. Харин танихгүй 2 залуу архи уучихсан согтуу байсан. Тэр хоёр баруун талын орон дээр маргалдаж байгаад шууд гэрээс гарсан. Тэр хоёр залуу манай гэрт зодолдоогүй. Нэг нэгийгээ “Пизда минь чи хэн бэ” гээд маргалдахаар нь би тэр хоёрыг гэрээсээ гаргасан. Яг ямар шалтгааны улмаас маргалдаж зодолдсоныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 09/,
шүүгдэгч Д.Н-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Сэлэнгэ аймгаас Тува улс руу банзны наймаа хийхээр болон морь эмчлэх гэж Увс аймагт ирээд 2 удаа ОХУ руу гарсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б ахтай уулзаад “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас хүнээс мөнгө авах ажил байна. Хамт яваад ирье” гэхэд Б ах зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Бөхмөрөн сум явах фургон машинд суугаад 17 цагийн үед явсан. Замдаа Б ах бид хоёр 2 шил архи хувааж уусан. Би нэлээн согтоод машин дотор даараад Б ахыг тэврээд унтаад явж байтал гэнэт Б ах намайг “Чи ямар муухай пизда вэ” гээд миний гар болон нуруу тус газар хальт цохихоор нь “Та яаж байгаа юм бэ” гэж хэлээд тухайн үедээ өнгөрсөн. Тэгээд Бөхмөрөн суманд шөнийн 00 цагийн үед ирээд машины жолооч Э гэдэг залуу бид хоёрыг эгчийнхээ гэрт оруулаад өөрөө дэлгүүрийн бараа буулгах гээд явсан. Б ах бид хоёр Э жолоочийн эгчийнд ороод орон дээр сууж байтал Б ах намайг “Чи ямар арчаагүй пизда вэ” гээд миний хүзүү болон толгой дээр хүчтэй дараад, нухаад байхаар нь миний уур хүрээд “Би таныг яагаа ч үгүй биз дээ” гээд бид хоорондоо маргалдсан. Энэ үед гэрийн эзэн настай эмэгтэй бид хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Б ах бид хоёр гэрээс гараад хоорондоо харилцан зодолдсон. Би Б ахын гэдэс рүү хүчтэй өшиглөхөд тэр нүүр хэсгээрээ газарт унаад босож ирэхдээ магнай тус газраас нь цус гарчихсан байсан. Тэгээд Б ахын магнайнаас цус гараад тогтохгүй болохоор нь бид хоёр шууд сумын эмнэлэг явж байтал Э машинтайгаа ирээд бид хоёрыг суулгаад эмнэлэг дээр очсон. Б ахын магнай дээр 7 оёдол тавиад бид хоёр эмнэлэг дээр хоносон. Маргааш нь бид хоёр Э-тэй уулзаад “Ногооннуур сум руу хүргээд өг” гэхэд “Ажилтай” гээд явж өгөөгүй тул бид хоёр М-ийн машинаар Ногооннуур суманд хүргүүлээд тэнд хоносон. Маргааш өглөө нь Б ах Улаангом яваад, би Баян-Өлгий аймаг руу явсан. Би Б ахыг хутгаар зүсээгүй. Өшиглөж унагаахад Б ах газарт унахдаа магнайгаа зүссэн юм. Харанхуй байсан болохоор юунд зүсэгдсэн болохыг мэдэхгүй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №104 дугаартай: “Иргэн Р.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Духны хэсэгт дээрхи хэмжээтэй зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц ир, үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь хохирогч Р.Б-аас уучлалт гуйж, түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 750.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Р.Б-ын гомдол санал, нэхэмжлэх хохиролгүй талаархи тодорхойлолтоор /нотариатаар батлагдсан/ нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2001.04.19-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2008.08.19-ний өдрийн 81 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, тэнссэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2011.08.17-ны өдрийн 91 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар нотлогдсоныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Д-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд төлж биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН