Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 112/ШШ2024/0040

 

                        

 

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

            Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Г.Б,

             Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Г,

             Гуравдагч этгээд Г.М

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа нарын хооронд үүссэн Төрийн албаны  маргааныг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Х.Г, гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Г.Б г ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалд эрүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Нэхэмжлэгчийг  Дэлгэр  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 дугаар срын 27-ны өдрийн 10 дугаар захирамжаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

2.2. Нэхэмжлэгч Г.Б г Дэлгэр  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар срын 07-ны өдрийн 04 дүгээр захирамжаар Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/1164 дүгээр албан бичгийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

2.3. Нэхэмжлэгч Г.Б Дэлгэр  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар срын 07-ны өдрийн 04 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04/1526 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

  2.4. Иймд Г.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

          Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

  3.1. Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  Миний бие халагдсан талаар 2022 онд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн, талуудын харилцан тохиролцсоноор, Эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2023 оны дугаар 112/ШШ2023/0002 шүүгчийн захирамжаар хүлээлгэсэн үүргийн дагуу 2023 оны 10 сарын 27-ны өдрөөс Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан болно.

Миний бие 2024 оны 5 дугаар сард элэгний өмөн / хорт хавдар/ өвчин оношлогдсоны улмаас Улаанбаатар хотод очиж шинжилгээ, оношлогоо хийлгэн, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2024 оны 06 сарын 05-нд элэгний судас боолгох мэс засал, 06 дугаар сарын 27-нд элэг тайруулж, хавдар авахуулах мэс засал хийлгэн, хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 08 сарын 08-нд гэртээ ирсэн болно.

Намайг эмчилгээтэй байх хугацаанд, төрийн албаны зөвлөлд ирсэн мэдээллийн дагуу шалгаж, Г.Б г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шүүхийн шийдвэр гараагүй байх тул Төрийн албаны хууль зөрчиж томилогдсон Г.Б г дээрх албан тушаалаас чөлөөлж, шийдвэрийг 2024 оны 06 сарын 10-ны дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг даалгасан № 01/1164 тоот албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирүүлж, уг албан бичгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр захирамжаар миний биеийг ажлаас чөлөөлсөн байна.

Монгол улсын төрийн албаны зөвлөл нь энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэн надад мэдэгдэж ямар нэгэн тодруулга аваагүй, сонсох ажиллагаа явуулалгүй Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул миний бие гомдолтой байгаа юм.

Учир нь: Төрийн албаны зөвлөлөөс дээрх бичиг ирсэн талаар сумын Хурлын дарга надад утсаар мэдэгдсэн тул миний бие 2024 оны 06 дугаар сарын 03, 04-нд Төрийн албаны зөвлөлд бичгээр дараах хүсэлтийг гаргасан юм. Үүнд:

1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай" хуулиар иргэн надад олгогдсон эрхийн дагуу, Төрийн албаны зөвлөлд миний талаар ирүүлсэн мэдээллийн хувийг цаасан хэлбэрээр гаргуулж авах

2 .Миний бие 1998-2011 онд төрийн захиргааны албан тушаалд, 2011-2022 онд төрийн улс төрийн албанд ажиллаж байсан ба 2022 оны 10 сараас хойш ажилгүй байсан хугацааг нөхөн тооцох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, мөн 2024 оны 05 сарын 22-нд Говь-Алтай аймагт явагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтанд орж тэнцсэн байгаа тул дээрх шийдвэрээ эргэн үзэж, уг шийдвэртэй холбогдуулан гаргаж байгаа гомдлыг барагдуулж өгөх зэрэг хүсэлт гаргасан болно.

Гэтэл төрийн албаны зөвлөл нь иргэн миний гомдлыг барагдуулах талаар ямарч санаачлага гаргаагүй бөгөөд тухайн байгууллага нь нийтийн мэдээлэл хариуцагч мөртлөө иргэн миний эрх ашгийг хохирооход нөлөөлсөн мэдээллийн хувийг гаргуулж авах тухай хүсэлтийг, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг баримтлан гаргаж өгөхөөс татгалзсан нь миний өөрт хамааралтай нийтийн мэдээллийн эх сурвалжийг олж авах эрхийг давхар зөрчсөн үйлдэл болно.

Иймд: Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хэрэгсэн, миний биеийг ажлаас хууль бусаар халуулсан, төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01/1164 тоот албан бичиг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Г.Бг ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалд эрүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах

  2. Нийтийн мэдээлэл хариуцагч болох Монгол улсын төрийн албаны зөвлөлд иргэн миний өөрт хамаарал бүхий мэдээллийн хувийг цаасан хэлбэрээр гаргуулж авахаар гаргасан хүсэлтийг хангахаас хууль бусаар татгалзаж, миний мэдээлэл ава эрхийг боогдуулсан тул уг мэдээллийн хувийг гаргуулан өгч, гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

   3.2. Нэхэмжлэгч Г.Б нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би 1998 оноос эхэлж төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаад 2022 онд үндэслэлгүйгээр огцорсон. Ингээд шүүхэд хандаад шүүх хэрэг үүсгэн хянаж байх явцад  аймгийн Засаг дарга, сумын хурлын дарга бид нар эвлэрлийн гэрээ байгуулсан юм. Эвлэрлийн гэрээний дагуу би Засаг даргаар гэхгүй төрийн захиргааны албанд ажиллана гэсэн гэрээ байгуулаад 2022 оны 01 дүгээр сарын 11-нд бид нарын гэрээ батлагдаад шүүхийн захирамж гарсан. Би 2022 оны 10 дугаар сарын 27-нд иргэдийн хурлын нарийн бичгийн даргын орон тоо гарсан тул уг орон тоонд ажиллаж байсан. 2024 оны 05 дугаар сард хэн нэгэн иргэн миний талаар хууль бусаар томилогдсон гэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна гээд сумын хурлын даргад Төрийн албаны зөвлөлөөс бичиг тоот өгсөн байсан. Тэр талаар надад мэдэгдсэн юм байхгүй. Тэр үед миний эрүүл мэндийн байдал муудаж, нэлээн хүнд өвчтэй байсан тул Улаанбаатар хотод эмчилгээ, сувилгаанд орсон. Тэгэхэд “таныг ажлаас чөлөөл гэсэн бичиг ирлээ” гэж хурлын дарга над руу утсаар ярихад нь би “над руу тэр бичиг тоотыг нь явуулаадхаач, би танилцаад Төрийн албаны зөвлөлд хандмаар байна” гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл би 5 сарын 22-нд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээд төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байсан. Тэгээд манай охин очиж зургийг нь аваад над руу явуулсан. Би Төрийн албаны зөвлөлд бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтдээ “би төрийн албанд олон жил ажилласан, өөрийнхөө эрх, боломжийг эдлээд төрийн албанд түр томилогдоод тэтгэмжээ аваад гарчихмаар байна, ийм учраас намайг төрийн албанд түр томилоод тэтгэмжийг олгоод гаргах боломж байна уу” гээд хүсэлт гаргасан. Хоёрдугаарт: Миний талаар ямар мэдээлэл ирсэн юм бэ? Тэр мэдээллийг надад гаргаж өгөөч. Би өөрийнхөө мэдээлэлтэй танилцана гэсэн хоёр хүсэлтийг бичгээр гаргасан. Надад хариуг нь өгөөгүй. Би эмнэлэгт хэвтээд 2, 3 сар болсон. Хэнтэй ч холбогдож чадаагүй. Тэр хугацаандаа би хурлын даргадаа нэг хүсэлт тавьсан. Би удаан хугацаагаар ажил хийхгүй тэгээд намайг чөлөөлчих тэгэхдээ 3 сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай бол түр чөлөөлнө гэсэн заалт байдаг. Тэр заалтаар чөлөөлж өгнө үү гэсэн. Түр ч гэсэн эргэж төрийн албанд ажиллаад тэтгэмжээ аваад гарах бодолтой байсан. Тэгээд Хурлын даргад хэлээд захирамжийн төслөө бичээд өгсөн. Тэгээд хагалгаанд ороод 10 гаруй хоног хүний асаргаанд байсан. Сумын хурлын байгууллага 3 ажилтантай хурлын дарга нарийн бичгийн дарга мэргэжилтэн гээд тэгээд бас хамт ажиллаж байсан, олон жил ажилласан учир миний хүсэлтийг биелүүлэх байх гэж бодож байсан. 8 дугаар сард сум аймгийн эмнэлгийн хяналтад явж болно гээд ирээд сумын эмнэлэгт 7 хоног, аймгийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эргээд хяналтдаа орохоор буцах болсон. Хурлын даргадаа намайг яаж чөлөөлсөн талаар баримтыг өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Тэгэхэд намайг миний хэлснээр чөлөөлөөгүй байсан. Төрийн албаны зөвлөлийн албан тоотыг үндэслэн тэр заалтаар чөлөөлсөн байсан. Би 270 сар ажилгүйдлийн даатгалын шимтэл төлж ажилласан байгаа юм. Ийм учраас ажлаас чөлөөлсөн шийдвэрээ надад өгсөн бол би 28 хоногийн дотор нийгмийн даатгалын газарт материалаа бүрдүүлж өгөөд ажилгүйдлийн даатгалын шимтгэл авах байсан. Ийм учраас надтай нэг ч удаа яриагүй. Таныг Төрийн албаны зөвлөлөөс чөлөөлсөн учир та баримтаа бүрдүүлээд аваарай гэсэн бол өөр байх байсан. Ийм байдлаас болоод эрх ашиг минь хохирч гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны зөвлөл бас нэг талыг барьсан. Тэр дээр ямар хүн мэдээлэл өгсөн юм бэ мэдэхгүй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд миний талаар ирсэн мэдээллийг надад өгөх ёстой байдаг, гэтэл өгөөгүй. Хувь хүний мэдээлэл хадгалах тухай хуулиар танд өгөх боломжгүй гэсэн. Хоёрдугаарт Монгол Улсад хамгийн дээд эрх мэдэл нь шүүх эрх мэдэл байдаг гэж ойлгодог. Би шүүхийн шийдвэрт бүх зүйлээ өгсөн байсан. Төрийн албаны зөвлөл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ёстой, үгүйсгэх эрхгүй байгууллага гэж ойлгодог. Хэн нэгэн иргэн мэдээлэл өгсөн ч гэсэн энэ хүний талаар шүүхийн шийдвэр байгаа юм байна гэж үзээгүй. Би төрд олон жил ажилласан. Над шиг төрд олон жил ажиллаад тэтгэмжээ авч чадаагүй тэтгэвэрт гарсан хүн манай сумд байхгүй. Мөн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй давхар хохирч байгаа. Иймэрхүү байдлаас болоод өөрийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээлгэе, эрх ашигаа хамгаалуулъя гэсэн хүсэлттэй байгаа гэв.

          3.3 Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-нд хуралдсан. Тус хуралдаанаар Х.Г би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. Хэргиййн материалтай танилцах явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Ц.Б нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын ажлын байр буюу төрийн захиргааны ахлах түшмэлийн албан тушаалын зарыг олон нийтэд мэдээллээгүй төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий болон тусгай шалгалтанд ороогүй уг албан тушаалын шаардлага хангаагүй иргэнийг томилсон байна.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 дугаар 07-ний өдрийн 10 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хууль зөрчсөн томилгоо хийгдсэнээс уг зөрчил маргаан үүсэх шалтгаан болсон байгаа нь төрийн албаны зөвлөлөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ирүүлсэн хууль хэрэгжүүлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 01/1164 албан тоотоос харагдаж байна.

  Иймд Г.Бг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 04 тоот захирамжийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна гэжээ.

   3.4. Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Г.Б гийн тухайд хууль зүйн нэлээн юмнуудыг тайлбартаа тусгасан байна. Хоёр хуулийн заалт дээр тайлбар өгье гэж бодож байна. Төрийн албаны төв байгууллага нь өөрөө иргэнээс ирсэн гомдол мэдээллийг мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэдэг хуулийн заалтын дагуу төрийн албаны зөвлөл хандсан байна гэж ойлгож байгаа. Төрийн албаны төв байгууллага нь 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр заалтуудад заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож буруутай албан  тушаалтныг үүрэгт байдлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх гээд төрийн албаны зөвлөл байгууллагын үүрэг байгаа. 32.2 нь эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасныг биелүүлж авсан арга хэмжээнийхээ талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ гээд ажиллагаа өгсний талд төрийн албаны төв байгууллагаас хандсан хуулийн заалт байна. 50.1 төрийн албан хаагчийг төрийн албан хаагч нар хууль бусаар томилсон чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай этгээдээр, албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэдэг ийм хуулийн заалт байгаа учраас миний тухайд эвлэрч энэ хэдэн асуудал ярихаар нөгөө ажлаас чөлөөлөгдсөн хүн дээр эргээд хариуцлага тооцох учраас эвлэрэх боломжгүй байна гэж харж байгаа. Нөгөө талдаа төрийн албаны ерөнхий шалгалт дуусаж бүртгэгдсэн байгаа учраас цаашид сонгон шалгаруулалт явуулах ажлын байруудаар ерөнхий болон тусгай шаардлага нь хангаж байгаа нөхцөлд бол энэ хүнийг ороод дараа дараагийн ажлын байранд өрсөлдөх эрх нь нээлттэй байна гэж үзэж байгаа гэв.

         3.5. Гуравдагч этгээд Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Г.М миний бие нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд Г.Б г иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг гүйцэтгэгчээр томилохдоо хууль бус томилгоо хийгдэн томилсон. Уг хууль бус томилгооноос үүдэн сумын Засаг даргын албан тоот, Төрийн албаны зөвлөлийн хууль хэрэгжүүлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 01/1164 албан тоот хурлын ажлын албанд ирсэн мөн Төрийн албаны хуулийн тухай ерөнхий болон тусгай шалгалтад ороогүй, 2020 оны сонгуулийн үр дүнгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаагүй зэрэг үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Г.М миний бие сум хариуцсан Тогтвортой Амьжиргаа -2 төслийн зохицуулагчаар 2 жил, Дэлгэр сумын Гуулин тосгон хариуцсан татварын улсын байцаагчаар 9 жил, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүрэг гүйцэтгэгчээр 1 жил, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнээр 1 жил ажиллаж байгаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын ажлын байрны албан тушаалын шаардлага хангаж байгаа албан хаагчийн хувьд тухайн ажлын байранд томилогдон ажиллаж байгаа бөгөөд оны сүүлээр зарлагдаж байгаа төрийн албаны тусгай шалгалтад орохоор ажлын байрны зарыг хүргүүлэн ажиллаж байна. Г.М миний тухайд төрийн захиргааны алба болон орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Тухайн үед төрийн алба хааж байгаа албан хаагчийн тухайд Г.Б нь өвчтэй эмнэлгээр явна гэсэн ямар нэгэн чөлөө хүссэн өргөдөл санал хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга болон ажлын албанд албан бичгээр гаргасан зүйл байхгүй явсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.6. Гуравдагч этгээд Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б даргыг хурлын нарийн бичгээр томилогдоход би иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэгээд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр гарахад ажлын байрны шаардлага хангаж байгаа нь миний бие байсан. Тухайн үед хурлын дарга Ц.Б бид нар олон жил ажилласан хүмүүс байсан учраас Г.Б даргыг авч ажиллуулъя гээд ажиллаж байсан. Г.Б дарга өөрөө бас хэлж байсан. Би ийм байдлаар томилогдсон. Та хоёроос хүсэх юм байна. Та хоёр 06 дугаар сарын 01 хүртэл намайг ажиллуулаад өгөөч. Тэр болтол ах нь тэтгэмжээ хөөцөлдөөд болгоно” гэж хэлсэн. Үнэндээ ерөөсөө буруу зөрүү санаагүй. Тэгээд ажиллаад л явж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн албан тоот ирсэн. Угаасаа буруу томилгоо хийчихсэн байсан учраас энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бол болохгүй гээд хурлын дарга тэр бичгийг нь танилцуулаад чөлөөлөхөөр болсон гэж хэлүүлсэн. Сая Г.Б дарга мэдээгүй гээд л яриад байх шиг байна. Мэдээгүй биш л дээ. Ц.Б дарга бол ирэнгүүт нь танилцуулаад Г.Б даргын охин нь төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг охин нь ирж зургийг нь дарж аваад Г.Б даргад өгсөн. Ц.Б дарга ч гэсэн хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа ийм бичиг ирсэн бол чөлөөлөгдөхөөс өөр аргагүй юм байна гээд захирамж төлөвлөөд явуулсан. Миний тухайд хууль зүйн үндэслэл, Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа л гэж үзэж байна гэв.

  3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гуравдагч этгээд бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа ийм этгээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн Г.Б гуайн оронд хууль ёс журмын дагуу томилогдсон учраас өнөөдөр эрх ашиг нь хөндөгдөж байна. Бид нарын зүгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн ийм санал тавих гэж байгаа юм. Яагаад гэхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дэх хэсэгт нь манайх бол бие даасан шаардлага гаргаагүй тэгэхээр гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэж багасгахаас бусад гэж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож татгалзана уу гэсэн ийм байр суурьтай байгаа. 09 дүгээр сарын 3-нд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг харахад ойлгомжгүй ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гээд байгаа болохоос биш яг үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага бол тодорхой бус харагдаж байгаа юм. Дараагийн дугаарт нь миний үйлчлүүлэгч 2024 оны 06 дугаар сарын 19-ний 06 дугаартай  Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан хэргийг давхар орлон гүйцэтгэхээр томилсон. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан учраас дээрх хурлын даргын захирамжаар томилогдсон хууль зүйн үндэслэл журмын дагуу томилогдсон мөртөө өнөөдөр энэ хүний эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа, ажлын байрны хувьд эрсдэлд орсон гэж үзэж байгаа. Г.Б нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар захиргааны актад гомдол гаргах хугацаа 30 хоногийн дотор гомдол гаргах хугацаатай байхад захиргааны байгууллагад гаргах заалттай энэ заалтыг харахад бол зөрчигдсөн байгаа. Дараагийн дугаарт Г.Б хэлэхдээ намайг яс үндсээр ялгаварлан гадуурхаж байна, би өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэдэг зүйл яриад байна. Энэ хэрэгт өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг байдлаар төрийн албаны зөвлөлийн 47 дугаар зүйлийн 2.2-т зааснаар чөлөөлсөн нэг ч өгүүлбэр байхгүй байгаа. Яагаад энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм бэ гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01164 дугаар тоотын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргээс чөлөөлсөн. Энэ Төрийн албаны зөвлөлийн бичгийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдөр хуульзүйн үндэслэл журмын дагуу чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийг албан тушаалын жагсаалтад шинэчлэн батлах 487 дугаар тогтоолоор сумын иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын удирдах тушаалд хамаарахаар зохицуулжээ. Гэтэл Г.Б нь Төрийн албаны тухай хуульд хорин долоодугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах томилох мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шалгалт зохицуулалтыг тус тус зөрчсөн байна. Төрийн албаны шалгалтгүйгээр томилсон байна. Ийм учраас 2024 оны 06 дугаар сарын 10-ны дотор энэ хүнийг чөлөөлж хариуг Төрийн албаны зөвлөлийн дарга Ц гэсэн ийм албан тоот ирсэн. Гэтэл энэ хүн өнөөдрийн байдлаар харахад төрийн албаны ерөнхий шалгалт өгөөд нөөцөд орсон юм боловч тухайн албан тушаал дээр тусгайлсан шалгалтыг өгөөгүй мөн л Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар заалтыг зөрчсөн байдлаар бол томилогдож ажилласан байгаа. Г.Б г журмын дагуу чөлөөлсөн байхад би хууль зүйн үндэслэл журмын дагуу бус ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар миний үйлчлүүлэгч гуравдагч этгээдийн эрх ашиг бол хөндөгдөж байгаа юм. Энэ хүн хууль зүйн үндэслэл журмын дагуу томилогдсон ийм хүн байгаа юм. Миний үйлчлүүлэгч хууль зүйн үндэслэл журмын дагуу дээрх ажилд томилогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид нар ялгаварлан гадуурхаж шийдвэр гаргасан зүйл байхгүй. 06 дугаар сарын 19-нд миний үйлчлүүлэгч Г.М хууль журмын дагуу томилогдсон юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Г.Б гаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан “Эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

  Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг дахиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Г.Б г сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлжээ. 

5. Нэхэмжлэгч Г.Б гаас: - Төрийн албаны зөвлөл ямар нэг сонсох ажиллагаа хийлгүй намайг чөлөөлсөн, иргэн миний мэдээлэл авах эрхийг зөрчиж надад хамааралтай мэдээллийг өгөөгүй, тухайн албан тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон байхад үүнийг нягтлаагүй, намайг ямар нэг тэтгэмж тусламжгүй чөлөөлсөн  гэж,

Хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас: - Г.Б нь төрийн албаны хууль тогтоомжийн дагуу томилогдоогүй учир түүнийг Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан тоотыг үндэслэн ажлаас чөлөөлсөн, уг шийдвэр хуульд зүйд нийцэж байгаа гэж тус тус маргадаг.

6. Гуравдагч этгээдээс: “...Нэхэмжлэгч маргаан бүхий актын төслийг өөрөө боловсруулсан мэдэж байгаа. Мөн түүний охин манай сумад ажилладаг, захирамжийг хугацаанд нь мэдсэн” шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбар гаргадаг. 

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-т Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй. гэж заасан.

Нэхэмжлэгч маргаан бүхий захирамжийг гарах үед Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан болох нь нотлогддог. Харин хариуцагчаас уг нөхцөл байдлыг няцаах нотлох баримтыг гаргаагүй болно.

Иймээс нэхэмжлэгчийн маргаан бүхий захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан гэх тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг уг актын талаар маргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Г.Б нь 2020 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан байна. Энэ нь Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 01 дүгээр тогтоол, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар захирамжаар Дэлгэр сумын Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.

Г.Б Говь-Алтай аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцсэнийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар баталсан байдаг.

8. Үүний дараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2020 оноос 2024 оны орон нутгийн Хурлын сонгууль хүртэл ажиллаж байсан Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Б г ажлын байраар хангахаар аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эвлэрсэн боловч томилгоо хууль бус байсан учраас буцаад чөлөөлсөн” гэсэн байдаг.

Дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдож байх боловч төрийн захиргааны албан тушаалд төрийн албаны хууль тогтоомжид нийцээгүй томилгоо хийснийг зөвтгөн дүгнэх боломжгүй.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.7.аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ...; гэж, 10.1.Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.2.төрийн захиргааны албан тушаал; 10.1.3.төрийн тусгай албан тушаал; 10.3.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ. гэж заасан байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлий 26.1-т Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно.,  26.2-т Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно. гэжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан тушаалд иргэнийг томилох үндсэн зарчим нь чадахуйн зарчим юм. Энэ зарчим нь иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох үндсэн агуулгатай байна.

9. Нэхэмжлэгч Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 05 дугаар сард төрийн албаны ерөнхий шалгалт өгч Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 248 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байх боловч энэ нь түүнийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн мөн хуулийн 33.2.1-д заасан ерөнхий шалгалтыг өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэний дараа, тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгч уг албан тушаалд томилогдохоор журамлажээ.

10. Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй.

11. Нэхэмжлэгчээс би төрийн албанд 30 гаран жил ажилласан боловч ямар ч тэтгэмж, тэтгэлэггүй чөлөөлөгдсөн гэж маргадаг. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно., 61 дүгээр зүйлийн 61.1.1-т албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; гэж заасан байна.

   Маргаан бүхий актын үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6-д Хурлын нарийн бичгийн даргыг хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх;, Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно. гэснийг тус тус  үндэслэжээ.

            Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч төрийн захиргааны албан тушаалд зохих ёсоор томилогдоогүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй учир төрийн захиргааны албан хаагчийн хувьд олгогдох тэтгэмж, тэтгэлгийг шаардах эрхгүй байна. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл нөхцөл баталгаа түүнд хамаарахгүй.  

 

12. Нэхэмжлэгчээс “Төрийн албаны зөвлөл ямар нэг сонсох ажиллагаа хийлгүй намайг чөлөөлөх чиглэл өгсөн, иргэн миний мэдээлэл авах эрхийг зөрчиж надад хамааралтай мэдээллийг надад өгөөгүй гэж” маргаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар тус шүүх Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/1164, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04/1526 тоот албан бичгүүдийн талаар дүгнэлт хийх боломжгүй.

         13. Дээрх үндэслэлүүдээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 15. Харин нэхэмжлэгчээс: “...надад ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг хугацаандаа мэдэгдээгүйн улмаас би ажилгүй байсан хугацааны тэтгэмжээ авч чадаагүй” гэж маргаж байх боловч нийгмийн даатгалын сангаас авах тэтгэвэр, тэтгэмжийн харилцаанд энэ шийдвэр хамаарахгүй болно.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 26.1, 27.1.1, 33.2.2, 33.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэн Г.Б гаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН