| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06702/И |
| Дугаар | 191/ШШ2025/00931 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00931
| 2025 01 31 | 191/ШШ2025/00931 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, Эрхүд овогт ийн ******* /рд:/,
Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, Онход овогт ын ******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, Оргил худалдааны төвийн байранд оршин байрлах ******* ХХК /рд:/-д холбогдох,
Орон сууцны талбайн зөрүү үнэ 15,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгч Б.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч С. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын 21/80 дугаар гэрээг хариуцагч ******* ХХК-тай байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Оргил 21 хотхоны 21-А байр,*******, тоот, 77 метр квадрат талбайтай орон сууцыг 277,200,000 төгрөгөөр авахаар тохирсон. Үүнээс 50 хувийн бэлэн төлөлт хийсэн гэж 1 метр квадрат бүрээс 100,000 төгрөг хасаж 7,700,000 төгрөгөөр хөнгөлж, орон сууцны үнийг 269,500,000 төгрөгөөр, 9,43 метр квадрат гараашийг 29,000,000 төгрөгөөр тооцож, нийт 298,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Бид гэрээ байгуулсан өдрөө гэрээний үнийн дүнгийн 50 хувь 149,250,000 төгрөг төлж, үлдэгдэл 149,250,000 төгрөгийг Голомт банкнаас орон сууцны зээл авч, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлж дуусгасан. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байранд орсны дараа байрны оршин суугчдын хооронд талбайн зөрүүтэй байна гэх яриа гарсан. Үүнийг сонсоод орон сууцны талбай хэмжилт хийдэг компанид хандаж, өөрсдийн авсан орон сууцны талбайн хэмжээг тогтоолгоход 72,43 метр квадрат байсан. Худалдан авсан орон сууцны талбайгаас даруй 4,57 метр квадратаар дутсан. Энэ талаар ******* ХХК-ийн холбогдох хүмүүст хэлж уулзахад, ...бид орон сууцны талбайн хэмжээнд барилгын ханыг оруулан тооцдоггүй, хэмжилтийн компани буруу хэмжсэн байна гэсэн хариу өгсөн. Худалдан авсан орон сууцны талбайн зөрүү 4,57 метр квадрат ба 1 метр квадрат нь 3,500,000 төгрөгөөр тооцон, нийт зөрүү 15,995,000 төгрөг гарч байгаа. Орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэйг нүдээр хараад мэдэх боломж байхгүй. MNS:605829 гэх стандартыг барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани заавал дагаж мөрдөх ёстой. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хууль, дүрмийг заавал биелүүлж, хууль дүрэмд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Гэвч тогтоосон тоо хэмжээ зөрж, хүрэхгүй, дутаж байгаа юм. Тэгэхээр биет байдлын доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 254.4 дэх хэсэгт ...Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө, 254.3 дахь хэсэгт ...Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж тус тус заасан. Иймд орон сууцны талбайн зөрүү 15,995,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.*******, Б.******* нартай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21/80 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Оргил 21 хотхоны 1 дүгээр ээлжийн*******ны тоот хаягт байрлах 77 метр квадрат талбайтай орон сууцыг авто зогсоолын хамт худалдан авсан. Гэрээний нийт дүн 306,200,000 төгрөгөөс манай компани 7,700,000 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжлэгч нарт үзүүлж, нэхэмжлэгч нар нь 298,500,000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нартай гэрээ байгуулахаас өмнө манай компани нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж дууссан байсан. Барилгын заслын ажил явагдаж байсан. Нэхэмжлэгч нар нь орон сууц захиалгын гэрээ байгуулахаас өмнө гэрээний нөхцөл зураг төсөл болон худалдан авах орон сууцтай танилцсаны үндсэнд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалга өгсний дараа орон сууцыг бариагүй. Орон сууцыг барьсныхаа дараа нэхэмжлэгчийн сонгосон орон сууцыг худалдсан болно. Гэрээний 02 дугаартай хавсралт зурагт үзүүлсэн орон сууцны таналттай хэмжээг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг өрөө хоорондын ханыг оруулахгүйгээр хэмжиж тодорхойлсон гэдгийг нэхэмжлэгч нарт гэрээ байгуулахаас өмнө хэлж тайлбарласан байсан. Тиймээс нэхэмжлэгч нь сонгосон орон сууцны талбайн хэмжээг MNS:605829 гэсэн стандартын дагуу хэмжүүлбэл зөрүү гарна гэдгийг гэрээ байгуулах үед мэдсэн байсан. Нэхэмжлэгч нар нь доголдолтой гэж үзэж байсан бол гэрээ байгуулахгүй, орон сууцыг хүлээн авахгүй татгалзах эрхтэй байсан. Мөн орон сууцыг хүлээн авах үедээ гуравдагч этгээдээр хэмжүүлэн 4,57 метр квадрат зөрүүг тодорхойлох боломжтой байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна. Орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх хэсэгт ...гэрээний үнийн тодорхойлолтод орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй бөгөөд харин хотхоны байрлал, дэд бүтцийн хөгжил, гадаад дотоод орчин, нөхцөл, өрөөний тоо, давхар, барилгын чанар материал, орон сууцны цонх ертөнцийн аль зүг рүү харсан гэх мэт хүчин зүйлүүдийг үндэслэсэн болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нар нь 4,57 метр квадрат талбайг 3,500,000 төгрөгөөр үржүүлж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тохиролцсон зүул байхгүй. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон тэмдэглэл, орон сууцны зээлийн гэрээ, орон сууц захиалгын гэрээ,
3.2 хариуцагчаас гаргасан орон сууц захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэ 15,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...77 м.кв талбайтай орон сууц авахаар тохирсон боловч хэмжилт хийлгэхэд 4.57 м.кв дутсан. Гэрээгээр тохирсон хэмжээнээс дутсан доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгсөн байна. 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тохирсон тул зөрүү 15,995,000 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Гэрээгээр орон сууц болон автозогсоолын нийт үнийг 298,500,000 төгрөгөөр тохирсон. 1 м.кв талбайг 3,500,000 төгрөг гэж тохироогүй. Нэхэмжлэгч нар нь баригдаад бэлэн болсон орон сууцыг орж үзээд авсан. Тухайн үедээ хэмжилт хийлгээд талбайн зөрүү байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан. Орон сууцны талбайн хэмжээг өрөө хоорондын ханыг оруулахгүйгээр тодорхойлсон гэдгийг гэрээ байгуулахдаа мэдэгдсэн гэж тус тус тайлбарлаж маргасан.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Зохигчдын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь , *******,*******,*******,*******, тоотод байрлах,, тоотод байрлах, 9.43 м.кв талбай бүхий автозогсоолыг хүлээлгэн өгөх, Б.*******, Б.******* нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ 306,200,000 төгрөгөөс 7,700,000 төгрөгөөр хөнгөлүүлж, нийт 298,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
3.1 Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг 298,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтад талууд маргаагүй.
Мөн хариуцагч ******* ХХК нь , *******,*******,*******,*******, тоотод байрлах,, тоотод байрлах, 9.43 м.кв талбай бүхий автозогсоолыг нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарт хүлээлгэн өгсөн үйл баримтыг талуудын хэн аль тайлбарласан.
3.2 Нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарыг Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,,, тоотод байрлах, 77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ. Уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч талууд уг баримтад агуулагдсан баримтад мэдээлэлд маргаагүй.
Нэхэмжлэгч Б.*******ын захиалгаар ******* ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрээний зүйл болох *******,*******,*******,*******, тоотод байрлах, 77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны талбайд хэмжилт хийжээ. Уг хэмжилтээр ...Орон сууцны барилгын дотор сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 Монгол Улсын стандартын дагуу хэмжилт хийж хэмжилтийн зураг хийв. Хэмжилтийн зургийн дагуу сууцны нийт талбай нь 72.43 м.кв байна гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд ...гэрээ байгуулах үед орон сууц руугаа биечлэн орж үзсэн. Дотор засал нь дууссан байсан гэж, хариуцагчаас шүүхэд ...улсын комисс хүлээн авахад бэлэн дотор засал хийж байсан орон сууцыг үзүүлж, хүлээлгэн өгсөн гэж тус тус тайлбарласан.
Талуудын тайлбараас дүгнэхэд бичгээр гэрээ байгуулагдах үед орон сууц баригдсан байсан болох нь тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч ******* ХХК нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан.
******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцанд Монгол Улсын MNS6058:2009 стандартын дагуу хэмжилт хийсэн байх ба уг хэмжилтээр орон сууцны талбай нь 72.43 м.кв болох нь тогтоогдсон байна. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч нараас хэрэгт баримтаар гаргасан ******* ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.
5.1 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж, 254.4 дэх хэсэгт Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******, Б.******* нар нь орон сууцны дутуу талбайн үнийг шаардах эрхтэй.
Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх тохиолдолд орон сууцны 1 м.кв талбайн үнийг талууд хэдэн төгрөгөөр тохиролцсон болохоо худалдах-худалдан авах гэрээнд тодорхой тохиролцож, тусгасан байх шаардлагатай. Талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр орон сууц болон автозогсоолын үнийг нийт 298,500,000 төгрөгөөр тохиролцсон буюу орон сууцны 1 м.кв талбайн үнийг тохироогүй байна.
Нэхэмжлэгч нар ...нийт төлөх 298,500,000 төгрөгийн дүнгээс автозогсоолын үнэ 29,000,000 төгрөгийг хасч, орон сууцны үнэ 269,500,000 төгрөгийг 77 м.кв талбайд хуваавал 1 м.кв талбайн үнэ 3,500,000 төгрөг гарна гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан баримтаар орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,500,000 төгрөг болох нь тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд автозогсоолын үнийг 29,000,000 төгрөг гэж тохироогүй, дээр дүгнэснээр орон сууц болон автозогсоолын нийт үнэ 298,500,000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагчаас ...автозогсоолын үнийг тусад нь ялгаж үнэ тогтоогоогүй, орон сууц, зогсоолын үнийг нийт 298,500,000 төгрөгөөр тогтоосон гэж маргасныг нэхэмжлэгч нар баримтаар үгүйсгээгүй.
5.2 Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.
Нэхэмжлэгч нараас ...орон сууцыг худалдан авах үедээ борлуулалтын ажилтантай хамт орон сууцанд орж үзэх замаар давхар, өрөөний сонголтыг хийж бичгийн гэрээг байгуулсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.
Үүнээс дүгнэхэд орон сууцны барилга талуудыг гэрээ байгуулах үед баригдсан байсан, бичгийн гэрээг байгуулахаас өмнө талбайн хэмжилтийг хийлгэх замаар зөрүү байгаа эсэхийг мэдэх боломжтой байхад уг эрхээ худалдан авагч Б.*******, Б.******* нар хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгийн доголдол буюу орон сууцны талбайн зөрүү үнийг шаардах эрхээ алдсан байна.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 15,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
8. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.******* бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн Оpendata.burtgel.gov.mn нээлттэй мэдээллээр тогтоогдсон. Уг нээлттэй мэдээлэл нь нийтэд илэрхий баримт байгааг дурдах нь зүйтэй.
https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/VUZCV2pQbGZPVVRld0FvNm1RRFlZQT09OjqcOHvbUi_iZOOkxMg9MTLo
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох 15,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ