2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01007

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 04

191/ШШ2025/01007

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: , тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Батад овогт гийн ******* /рд:/-д холбогдох

 

55,861,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь лабораторийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл болон эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 2023 оны зун бизнес эрхлэгч залуучуудын байгууллагын шугамаар Б.*******той анх танилцсан. Б.******* тухайн үед өөрийгөө банкны салбарт ажилладаг, хүний итгэл найдвар даахуйц, хөдөлмөрч залуу үеийн төлөөлөл гэдэг анхны сэтгэгдэл төрүүлсэн. Энэ үед манай компани БНХАУ-аас VIRTOUSE брендийн РRР төрлийн эмчилгээний шинэ бүтээгдэхүүн оруулж, зах зээлд таниулах зорилгоор худалдааны төлөөлөгч хайж байх үетэй давхцаж, Б.*******од уг ажлыг хариуцан ажиллах санал тавьсан.

Ийнхүү манай компани Б.*******той борлуулалтын менежер албан тушаалд 2024 оны 02 сарын 28-ны өдөр №04 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар ажилд авсан. Мөн ар гэрийн гачигдлын улмаас бага насны хүхэд харах хүнгүй тул 3 сарын хугацаатай хүүхэд асрагч хөлслөх шаардлагатай гэх хүсэлтийг харгалзан үзэж 2024 оны 02 сарын 28-ны өдөр Хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 дэх сараас сарын 3 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээл олгосон.

Улмаар 2024 оны 04 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн сарын 3,000,000 төгрөгийн цалинтай байхаар харилцан тохиролцсон бөгөөд Б.******* 2024 оны 08 сар хүртэл уг ажилд томилогдон ажилласан. Тус албан тушаалд ажиллах хугацаандаа Б.******* компанийг төлөөлөн ******* ХХК-тай 2024 оны 3 сарын 25-нд №ВNМ-А- 24/001 тоот Хамтран ажиллах онцгой эрхийн гэрээ байгуулж, бүтээгдэхүүн захиалгын дүн жилийн 360,000,000 төгрөг, нэг удаагийн захиалга 40,000,000-75,000,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан.

Б.******* 2024 оны 05 сард үндсэн ажилтан болсноос хойш ...бага насны хүүхэдтэй, хүүхэд асрах хүн олдохгүй байна гэхдээ гадуур ажлаа хийж байгаа гэх шалтгаанаар ажилдаа ирэх нь багассан. Улмаар 2024 оны 07 сараас ажилдаа огт ирэхгүй байсаар 2024 оны 08 сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасныг үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг 2024 оны 08 сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон.

Гэтэл дээрх хугацаанд Б.******* нь байгууллагаас олгосон дотоод мэдээлэл болон харилцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээг хувийн ашиг сонирхолд ашиглаж хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчид нийлүүлж төлбөрт нь 7,700,000 төгрөг, мөн манай компанийн 1,980,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр авч, нийт 9,680,000 төгрөг хувийн дансаар авч ашиглаж компанийг хохироосон болохыг хожим мэдсэн.

Бид Б.*******од итгэл хүлээлгэн компанидаа авч ажиллуулан цалин хөлс, зээл олгож дэмжиж ажиллуулсан байхад бидний итгэлийг далимдуулж, бизнесийн нэр хүндийг ашиглан хохирол учруулж байгаад гомдолтой байна. Бидний зүгээс Б.*******ын бизнесийн нэр хүндийг ашиглаж компанид хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид учруулсан хохирол болох ******* ХХК-тай байгуулсан ВХМ-А- 24/001 тоот Хамтран ажиллах онцгой эрхйн гэрээ-ний 4.1 3-т заасны дагуу олох ёстой байсан орлого болон Хэрэглээний зээлийн гэрээний төлбөр, байгуулагаас авсан барааны төлбөрийг буцаан гаргуулан авахаар шүүхэд хандаж байна. ******* ХХК-тай байгуулсан

гэрээний дагуу Б.******* ажилласан байсан бол манай компани 40,000,000 төгрөгийн орлого олох байсан.

Иймд Б.*******оос 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал олгосон цалин 3,898,250 төгрөг, түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 727,097 төгрөг, уг хугацаанд түүний хэрэглэсэн утасны төлбөр 600,000 төгрөг, байгууллагаас бэлэн авсан барааны үнэ 1,980,000 төгрөг, олох байсан орлого 40,000,000 төгрөг, хэрэглээний зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөг, нийт 55,861,531 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан ба тэрээр шүүхэд бичгээр тайлбар гараагүй.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, хэрэглээний зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хамтран ажиллах онцгой эрхийн гэрээ, дансны хуулга, захиалгын хуудас, цалингийн цэс, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан 55,861,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажилтан Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа орхин явсан тул 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал олгосон цалин 3,898,250 төгрөг, түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 727,097 төгрөг, уг хугацаанд түүний хэрэглэсэн утасны төлбөр 600,000 төгрөг, байгууллагаас бэлэн авсан барааны үнэ 1,980,000 төгрөг, олох байсан орлого 40,000,000 төгрөг, хэрэглээний зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөг, нийт 55,861,531 төгрөг гаргуулна гэж,

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1 Зохигчдын хооронд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь Б.*******ыг борлуулалтын менежерийн албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай, туршилтын 2 сарын хугацаанд 2,000,000 төгрөг, 3 дахь сараас эхлэн сарын 3,000,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцсон байна.

Талууд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, гэрээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, үндсэн цалинг 3,000,000 төгрөг ба борлуулалтын төлөвлөгөөний биелэлт 30 хувиас доош бол үндсэн цалин 2,700,000 төгрөг байхаар тохирчээ.

Дээрх хөдөлмөрийн гэрээг үндэслэн ******* ХХК-ийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/05 тоот тушаалаар Б.*******ыг уг өдрөөс борлуулалтын менежер албан тушаалд үндсэн ажилтнаар томилжээ.

 

3.2 Мөн талууд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.******* нь эхний 3 сар зээлийн хүүгээс чөлөөлөгдөж, 4 дэх сараас төлөгдөөгүй үнийн дүнгээс сарын 3 хувийн хүү тооцож төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

3.3 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...ажилтан Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Хэрэгт ажилтан Б.*******ыг ажлаас чөлөөлсөн талаарх бичгийн баримтыг гаргаагүй.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т ажил олгогч нь ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, 43.1.4-т хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй гэж тус тус заасан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтаны учруулсан эд хөрөнгийн хариуцлага, олгосон цалин хөлсийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

Хэдийгээр хариуцагчаас шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, баримтаа ирүүлээгүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бичгийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдох учиртай.

 

5.1 Нэхэмжлэгч ******* ХХК нь ...ажилтан Б.*******од 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал олгосон цалин 3,898,250 төгрөг, уг цалингаас тооцсон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 727,097 төгрөг гаргуулна гэж шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь,

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...ажилтан Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан гэж тайлбарласан. Уг тайлбараас дүгнэвэл ажилтан Б.******* нь 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал хугацаанд ажилласан байх ба ажил олгогчоос ажилтаны ажилласан хугацааны цалин хөлсийг буцаан шаардсан нь учир дутагдалтай.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...ажилтан нь 05 сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал хугацаанд ажлын цаг мөрдөж бүрэн ажиллаагүй гэж тайлбарласан боловч хэрэгт ажилтаны цагийн бүртгэлтэй холбоотой баримтаа гаргаагүй, уг тайлбараа баримтаар нотлоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь ажилтаны ажилласан хугацааны цалинг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.

 

5.1а Мөн нэхэмжлэгч нь ...ажилтан Б.*******ын 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал хугацаанд хэрэглэсэн утасны төлбөр болох 600,000 төгрөгийг компани төлсөн, уг хугацаанд тэрээр ажиллаагүй тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэх тайлбар үндэслэлгүй. Хэрэгт ажилтаны өмнөөс утасны төлбөр төлсөн талаарх баримтаа гаргаагүй байна.

 

5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, 133 дугаар зүйлийн 133.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т Энэхүү гэрээний үргэлжлэх хугацаанд болон гэрээг цуцлах үед ажилтаны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгууллагаас олгосон эд хөрөнгийг үрэгдүүлсэн, гэмтээснээс ажил олгогчид хохирол учирсан бол хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээж, хохирлыг үл маргах журмаар барагдуулж, байгууллагыг хохиролгүй болгоно гэж заажээ.

 

5.2а Нэхэмжлэгч ******* ХХК нь ...Б.******* нь ажиллаж байх хугацаандаа байгууллагаас 1,980,000 төгрөгийн бэлэн бараа авсан, уг барааны үнийг төлөөгүй гэж хариуцагчаас шаардсан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Хэрэгт ажилтан Б.*******од 1,980,000 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй байна.

 

5.2б ******* ХХК-ийг төлөөлөн Б.*******, ******* ХХК нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хамтран ажиллах онцгой эрхийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр VIRTOUSE брендийн РRР төрлийн мал амьтаны эмчилгээний бүтээгдэхүүнийг ******* ХХК-иас ******* ХХК-д нийлүүлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болон сургалт хийхээр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс ...ажилтан Б.******* нь ажил үүргээ хөдөлмөрийн гэрээнд зааснаар гүйцэтгэсэн байсан бол ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу манай компани 40,000,000 төгрөгийн орлого олох байсан. Тэрээр ажлаа гүйцэтгээгүй орхин явсан улмаас олох байсан орлого 40,000,000 төгрөг авч чадаагүй гэж тайлбарлаж, уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсан.

Уг шаардлагаа баримтаар нотлоогүй ба ажилтан Б.******* ажлаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний харилцаа хэвээр байна. Уг хамтран ажиллах гэрээг ажилтан Б.******* компанийг төлөөлөн байгуулсан нь уг гэрээний үүрэг ажилтанд шилжихгүй буюу ******* ХХК болон ******* ХХК-иудад үлдэнэ.

 

6. Зохигчдын хооронд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хэрэглээний зээлийн гэрээний 7.1-т энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитраар шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон байна.

Нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 8,656,184 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хэргийн харьяалал зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар зээлийн гэрээний үүрэгт 8,656,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.*******од холбогдуулан гаргасан цалин 3,898,250 төгрөг, уг цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 727,097 төгрөг, утасны төлбөр 600,000 төгрөг, байгууллагаас бэлэн авсан барааны үнэ 1,980,000 төгрөг, олох байсан орлого 40,000,000 төгрөг, нийт 47,205,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүрэгт 8,656,184 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 8,656,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитр гаргах эрх нь нээлттэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,260 төгрөгөөс 283,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 153,449 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******од холбогдох 47,205,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,260 төгрөгөөс 283,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 153,449 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ