2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01177

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 07

191/ШШ2025/01177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,анд оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, тоотод оршин суух, Лхас овогт ын ******* /рд:/-т холбогдох

 

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 36,910,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компанийн удирдлага болон зохих албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр хуурамчаар болон бусад байгууллагуудын нэр дээр гэрээ байгуулалгүй бараа материал зээлээр гаргаж өгч, төлбөр тооцоог компанийн дансаар дамжуулалгүй бэлнээр авах зэрэг зөрчил удаа дараа гаргаж байгууллагад 41,963,350 төгрөгийн хохирол учруулсан.

Т.******* нь компанид 41,963,350 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, уг хохирлыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өөрийн биеэр хариуцан төлж барагдуулахаа илэрхийлж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Өөрийн гараар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулж дуусаагүй, одоогийн үлдэгдэл нь 36,910,476 төгрөгийн хохирол компанид төлөх ёстой байна.

Манай компаниас борлуулалтын ажилтан Т.*******ээс дамжуулан хэвлэлийн үйлчилгээ болон цаас зээлээр авсан иргэн, компаниудаас төлбөрөө төлөхийг шаардаагүй. Учир нь уг төлбөрийг хариуцаж ажиллаж байсан Т.******* төлөх үүрэгтэй. Иймд Т.*******ээс 36,910,476 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 10 дугаар сард ******* ХХК-д ажилд орсон бөгөөд дадлагыэ 3 сар харна гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан. Нэхэмжилсэн 17 харилцагч нь анхнаасаа ******* ХХК-тай хамтран ажилладаг байгууллагууд байсан. ******* ХХК-д ажиллах хугацаандаа шинэ харилцагч нээж ажилласан. Шинэ харилцагчидаас маань төлбөр мөнгөө тухайн цаг үед шууд барагдуулж хамтран ажилладаг байсан. 2023 оны 08 сард ажил дээр байхад аавын минь бие гэнэт муудаж дуудагдсан. Тэр үед ахлах болон хүний нөөцийн менежерт мэдэгдээд хөдөө явсан. Араас байнга утасдаж ажилдаа хурдан рж ажлаа цэгцэлж өг гэдэг шаардлага тавьсан. Аавынхаа биеийг дээрдүүлж албан шахалтаар 2023 оны 11 сард ажил дээрээ ирэхэд нийт 17 авлагатай харилцагчид байна. Энэ харилцагчдынхаа авлагыг гадуур ажиллаж барагдуул гэсэн шаардлага тавьсан. Тэр өдөр албан шахалтаар өөрийн биеэр хариуцаж төлнө гэсэн утгатай өргөдөл бичүүлнэ гэсэн. Би бичиж өгмөөргүй байна гэхэд тойрох зурахгүй гэсэн. Тойрох хуудас авахын тулд албан шахалтаар бичсэн. Өр төлбөртэй харилцагчид өөрсдөө ******* ХХК-д өр төлбөрөө төлнө гэдгээ албан тоотоор мэдэгдсэн. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан байж хуурамч гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын товчоо тайлан, баталгаа, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, авлагын тооцоо,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ХХК, ******* ХХК, П.*******, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нараас гаргасан тайлбар,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 36,910,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т.******* нь борлуулалтын менежерээр ажиллаж байх үедээ компанийн дансаар дамжуулаагүй, бүртгэлд оруулахгүйгээр бусдад 41,963,350 төгрөгийн үнэ бүхий ном, бичгийн цаасыг гаргаж хохирол учруулсан. Уг хохирлоос одоо 36,910,476 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...анх ажилд ороход л нийт 17 авлагатай харилцагчид байсан. 36,910,476 төгрөгийн үнэтэй бараа материалыг би дутаагаагүй. Авлагатай харилцагчид өөрсдөө төлбөрөө төлнө гэдэг. Хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд би гарын үсэг зураагүй. Намайг дарамталж байгаад тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулагдаж, ******* ХХК-д Т.*******ийг 3 сар хүртэл хугацаагаар борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллуулахаар тохирсон байна. /хх-8-12/

 

3.1 ******* ХХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24/002 тоот тушаалаар борлуулалтын менежер албан тушаалтай Т.*******ийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ. /хх-15/

 

3.2 Ажилтан Т.******* болон ******* ХХК-ийн нягтлан бодогч Н. нар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл авлагын товчооны тайлан болон тооцооны үлдэгдлийн баталгааны баримтыг тус тус үйлдсэн байна. /хх-5-6/

Авлагын товчооны тайлангаар ажилтан Т.*******ээс нэр бүхий 17 иргэн болон хуулийн этгээдэд нийлүүлсэн барааны үнийг тус бүр гаргаж, тооцоо нийлсэн актаар 41,963,350 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан байна.

 

3.3 Ажилтан Т.*******ээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...******* ХХК-д баталгаа гаргах учир нь: Миний бие овогтой ******* нь 2023 оны 12 сарын 31-ний дотор энэ өр авлага болох 41,963,350 төгрөгийг барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд өөрийн биеэр хариуцна гэх бичгийг гараар бичсэн байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж,

мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж тус тус заасан.

Зохигчид хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл, хугацаа зэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр тодорхой тохиролцож байгуулсан, эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Т.******* ...хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Тэрээр ******* ХХК-д борлуулалтын менежерээр 2023 оны 08 дугаар сарын хүртэл ажиллаж байсан гэж өөрөө тайлбарласан.

 

5. Ажилтан Т.*******ийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн захирлын тушаал бичгээр гарчээ. Тэрээр ажлаас чөлөөлөгдөх үед нэр бүхий 17 иргэн, хуулийн этгээдэд ажил олгогчоос хариуцуулан өгсөн ном, бичгийн цаасыг нийлүүлж, нийт 41,963,350 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн үйл баримт талуудын маргааны зүйл болсон.

Нэхэмжлэгч ******* ХХК-иас ...борлуулалтын менежер Т.******* нь ажиллаж байх хугацаандаа 41,963,350 төгрөгийн өр төлбөр үүсгэж, ямар ч санхүүгийн баримт үйлдэлгүй бараа дутаасан. Өөрөөс нь хэнд ямар үнэтэй бараа нийлүүлсэн болохыг асуухад нэр бүхий 17 иргэн, хуулийн этгээдийг нэрлэдэг. Эдгээр заасан 17 иргэн, хуулийн этгээд рүү барааны төлбөр авахаар хандахад ийм бараа аваагүй гэж тайлбарладаг ба бараа хүлээлгэж өгсөн баримтыг ажилтан Т.******* компанид хүлээлгэн өгөөгүй тул өөрийнх нь заасан эдгээр газраас төлбөр шаардах боломжгүй болсон гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.

Хариуцагч Т.*******ээс хэрэгт ******* ХХК, ******* ХХК, П.*******, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нараас гаргасан гэх тайлбарыг баримтаар гаргасан боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, өнгөтөөр хэвлэсэн баримтууд байна. Иймд уг баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.

 

5.1 Хариуцагч Т.******* нэхэмжлэгч ******* ХХК-тай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, уг баримтаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд 41,963,350 төгрөгийн авлагын тооцоотой гарсныг баталгаажуулж, тэрээр уг өр төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж бичгээр баталгаа гаргаж, гарын үсгээ зуржээ.

Хариуцагч нь уг баталгааны баримтад дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэж маргах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй зааснаар баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримтаа гаргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.2.2-т ажилтан хүлээж авсан эд хөрөнгө үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй болон завшсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.1-т ажилтан өөрийн хариуцлагад ирж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмж, эд хогшил зэрэг зүйлийг хүлээн авахдаа түүний тоо, үнэ, чанар бүрэн бүтэн эсэх болон зохих баримт бичгүүдтэй тохирч байгаа эсэхийг шалгана гэж, 4.4-т хариуцуулан өгсөн эд хөрөнгийн тооллого, тооцоо бүртгэлийг үнэн зөвөөр хөтлөх, орлого, зарлага, элэгдэл, хорогдол, нэмэлт хөрөнгө оруулалтыг цаг тухай бүр нь эд хөрөнгийн бүртгэл тооцоонд тусгаж байна гэж тус тус тохиролцсон байна.

Хариуцагч Т.*******ээс нэр бүхий 17 иргэн, хуулийн этгээдэд байгууллагын барааг хүлээлгэн өгсөн гэж маргах боловч энэ талаар тооцоо бүртгэлийн баримтыг хөтлөөгүй, эд хөрөнгийн бүртгэл тооцоонд тусгаагүй, хэнд ямар хэмжээний хэдэн төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн талаар баримт үйлдээгүй байна.

 

5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, 133 дугаар зүйлийн 133.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж тус тус заасан.

Хариуцагч Т.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх боловч түүнийг ажиллаж байх хугацаанд ажил олгогчид учруулсан хохирлыг талууд тооцооны үлдэгдлийн баримт, төлбөр төлөхөө илэрхийлсэн баталгааны баримт зэргийг үйлдэж, баталгаажуулсан, тэрээр өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Т.*******ээс ажил олгогчид учруулсан хохирлын үлдэх төлбөр 36,910,476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

Хариуцагч Т.******* нь нэр бүхий 17 иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгсөн гэх барааны үнийг өөрөө тэдгээрээс жичдээ шаардах эрхийг уг шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 342,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.*******ээс 36,910,476 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 342,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ