| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 182/2024/05173/И |
| Дугаар | 191/ШШ2025/01178 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01178
| 2025 02 07 | 191/ШШ2025/01178 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,т оршин суух, Жадик овогт н ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Боржигин овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 246,757,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд 131 тооны сарлагийн мах буюу нийт 15,005 кг махыг шилжүүлэх, харин хариуцагч нь хариу төлбөрт нийт 165,055,000 төгрөгийг 2024 оны 15 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлөхөөр болсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 15,005 кг сарлагийн махыг хариуцагчийн эзэмжшилд шилжүүлж өгсөн.
Гэвч хариуцагч нь тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл зээлээр мах худалдан авсны төлбөрөө төлөхгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-д заасны дагуу хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Алдангийг дараах байдлаар тооцоолж нэхэмжилж байна.
Үүнд 2.024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 99 хоног болж байгаа ба 165,055,000x0,5%=825,275 төгрөг 825,275x99 хоног= 81,702,225 төгрөг болж байгаа юм.
Иймд Б.*******гаас зээлээр мах худалдан авсны төлбөр 165,055,000 төгрөг, алданги 81,702,225 төгрөг, нийт 246,757,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Х.*******аас Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 15,005 кг махыг 165,055,000 төгрөгөөр бодож зээлээр худалдан авсан.
Х.*******аас мах зээлээр худалдан авахдаа гэрээний хугацаа хэтрүүлбэл алданги тооцно гэх тохироо хийгээгүй. Гэтэл түүнтэй байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан байсан гэдгийг би анзааралгүй гэрээнд гарын үсэг зурснаар өнөөдөр төлж дийлэхгүй өрөнд ороод байна.
Х.*******аас худалдан авсан мах нь анх ярилцаж тохирсон шиг биш ирсэн мах нь сээртэй ар нь илүү, өөрөөр хэлбэл бүтэн үхэр шиг биш байсан. Х.******* нь надад мах худалдахдаа өөрсдөө жин дээр тавьж, надад өгсөн бөгөөд үхэр үхрээр нь тавьж байгаа гэхээр нь би итгээд махыг нь авсан. Гэтэл хотод ирээд авсан үнээсээ махны ханш огцом унасан байсан бөгөөд мөн зарим мах нь бүтнээрээ биш 3 тонн гаран сээртэй хаа илүү гарч би шаталтанд орсноос болж Х.*******ын махны мөнгийг өгч чадаагүй. Энэ талаар Х.******* руу утсаар ярьж өөрийн чинь өгсөн мах сээртэй хаа илүү гарчихлаа, мөн махны ханш огцом уначихлаа гэдгийг хэлэхэд Х.******* нь үлдэгдэл махаа над руу явуулсан боловч анх тохирсон махны чанарт хүрч чадаагүй.
Тиймээс миний энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэж Х.*******д махны үндсэн төлбөрийг төлөхөөр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээ,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 246,757,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 131 ширхэг 15005 кг сарлаг, үхрийн махийг нийт 165,055,000 төгрөгөөр зээлээр худалдаж, хүлээлгэж өгсөн. Махны үнийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд үндсэн төлбөр 165,055,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 81,702,225 төгрөг, нийт 246,757,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...15,005 кг махыг 165,055,000 төгрөгөөр худалдан авсан Гэрээнд алдангийн тохиролцоо байгааг би анзааралгүй гарын үсэг зурсан байна. Худалдсан мах нь бүтэн үхэр шиг биш анх тохирсон чанарт хүрээгүй. Мах худалдан авсанаас хойш махны үнэ огцом унасан. Иймд үндсэн төлбөрийг төлнө, алдангийн төлбөр төлөхгүй гэж тус тус тайлбарлаж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Зохигчдын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х.******* нь 131 ширхэг, 15005 кг сарлаг, үхрийн мах хүлээлгэн өгөх, Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор махны үнэ 165,055,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
3.1 Хариуцагч Б.******* нь гэрээ байгуулагдсан өдөр 131 ширхэг, 15005 кг сарлаг, үхрийн махыг хүлээн авсан болон махны үнээс төлбөр төлөөгүй байгаа үйл баримтад талууд маргаагүй.
Харин хариуцагч Б.******* нь ...хүлээлгэн өгсөн мах чанаргүй байсан, бичгийн гэрээнд алдангийн тохиролцоо байгаагүй тул алдангийн төлбөр төлөхгүй гэж маргажээ.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Хэдийгээр талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулсан байх боловч уг гэрээний агуулгаас үзвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг бүрэн тусгаагүй байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Камдер ХХК нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 4.1-т Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Б.******* нь ...худалдан авсан мах нь бүтэн үхэр шиг биш анх тохирсон чанарт хүрээгүй гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй зааснаар баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримтаа гаргаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д Худалдсан хөдлөх эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж зааснаар худалдан авагч Б.******* нь доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан гэж үзвэл ижил төрлийн өөр хөрөнгөөр солиулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
5.1 Худалдах-худалдан авах гэрээний 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч Б.******* нь насанд хүрсэн, иргэний эрхзүйн бүрэн чадамжтай этгээд байх ба тэрээр бичгийн гэрээ байгуулах үед алданги тохиролцоогүй, анзааралгүй гарын үсэг зурсан гэх тайлбар нь учир дутагдалтай, уг тайлбараа баримтаар нотлоогүй.
Нэгэнт хариуцагч Б.******* нь махны үнийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, талууд гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч Х.******* 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 99 хоногийн алдангийн төлбөрт 81,702,225 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Б.*******гаас үндсэн төлбөр 165,055,000 төгрөг, алданги 81,702,225 төгрөг, нийт 246,757,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,391,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,391,737 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
8. Хариуцагч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг хангаж, хойшлуулсан. Уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдааныг товыг түүний оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******гаас 246,757,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,391,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,391,737 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ