2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/01420

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 14

191/ШШ2025/01420

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Н.Нарангэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,, тоотод оршин суух, Гэрүүд овогт ын ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, Ар халх овогт ы ******* /рд:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 22,214,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц., иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ТОҮОТА SАI-К10 маркийн, ******* улсын бүртгэлийн дугаартай, арлын дугаартай, хар өнгийн суудлын автомашиныг "******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, худалдан авсан. "******* ХХК нь Б.*******ийн худалдан авч буй дээрх автомашиныг зээлийн барьцаа болгон авахдаа 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 821200520 тоот Фидуцийн гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг компанийн нэр дээрээ шилжүүлэн Б.******* нь өөрөө автомашинаа хүлээж авсан.

Э.******* нь зөвшөөрөлгүй миний автомашиныг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулын зам Асем Вилла хотхоны баруун талын замд жолоодох эрхгүйгээр, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож осол гарган, онхолдуулсан. Э.*******д холбогдуулан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн хэрэг нээн, шалгаж тогтоосон. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаар Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргасан.

Ослын улмаас Б.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 19,087,400 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоогдсон. Уг үнэлгээг ******* хөрөнгийн үнэлгээний компани гаргасан ба үнэлгээ хийлгэсэн зардал 867,000 төгрөг болсон. Мөн "******* ХХК-ийн явах эд ангийн оношилгооны төлбөр 60,000 төгрөг, машин ачилтын төлбөр 200,000 төгрөгийн зардлууд тус тус гарсан. Иргэний хэргийн шүүхэд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч Э.*******гээс нийт 22,214,400 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Осол гаргахад ямар үйлдэл нөлөөлсөн, яаж яваад энэ осол гарсан гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Хэргийн материалд авагдсан зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн шийтгэвэрт Э.******* зөрчил гаргасан буюу жолооны эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьсан учир зөрчлийн хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж шийдсэн байдаг. Гэвч хохирлыг яриагүй. Энэ үйлдлээс үүссэн хохирлыг Э.******* дангаараа хүлээх ёстой гэдэг өгүүлбэр хаана ч байхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч Б.*******ийн цагдаад өгсөн мэдүүлэгт ...Би энэ машиныг худалдаж аваад, охин Б.*******даа өгсөн. Миний охин энэ машиныг унадаг юм. Манай охин энэ машиныг маань унаж хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг юм гэсэн байдаг. Тэгэхээр ээжээс охин руу машины өмчлөх, эзэмших эрх бүрэн шилжсэн байдаг. Б.*******ийн охин Б.******* нь тухайн осол гарсан орой өөрийн найз залуутайгаа асуудалтай, сэтгэл санаагаар унасан учраас Э.*******г хамт өөртэй нь жоохон байгаач ээ гэж гуйж дуудсан. Улмаар манай үйлчлүүлэгч очоод, сэтгэл санаагаа засаж байгаа гэх байдлаар 18, 19 настай хүүхдүүд пиво авч уусан. Тэгээд Э.******* нь ...боллоо гэж гэр рүү гээ явах гэсэн утга, агуулгатай зүйл хэлэхэд Б.******* нь ...дахиад жоохон байя л даа гэсний дагуу дахин пиво ууж, машинаа унаад явах болоход Б.******* нь ...би арай их уусан байна, чи яваад авчихаач гэсэн. Э.******* тухайн машиныг унаж яваад хоёулаа хамт явж байхдаа осол болж, цагдаа дээр очоод Б.******* нь энд тэндээ хөхөрсөн байсан учраас эмчид үзүүлэхээр явсан. Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримтаар ...тухайн үед хэн жолооч байсан бэ гэхэд Б.******* нь ...би машин барьж явсан гэж хариулдаг. Яагаад вэ гэхээр машин өөрийнх нь, мөн өөрөө Э.*******г гуйж машинаа бариулсан, Э.*******г жолооны эрхгүй гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзсан. Дараа нь ээж нь цагдаа дээр очоод хоорондоо ярилцаад ...үгүй ээ, Б.******* барьж яваагүй. Э.******* барьж явсан юм гэж мэдүүлэг нь засарч, засагдаад явсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт ...Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан. Тэгэхээр гэм хор учруулагч гэж үзэж байгаа Э.*******гийн гэм буруугийн хэр хэмжээг бид харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай байна. Хохирогч буюу нэхэмжлэгчээр оролцож байгаа Б.******* нь өөрийнхөө машиныг охиндоо өгсөн. Тэгэхээр эзэмших эрх охинд шилжсэн. 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт жолооч ямар үүрэгтэй вэ гэдгийг маш тодорхой заасан. Үүнд тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эс үгүй бол согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэж заасан. Б.*******ийн охин Б.******* нь тухайн үед жолооч дуудах эс үгүй бол байрнаасаа хөдлөхгүй байх бүрэн боломжтой байсан. Гэтэл өөрийнхөө сэтгэл санааг дээрдүүлэх зорилгоор Э.*******г дуудаж авчраад, хамт пиво уусан байж ...машиныг чи бариад яв гэсэн байдаг. Тэгэхээр дээрх бусдад шилжүүлэхгүй байх үүргийг Б.******* хүлээж байсан буюу тус үүргийг хүлээх эрхийг нь Б.******* ээж нь олгосон. ...Чи энэ машиныг аваад, энэ машины бүрэн бүтэн байдал, машиныг жолоодохтой холбоотой бүх хариуцлагыг чи хүлээгээд яв гэх байдлаар үүргээ бүрэн шилжүүлсэн. Тэгэхээр Э.******* тухайн өдөр архи уусан согтуу үедээ машин барих боломж нөхцөл байдлыг бүрдүүлсэн хүн нь Б.******* юм гэдгийг эрхэм шүүгч та бүхнийг харгалзан үзнэ үү гэж хэлье. Гэм хор учрахад Б.*******, Б.******* нарын гэм буруу байна гэж бид үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт ...Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын тодорхой хувийг Б.******* хүлээх ёстой гэж үзэж байна. Э.******* нь өөрт ногдох хувийг хүлээх боломжтой. Б.******* уруу татсан, дэмжин тусалсан, хамтран явсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт ...Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэсэн байдаг. Тус заалтын дагуу Б.*******, Б.******* хоёрын нэг нь яг цаасан дээр байгаа хууль ёсны өмчлөгч, нөгөөдөх нь дефакто өмчлөгч буюу охиндоо зориулж эзэмшүүлж байнга унаж бүрэн ашигладаг байсан. Б.*******, Б.******* 2 өөрсдөө энэ машиныг унаад яв гэх зөвшөөрлийг олгож, томилсон байна гэж харж байна. Ийм учраас Б.*******, Б.******* нар нь хариуцлагыг хүлээх ёстой гэж маргаж байгаа юм. Өмчлөгч буюу эзэмшигч гэсэн үг. Тэгэхээр мөн ялгаагүй Б.*******, Б.******* хоёулаа орж ирнэ. Дараагийнх нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт ...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 19,087,400 төгрөгийн 50 хувийг манай үйлчлүүлэгч Э.******* хариуцах боломжтой. Үнэлгээний зардал 867,000 төгрөг, явах эд ангийн оношилгооны төлбөр 60,000 төгрөг, ачилтын 200,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал зэргийг тус тус хариуцахгүй буюу нэхэмжлэгч талын эрхийн асуудал буюу өөрсдөөс гаргах зардал нь гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагаас ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 19,087,400 төгрөгийн 50 хувийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн гэрчилгээ, дансны хуулга, ******* хөрөнгийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, ******* ХХК-ийн дүгнэлт, кассын орлогын ордер, зээлийн болон фидуцийн гэрээ, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэвэр, хохирогчаас авсан мэдүүлэг, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогчоос авсан мэдүүлэг, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гадаад паспортын хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, Нэткапитал ХХК-ийн тодорхойлолт,

3.2 хариуцагч баримт гаргаагүй,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Амар даатгалын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталлгаа, зээлийн болон фидуцийн гэрээ, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа, зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэм хорын хохирол 22,214,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээний тал хувийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс бусад хэсэгт маргасан.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 19,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй зээлдэн авч, Тоёото сай маркийн, ******* улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан байна.

Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ******* ХХК бүртгэлтэй байх боловч уг компанитай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг Б.******* төлж, тээврийн хэрэгслийг эзэмшиж байна. Иймд нэхэмжлэгч Б.******* нь Тоёото сай маркийн, ******* улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй.

3.1 Хариуцагч Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулын зам, Асем вилла хотхоны баруун замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёото сай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож онхолдсон болох нь талуудын тайлбар, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэвэр, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, холбогдогчоос авсан мэдүүлэг, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдсон.

3.1а Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэврээр Э.*******д зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Хариуцагч Э.******* нь уг шүүхийн шийтгэвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй болохоо тайлбарласан.

3.2 ******* хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар Тоёото сай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас 19,087,400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Уг хохирлын үнэлгээг гаргахдаа ******* ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтлийн дүгнэлтийг үндэслэн эвдэрсэн эд ангиудыг тогтоон гаргасан байна.

4. Хариуцагч Э.******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, хохирол учруулсан үйл баримтад маргаагүй. Харин тэрээр зам тээврийн осол болоход хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж маргаж байна.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.*******, Б.*******, Б.******* нараас гаргасан мэдүүлгээр ...Б.******* охин Б.*******д Тоёото сай маркийн, ******* улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг бараа хүргэх зорилгоор шилжүүлэн өгсөн байсан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шөнө охин Б.******* нь найз Э.*******г гэрээс нь дуудаж, маргаан бүхий тээврийн хэрэгсэлд пиво уусан. Улмаар тээврийн хэрэгслийг Э.******* жолоодож, Б.*******гийн хамт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон. Гэвч зам тээврийн осол болоход нэхэмжлэгч Б.*******өөс шалтгаалсан үйлдэл, эс үйлдэхүй хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Зохигчдын хэн аль нь зам тээврийн осол гарах үед Б.*******ийн охин Б.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байжээ.

Хариуцагч Э.******* нь өөрийн сайн дурын үндсэн дээр бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож зам тээврийн осол гаргаж, гэм хорын хохирол учруулсан байна.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Тоёото сай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирол 19,087,400 төгрөг болохыг тогтоосон үйл баримтад хариуцагч маргаагүй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар хариуцагч Э.******* нь тээврийн хэрэгслийг ослоос өмнөх байдалд сэргээх зардалд 19,087,400 төгрөг төлөх үүрэгтэй.

5.1 Мөн ******* хөрөнгийн үнэлгээний компаниар дээрх үнэлгээг гаргуулахад ажлын хөлс 867,000 төгрөг, ******* ХХК-иар ослын улмаас тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтлийн дүгнэлтийг гаргуулах ажлын хөлс 60,000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэгч Б.*******өөс төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордерын баримтаар тус тус тогтоогдсон.

Дээрх зардлууд нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлоос үүдэлтэй гарсан зардал байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч Э.******* нэхэмжлэгч Б.*******өд төлөх үүрэг үүснэ.

5.2 Зам тээврийн ослын улмаас даатгалын байгууллагаас нөхөн төлбөр аваагүй нь уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхийг үгүйсгэх үндэслэлд хамаарахгүй.

5.3 Нэхэмжлэгч Б.******* нь тээврийн хэрэгслийн ачилтын төлбөр 200,000 төгрөг, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан ажлын хөлс 2,000,0000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнчлэн аливаа иргэн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрхийн асуудал ба уг эрхээ хэрэгжүүлэхэд гарсан зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

6. Иргэдийн төлөөлөгчөөс ...гэм хорын хохирлыг талуудад тэнцүү хуваан хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан. Гэвч дээр дүгнэснээр зам тээврийн осол болоход нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэвэл хариуцагч Э.*******гээс 20,014,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 20,014,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 258,022 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.*******гээс 20,014,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 258,022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ

 

 

Ц.ЦЭРЭНДУЛАМ