| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08314/И |
| Дугаар | 191/ШШ2025/01619 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01619
| 2025 02 21 | 191/ШШ2025/01619 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, Боржгон овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржгон овогт *******ийн /рд:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 45,000,000 төгрөгийг өөрийн охин Э.т зээлдүүлсэн. Учир нь Э.ийн хүү, миний зээ хүү Б. нь тоглоомын газрын үйл ажиллагаа явуулж байгаа, түрээсийн төлбөр нь нэхэгдээд байна түр зээлээч гэж хэлсэн. Улмаар би охиныхоо хүсэлтийн дагуу данс руу нь 45,000,000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд зээлсэн мөнгөө төлөөгүй. Орон сууцаа зараад өгнө гэсэн боловч өгөөгүй. Надад 4,500,000 төгрөг өгөөд, охин ч холбогдохгүй, зээ хүү ч утсаа блоклож надтай харилцахаа больсон. Охин Э.ийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа газрыг нь олсон. Дээрх 45,000,000 төгрөг нь миний амьдардаг байсан газар газарт орж, төрөөс өгсөн мөнгө байсан. Уг мөнгөөр би өөрөө амьдрах байр авах байсан. Зээлдүүлсэн үлдэгдэл мөнгө болон 40,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сард зээ хүү болох Б. бизнес хийж байгаа тул өөрийнхөө хашаа байшингийн нөхөн олговроос туслалцаа үзүүлж, тусламж өгье гэсэн. Охин Э.ээр дамжуулж өгье, бүхлээр нь өгвөл зээ хүү Б. нь хамаагүй зарцуулчих байх гэсэн. Э. нь бодохдоо хүү Б.ийг бага байхад нь байсан хадгаламжийг эмээ нь зарцуулсан тул түүний оронд буцалтгүй тусламж үзүүлж өгч байна гэж ойлгосон. Мөн ээжийнхээ хэлсний дагуу шаардлагатай үед хүү Б. рүү мөнгийг нь шилжүүлж байсан. Уг мөнгийг би өөрөө хэрэглэсэн зүйлгүй, миний дансаар дамжуулж, хянуулж, шилжүүлснээс өөр ямар нэгэн гэрээ хэлцэл хийж буцааж авах талаар тохиролцоогүй. Энэ харилцаа ээжийн хүсэлтийн дагуу бий болж миний өөрийн ямар нэгэн хүсэл зориг байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан *******ны Засаг даргын тодорхойлолт, Төлбөрийн баримт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын албан бичиг, Иргэний үнэмлэхийн хуулбар,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...охин Э.т 45,000,000 төгрөгийг түр зээлдүүлсэн. Охин Э. нь уг мөнгийг өөрийн хүү Б.ийн явуулж байгаа бизнест нь зориулж авсан. Уг мөнгөнөөс 4,500,000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг төлөөгүй байна. Иймд үлдэгдэл 40,500,000 төгрөгийг гаргуулна гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...45,000,000 төгрөгийг миний дансаар дамжуулж, зээ хүү Б.ийн бизнест нь зориулж, буцалтгүй тусламж болгон өгсөн гэж тус тус тайлбарлаж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Нэхэмжлэгч Д.*******ээс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Э.ийн эзэмшлийн Голомт банк дахь тоот данс руу 45,000,000 төгрөгийг орлого гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт, дансны хуулгын баримтаар тус тус тогтоогдсон.
Хариуцагч Э. нь өөрийн эзэмшлийн дансаар 45,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин тэрээр уг мөнгөн хөрөнгийг ...би зээлж аваагүй, манай хүү Б.эд тусламж болгон өгсөн тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.ээс ...эмээ Д.*******ээс өөрийн явуулж буй бизнест зориулж мөнгө зээлэхээр болсон. Эмээ мөнгийг ээж Д.т өгнө гэсэн тул ээжийн дансаар дамжуулж авсан. Ээж надад хэрэгтэй үед энэ мөнгөнөөс шилжүүлж өгдөг байсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул мөнгийг нь буцааж төлж чадаагүй гэж мэдүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.тэй харилцсан захидалд үзлэг явуулсан. Уг үзлэгээр ...машин зарагдах гээд хүн нь банкаар хөөцөлдөж байгаа, эмээ би өөрөө залганаа, Өнөөдөр мөнгө хийх сураг байна гэх захидлыг 2024 оны 04 дүгээр сарын 12, 30-ны өдрүүдэд тус тус Б.ээс Д.******* рүү илгээсэн байна.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Хариуцагч Э. нь 45,000,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, уг мөнгийг өөрийн хяналтад байлгаж, хүү Б.эд 100,000-1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн бага багаар шилжүүлэх замаар захиран зарцуулсан болох нь түүний хэрэгт гаргаж өгсөн дансны хуулга, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Үүнээс дүгнэвэл хариуцагч Э. нь нэхэмжлэгч Д.*******ээс авсан мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулахаа өөрөө шийдвэрлэж байсан байх тул түүний шүүхэд гаргасан ...би мөнгийг зээлээгүй, хүү Б. авсан гэх татгалзал үндэслэлгүй байна.
Зээлдэгч нь бусдаас авсан зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах, өөрийн хүүдээ өгөх эсэх нь түүний эрхийн асуудал ба энэ нь зээлдүүлэгч Д.*******т зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Түүнчлэн хариуцагч Э. нь ...хүү Б.эд буцалтгүй тусламж болгож, 45,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч Д.******* үгүйсгэсэн. Гэрч Б.ээс буцалтгүй тусламж байсан талаарх үйл баримтыг мэдүүлээгүй. Хариуцагч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан.
Иймд зээлдэгч Э. нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө 45,000,000 төгрөгийг зээлдүүлэгч Д.*******ийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс 4,500,000 төгрөгийг төлж, үлдэх 40,500,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч Э. нь хүү Б.ээс уг мөнгийг жичдээ шаардах эрх нь нээлттэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.ээс 40,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ