| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2308000000669 |
| Дугаар | 2023/ДШМ/800 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/800
2023 8 8 2023/ДШМ/800
Б.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Янжиндулам,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-д холбогдох 2308 00000 0669 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Б-ын М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ..... тоотод оршин суух хаягтай, /РД: .........../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.М нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 46 дугаар байр, 53 тоотод хохирогч А.О-той маргалдан түүний эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг шидэж, цохин хууль бусаар гэмтээсний улмаас 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.
1. Би ам бүл 2, эхийн хамт амьдардаг. Манай ээж М 63 настай, тэтгэвэрт байдаг ба нурууны ясны сүрьеэтэй болж сүүжний яснаас нь нурууны ясанд бэхэлгээ хийлгэх хагалгаанд орсон боловч дахин сэдэрч 3 удаа хагалгаанд орсон. Биеийн эрүүл мэнд нь огт сайжрахгүй, цус нь үрэвсэж одоо хэвтэрт, хүний асаргаанд орсон тул би ээжийгээ өргөж босгож асарч байгаа, надаас өөр бидэнд тусалж дэмжих хүн байдаггүй.
2. Би .... дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажилладаг 1 сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг. Би болсон асуудалдаа маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.О-оос уучлалт гуйж эвлэрсэн тул бид урьдын сайн харилцаатай хэвээр байгаа. Хохирогч А.О анхан шатны шүүх хуралдаанд надад гомдол саналгүй, утасны гэмтлийн хохирлоо нэхэмжлэхгүй гэж хэлсэн, бид харилцан эв зүйгээ олсон. Цаашид би ямар нэгэн асуудал огт гаргахгүй маш их зүйл ухаарч, ойлгож маш их гэмшиж байна.
Анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл нь надад хүндрэлтэй байна. Учир нь: би ажил хөдөлмөр эрхэлж, гэр орноо авч явах, цалин хөлс, орлого олох боломж маань хаагдах мөн хэвтэрт байдаг өвчтэй ээжийгээ асрах өөр хүнгүй тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М-д анхан шатны шүүхээс 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хөнгөрүүлж, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.
1. Б.М нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг. Түүний ээж М нь нурууны ясны сүрьеэтэй, эрүүл мэнд нь огт сайжрахгүй, цус нь үрэвсэж одоо хэвтэрт, хүний асаргаанд орсон тул Б.М нь ээжийгээ асарч байгаа тул түүнээс өөр тусалж дэмжих хүн байдаггүй.
2. Б.М нь .... дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажилладаг, сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг. Түүний хувьд болсон асуудалдаа маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч А.О-оос уучлалт гуйж эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй. Б.М нь үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй ухаарч ойлгосон гэдгээ илэрхийлдэг. Иймд Б.М-д анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2022 оны 8 дугаар сараас эхлэн ..... дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сард ажлаас түр чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгч ажлаасаа гарсан. Учир нь, би 63 настай эхийнхээ хамт амьдардаг. Миний ээж 2022 оны 5 дугаар сард 9, 11 дүгээр үеийн нурууны ясны сүрьеэ оноштойгоор хагалгаанд орж сүүжнийхээ яснаас авахуулсан учраас 5 сар орчим хэвтрийн дэглэмтэй байсан. Үүнээс хойш ээжийн минь эрүүл мэндийн байдал дээрдээгүй учраас дахин 2022 оны 10 дугаар сард хагалгаанд орсон. Надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй. Одоогийн байдлаар ээж минь огт хөдөлгөөнгүй байнгын хэвтрийн дэглэмтэй байгаа. Би ээжийгээ асрахын тулд ажлаасаа гарсан бөгөөд хувиараа барилгын дотор заслын ажил хийж байгаа. Мөн хувийн компанид спортын бараа нийлүүлж, зуучлах үйлчилгээ үзүүлэх ажлыг гэрээтэй хийж байгаа. Хэрэгт авагдсан дансны хуулганы баримтуудаар миний сарын орлого тодорхой харагдана. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.М-ыг гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч тэрээр хохирлоо төлөөгүй. Хохирогч А.О нь “Б.М-ыг хохирол төлөх боломжгүй учраас хохирол төлбөр нэхэмжлэхээс татгалзаж байна” гэж хэлсэн. Дээрх байдлыг хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй. Мөн ... дүүргийн Засаг даргын Тамгын газар ажилладаг гэж мэдүүлсэн боловч ажлаасаа гарсан байсан. Б.М нь 1.200.000 төгрөгийн цалин авдаг талаарх баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.М 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны .. тоотод хохирогч А.О-той маргалдан түүний эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг шидэж, цохин хууль бусаар гэмтээсний улмаас 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.О-ын “... Б.Мө миний гар утсыг үзэж устгах юмыг нь устгаад шалгаад байхаар нь би “утас өг” гэж хэлтэл миний утсыг хазсанаа газар луу шидсэн. Би “чи яаж байгаа юм” гэхэд “наадах чинь асна, эвдрээгүй” гэж хэлсэн. ... Би хажуу айлын хүний утсаар цагдаад дуудлага өгсөн. Би өөрийн эзэмшлийн “Айфоне 13 про” загварын гар утсыг Тэди төв дээр утасны дэлгэц солиулж 1.000.000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Уг гар утас одоо надад байгаа би хэрэглэж байгаа. ...” /хх 7-8/,
гэрч С.Б-ийн “... А.О гэх эмэгтэйн “Айфоне 13 про” загварын гар утасны дэлгэц хагарсан байсныг 1.000.000 төгрөгөөр шинэ дэлгэц сольж өгсөн. ...” /хх 60/ гэсэн мэдүүлгүүд,
“Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Ай фоне фирм, 13 про загварын гар утас 1 ширхэг 3.250.000 төгрөг болохыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх 18-19/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.М-ын гэмт үйлдлийн хэр хэмжээ, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогч А.О-ын “... гомдол саналгүй...” гэсэн /хх 93/ хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.М нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/706 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Б.М-ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Б.М-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.М-д шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР