Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 112/ШШ2024/0041

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Гээс, Алтай Улиастай ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Ерөнхий прокурорын орлогч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хангагч хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугам ил задгай байдлыг цэгцэлж МNS 5146:2002 хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, цахилгааны аюулгүй байдал хамгаалах газардуулга, тэлэлт MNS 2568:51983 гэрэлтүүлгийн ган багана техникийн шаардлагыг тус тус хангуулахыг Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ТӨХК-д даалгуулах.

Нэхэмжлэлийн үндэслэлээ: Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын 2024 оны 01 дүгээр тушаалын дагуу эрсдэл ба стандарт үндэсний форумаас гаргасан санал дүгнэлтийг орон нутагт хэрэгжүүлж, стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсч үндсэн үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтран холбогдох стандартын мөрдөлтийг хангаж, тайланг 2024 оны 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэх тухай албан бичгийг Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ТӨХК-д хүргүүлсэн ба 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 156 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн байна.

Мөн Есөнбулаг сумын цахилгаан эрчим хүчний хуваарилах самбар, ктп, кабель шугамд эрчим хүчний улсын байцаагч Д.О үзлэг шалгалт хийхэд хангагч хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугам ил задгай, эмх замбараагүй, эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа учир эрчим хүний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, энэ хуулийн 30.1 дүгээр зүйлийн 30.1.8 дахь заалт, мөн энэ хуулийн 32 дугаар зүйлийг дагаж мөрдөж хавсралтын зурагт тусгагдсан болон бусад зөрчлүүдийг арилгуулахаар 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/613 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч биелэлт хангалтгүй байгаа тул Говь-Алтай аймгийн прокурорын газарт нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллуулахаар Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс албан бичгээр хандсан байна. 2023 оны жилийн эцсийн статистик тоон мэдээгээр Есөнбулаг суманд 5437 өрх бүртгэлтэй байгаагийн 5030 өрх нь сумын төвд амьдардаг нийт хүн ам 18910 үүнээс 0-14 насны 5910 хүн 15-64 насны 12053 хүн, 65-аас дээш насны 947 хүн амьдран сууж байна. Үүний 49 хувийг хүүхдүүд эзэлж байна. Үзлэг шалгалт хийх явцад

 

хангагч хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугам ил задгай, эмх замбараагүй, эрсдэл үүсэх магадлал өндөр байгаа нь MNS 5146:2002 хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, цахилгааны аюулгүй байдал хамгаалах гадардуулга, тэлэлт MNS 2568:51983 гэрэлтүүлгийн ган багана техникийн шаардлагыг огт хангахгүй нөхцөл байдал үүссэн байна.

Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-т Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, 16 дугаар зүйлийн 1-т Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй гэж тус тус заасан.

Гэтэл цахилгааны шугам сүлжээний стандарт шаардлагад нийцээгүй байгаа нөхцөл байдлууд нь Алтай хотын нийт 18910 иргэдийн тэр дундаа Алтай хотын 5910 хүүхдийн эрх ашгийг хөндөх эрсдэлт нөхцөлийг үүсгэж байна. Иймд Прокурор нийтийг эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа тул нийтийн эрх ашгийг хамгаалах эрсдэлийг бууруулах зорилгоор хангагч хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугам ил задгай байдлыг цэгцэлж МNS 5146:2002 хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, цахилгааны аюулгүй байдал хамгаалах газардуулга, тэлэлт MNS 2568:51983 гэрэлтүүлгийн ган багана техникийн шаардлагыг тус тус хангуулахыг Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ТӨХК-д даалгаж өгнө гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмагнай нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгийн хүрээнд 5 ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр батлуулан ажилласан.

“АУЭХС” ТӨХК-ний АЗХ-ийн мастер Б.Т, ӨХЗМ О.Э, ӨХЗМ Б.Т, ӨХЗМ Э.Б, ӨХЗМ Б.Ш, ӨХЗМ гагнуурчин З.Н, Кранчин жолооч Б.Б, Жолооч Т.Б нар нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 0.4кВ-ын ЦДАШ-н болон 6/0.4кВ-ын дэд станцад илэрсэн зөрчлийг устгасан байна.

Мөн 12 дугаар сарын 04-05-ны өдрийн хооронд Сутай хороонд 0.4кВ-ын ЦДАШ-ын 4ш тулгуураас буусан буултын кабель резеверь байхгүй тулгуураас хөндий буусныг шинээр сольж тулгуурыг дагуулж буулгав. Оргил багт 0.4кВ-ын ЦЦАШ-ын 2ш тулгуурын буултын кабель СИП кабелиар бууж тулгуураас хөндий буусныг зориулалтын буултын кабелиар буулгаж холболтыг хийв. АТП-062 АУК-2 6/0.4кВ-ын дэд станцын хайсны хаалганы тор байхгүй онгорхой байсныг шинээр тор суурилуулж гагнуурын ажил хийж хайсны бүрэн бүтэн байдлыг хангасан байна. Үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдал, цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор аймгийн төвийн хаалттай болон агаарын дэд станцуудад хяналтын 2-р шатны үзлэг хийх удирдамж төлөвлөгөөг гарган систем компанийн эзэмшлийн болон хувийн эзэмшлийн 98 дэд станц тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган биелэлтийг тооцон ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын 2024 оны 01 дүгээр тушаалын дагуу “Эрсдэл ба стандарт” үндэсний форумаас гарсан санал дүгнэлтийг орон нутагт хэрэгжүүлж, стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр “АУЭХС” ТӨХК-ийн зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх чиглэлээр ДХШХ-ийн дарга М.Ж, IT инженер Б.Д, олон нийт хэвлэл мэдээллийн ажилтан Р.Т нар хамтран видео контент хийж хэрэглэгчдэд түгээн ажилласан байна.

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүрэгтэй гэж заасны дагуу хувийн эзэмшлийн дэд станцтай 53 хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагад өөрийн эзэмшлийн дэд станц шугам сүлжээний бүрэн бүтэн аюулгүй байдлыг хариуцах, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар албан бичгийг хүргүүлээд байна.

Хүйтний улирал эхэлж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөт зарим ажил хийгдэх боломжгүй байгаа тул төлөвлөгөөнд тусгагдсан 14 ажлыг заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр тохиролцлоо.

Иймд хариуцагчийг төлөөлж “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК- ны дотоод хяналт шинжилгээний хэлтсийн дарга М.Ж, хуульч С.Б, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн прокурорын газрыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ерөнхий прокурорын орлогч Д.Г нар Говь-Алтай аймгийн стантдарт хэмжил зүйн хэлтсийн дарга Т.М, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Д.О нараас гаргасан эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтийг дэмжсэн саналуудыг харгалзан шүүхийн шатанд эвлэрэх саналтай байгаа тул эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Гээс, Алтай Улиастай ТӨХК-д холбогдуулан  Хангагч хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугам ил задгай байдлыг цэгцэлж МNS 5146:2002 хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, цахилгааны аюулгүй байдал хамгаалах газардуулга, тэлэлт MNS 2568:51983 гэрэлтүүлгийн ган багана техникийн шаардлагыг тус тус хангуулахыг Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ТӨХК-д даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөгөө гарган батлуулж, хийсэн боловч хүйтний улирал эхэлж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зарим ажил нь хийгдэх боломжгүй байдалд хүрсэн тул төлөвлөгөөнд тусгагдсан 14 ажлыг заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Гтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдлаар эвлэрлийн гэрээ байгуулан  шүүхэд бичгээр ирүүлсэн.

Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

Хариуцагч Алтай Улиастайн ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн итгэмжлэлдээ Дотоод хяналт шинжилгээний хэлтсийн дарга М.Ж, хуульч С.Б нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхүүдийг олгосон байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Г ээс, Алтай Улиастай ТӨХК-д холбогдуулан гаргасан Хангагч хэрэглэгчийн цахилгаан дамжуулах шугам ил задгай байдлыг цэгцэлж МNS 5146:2002 хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, цахилгааны аюулгүй байдал хамгаалах газардуулга, тэлэлт MNS 2568:51983 гэрэлтүүлгийн ган багана техникийн шаардлагыг тус тус хангуулахыг Алтай Улиастай Эрчим Хүчний Систем ТӨХК-д даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийг зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ