| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00193/и |
| Дугаар | 150//ШШ2025/00023 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 150//ШШ2025/00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч * хот * дүүрэг *-р хороо * хаягт байрлах, * ХК (РД:*)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч * аймгийн * сумын *-р баг * тоот хаягт байрлах “*” ХХК-д (РД:*) холбогдох,
* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*” ХХК-д холбогдох “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах * ХК-ийн 244.7 га эзэмшил газрыг “*” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх”, талуудын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
* ХХК-ын сөрөг нэхэмжлэлтэй, *ид холбогдох 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га газрын эзэмших эрхийг “* ХХК-нд шилжүүлэхийг * ХК-нд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч * /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...* ХК нь 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *** нарын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах үр тарианы зориулалттай нийт 254 га газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаад сумын Засаг даргын 225 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Үүнээс хойш 2015 онд гэрчилгээнүүд нь алга болж дахин шинээр гаргуулан авч байсан. 2023 онд газар эзэмших эрхийн хугацаа 149.6 га газрын хувьд хугацаа дууссан учир хүсэлтээ өгөөд 154 га газар маань 149.6 га газар, 100 га газар маань 95.1 га газар болж өөрчлөгдсөн байсан. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын газрын даамлаас асуухад мэргэжлийн багажаар хэмжилт хийн дахин газрын хэмжээг тооцоолсон гэсэн хариу өгсөн. "*” ХК нь газрын төлбөрийг тасралтгүй төлж, газар эзэмшигчийн үүргээ хугацаанд нь биелүүлж ирсэн. Тус газрыг * ХХК нь ашиглаж байсныг тогтоосон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу газар эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэх эрхтэй гэж заасны дагуу 244.7 га газрыг "*" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Үүнтэй холбогдуулаад "*" ХХК-тай байгуулсан 2010 оны Газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байдаг. * нь Засгийн газрын 1991 оны 22 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор анх үүсгэн байгуулагдаж байсан. 2023 оныг хүртэл 100 хувь төрийн өмчит хувьцаат компани гэж явж байсан. 2023 оны Улсын их хурлын 16 дугаартай тогтоол, Засгийн газрын 214 дугаартай тогтоолын дагуу *ийн 34 хувийг олон нийт, 66 хувийг нь төр эзэмших болсноор Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болон хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн. Тухайн 2010 оны Газар худалдах, худалдах авах гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмч одоо ч мөрдөгдөж байгаа хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг худалдахад холбогдох зөвшөөрлийг Засгийн газраас олгохоор зохицуулсан ба гагцхүү дуудлага худалдаагаар худалдахаар заасан байдаг. Гэвч тухайн гэрээг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр худалдсан. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу нотариатаар тухайн гэрээг баталгаажуулаагүй гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан байгаа...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч "*" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр манай компанийн зүгээс 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдах авах гэрээг энэ хүмүүстэй гэрээ болон хэлцлүүдийг байгуулсан. Тухайн гэрээнд заасны дагуу манай компани гэрээний үнийн дүнг 100 хувь төлж барагдуулсан. Мөн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 14 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа. Гэхдээ яг тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 149 га газар болон 95 га газрыг яг тухайн хэмжээгээр эзэмшиж байгаа эсэхийг яг одоогоор миний хувьд хэлэх боломжгүй. Мөн манай компанийн зүгээс 2010 оноос хойш холбогдох зөвшөөрөл буюу Төрийн өмчийн хорооноос холбогдох зөвшөөрлийг авч өгөхийг хүсэж * ХК-нд өгсөн байдаг. 2-3 удаа албан ёсоор тухайн газрыг шилжүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Төлөөлөн удирдах зөвлөл болон * компанид гаргаж байсан. 2023, 2024 онд тухайн газрын газар эзэмших эрхийн хугацааг ямар шалтгаанаар сунгасныг мэдэхгүй байна. Сунгалт хийгдээд өнөөдрийн байдлаар * * компанийн нэр дээр тухайн маргаан бүхий газрын, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Тухайн газар эзэмших эрхийн нэгж талбарын дугаар 3 удаа өөрчлөгдсөн. Хамгийн анх ** нэгж талбарын дугаар бүхий нийт 304 га гэж маргаан бүхий хэлцэлд байдаг боловч сүүлд авагдсан * * компаниас гаргаж өгсөн нотлох баримтуудаас санахад ****** гэсэн 6 нэршил бүхий нэгж талбарын дугаар байдаг. Нэгж талбарын дугаарууд нь хоорондоо зөрүүтэй тухайн нэгж талбарын дугаар байгаа учир манай компанийн зүгээс тухайн нэгж талбарын дугаар яаж өөрчлөгдсөн юм, Газар эзэмшүүлэх холбогдох журмын дагуу судалгаа хийгдээд албан ёсоор гэрээ дүгнэсэн актаа үйлдээд тухайн газрын газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу 2 жил түүнээс дээш хугацаагаар газар эзэмшиж ашиглаагүй байхад нь шүүхэд удаа дараа гаргасан байхад хангасангүй. Манай компанийн зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Нотлох баримт шинжлэн судлах шатанд судлаад сүүлийн тайлбартаа дүгнэлтээ хэлье гэж бодож байна. Мөн манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр 2024 онд байгуулагдсан газар эзэмших хоёр гэрээ байгаа. Энэ хоёр гэрээн дээр тусгагдсан эрх бүхий субъект * * компанийн төлөөлөх эрхтэй этгээд хүн гарын үсэг зурж тухайн гэрээг байгуулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр * гэх этгээд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Түр орлон гүйцэтгэгчийн тухай дүрэм журмыг Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүдээс шүүгээд үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг л түр орлон гүйцэтгэх гэж журам байдаг. Тэрнээс биш түр орлон гүйцэтгэх бичиг, томилох журам гэж байхгүй. Цоо шинэ эрх зүйн ойлголтыг гаргаад иржээ. Мөн * ХК-ийн дүрмийн 1.5 нь хуулийн үндэслэлгүй юм. Компанийн дүрэм дээр гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч гэх зохицуулалт байхгүй. Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчийг томилох журам байхгүй. Мөн Компанийн тухай хуульд түр орлон гүйцэтгэгчийн талаар ямар нэгэн зүйл заалт байдаггүй. Хэрэв ХК буюу хувьцаат компанийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлаар томилогдох гэж байгаа бол санхүүгийн зохицуулах хороо холбогдох этгээдүүдээс зөвшөөрөл авч байж тухайн этгээд нь шаардлага хангаж байгаа юм уу, үгүй юм уу гэдгээр тогтоогдож байж гүйцэтгэх захирлаар томилогддог. Төлөөлөн удирдах зөвлөл хэдийгээр гүйцэтгэх захирлаа сонгох эрхтэй боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгоогүй байгаа зэргээс нь харахад тухайн үед гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан *ын гарын үсэг буюу итгэмжлэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гарын үсэг зураагүй байна гэж манай компанийн зүгээс үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Сөрөг нэхэмжлэлийн талаар өмгөөлөгч *: ...Манай компани 2024 оны 11 дүгээр сарын байдлаар маргаан бүхий гэрээ буюу 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдах авах гэрээний Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах 244.7 га газрыг эзэмших эрхийг * ХХК-д шилжүүлэхийг * * компанид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсгийг алгасаад явчихъя. Яагаад гэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж өгсөн хариу тайлбаруудтай дийлэнх хувь нь давхцаж байгаа юм. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдөр албан бичгүүдийг * * болон * *ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргаж тухайн газрыг шилжүүлээч ээ, Газар Худалдах-худалдах авах гэрээний үүргээ биелүүлээч ээ, хэдийгээр шилжүүлэх гэрээ хийгдээгүй ч гэсэн бид нар Иргэний хуульд заасны дагуу хэрэв Газар худалдах,худалдах авах гэрээ үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийсэн бол тухайн төлбөрийг 100 хувь төлснөөр худалдан авагчид нэрийг нь шилжүүлэх бүрэн шилжүүлэх боломжтой. Энэ боломжтой зохицуулалтыг Иргэний хуульд заасан байдаг. Энэ заалтуудыг үндэслээд манай компанид шилжүүлж өгөөч гэсэн шаардлагуудыг удаа дараа тавьж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Мөн Иргэний хуульд 100 хувь төлбөр төлснөөр өмчлөгчид зохицуулалт бас байдаг. Энэ хуулийн зохицуулалтын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах шатанд хэлье. Манай компанийн зүгээс хэдийгээр 244.7 га газрыг шилжүүл гэж байгаа боловч анх байгуулсан гэрээ маань өөрөө 304 га газрыг худалдан борлуулахыг хүлээсэн байдаг. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад 304 га газар болон 244.7 га газрыг харьцуулаад үзэх юм бол анх хүсэлтэд дурдсан 9 га газраас илүүтэйгээр бараг 59-60 га газрыг зөрүү байгаа. Энэхүү нотлох баримтуудыг судлах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн учир алгасаад явъя гэж бодож байна. Иймд манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагчийн төлөөлөгч *: “...Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага дээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зохих хариуг өгсөн гэж ойлгож байна. 2010 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасан. Гэтэл сөрөг нэхэмжлэлд дурдсан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа гэрээ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Мөн түүнчлэн тухайн үеийн *ийн захирал нь * компанийн захирлын төрсөн эцэг буюу холбоо хамааралтай нөхцөл байдлаа ашиглаад төрийн өмчит компани буюу * компанийн эзэмшлийн газрыг дуудлага худалдаагаар худалдахгүйгээр өөрийн төрсөн хүүгийн компанид хууль бус гэрээ хэлцэл байгуулан шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. Ийм учир энэ гэрээ нь өөрөө хуульд заасан шаардлага хангахгүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг шаардах боломжгүй учраас нэхэмжлэл бол бүхэлдээ үндэслэлгүйгээс гадна энэ хэрэг маргааны хувьд 2010 онд Газар худалдах, худалдах авах гэрээ байгуулсан гэж байгаа бол өнөөдөр 2025 он буюу 15 жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуульд зааснаар тодорхой үүргийг шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. Энэ хэргийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*” ХХК-д холбогдох “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах * ХК-ийн 244.7 га эзэмшил газрыг “*” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх”, талуудын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
* ХХК-ын сөрөг нэхэмжлэлтэй, *ид холбогдох 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га газрын эзэмших эрхийг “* ХХК-нд шилжүүлэхийг * ХК-нд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*” ХХК-д холбогдох “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах * ХК-ийн 244.7 га эзэмшил газрыг “*” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан.
* ХК нь 2008 онд нэр бүхий 3 иргэнээс /*аас 50га, *гээс 50 га, *ээс 154 га нийт 254 га/ газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бөгөөд * нэгж талбарын дугаар бүхий 154 га газрын хугацаа дуусаж сунгуулахад нэгж талбарын 4*дугаар бүхий 149.6 га болж өөрчлөгдсөн, * нэгж талбарын дугаар бүхий 100 га газар нь нэгж талбарын 4317000674 дугаартай болж газрын хэмжээ нь 95.1 га газар болж өөрчлөгдсөн болох нь * ХК-ын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын засаг даргад гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *дугаартай “эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж, түүний хавсралт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд * ХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р багт байрлах 244.7 га газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байна. /хх-ийн 28-38, 153-155 хуудас/
2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр * ХК болон * ХХК нарын хооронд “Газар худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, газрын үнэ 19,760,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, * ХХК нь төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан нь Газар худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн төлбөрийн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 61, 63, 102-103 хуудас/
* ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “манай * * газрын төлбөрийг тухай бүр нь төлж явсан. Газар эзэмшигчийн үүргээ хугацаанд нь биелүүлж ирсэн. Тус газрыг * ХХК нь 244.7 га газрыг үндэслэлгүйгээр ашиглаж байсныг тогтоосон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу газар эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэх эрхтэй гэж заасны дагуу 244.7 га газрыг "*" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “газар худалдах худалдан авах гэрээ” нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй” гэж,
* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Хариуцагч "*" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. манай компанийн зүгээс 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдах авах гэрээг байгуулсан. Тухайн гэрээнд заасны дагуу манай компани гэрээний үнийн дүнг 100 хувь төлж барагдуулсан. Мөн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 14 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа. Гэхдээ яг тухайн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 149 га газар болон 95 га газрыг яг тухайн хэмжээгээр эзэмшиж байгаа эсэхийг яг одоогоор миний хувьд хэлэх боломжгүй. Мөн манай компанийн зүгээс 2010 оноос хойш холбогдох зөвшөөрөл буюу Төрийн өмчийн хорооноос холбогдох зөвшөөрлийг авч өгөхийг хүсэж * ХК-нд өгсөн байдаг. 2-3 удаа албан ёсоор тухайн газрыг шилжүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Төлөөлөн удирдах зөвлөл болон * компанид гаргаж байсан. 2023, 2024 онд тухайн газрын газар эзэмших эрхийн хугацааг ямар шалтгаанаар сунгасныг мэдэхгүй байна. Сунгалт хийгдээд өнөөдрийн байдлаар * * компанийн нэр дээр тухайн маргаан бүхий газрын, газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Нэгж талбарын дугаар 3 удаа өөрчлөгдсөн байдаг. Энэ талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч хангасангүй... Мөн манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр 2024 онд байгуулагдсан газар эзэмших хоёр гэрээ байгаа. Энэ хоёр гэрээн дээр тусгагдсан эрх бүхий субъект * * компанийн төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурж тухайн гэрээг байгуулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч талын гаргаж өгч байгаа 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр * гэх этгээд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Түр орлон гүйцэтгэгчийн тухай дүрэм журмыг Монгол Улсын эрх зүйн баримт бичгүүдээс шүүгээд үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг л түр орлон гүйцэтгэх гэж журам байдаг. Тэрнээс биш түр орлон гүйцэтгэх бичиг, томилох журам гэж байхгүй. Цоо шинэ эрх зүйн ойлголтыг гаргаад иржээ. Мөн * ХК-ийн дүрмийн 1.5 нь хуулийн үндэслэлгүй юм. Компанийн дүрэм дээр гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч гэх зохицуулалт байхгүй. Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчийг томилох журам байхгүй... Төлөөлөн удирдах зөвлөл хэдийгээр гүйцэтгэх захирлаа сонгох эрхтэй боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгоогүй байгаа зэргээс нь харахад тухайн үед гүйцэтгэх захирлын орлон гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан Цогтбарын гарын үсэг буюу итгэмжлэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гарын үсэг зураагүй байна гэж манай компанийн зүгээс үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарлаж тус тус маргаж мэтгэлцэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан “2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ.
2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ” нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасан “гэрээг нотариатаар гэрчлүүлэх” хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Мөн маргаан бүхий “Газар худалдах, худалдан авах гэрээ” нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болох нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй болох нь Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн х/782 дугаартай албан бичигт дурдсан “Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах 244.7 га газрыг * ХК-аас * ХХК-д шилжүүлэх тухай шийдвэр холбогдох баримт Засгийн газрын архивд байхгүй байгааг үүгээр мэдэгдье” гэх албан бичгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 124 хуудас/ Мөн маргаан бүхий газрыг дуудлага худалгаагаар худалдсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.
* нь төрийн өмчит компани болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: ...* нь Засгийн газрын 1991 оны 22 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор анх үүсгэн байгуулагдаж байсан. 2023 оныг хүртэл 100 хувь төрийн өмчит хувьцаат компани гэж явж байсан. 2023 оны Улсын их хурлын 16 дугаартай тогтоол, Засгийн газрын 214 дугаартай тогтоолын дагуу *ийн 34 хувийг олон нийт, 66 хувийг нь төр эзэмших болсноор Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болон хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн... гэх тайлбар, Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт зэргээр нотлогдож байгаа болно. /хх-ийн 7-8 хуудас/
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй… гэж хуульчилсны дагуу * ХК нь өөрийн эзэмшлийн газар болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр баг Талын толгой гэх газарт байрлах 149.6 га газар, Ивэн 1 дүгээр баг Зараагийн Хөндий гэх газар байрлах 95.1 га газар нийт 244.7 га газрыг * ХХК-аас хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй ба маргаан бүхий газрыг чөлөөлөхийг * ХХК-д даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заасан.
Иймд * ХК, * ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56.5-д “...Энэ хуулийн 56.1-д “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу * ХК-иас хэлцлээр шилжүүлсэн зүйл болох 19,760,000 төгрөгийг гаргуулж * ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
* ХХК нь *ид холбогдуулан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га газрын эзэмших эрхийг “* ХХК-д шилжүүлэхийг * ХК-нд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан.
Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж өмгөөлөгч *: ...Манай компани 2024 оны 11 дүгээр сарын байдлаар маргаан бүхий гэрээ буюу 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар худалдах, худалдах авах гэрээний Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах 244.7 га газрыг эзэмших эрхийг * ХХК-д шилжүүлэхийг * * компанид даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсгийг алгасаад явчихъя. Яагаад гэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж өгсөн хариу тайлбаруудтай дийлэнх хувь нь давхцаж байгаа юм. 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдөр албан бичгүүдийг * * болон * *ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргаж тухайн газрыг шилжүүлээч ээ, Газар Худалдах-худалдах авах гэрээний үүргээ биелүүлээч ээ, хэдийгээр шилжүүлэх гэрээ хийгдээгүй ч гэсэн бид нар Иргэний хуульд заасны дагуу хэрэв Газар худалдах, худалдах авах гэрээ үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийсэн бол тухайн төлбөрийг 100 хувь төлснөөр худалдан авагчид нэрийг нь шилжүүлэх боломжтой. Энэ боломжтой зохицуулалтыг Иргэний хуульд заасан байдаг. Энэ заалтуудыг үндэслээд манай компанид шилжүүлж өгөөч гэсэн шаардлагуудыг удаа дараа тавьж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Мөн Иргэний хуульд 100 хувь төлбөр төлснөөр өмчлөгчид шилждэг зохицуулалт бас байдаг. Энэ хуулийн зохицуулалтын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах шатанд хэлье. Манай компанийн зүгээс хэдийгээр 244.7 га газрыг шилжүүл гэж байгаа боловч анх байгуулсан гэрээ маань өөрөө 304 га газрыг худалдан борлуулахыг хүлээсэн байдаг. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад 304 га газар болон 244.7 га газрыг харьцуулаад үзэх юм бол анх хүсэлтэд дурдсан 9 га газраас илүүтэйгээр бараг 59-60 га газрыг зөрүү байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна... гэх тайлбарыг,
Сөрөг нэхэмжлэлийн талаар * * ХК-ын төлөөлөгч *: ...Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага дээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зохих хариуг өгсөн гэж ойлгож байна. 2010 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж заасан. Гэтэл сөрөг нэхэмжлэлд дурдсан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа гэрээ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Мөн түүнчлэн тухайн үеийн *ийн захирал нь * компанийн захирлын төрсөн эцэг буюу холбоо хамааралтай нөхцөл байдлаа ашиглаад төрийн өмчит компани буюу * компанийн эзэмшлийн газрыг дуудлага худалдаагаар худалдахгүйгээр өөрийн төрсөн хүүгийн компанид хууль бус гэрээ хэлцэл байгуулан шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. Ийм учир энэ гэрээ нь өөрөө хуульд заасан шаардлага хангахгүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг шаардах боломжгүй учраас нэхэмжлэл бол бүхэлдээ үндэслэлгүйгээс гадна энэ хэрэг маргааны хувьд 2010 онд Газар худалдах, худалдах авах гэрээ байгуулсан гэж байгаа бол өнөөдөр 2025 он буюу 15 жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуульд зааснаар тодорхой үүргийг шаардаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. Энэ хэргийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна... гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэж байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Газар худалдах, худалдах авах гэрээ” нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцсон тул энэ гэрээний үүргийн биелэлтийг * ХХК нь * ХК-аас шаардах эрхгүй байна.
Нөгөөтэйгүүр сөрөг нэхэмжлэлийн хариуцагч * *ийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ байгуулсан үеэс буюу 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий болоод тусгай хугацаа дууссан байх тул * нь гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар * ХХК-ын сөрөг нэхэмжлэлтэй *ид холбогдох 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах нийт 244.7 га газрын эзэмших эрхийг “* ХХК-д шилжүүлэхийг * ХК-нд даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч * нь “*ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.* нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэдэг нь эргэлзээтэй, Компанийн тухай хуульд түр орлон гүйцэтгэгч гэж нэр томьёо байхгүй, Компанийн дүрэм дээр мөн ийм нэршил байхгүй... Ж.* нь хууль дүрмийн дагуу томилогдоогүй тул Ж.*ын олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус...” гэж маргасан.
2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “*” нээлттэй хувьцаат компанийн дүрмийн 5.7.9-д “Компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох...” гэж заасан бөгөөд * ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл түр хугацаанд гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.*ыг сонгож томилсон байна. /хх-ийн 5-р хуудас/
Мөн * *ийн төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа болох нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024-01 тоот “*” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн хоорондын хөлсөөр ажиллах гэрээгээр нотлогдон тогтоогдож байна. /2-р хх-ийн 40-42 хуудас/
* *ийн ТУЗ нь компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хууль, дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч * ХХК-ын захирал *т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул талуудын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр, түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*” ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж, * ХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р багийн Талын толгойд байрлах 4317001040 нэгж талбарын дугаартай 149.6 га газар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1-р багийн Зараагийн хөндийд байрлах 4317000674 нэгж талбарын нэгж талбарын дугаартай 95.1 га, нийт 244.7 га газрыг албадан чөлөөлөхийг “*” ХХК-д даалгасугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-т зааснаар * ХК, “*” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “газар худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, * ХК-иас хэлцлээр шилжүүлсэн зүйл болох 19,760,000 төгрөгийг гаргуулж * ХХК-нд олгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар “*” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Газар худалдах, худалдах авах гэрээний үүргээ биелүүлж 244.7 га газрыг “*” ХХК-д шилжүүлэхийг * ХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*” ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулж, * ХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН