Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/801

 

    2023            8              8                                         2023/ДШМ/801

 

 Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ  даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Цэвээнжав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/426 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00040 0252 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Б-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын .. дугаар баг, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны . тоотод оршин суудаг, /РД: ........./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 934 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Б.М нь цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмсөж, өөрийгөө “Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан улмаар хохирогч Б.Б-ээс “мөнгө өгч залилуулсан хүнийг чинь олж өгнө, хамт ажиллаж байгаа цагдаа нартаа мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байранд байхад нь өөрийн Х банкны ...... дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч А.М-аас “Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ажилд оруулж өгнө” гэж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байранд байхад нь Х банкны ..... дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Ш.Б-аас “жолооны эрх сэргээнэ” гэж 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын .. дугаар байрны .. тоотод байхад нь Х банкны ..... дугаарын дансаар 1.800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч А.Б-ээс 2022 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд фейсбүүк цахим хуудсаар дамжуулан жолооны ангилал дарж өгнө гэж Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь ......., .... тоот данснууд ашиглан нийт 800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Б-ээс Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны гадна талд “жолооны Д ангилал шалгалтгүйгээр 14 хоногийн дотор гаргаж өгнө” гэж 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 450.000 төгрөг, 1 дүгээр сарын 16-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 650.000 төгрөгийг өөрийн         Х банкны ...... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

мөн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Х хотхон” автомашины зогсоол дээр .... улсын дугаартай, “Верна Аксент” загварын тээврийн хэрэгсэл дотор Х банкны ..... дугаарын дансыг ашиглан “М Б” нэртэй фейсбүүк цахим хаягаар орж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” гэх мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирлоос хохирогч Б.Б-д 200.000 төгрөг, Ш.Б-д 600.000 төгрөг, А.Б-д 250.000 төгрөг, Б.Б-д 650.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас нийт 4.050.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д 800.000 төгрөг, А.М-д 1.500.000 төгрөг, Ш.Б-д 1.200.000 төгрөг, А.Б-д 550.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 932.400 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн хөх өнгийн борооны цув 1 ширхэг, хөх өнгийн срочкон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хээрийн китель 1 ширхэг, ахмад цол 1 хос, “Б.М, 33140” гэсэн бичиглэлтэй хувийн дугаар 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Гэрч болох миний хамтран амьдрагч Б-тэй анх танилцахдаа “төрийн албан хаагч” гэж хэлэн танилцаж дотноссон бөгөөд хамт байх хугацаандаа хохирогч болох хүмүүстэй танилцсан. Эдгээр хүмүүс намайг цагдаа гэж бодон надаас туслалцаа хүссэн. Тухайн үед би Б-д худлаа хэлсэн байсан тул тэрэндээ ороогдож, яах учраа олохгүй тэдгээр хүмүүст тусалж, зарим нэгээс нь хөөцөлдөж үзсэн бөгөөд үнэн сэтгэлээсээ санаатайгаар бусдыг залилах бодолгүй байсан. Мөн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн үйлдлийг 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай үйлдсэн. Тухайн үед ковидын улмаас хөл хорионд байсан бөгөөд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан учир фэйсбүүкээр хүмүүсийн явуулж байсан “Лайв”-ыг үзэж, түүнээс санаа аван хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хориотой гэдгийг нь мэдэлгүй үйлдсэн. Энэхүү үйлдлээс ямар нэг ашиг олоогүйн дээр хууль бус гэдгийг нь мэдээд больсон. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Бцийн цагдаад гаргасан гомдлын улмаас баривчлагдан очихдоо анхны мэдүүлгээрээ бүх үйлдлээ хүлээж, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж, сайн дураар хэргээ хүлээсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарт хохирлын 50 хувийг төлсөн хохирогч нар гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Хэрэв надад боломж олговол ажил хөдөлмөр эрхэлж, хохирлоо төлөх  хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Х.Цэвээнжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нийт хохирол төлбөрөөс 4.050.000 төгрөг үлдсэн. Миний үйлчлүүлэгч Б.М нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг. Гэм буруугийн талаар маргадаггүй. Мөн сүүлийн 2 үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Б.М нь барилгын засал чимэглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй тул ажил хөдөлмөр эрхэлж үлдэгдэл хохирол, төлбөрөө төлөх боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг хэрэглэж, түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.М нь цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмсөж, өөрийгөө “Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан улмаар хохирогч Б.Б-ээс “мөнгө өгч залилуулсан хүнийг чинь олж өгнө, хамт ажиллаж байгаа цагдаа нартаа мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж итгүүлэн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байранд байхад нь өөрийн Х банкны ....... дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч А.М-аас “Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ажилд оруулж өгнө” гэж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дугаар байранд байхад нь Х банкны ...... дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Ш.Б-ээс “жолооны эрх сэргээнэ” гэж 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын 47 дугаар байрны .. тоотод байхад нь Х банкны ........ дугаарын дансаар 1.800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч А.Б-ээс 2022 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд фейсбүүк цахим хуудсаар дамжуулан жолооны ангилал дарж өгнө гэж Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь ......., ....... тоот данснууд ашиглан нийт 800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Б-ээс Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны гадна талд “жолооны Д ангилал шалгалтгүйгээр 14 хоногийн дотор гаргаж өгнө” гэж 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 450.000 төгрөг, 1 дүгээр сарын 16-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 650.000 төгрөгийг өөрийн Х банкны ....... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

мөн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Х хотхон” автомашины зогсоол дээр .... улсын дугаартай, “Верна Аксент” загварын тээврийн хэрэгсэл дотор Х банкны ......... дугаарын дансыг ашиглан “М Б” нэртэй фейсбүүк цахим хаягаар орж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” гэх мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ийн “... би Дорнод аймгаас ноос, ноолуур таньдаг хүндээ захиалаад залилуулсан, тэр хүнээ олуулах санаатай 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.М-тай утсаар яриад учир байдлаа хэлсэн. Тэгэхэд М “асуудалгүй олоод өгнө” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа над руу залгаад “хамт ажиллаж байгаа цагдаа нартаа мөнгө өгөх хэрэгтэй байна, 2.500.000 төгрөг яг одоо явуул” гэж хэлсэн. Би “тийм их мөнгө өгч чадахгүй, 1.000.000 төгрөг бол өгч болно” гэсэн. Би өгсөн данс руу нь өөрийн данснаас интернэтээр мөнгө шилжүүлсэн. Гэтэл тэр өдрөөс хойш ор сураггүй алга болсон. М намайг машинтай очиж гэрээс авахад цагдаа хувцастай байсан. ...” /1 хх 21-22/,

хохирогч А.М-ийн “... би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нагац эгч Б-тэй хамтран амьдардаг М гэдэг хүнтэй анх Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар байранд танилцаж байсан. Тэр үед М ах Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст цагдаа хийдэг гэж байсан. Би тэгэхээр нь их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, цагдаа болох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгсэн чинь “ах нь чамайг өөрийнхөө ажилладаг Баянзүрхийн цагдаагийн газарт ажилд оруулж өгнө, 2.500.000 төгрөг болох байх, эхний удаа бичиг баримт болон 1.500.000 төгрөг өгөөрэй, ажилд орсны дараа үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд маргааш нь аав А-ийн Х банкны дансаар М-ын явуулсан данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ... 2022 оны 11 дүгээр сард ахиж асууж лавлахад утсаа авахгүй миний фейсбүүкийг блок хийсэн байсан. ...” /1 хх 93-94/,

хохирогч Ш.Б-ийн "... би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдан жолооны эрхээ хасуулсан. ... Тэгээд би дүү Б-ээс дугаарыг нь аваад М гэдэг хүнтэй өөрөө ярихад “би Баянзүрх дүүргийн цагдаад ажилладаг, таны наад асуудлыг чинь шийдэж болно, харин та мөнгөө эртхэн өгвөл зүгээр шүү, би өөрөө бас давхар давхар хүн гуйж мөнгө өгөх ёстой” гэж хэлж байсан. ... М “45 хоноод гарна 1.800.000 төгрөг болно, та мөнгөө манай эхнэрийн данс руу яг одоо хийчих” гэхээр нь би Х банкны данс руу өөрийн дансаар 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө авсан тэр өдрөөс хойш холбоо барихгүй алга болсон. ...” /1 хх 117-118/,

хохирогч А.Б-ийн “... Би фейсбүүк ухаад байж байтал ангилал дарна гэсэн зар байхаар нь ороод хартал доор нь миний мөнгө өгдөг залуу болох “b M uth” гэсэн хаягтай хүн тухайн постын доор “байна” гээд мэдээлэл оруулчихсан байсан. ... тухайн эрэгтэй нь цагдаа хувцастай хаанаас ч юм гарч ирээд “манай ажил тэнд байдаг” гэж хэлээд “ангилал дарна, нэг сар болно. 1 сая төгрөг” гэхээр нь би зөвшөөрч тэндээ эхлээд 200.000 төгрөгийг өөрийнхөө данснаас тухайн эрэгтэйн хэлсэн данс руу шилжүүлсэн. Ингээд маргааш нь ... тухайн эрэгтэйн явуулсан данс руу 600.000 төгрөгийг хийгээд үлдэгдэл 200.000 төгрөгийг ангиллаа даруулсныхаа дараа өгөхөөр болсон. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш утсаа авахгүй, миний утсыг блоклоод алга болсон. ...” /1 хх 222/,

хохирогч Б.Б-ын “... Би фейсбүүкт “жолооны үнэмлэхийн Д ангилал яаралтай даруулна” гээд пост оруулсан. Постон доор “Вагаа Вагаа ” гэх фейсбүүкийн хаягаас чат гэсэн байхаар нь хаяг руу нь харьцаж байгаад дүрсээ харж яриад “хэдээр гаргах вэ” гэсэн чинь “450.000 төгрөг” гэсэн. Уг хүнтэй уулзахаар болоод М гэх залуу хорооллын эцсийн 32 дугаар байрны гадаа ир гэсэн. Очиход М нь 4 таван хошуутай цагдаагийн хувцастай гарч ирээд “14 хоногийн дотор шалгалт гэхгүйгээр шууд гаргана” гэж хэлээд мөнгөө шилжүүл гээд би өөрийн данснаас М-ын данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2 хх 37-38/,

гэрч Э.Б-ийн "... М бид хоёр 3 сар хамт амьдарсан. Өөрөө ярихдаа цэрэгт явж ирээд, караоке ажиллуулж байгаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилд орсон, тэрний дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжсэн гэж байсан. М цагдаагийн дүрэмт хувцас өмсдөг, энгэрийн нэр байхгүй, мөрдөс бол байдаг. Анх танилцаж байхад цагдаагийн хоёр зураастай байсан. Сүүлд цол нэмсэн гээд дөрвөн таван хошуутай мөрдөс зүүсэн байсан. ... манай найз Б-тэй уулзаад М-ыг цагдаа биш гэж хэлэхэд найз нь нөгөө хүнээ олуулах гээд 1.000.000 төгрөг өгсөн байгаа гэж хэлсэн. ... М гэдэг хүнийг цагдаа гэж бодоод манай ахаар дамжуулж жолооны хасагдсан эрхээ сэргээлгэх гэж Ш Б гэсэн утгатай ...... дугаарын данснаас миний Х банкны ..... дугаарын данс руу 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед М нь банкны картгүй байсан болохоор миний картыг ашиглаж байгаад аваад алга болсон. ...” /1 хх 29-30, 32-34/,

гэрч Г.Т-ын “... Би анх М гэдэг хүнтэй 2020 оны 4 дүгээр сард танилцаж байсан. ... 2022 оны 10 дугаар сард М манай гэрт цагдаа хувцастай ирээд надад “би шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд жижүүрийн цагдаагаар ажилд орсон, өвлийн жагсаалын үзлэг болох гээд байна, өвлийн үстэй малгай илүү байгаа юу” гэж гуйхаар нь би илүү байсан нэг малгайгаа өгсөн. ...” /1 хх 43-44/,

гэрч Б.Т-ийн “... гэртээ фейсбүүк ухаад байж байтал “шууд лайв группүүд рүү шэйр хийгээд 5к-р 5 тоглоод гараа бүрдээ мөнгө хожоорой, ёндоогоо үзээрэй” гэсэн утгатай юм яваад байхаар нь би 9-10 удаа цахим покер мөрийтэй тоглоомыг тоглосон. ... Би тоглох үедээ өөрийн эзэмшлийн 5114296221 тоот данснаас 5431279350 данс руу 10.000 төгрөг шилжүүлж тоглосон. “М Б” гэсэн фейсбүүк цахим хаягийн лайв дээр нь 9-10 удаа тоглосон. Би тоглох үедээ мөнгө хожоогүй. ...” /2 хх 99-100/,

гэрч С.Б-ийн “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ фейсбүүк ухаад байж байтал “шууд лайв группүүд рүү шэйр хийгээд 5к-р 5 тоглоод гараа бүрдээ мөнгө хожоорой ёндоогоо үзээрэй” гэсэн утгатай юм яваад байхаар нь би 3-4 удаа цахим покер мөрийтэй тоглоом тоглосон. Би дээрх фейсбүүк хаяг болон данс эзэмшигч Б.М гэх хүнийг танихгүй. ...” /2 хх 103-104/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 16/,

Б.Б-ийн Х банкны дансны хуулга /1 хх 40/, А.М-ийн мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /1 хх 96/, Э.Б-ийн Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 36/, А.Б-ийн Х банкны дансны хуулга /1 хх 202-204/, Б.Б-ын хаан банкны дансны хуулга /2 хх 31/,

Б.М-ын эзэмшлийн Х банкны ......... дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 150-175, 2 хх 111-128, 129-131/, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 10-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Шүүгдэгч Б.М-ээс “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тал хувийг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлөөгүй зэрэг болон түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс хорих ялын төрлийг сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэл  тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/426 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР