Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00200

 

“А.Д” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02794 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А.Д” ХК-ийн хариуцагч “Э.Э.П” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээгээр шилжүүлсэн 57 826 782 төгрөгийн үнийн дүн бүхий 42 ширхэг авлагын баримт /шүүгчийн захирамж, шийдвэр/-ыг гаргуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 43 283 612 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 116 345 816 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А.Д” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Э.П” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр компанийн даатгалын нөхөн төлбөрийн материалд эрх зүйн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, эрх зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, бизнесийн хэлэлцээрт орох, баримт бичигт магадлан шинжилгээ хийх, ажлын хөлсөд сард 1 500 000 төгрөг төлөх мөн өр төлбөрийг төлүүлэхээр хуулийн байгууллагад төлөөлөх, “А.Д” ХК-д хохирол учруулсан, төлбөртэй этгээдээс мөнгийг гаргуулж дансанд орсон тохиолдолд мөнгөн дүнгийн 20 хувийг олгохоор тохиролцсон. Гэрээний дагуу сар бүрийн тайланг дараа сарын 20-ны дотор гаргаж өгөх үүрэг хүлээлгэсэн. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ашигтайгаар шийдвэрлүүлсэн хэргийн үнийн дүнг 20 биш 15 хувь байхаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.1.1-1.1.6-д заасан захиалгыг 2016 оноос хойш өгөөгүй болно.

“А.Д” ХК нь “Ю” ХХК-тай байгуулсан төлбөр тасалдлын гэрээний дагуу 505 725 457 төгрөгийн авлагатай байсан боловч хариуцагч гүйцэтгэсэн ажлын тайлан гаргах, төлбөр төлөгч нараас авах төлбөрийг хуулийн хугацаанд шийдвэрлэх гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй. Нийт 86 хэрэглэгчээс нөхөн төлбөр 116 941 048 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 280 460 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гаргуулсан гэдэг боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлээгүй байсан.

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дээрх гэрээний хэрэгжилтийг хангах, гэрээ дүгнэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллахыг хүсч хариуцагчид энэ тухай хүргүүлсэн. Гэтэл мөн сарын 22-ны өдөр “компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх олгогдоогүй” гэх, мөн сарын 28-ны өдөр “тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг төлөхгүй байх тул гэрээнээс татгалзаж” байна гэсэн агуулгатай албан бичиг тус тус ирүүлсэн. Ийнхүү гэрээнээс татгалзсан атлаа өмнөх ажил гүйцэтгэх гэрээ үргэлжлэх талаар дурдсан тул нэгэнт гэрээнээс татгалзахад өмнөх гэрээ мөн адил дуусгавар болно гэсэн хариуг хариуцагчид 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0217/253 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хэрэгт авагдсан албан бичгүүд болон тэмдэгтийн хураамжийг хариуцагчид шилжүүлж байсан баримт зэргээр манай компанийг гэрээний үүргээ зөрчсөн гэсэн тайлбар нь үгүйсгэгдэнэ.

Гэрээнээс татгалзсантай холбогдуулан хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 30, мөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн өгсөн материалаа буцаан хүлээн авсан ч 42 хэрэглэгчийн 57 826 782 төгрөгийн дүн бүхий шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зэрэг холбогдох баримтуудыг буцаан өгөөгүй. 

Мөн нэр бүхий 7 төлбөр төлөгчөөс авсан 5 653 090 төгрөгийг аваад манайд хүлээлгэн өгөөгүй. Үүнээс гадна сөрөг нэхэмжлэлдээ “Ю” ХХК-ийн хэрэглэгчдээс төлсөн 30 654 347 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн байдаг тул энэ мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан. Гэрээгээр хариуцагч талд хэрэглэгчдийн төлсөн мөнгийг авах эрх олгоогүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд анх 4 956 737 төгрөг гаргуулахаар шаардсан дүнг манайд ирүүлсэн и-мэйл хаягт бичсэн дүнгээр тооцсон. Түүнчлэн хариуцагч өөрөө авснаа хүлээн зөвшөөрсөн Баянгол дүүргийн төрийн сангаас 352 447 төгрөг, Сүхбаатар дүүргийн төрийн сангаас 230 595 төгрөг, Баянзүрх дүүргийн төрийн сангаас 358 464 төгрөг, Хан-Уул дүүргийн төрийн сангаас 142 178 төгрөг, нийт 1 083 684 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Шүүхийн шийдвэрийн дагуу “Хера эквипмент” ХХК-аас авбал зохих 935 754 төгрөгийг манай байгууллагад өгөлгүй суутган авснаа шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байх тул уг мөнгийг буцаан гаргуулна.

Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын төлбөрийг суутгаж авах эрх олгоогүй, энэ талаар тохиролцоогүй. Гэтэл ажлын үр дүнг өгөөгүй хэрнээ төлбөр төлөгчийн шийдвэрийн дагуу төлсөн мөнгийг авсан тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд “Э.Э.П” ХХК-аас төлбөр төлөгч нараас хүлээн авсан 37 243 191 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид өгсөн, төрийн сангаас буцаан авсан 6 040 421 төгрөг, нийт 43 283 612 төгрөгийг болон 42 ширхэг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зэрэг холбогдох материалыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 3 дугаар сард түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээ, мөн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр  “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” тус тус байгуулагдсан.

“Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр “Ю” ХХК ба “А.Д” ХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан UNI13/466 дугаартай “Төлбөрийн тасалдлын гэрээ”-ний дагуу “А.Д” ХК-д шилжсэн төлбөр төлөөгүй хэрэглэгчдийн үйлчилгээний төлбөр, алдангийг төлүүлэхээр шаардах эрхийг “Э.Э.П” ХХК-д шилжүүлсэн. Гэрээгээр 505 725 457 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй Улаанбаатар хотын 684 хэрэглэгчээс төлбөр, алданги шаардах эрхийг шилжүүлсэн. Гэрээний 4.9-д “А.Д” ХК шийдвэр гүйцэтгэлийн зардлыг буцаан төлөгдөх нөхцөлтэйгээр төлөх байсан. “Э.Э.П” ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах талаар нэхэмжлэгчийн удирдлагатай хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч “А.Д” ХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй.

Тиймээс “Э.Э.П” ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээг цуцлах мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А02/13 тоот албан бичгээр хүргэсэн бөгөөд “А.Д” ХК гэрээ цуцлах саналыг хүлээн авсан тухай мөн оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 02/17/257 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Улмаар “Э.Э.П” ХХК 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл шаардах эрх шилжүүлж авсан хэрэглэгчдийн материалыг буцаан шилжүүлж өгсөн. Харин “А.Д” ХК ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

“Ю” ХХК-ийн хэрэглэгчдээс төлсөн 30 654 347 төгрөг, “Хера эквипмент” ХХК-аас төлсөн 935 754 төгрөг, төрийн сангаас авсан 1 083 684 төгрөгийн хувьд маргахгүй. Гэхдээ ажлын хөлсөө төлөөгүй тул барьцаа болгон үлдээсэн. 42 ширхэг авлагын материал буюу шүүхийн шийдвэр, захирамжуудыг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “А.Д” ХК-тай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах ажлын хөлсийг сар бүр 1 500 000 төгрөг байхаар, харин төлбөртэй холбоотой маргааныг ашигтай байдлаар шийдвэрлүүлсэн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн үнийн дүнгийн 15 хувь, төлбөрийг шүүхийн өмнөх шатанд төлүүлэх, эвлэрлийн гэрээ байгуулж төлүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн 10 хувь байхаар тус тус тохиролцсон. Манай компанийн зүгээс гэрээний хугацааг сунгах төслийг “А.Д” ХК-ийн хуульчид цахим шуудангаар 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн бөгөөд “А.Д” ХК-ийн зүгээс өөрийн саналуудаа оруулж талууд гэрээний эцсийн хувилбарыг тохиролцсон боловч гэрээний шинэ төслийг албажуулж ирүүлээгүй. Гэвч манай компани гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэсээр, ажлын тайлангаа цахимаар хүргүүлж, нэхэмжлэгч тайланг хүлээн авсан хэвээр байсан. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Иймд ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Сар бүрийн 1 500 000 төгрөгийн хөлсийг 2016 оны 3 дугаар сарыг дуустал хүлээн авсан. Үүнээс хойш сар бүрийн ажлын хөлсийг аваагүй тул ажил гүйцэтгэх гэрээний 2.1.1-д заасны дагуу 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ажлын хөлсөд 37 500 000 төгрөг, алданги 18 750 000 төгрөг, нийт 56 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч ажлын хөлснөөс 9 000 000 төгрөгийг хоорондын тооцоогоор суутгасан, 2016 он дуусталх хөлсийг төлсөн гэж байгаа ч нотлох баримтгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 2.1.3-т ашигтай шийдвэрлүүлсэн хэргийн үнийн дүнгийн 15 хувийг авахаар тохиролцсон. Уг тохиролцооны хүрээнд дараах хэргүүдэд оролцсон. Үүнд,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/19763 дугаар захирамжаар “А.Д” ХК-д Г.Сансарбаатар нь 2 500 000 төгрөг төлөх болсон тул уг үнийн дүнгийн 15 хувь                                      375 000 төгрөг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 6977 дугаар шийдвэрээр “А.Д” ХК-иас 774 130 төгрөг гаргуулж, үлдэх 7 802 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир түүний 15 хувь 1 170 415 төгрөг,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/02335 дугаар шийдвэрээр “Сутайн буянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А.Д” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр                          19 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул үүний 15 хувь     2 850 000 төгрөг,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/00371 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00258 дугаар тогтоолоор Т.Ганцэцэгийн “А.Д” ХК-аас даатгалын нөхөн төлбөр гэж шаардсан 31 042 847 төгрөгөөс 6 787 593 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул 24 255 254 төгрөгийн дүнгээс ажлын хөлс тооцвол 3 638 288 төгрөг,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2016/04145 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1311 дүгээр магадлалаар “А.Д” ХК-ийн “Хера эквипмент” ХХК-аас 910 154 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул ажлын хөлс 136 523 төгрөг,

“А.Д” ХК-ийн “Монре даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 1 710 180 төгрөг гаргуулах хэрэгт шүүхийн өмнөх шатанд “Монре даатгал” ХХК-аас хүлээн зөвшөөрч төлсөн тул ажлын хөлс 171 018 төгрөг болж байна. Энэ хэргийн хувьд манайх шүүхэд хандахаас өмнө тус байгууллагад хандаж оролцсоноор хүлээн зөвшөөрч мөнгийг “А.Д” ХК-д шилжүүлсэн болно. Иймд энэ ажлын хөлсийг шаардах эрхтэй.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2016/02587 дугаар захирамжаар “А.Д” ХК-ийн “Алтайн зам” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 373 000 төгрөг гаргуулах хэргийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тул уг дүнгээс ажлын хөлс 55 950 төгрөг,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00187 дугаар шийдвэрээр Э.Уянгатөгсийн “А.Д” ХК-аас шаардсан даатгалын нөхөн төлбөр 1 834 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажлын хөлс 264 654 төгрөг авах ёстой. Энэ хэргийн тухайд дараагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд би оролцоогүй. Тухайн үед оролцсон төлөөлөгчид ажиллагаанд хэрхэн оролцож, шүүхээр ашиггүй шийдвэрлүүлсэн нь манай байгууллагатай хамааралгүй тул өмнө гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж үзэж байна.

Дээрх 8 хэрэгт оролцсон ажлын хөлс нийт 8 661 848 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр “Эй Ээс партнёрс” ХХК үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх 101 145 091 төгрөг болон 505 725 457 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн алданги болох 50 хувь буюу 252 862 728 төгрөг, нийт 354 007 819 төгрөг авахаар тохиролцсон байсан. Бид тооцоо нийлэх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхийг шаардсан боловч “А.Д” ХК-ийн зүгээс ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй.

“Э.Э.П” ХХК нь 684 хэрэглэгчдээс 82 хэрэглэгчид холбогдох 115 626 633 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлүүлсэн тул үндсэн төлбөрийн 20 хувь болох 15 310 766 төгрөг, алданги 36 132 525 төгрөг, нийт 51 433 291 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна.

Уг үнийн дүнгээс “Ю” ХХК-ийн хэрэглэгчдээс төлсөн 30 654 347 төгрөг, зарим дүүргийн төрийн сангаас тэмдэгтийн хураамжид буцаан авсан 1 083 684 төгрөг, “Хера эквипмент” ХХК-ийн төлсөн 935 754 төгрөгийг тус тус хасаж тооцон анх сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Гэвч нэхэмжлэгч уг суутгасан дүнг манайхаас гаргуулахаар шаардсан тул энэ гэрээний дагуу 51 433 291 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан болно.

Иймд нэхэмжлэгч “А.Д” ХК-аас ажил гүйцэтгэх гэрээний 2.1.1-д заасны дагуу ажлын хөлс 37 500 000 төгрөг, түүнд ногдох алданги 18 750 000 төгрөг, 2.1.3-т заасны дагуу нэр бүхий 8 хэрэгт төлөөлж оролцсон ажлын хөлс 8 661 848 төгрөг, “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу үндсэн төлбөр 15 310 766 төгрөг, алданги 36 132 525 төгрөг, нийт 116 345 816 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1.8-д заасны дагуу гүйцэтгэгч сар бүрийн хийсэн ажлын тайлангаа дараа сарын 20-ны дотор захиалагчид гаргаж өгч байгаагүй. “А.Д” ХК-аас “Э.Э.П” ХХК-д итгэмжлэл эсвэл гэрээний үндсэн дээр эрх шилжүүлсэн, төлөөлүүлсэн, шүүхийн өмнөх болон шүүхээр хэлэлцэгдэж байгаа ямар нэгэн маргаан байхгүй тул гэрээний дагуу ажил гүйцэтгэсээр байгаа гэх тайлбар үндэслэлгүй. “Э.Э.П” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг сунгах, гэрээнд нэмэлт оруулах тухай асуудал 2016 онд яригдаагүй, тус компани ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчиж, ажлын тайлан өгдөггүй, ажлын үр дүн хангалтгүй байсан тул гэрээг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй байсан. “Э.Э.П” ХХК “Ажил гүйцэтгэх” болон “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийг ноцтой зөрчсөн, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “А.Д” ХК-д төлөгдвөл зохих мөнгийг өөрсдөө авч ашиглан, тус компанийг хохироосон тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2016 онд 634 хүний улсын тэмдэгтийн хураамжийг хүн тус бүрээр шилжүүлсэн баримт болон мөн оны 5-9 дүгээр сар хүртэл нийт 5 сарын мөнгийг нийлүүлээд 9 000 000 төгрөгийг манай компанид өгөх улсын тэмдэгтийн хураамжид тооцон “хоорондын тооцоогоор суутгав” гэсэн баримт хэрэгт байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сард дууссан. 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн. Хэрэв сар бүрийн 1 500 000 төгрөг төлөөгүй бол тухайн үедээ шаардах байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Э.Э.П” ХХК-аас 32 673 785 /гучин хоёр сая зургаан зуун далан гурван мянга долоон зуун наян таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А.Д” ХК-д, “А.Д” ХК-аас 28 318 153 /хорин найман сая гурван зуун арван найман мянга нэг зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулж, “Э.Э.П” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10 609 827 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 88 027 663 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Ю” ХХК-ийн хэрэглэгчийн 42 ширхэг 57 826 782 төгрөгийн авлагын материал буюу шүүгчийн захирамж, шийдвэр зэргийг гаргуулах тухай “А.Д” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Э.Э.П” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 858 617, хариуцагчаас төлсөн 8 590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид нийт 1 052 407 төгрөгийг гаргуулж 731 089 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, 321 318 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс                           299 540 төгрөгийг гаргуулж хариуцагчид, улсын орлогоос 414 049 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгийг зөвшөөрч, зарим хангаагүй хэсэгт дараах давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн буруу заалтыг хэрэглэсэн.

“Э.Э.П” ХХК-ийн зүгээс гэрээг сунгахаар гэрээний төслийг тухайн үед “А.Д” ХК-ийн хуульчаар ажиллаж байсан н.Чимгээгийн цахим шуудангаар /[email protected]/ 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн бөгөөд “А.Д” ХК-ийн зүгээс өөрийн саналуудаа оруулж талууд гэрээний эцсийн хувилбарыг тохиролцсон. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуульч н.Чимгээгээс гэрээнд саналаа оруулж буцаан ирүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэрээний хувилбарыг буцаан явуулж хуульч нь гүйцэтгэх захиралдаа таницуулж “А.Д” ХК-иас албажуулж баталгаажуулж “Э.Э.П” ХХК-д ирүүлэхээр болсон. Гэрээ өнөөдрийн байдлаар албажаагүй бөгөөд манай компани өмнө байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа.

2017 оны 11 дугаар сарын 30-ны өдөр гэрээ албажуулах талаар цахим шуудан болон гэрээ албажуулах тухай албан бичгийн цахим хувилбарыг “А.Д” ХК-ийн удирдлагад [email protected][email protected][email protected][email protected], гэх хаягтай цахим шуудангаар хүргүүлсэн боловч гэрээ албажаагүй. Энэ хугацаанд гэрээ албажуулахаас татгалзаж байгаа тухай “А.Д” ХК-аас нэг ч албан бичиг, цахим шуудан ирээгүй нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа.

Иргэний хуулийн 39 зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.2, 195 дугаар зүйлийн 195.1, 195.2, 195.3, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус  зааснаар зохигчид нь гэрээний гол нөхцлүүдийг тохирсон ба “А.Д” ХК нь гэрээ байгуулахаас татгалзсан бөгөөд үүнийг “Э.Э.П” ХХК-д гэрээ албажуулах талаар хэд хэдэн удаагийн цахим шуудангийн хариунд албан бичгээр эсхүл цахим шуудангаар буюу ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй, татгалзсан, татгалзлыг мэдэгдсэн гэдгийн нотлох баримтаар нотлоогүй, “Э.Э.П” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан нь ажлын тайлангаар, “А.Д” ХК нь гэрээний дагуу ажлын хөлс тооцож байсан, суутгал хийсэн гэдэг нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараар тогтоогдож байхад гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсанд тооцох нь зүйтэй ба уг гэрээний дагуу ажлын хөлс тооцогдсон бөгөөд үүнийг хугацаанд нь төлөөгүй учраас алданги тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шийдвэрлэсэн ажлын хөлс болох 28 318 153 төгрөгөөс 50 хувийн алдангийг тооцохоор 14 159 075.5 төгрөгийн алданги гарч байна.

Шүүх 78 хэрэглэгчээс нийт төлүүлсэн 112 489 488 төгрөгийн төлбөрөөс тооцох ажлын хөлсийг тооцоогүй байна. Үүнээс гэрээний дагуу 15 хувийн ажлын хөлс тооцогдох нь зүйтэй бөгөөд энэ нь 16 873 423.2 төгрөг болж байна. Нийт 31 032 499.7 төгрөг гарч байгаа бөгөөд “Э.Э.П” ХХК нь анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн 28 318 153 төгрөгийн ажлын хөлс дээр 31 032 499.7 төгрөгийн ажлын хөлс, алдангийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Э.Э.П” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн 28 318 153 төгрөгийн ажлын хөлс дээр 31 032 499.7 төгрөгийн ажлын хөлс, алдангийг нэмж, нийт 58 350 652.7 төгрөгийг “А.Д” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “А.Д” ХК нь “Э.Э.П” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээгээр шилжүүлсэн 57 826 782 төгрөгийн үнийн дүн бүхий 42 ширхэг авлагын баримт /шүүгчийн захирамж, шийдвэр/-ыг гаргуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 43 283 612 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч тал эхний шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 116 345 816 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөргөөр нэхэмжилжээ.

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Анхан шатны шүүх хариуцагч “Э.Э.П” ХХК-ийн, гэрээгээр шилжүүлсэн 57 826 782 төгрөгийн үнийн дүн бүхий 42 ширхэг авлагын баримт /шүүгчийн захирамж, шийдвэр/-ыг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, тухайн хэрэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журамд нийцжээ.

Мөн хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн заасанд нийцүүлэн зөв тайлбарласан байна. /1хх-10-15,34-38, 5хх48,53/

            Нэхэмжлэгч тал хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр “Ю” ХХК-ийн хэрэглэгчдээс хүлээн авсан 37 243 191 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6 040 421  төгрөг, нийт 43 283 612 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нь “ ... Юийн хэрэглэгчдээс 30 654 347 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 083 684 төгрөг, Хера эквилмент компаниас 935 754 төгрөг авсан, төлбөрүүдийг барьцаа болгож авч үлдсэн ...” гэх үндэслэлээр уг шаардлагын мөнгөн дүнгийн хэмжээнд маргасан байх ба нэхэмжлэгчээс уг тайлбарыг баримтаар няцааж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн, хариуцагчийн тайлбарыг үндэслэн дээрх нэхэмжлэлийг 32 673 785 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Энэ шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “А.Д” ХК, хариуцагч “Э.Э.П” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 116 345 816 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгаар гуравдагч этгээдээс авах авлагыг хуулийн хүрээнд цуглуулж барагдуулах, гэрээнд заасан ажлыг гэрээний хавсралт, хуульд заасан хугацаанд түргэн шуурхай гүйцэтгэх, захиалагч гэрээт ажилд хяналт тавих, ажлын тайланг хүлээж авах, гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг гэрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2.1-д “эрх зүйн зөвлөгөө өгөх, байгууллагын бичиг баримт хянуулах, гэрээ баримт бичиг боловсруулах, бизнесийн хэлэлцээрт орох, нөхөн төлбөрийн баримт шалгаах, хянах, баримт бичгийн эрх зүйн магадлан шинжилгээ хийлгэсний төлөө захиалагч нь гүйцэтгэгчид ажлын хөлсөнд сар бүр 1 500 000 төгрөг төлөх”, 2.4-т “2.1-д заасан ажлын хөлсийг сар бүрийн 25-ны дотор гүйцэтгэгчийн харилцах данс руу шилжүүлнэ”, 2.3-т “Төлбөртэй холбоотой асуудлаар шүүхэд хандаж ашигтай байдлаар шийдвэрлүүлсэн тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлсэн үнийн дүнгийн 15 хувийг төлнө” гэж тус тус харилцан тохиролцоод гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /1хх-13-14/

Хариуцагч компани энэ гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны ажил, үйлчилгээ үзүүлсэн хөлс 37 500 000 төгрөг, мөн гэрээгээр тохирсон хугацаанд хөлс шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр алданги тооцон 18 750 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч тал “2014 оны ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сард дууссан, энэ хүртэлх хугацааны ажлын хөлсийг төлсөн, гэрээ сунгагдаагүй,хариуцагч гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан учир зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан 2014 оны “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ болон 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргээс үзвэл зохигчид хөлсөөр ажиллах гэрээнд хугацаа тохироогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч компани гэрээний хугацааг сунгах саналаа нэхэмжлэгчид хүргүүлж байсан болох нь шүүхээс хийсэн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон байна. /1хх-107-168/ Гэвч саналыг гэрээний 10.5-д заасны дагуу талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй тул “гэрээний хугацаа сунгагдсан” гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Шүүх 2 дах хавтаст хэргийн 152-156 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 364 дүгээр зүйлийн 364.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч “А.Д” ХК нь 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 02/17/300 дугаартай албан бичгээр хариуцагч “Э.Э.П” ХХК-ийн хүсэлтээр 2016 онд байгуулсан гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 2014 оны гэрээг дуусгавар болгож, гэрээний биелэлт үр дүнг тооцохыг мэдэгдсэнээр тэдгээрийн хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэж үзнэ.

Хариуцагч нь дээрх гэрээний үүргээ гэрээ цуцлах хүртэл хугацаанд гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээ үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, гэрээний болон албан бичгийн төсөл зэрэг баримтуудаар нотлогдож байх тул ажлын хөлсөө гэрээний 2.1-д тохиролцсон /“захиалагч нь гүйцэтгэгчид ажлын хөлсөнд сар бүр 1.5 сая төгрөг төлөх”/ хэмжээгээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. 2/хх-236-250, 3хх1-178/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлын хөлсийг 2016 оны ажлын хөлсийг төлсөн, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, нэхэмжлэгч “А.Д” ХК-аас 13 сарын ажлын хөлсөд 19 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. Учир нь хэргийн 5 дах хавтасны 4 дэх талд авагдсан  “авлага, өглөг хооронд хаав, ...9 000 000” гэж тэмдэглэгдсэн тооцооны хуудас нь нэг талын баримт байх тул уг баримтыг үндэслэн 2016 оны ажлын хөлсөнд шилжүүлэх байсан төлбөрийг хоорондын өглөг, авлагад тооцохоор талууд харилцан тохиролцсон гэж эргэлзээгүй үнэлэх боломжгүй. 

            Мөн хариуцагчийн алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Уг хуульд “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлжээ. Талууд гэрээний 7.2-т гэрээний нийт үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь дээрх хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз төлөх тухай нөхцөлд нийцээгүй байна. Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Хариуцагч “Э.Э.П” ХХК-ийн  2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1.3-т заасан ажлын хөлсөд 8 661 848 төгрөг нэхэмжлэгчээс шаардаж, иргэн Х.Үнэнбат, Т.Ганцэцэг, Г.Сансарбаатар нарын, “Сутайн буянт” ХХК, “Алтайн зам” ХХК-иудын тус тусын нэхэмжлэлтэй, “Хера эквипмент” ХХК-д холбогдох иргэний хэргүүдийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар шүүхэд гаргажээ. /4хх-197-236/ Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар дүгнэж, уг шаардлагыг 8 22 6176 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн заасанд нийцсэн байна.

            Хариуцагч тал “Ю” ХХК-ийн 82 хэрэглэгчийн 115 626 633 төгрөгийн өр төлбөрийг шүүхээр шийдвэрлүүлсэн гэх үндэслэлээр ажлын хөлс, алдангид нийт 51 433 291 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Талуудын байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээгээр нэхэмжлэгч “А.Д” ХК нь “Ю” ХХК-аас “Төлбөрийн тасалдлын гэрээ”-ний дагуу шилжсэн төлбөр төлөгчдөөс төлбөр, алданги төлүүлэх шаардах эрхээ хариуцагч “Э.Э.П” ХХК-д шилжүүлэхээр, мөн төлбөр төлөгчдийн үйлчилгээний төлбөр болох 505 725 457 төгрөгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний буюу 404 580 365.6 төгрөгийг гэрээний үнэ байхаар тохиролцжээ. Хариуцагч тал дээрх гэрээний үнэ буюу төлбөрийг 2 хувааж буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 204 580 365.6 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.  /1хх-34/ 

Анхан шатны шүүх уг шаардлагаас иргэн Б.Халиун, Б.Амарсайн, Б.Солонго, Л.Одончимэг нарын 4 хэрэглэгчтэй холбоотой ажлын гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээний хугацаанд хамааралтай гэж дүгнэн 627 429 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч “А.Д” ХК давж заалдах гомдол гаргаагүй байна. 

Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 78 хэрэглэгчийн төлбөр гаргуулахтай холбоотой ажлын хөлс шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосныг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийн заасанд нийцээгүй гэж дүгнэлээ. Учир нь зохигчдын хооронд 2014 оноос хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь маргаангүй. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч “Э.Э.П” ХХК нь нэхэмжлэгч “А.Д” ХК-ийг төлөөлөн “Ю” ХХК-ийн төлбөр төлөгчдөөс төлбөр гаргуулахтай холбоотой иргэний хэрэгт оролцож байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогджээ. /1хх-24-26, 99-105,200-205, 210-211,218-221, 237-241, 249-250, 2хх1,11-14, 20-23,30-32, 42-64, 5хх48/

Хариуцагч компани нь 82 хэрэглэгчийн төлбөр гаргуулах асуудлыг шүүхэд хандаж ашигтай байдлаар шийдвэрлүүлсэн үйл баримт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна. /1 хх-110, 155-156, 5хх-59/ Иймээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй тул 78 хэрэглэгчийн 112 489 488 төгрөгийн төлбөрөөс хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон 15 хувиар тооцож 16 873 423 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэн, хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангав.

Харин талуудын 2016 онд байгуулсан гэрээнд төлбөр төлөгчдөөс гаргуулсан алдангийн 50 хувийг хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд шилжүүлэх тохиролцоо тусгагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төлбөр төлөгчдөөс гаргуулсан алдангийн 50 хувийг манай компани авах ёстой” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2020/02794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “28 318 153 /хорин найман сая гурван зуун арван найман мянга нэг зуун тавин гурван/” гэснийг “45 191 576 /дөчин таван сая нэг зуун ерэн нэгэн мянга таван зуун далан зургаан/” гэж, “88 027 663” гэснийг “71 154 240” гэж, 2 дах заалтын “299 540” гэснийг “383 908” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                       Ч.ЦЭНД