| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2002003820034 |
| Дугаар | 2023/ДШМ/855 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/855
2023 8 24 2023/ДШМ/855
А.Э, А.Днарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,
яллагдагч А.Э, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун,
яллагдагч А.Дөлгөөний өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2098 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай прокурорын эсэргүүцлээр А.Э, А.Днарт холбогдох 2002003820034 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Осор овгийн А.Э, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 97/3 дугаар байрны 41 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХП86031603/;
Осор овгийн А.Д, 1987 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа амралтын газар ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 206 дугаар байрны 20 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХП87110511/;
А.Э нь Голомт банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ /11 хх-ийн 21 дэх тал/, 2016 оны 9 өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ /11 хх-ийн 21 дэх тал/, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ8125001471-Б гэрээ /1 хх-ийн 227 дахь тал/, мөн өдрийн БГ/8125001471-А дугаартай барьцааны гэрээ /1 хх-ийн 218 дахьь тал/, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ГБ-218/85 дугаартай Эвлэрлийн гэрээнүүдээр /1 хх-ийн 213 дахь тал/ "Зүүн хүрээ шилтгээн" ХХК-иас Голомт банкинд шилжүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд баригдсан 203 дугаар байрны 46, 50, 60, 65, 70, 90, 100, 104, 105, 204 дүгээр байрны 02, 04, 10, 17, 19, 22, 25, 34, 42, 47, 54, 55, 57, 60, 205 дугаар байрны 46 тоот, 206 дугаар байрны 1, 3, 7, 10, 15, 18, 19, 31, 33, 34, 40, 42, 207 дугаар байрны 63, 87, 88 тоот буюу нийт 39 ширхэг орон сууц, 201-В1-60, 201-В1- 91, 201-В2-67, 201-В2-85, 201-В2-139, 202-В2-141 тоот буюу нийт 6 авто зогсоол зэрэг нийт 45 үл хөдлөх хөрөнгөнүүдийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн, хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж бусдад хямд үнээр зарж борлуулан нийт 6.479.441.800 төгрөгийн хохирол учруулан залилсан,
-мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Дэлгэрмөнхөд "мөнгө яаралтай хэрэгтэй байна удахгүй өгнө хэмээн" хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 52.000.000 төгрөгийг залилсан,
-мөн хохирогч Ц.Лхамжавд "удахгүй байр зарагдахаар буцааж өгнө" хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 70.000.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 6.601.441.800 /зургаан тэрбум зургаан зуун нэг сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
А.Днь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагч А.Эын Голомт банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ЗГ8125001471-Б гэрээ, мөн өдрийн БГ/8125001471-А дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ГБ-218/85 дугаартай Эвлэрлийн гэрээнүүдээр "Зүүн хүрээ шилтгээн" ХХК-иас Голомт банканд шилжүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд баригдсан 203 дугаар байрны 46, 50, 60, 65, 70, 90, 100, 104, 105, 204 дүгээр байрны 02, 04, 10, 17, 19, 22, 25, 34, 42, 47, 54, 55, 57, 60, 205 дугаар байрны 46 тоот, 206 дугаар байрны 1, 3, 7, 10, 15, 18, 19, 31,33, 34, 40, 42, 207 дугаар байрны 63, 87, 88 тоот буюу нийт 39 ширхэг орон сууц, 201-В1-60, 201-В1-91, 201-В2-67, 201-В2-85, 201-В2-139, 202-В2-141 тоот буюу нийт 6 авто зогсоол зэрэг нийт 45 үл хөдлөх хөрөнгөнүүдийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж бусдад хямд үнээр зарж борлуулан нийт 6.479.441.800 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, түүнд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 206 байрны 40 тоот хаягт байрлалтай Ү-2204097372 дугаартай 106.17 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2535 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Содномын Пүрэвжаргалд /РД:ШВ78102679/ худалдан борлуулж, шилжүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, А.Дөлгөөний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.Эд холбогдох хэрэгт тус шүүхийн 2022 оны 7 сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/2263 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Энэ захирамжийн прокурорт буцаасан үндэслэл болох “...Энхзул эдгээр үл хөдлөх хөрөнгийг хэзээ хэнд борлуулсан талаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох ажиллагааг хийх, энэ талаар яллах дүгнэлтэд тусгах. ...” гэжээ.
Гэтэл яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллагдагч Дөлгөөний үйлдлийг нэмснээс өөрөөр өөрчлөлт оруулалгүйгээр үйлдэн ирүүлсэнээс гадна захирамжид заагдсан ажиллагааг нэмж хийгээгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаануудыг нэг бүрчлэн хийгдсэны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул яллагдагч нарын өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хэргийг прокурорт очтол яллагдагч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч А.Дөлгөөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Яллагдагч А.Эын Голомт банкийг хохироосон гэмт хэрэг гарсан цаг хугацааны тухайд яллах дүгнэлтэд дурдсанчлан “2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд” гэж тодорхойлсон ба энэхүү цаг хугацаанд 39 ширхэг орон сууц, 6 авто зогсоол зэрэг нийт 45 үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулан Голомт банкийг залилж 6,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байдаг. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөний түүхчилсэн лавлагаа, архивд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нь хэрэгт авагдсаар байтал шүүхээс үл хөдлөх хөрөнгүүдийг хэзээ, хэнд шилжсэн талаар тогтоо гэсэн ач холбогдолгүй, шаардлага ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд яллагдагчид ашигтай байдлаар буюу Эвлэрлийн гэрээнд заасан үнийн дүнгээр орон сууц болон зогсоол тус бүрийн метр квадратад дүйцэх үнэлгээгээр тус тус тооцож хохирол тогтоосныг хууль зөрчсөн, эсхүл буруу гэж үзэхгүй байна. Учир нь, прокуророос баримтад тулгуурлан математикийн аргаар үржүүлэх, нэмэх байдлаар тооцоо хийсэн нь өөр тусгай мэдлэг шаардагдахгүй болно гэж үзсэн.
3. А.Эаас орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан иргэд буюу одоо орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсхүл иргэний хариуцагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн боломжгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байна.
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан яллагдагч А.Эын “...Тухайн үед Голомт банкнаас албан ёсоор энэ тэр гэж нэр зааж Зүүн хүрээ хотхоны байр, орон сууц, авто зогсоол, үйлчилгээний талбай зэргийг хүлээлгэн өгөөгүй. “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн байруудыг зарж борлуулаарай гэж хэлж байсан. Энэ үед буюу би Голомт банканд ажилд орж байхдаа хэрэгт холбогдоод байгаа нийт 39 байр, 6 зогсоолыг худалдан борлуулчихсан байсан. Үүнийг би удирдлагуудад мэдэгдээгүй нуусан байсан. Дээрх 39 байр, 6 зогсоолыг худалдан борлуулахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /10-р хх-242/,
Д.Шинэбаярын хохирогчоор өгсөн “...Манай “3үүн хүрээ шилтгээн” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр татан буугдсан. Холбогдох татварын шалгалт энэ тэрийг нь оруулаад хууль ёсны дагуу татан буулгасан. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээгээр шилжүүлж өгсөн ...207 дугаартай орон сууцны 63, 87, 88 тоот орон сууцууд, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр Голомт банканд хүлээлгэж өгсөн 206 дугаар байрны 31, 41, 34, 203 дугаар байрны 50, 60, 65, 70, 90, 100, 105, 104, 204 дүгээр байрны 04, 02, 10, 19, 17, 25, 22, 34, 42, 47, 60, 57 тоот орон сууцууд 2018 онд Голомт банканд зээлийн өрөө төлж барагдуулахын тулд 12 дугаар сарын 15-ны өдөр ГБ-218/85 тоот эвлэрлийн гэрээгээр хүлээлгэн өгсөн 203 дугаар байрны 46, 206 дугаар байрны 01, 03, 10, 15, 18, 19, 33, 40, 07, 204 дүгээр байрны 54, 55, 205 дугаар байрны 46 тоот буюу нийт 39 байр, тус гэрээнд тусгасан байсан 201 дүгээр байрны В1 давхрын 60, 91 тоот, В2 давхрын 67, 85, 138, 141 буюу нийт 6 авто зогсоолыг худалдан борлуулсан байсан. А.Э худалдан авагчид байраа үзүүлдэг, түүний дараагаар компанийн зарах нөхцлийг танилцуулдаг, үүний дараа худалдан авагч байрыг авахаар болох юм бол гэрээний эх хувийг бэлтгэдэг, ингээд орон сууц захиалгаар бариулах гэрээг гүйцэтгэх захирлаар батлуулдаг” гэх мэдүүлэг /10-р хх-246/,
Гэрч Б.Билгүүний “...А.Э нь Голомт банкны үндсэн болон гэрээт ажилтнаар ямар нэгэн албан тушаал дээр ажиллаж байгаагүй. 2019 онд Голомт банк “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-аас хүлээн авсан хөрөнгөнүүдийг худалдан борлуулахын тулд тус компанийн ажилтан А.Этай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж хамтран ажилласан. Тухайн үед А.Эын нийгмийн даатгал зэргийг Голомт банкнаас төлөхгүй, хөрөнгө худалдан борлуулсан үнийн дүнгээс тодорхой хувиар урамшуулал авч ажиллахаар гэрээнд заасан байгаа. А.Эын хувьд банкны зүгээс ямар нэгэн ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй...” гэх мэдүүлэг /11-р хх-1/ зэрэг нотлох баримтуудаар А.Э нь Голомт банкны үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй ба “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа ч компанийн удирдлагаас амаар болон бичгээр өгсөн үүрэг болон ажлын байрны тодорхойлолтоор эд хөрөнгийг буюу орон сууц, авто зогсоолуудыг итгэмжлэн хариуцсан этгээд мөн болох нь тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Харин А.Э нь “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр, Голомт банканд гэрээт ажилтнаар ажиллаж байсан албан тушаалын байдлаа ашиглаж, Голомт банкийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөртөө болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгөнүүдийг бусдад зах зээлийн ханшаас доогуур үнэлгээгээр зарж борлуулан Голомт банкийг залилж хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон тул түүний үйлдлийг урьд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаагаар “Зүүн хүрээ шилтгээн” ХХК /РД:5475678/-ийг татан буугдсаныг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, хассан байна гэх тодорхойлолт /8-р хх-171, 11-р хх-4/, “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 19/02 дугаартай тогтоол /11-р хх-5/, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д.Шинэбаярын гэрчээр өгсөн “А.Эын хуурамч гэрчилгээ гаргаж Голомт банканд өгсөн гэх үйлдэлд татан буугдсан “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д ямар нэгэн хохирол учраагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-30/, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Шинэбаярын хохирогчоор өгсөн “...Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал алга. Энэ байрнуудыг Голомт банканд шилжүүлж өгөөд бүх өр төлбөрөө хаасан учир нэхэмжлэх асуудлыг Голомт банк шаардаж явсан нь зүйтэй байх” гэх мэдүүлэг /10-р хх-247/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Д.Шинэбаярын гаргасан “Эдгээр хөрөнгүүд нь Голомт банктай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу тус банканд шилжүүлсэн байсан тул Голомт банк дотооддоо шалгах шийдвэрлэх хүсэлтэй тул гомдлоо татаж авах хүсэлтэй байна. Гомдол саналгүй тул шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /4-р хх-216/ зэргээр Д.Шинэбаярыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байх тул прокурорын тогтоолоор энэхүү шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Миний бие 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас эхэлж оролцсон. Хавтаст хэрэгтээ танилцахад мөрдөн шалгах ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг шалгаагүй байдаг. 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг зөвхөн Голомт банкинд үрүүлээд орхиж байгаа байдал нь мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгээгүй гэх дүгнэлтийг өгч байна. Орон сууцыг хэт хямд үнээр худалдаж байгаа харилцаанд ганцхан Дөлгөөн, Энхзул нар оролцоогүй. Эдгээр хүмүүүстэй гэрээ хэлцэл байгуулаад хүсэл зоригоо илэрхийлээд оролцож байгаа орон сууц худалдан авагч нар байдаг. Тэд зах зээлийн үнэлгээнээс 50-60 хувийн бага үнээр орон сууцыг худалдаж авч байгаа этгээд энэ үнийн талаар яагаад мэдээлээгүй юм бэ. Эргэлзсэн байх шаардлагатай юу. Гэрээ хэлцэл байгууллахын тулд төлөөлөх эрхийг хамгийн түрүүнд шалгадаг. Төлөөлөх эрхийг шалгасны үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ хэлцэл байгуулагдаж байгаа бол гэрээ хэлцэл хүчин төгөлдөр болдог. Төлөөлөх эрхийг шалгах үүрэг орон сууц худалдаж авч байгаа этгээдүүдэд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар орон сууц худалдаж авсан этгээдүүд хямд үнээр орон сууцыг худалдаж аваад ашигласан, шамшигдуулсан, завшсан санаа зорилго байсан уу гэдгийг тогтоогоогүй. Энэ бүх хохирлыг банк гэх байдлаар хариуцуулаад үлдээсэн. Энэ хэрэгт санаатай ч бай, санамсар болгоомжгүй ч бай оролцсон гэм буруутай байж болох этгээдүүдийг шалгаагүйгээс банк хохирсон. Иймд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцааж байгаа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Яллагдагч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаан хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Яллагдагч А.Эын өмгөөлөгч Э.Хашчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хоёр удаа прокурорт буцаасан боловч захирамжид заасан ажиллагаануудыг хийгээгүй байдаг. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Дутуу хийсэн талаар удаа дараа өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол гэж заасан. А.Э нь гэм буруу дээрээ маргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн гүйцэт тогтоогдоогүй байна гэх байр суурьтай байдаг. Яллагдагчийн эрх зүйн байдал болон тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, үр дагавар, хохирогчийн өмгөөлөгчийн хэлж буй “ямар байдлаар хохирлыг арилгах, хэрхэн яаж шийдвэрлэх” гэдгийг бүрэн гүйцэт тал бүрээс нь бодитойгоор тогтоож байж хэргийг шүүх рүү шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг хийх ёстой байсан. Голомт банк хохирсон бол хэзээнээс ямар байдлаар хохирсон. Голомт банкыг яаж хохироосон гэх байдлыг тогтоогоогүй. Гэрчилгээг хуурамчаар үйлдсэн нь залилсан гэмт хэргийг төгсгөөд байна уу, эсхүл иргэдэд зарсан үйлдэл нь залилсан үйлдлийг төгсгөөд байна уу гэдгийг ялгаж, салгаж дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс “...хэрвээ Голомт банкинд ажиллаж байсан бол Голомт банкны хөрөнгийг шамшигдуулсан эрх бүхий албан тушаалтан мөн үү, биш үү гэдгийг шалга. ...” гэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор яллах дүгнэлтэд тусгасан зүйл байдаггүй. Хохирлын асуудлыг ялгаж зааглаж, тухай бүрт нь хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Иймд хэргийг прокурорт буцаах нь үндэслэлтэй байна. ...” гэв.
Яллагдагч А.Дөлгөөний өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. А.Дөлгөөнтэй холбоотой асуудал дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд А.Днь төрсөн эгч А.Эын хууль бусаар олсон орлогыг нуун далдлахын тулд түүнээс худалдаж авсан байрыг зарж борлуулсан гэх үйлдэл дээр буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Днь хууль бусаар олсон орлого гэдгийг хэзээ мэдсэн, эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор зарж борлуулсан асуудал байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн санаа зорилго үйлдэл хэзээ эхэлсэн гэх асуудлыг шалгаагүй. Хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг бодитой тогтоох, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг бүрдүүлж байж А.Дөлгөөнд холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. А.Эаас 39 байрыг авч бусдад зарж борлуулсан гэдэг. 39 байр дотор А.Дөлгөөний худалдаж авсан хоёр байр байдаг. А.Д“Зүүн хүрээ хотхон”-оос хоёр байрыг худалдаж авсан талаарх гэрээ нь байдаг. Байрны төлбөр шилжүүлсэн 430.000.000 төгрөгийн баримт нь банкны дансны хуулгаар тогтоогдсон. Байрыг худалдаж авсан бусад хүмүүстэй адилхан худалдан авагч байхад төрсөн эгчээсээ худалдаж авсан тул мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх байдлаар яллагдагчаар татсан. Үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. А.Дөлгөөний үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх юм бол байр худалдаж авсан бусад хүмүүс мөн адил мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үү. Иймд энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Шүүгчийн захирамжид заасан “...Яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллагдагч Дөлгөөний үйлдлийг нэмснээс өөрөөр өөрчлөлт оруулалгүйгээр үйлдэн ирүүлсэнээс гадна захирамжид заагдсан ажиллагааг нэмж хийгээгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захиармжид заагдсан ажиллагаа болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаануудыг нэг бүрчлэн хийгдсэны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно....” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ; ..." гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “...Хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл. ...” гэж тус тус хуульчилжээ.
Прокурор эсэргүүцэлдээ “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хүсэлт үндэслэлгүй...” гэх боловч хангалттай баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.
Мөн хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээж авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2098 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2098 дугаар шүүгчийн захирамжийгхэвээр үлдээж, прокурор Г.Ууганбаатарын бичсэн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ