| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2020/02762/И |
| Дугаар | 210/МА2021/00201 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2021/00201
Н.Нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02774 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Нгийн хариуцагч “Б.М” ХХК, ХУДНДХт холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 040 768 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 306 250 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4 500 519 төгрөгийг хариуцагч “Б.М” ХХК-аас гаргуулж Нийгмийн даатгалын газарт төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Б.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч “Б.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, ХУДНДХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Б.М” ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажилд орж ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэнэт ажлаасаа халагдсан.
Ингээд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл компани нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй өртэй гэсэн шалтгаанаар олгох боломжгүй гэсэн.
“Б.М” ХХК нь ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж, хууль дүрмээ баримталдаггүй гэдгийг ажиллаж байх хугацаандаа мэдсэн. Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхдүүдээ харж хандах хүнгүй орхин байж, хөдөө орон нутагт ажилладаг байсан. Гэтэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг суутган авдаг боловч нийгмийн даатгалын байгууллагад төлдөггүй ажилчдаа хохироож байсныг мэдээд нийгмийн даатгалын хэлтэстэй очиж уулзтал “шүүхэд ханд” гэж хариу хэлсэн.
Иймд ажилгүйдлийн тэтгэмж 3 040 768 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1 306 250 төгрөгийг “Б.М” ХХК болон ХУДНДХ-ээс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж баталгаажуулах, нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4 500 519 төгрөгийг “Б.М” XXК-аас гаргуулж Нийгмийн даатгалын газарт төлүүлж өгнө үү. “Б.М” ХХК нь ээлжийн амралтын олговорт 967 330 төгрөгийг олгоно гэж тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч “Б.М” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.М” ХХК-ийн хүнд машин механизмын засварын хэлтсийн CAT-777 албаны дампын оператороор ажиллаж байсан Н.Н нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн Хүний нөөц, сургалт хөгжлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ цаашид өөр компанид шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Улмаар ажил олгогч “Б.М” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б-2923/20 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 6 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч шалгаж, тэтгэмжийн хувийн хэрэг нээж, олгох тэтгэмжийн хэмжээг холбогдох аргачлалын дагуу тооцох, тэтгэмжийн олголтыг хийх үүргийг хүлээхээр тусгасан. Нэхэмжлэгч Н.Нгийн ажилгүйдлийн тэтгэмжид авахаар нэхэмжилсэн 3 040 768 төгрөг бүхий үнийн дүн нь нийгмийн даатгалын улсын байцаагч албан ёсоор тооцоолж гаргасан бодит мөнгөн дүн эсэхэд эргэлзээтэй.
“Б.М” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хийж ирсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр хагас жил гэхэд 4 200 000 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлсөн. Манай компани нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд 1700 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаагийн зэрэгцээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаарх хуульд заасан ажил олгогчийн үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хуваарийн дагуу төлөлтийг хийж ирсэн.
Гэтэл нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна.
Иймд Н.Нгийн нэхэмжлэлтэй ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулан авах, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Н.Нгийн 13.75 хоногийн ээлжийн амралтын олговорт 987 072 төгрөг бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь хасагдаж 967 330 төгрөг болж байна. Энэ 967 330 төгрөгийг олгоно.
Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар cap хүртэлх хугацааны нийт 6 сарын шимтгэлийн ХУДНДХ төлөх үүрэгтэй. Гэвч 11 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Харицагч ХУДНДХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ.
Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тус хэлтэст бүртгэлтэй “Б.М” ХХК-ийн нийгмийн даатгалын санд үүсгэсэн өр, төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлж даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд ажил олгогч нь даатгуулагчийн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй, ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй байх тул ХУДНДХт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2., 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б.М” ХХК-иас 4 008 090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгон, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулуулахыг хариуцагч Б.М ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 338 928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч ХУДНДХт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М ХХК-иас 79 079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Хариуцагч “Б.М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Дампын оператор Н.Н “Б.М” ХХК-ийн Хүний нөөц, сургалт хөгжлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ цаашид өөр компанид шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөж өгнө үү гэсэн байдаг бөгөөд компанийн зүгээс гэнэт ажлаас халсан асуудал байхгүй болно. Манай байгууллага нь Нийгмийн даатгалын байгууллагад сар бүр тогтсон хуваарийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээний дагуу төлж ирсэн. Уг гэрээний 3-д зааснаар нийгмийн даатгалын байгууллагаас “Б.М” ХХК-д зөвхөн даатгуулагчид олговол зохих жирэмсэний болон амаржсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг компанийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн урьдчилан олгох эрхийг олгосон бөгөөд даатгуулагчид олгосон тэтгэмжийг 2020 онд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлээс суутган тооцуулна гэсэн байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага 2 хүртэл удаа тооцож олгох эрхийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд ажил олгогч хариуцах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг удирдлага болгон баримтлаагүй, хариуцагчаас гаргасан нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй мөн анхан шүүхийн шийдвэрт заасан Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэсэн байдлыг харгалзан хэргийг хуульд нийцүүлэн, үнэн бодит шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.
Иймд хариуцагчаас Н.Нд олгох ажилгүйдлийн тэтгэмж болох 3 040 760 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч “Б.М” ХХК, ХУДНДХт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 040 768 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 306 250 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4 500 519 төгрөгийг хариуцагч “Б.М” ХХК-аас гаргуулж Нийгмийн даатгалын газарт төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Ажил олгогч “Б.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ажилтан Н.Нгийн хүсэлтийг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Б/2923/20 дугаартай тушаал гаргаснаар тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй байна. /хх-4, 78-79/
Н.Н ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажил олгогч “Б.М” ХХК нь түүний цалин хөлснөөс суутган тооцсон шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс тэтгэмж авах эрх үүсээгүй гэх үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан болох нь Нийслэлийн ХУДНДХ-ийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 473 дугаартай албан бичгээр нотлогджээ. /хх29/
Уг нөхцөл байдлын улмаас Н.Н нь “Б.М” ХХК болон ХУДНДХ-ийг тус тус хариуцагчаар татаж, хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч “Б.М” ХХК нь “... нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг сар бүр хуваарийн дагуу төлж барагдуулах гэрээний дагуу шимтгэлээ төлж байгаа, ... ажилгүйдлийн тэтгэмжид авахаар нэхэмжилж буй мөнгөн дүнг эрх бүхий этгээд тооцоолж гаргаагүй, бодит дүн эсэх нь эргэлзээтэй” гэж, хариуцагч ХУДНДХ хувьд хариуцах этгээд биш” гэх үндэслэл заан тус тус маргажээ.
Хариуцагч “Б.М” ХХК, нэхэмжлэгч Н.Нгийн хөдөлмөрийн хөлснөөс суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх хуульд заасан үүргээ 2019 оны 9 дүгээр сараас хойш зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, ХУДНДХ-ийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 473 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. /хх3,5, 29,78,80/
Мөн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ажилгүйдлийн сангаас тэтгэмж олгох тухай журмын 4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Нгийн нэхэмжилж буй хохирлын хэмжээг тооцоод 3 040 760 төгрөгийг хариуцагч “Б.М” ХХК-аас гаргуулж, хариуцагч ХУДНДХ холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсгийн заасантай нийцжээ. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч “Б.М” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагын тухайд
Хариуцагч “Б.М” ХХК нь нэхэмжлэгч Н.Нгийн ээлжийн амралтын олговорт 1 306 250 төгрөг гаргуулах шаардлагаас 967 330 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Анхан шатны шүүх зохигчдын тайлбарыг үндэслэн хариуцагчаас ээлжийн амралтын олговорт 967 330 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт нийцжээ.
Нийгмийн даатгалын сангаас 11 сарын шимтгэл болох 4 500 519 төгрөгийг хариуцагч “Б.М” ХХК-аас гаргуулж Нийгмийн даатгалын газарт төлүүлэх шаардлагын тухайд:
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар “хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагч “Б.М” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл баримт нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгч Н.Нгийн дээрх шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 9.4.3-д, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Тодруулбал, хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, цаашид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж эрхийг хамгаалах ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Иймээс хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.Нгийн хөдөлмөрийн хөлснөөс оногдох хэмжээгээр суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Б.М” ХХК-д даалгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02774 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б.М” ХХК-аас 4 008 090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, Н.Нгийн хөдөлмөрийн хөлсөнд оногдох хэмжээгээр суутгасан шимтгэлийг Нийгмийн даатгалын газарт төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч “Б.М” ХХК-д даалган, хариуцагч ХУДНДХт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Б.М” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ч.ЦЭНД