Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2025/00084

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б.М*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,585,130 /таван сая таван зуун наян таван мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00086/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч "О*******" ХХК нь Булган аймгийн Булган суманд өөрийн "Д*******" нэртэй хүнсний дэлгүүрийг тусгай зөвшөөрлийн дагуу ажиллуулж иргэд, аж ахуйн нэгжид хүнс барааг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны 09 дүгээр сард Булган аймаг, Булган сум "Д*******" ХХК-ний "Х*******" дэлгүүрийг турээслэн ажиллуулж байх үедээ иргэн Б.М******* нь манай дэлгүүрээс нийт 23 нэр төрлийн, 71 ширхэг, нийт 4,713,190 төгрөгийн үнэлгээ бүхий бара бүтээгдэхүүнийг баримт үйлдэж зээлээр авсан ба тухайн бараа бүтээгдэхүүний төлөерийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр багтаан төлөх ёстой ч өнөөдрийг хүртэл төлөөгүй утсаа авахгүй төлбөрийг шилжүүлэхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 6.2 т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өнөөдрийг хүртэлх нийт 37 хоногийн 0.5 хувийн адланги буюу 730,540 төгрөг, нийт 5,585,130 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

Хариуцагч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* ХХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан 5,585,130 /таван сая таван зуун наян таван мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 5,585,130 /таван сая таван зуун наян таван мянга нэг зуун гуч/ төгрөгийг хариуцагч Б.М******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 51,156 /тавин нэгэн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг, хариуцагч Б.М*******ээс 51,156 /тавин нэгэн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА