| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00425/И |
| Дугаар | 304/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00085
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Э*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Т.Э*******ын хууль бус үйлдлийг таслан зогсоож бусдын эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөг буулгахыг даалгах нэхэмжлэлтэй 132/2024/00425/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******,
Хариуцагч Т.Э*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Т.Э*******т холбогдуулан хууль бус үйлдлийг таслан зогсоож бусдын эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Д.Г******* миний бие Булган аймгийн Сэлэнгэ сум, Б******* гэх газарт Өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг иргэн М*******гээс малын хамт худалдан авч Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06334-А/346/2023 тоот захирамжын дагуу 4999 м.кв газрыг 57 жилийн хугацаанд эзэмшихээр, газар эзэмших .... дугаартай гэрчилгээг авч хууль ёсны эзэмшигч болсон.
Гэтэл Т.Э******* гэх айл эзгүй байх үед дур мэдэн миний эзэмшлийн газар дээр манай өвөлжөөний байшинтай залгуулан, зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр өвөлжөө барьж хууль бусаар эзэмшихээр санаархаж байна. Тус хууль бус үйлдэл нь Д.Г******* миний өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна. гэжээ.
2.Хариуцагч Т.Э******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 7 дугаар сард тэр газарт манайх өвөлжөөгөө барьсан. Тухайн газарт бид байнга амьдарч байгаа. Манайх таван толгойн арын ам гэх газар өвөлждөг ба энэ газар нь манай хадам Н******* гэх хүний газар юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа Б******* гэх газар баруун тийшээ байдаг. Манай хадамд 1998 онд 60 жилийн хугацаатай олгосон газар юм гэв.
3.Хариуцагчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Э*******ын хууль бус үйлдлийг болиулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагч тайлбартаа өвөлжөө болон тухайн газар миний эзэмшил биш гэдгээ хэлдэг. 1998 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга Орхоны гарын үсэг, тамга бүхий газрын гэрчилгээ байгаа. Энийг нотариатаар батлуулсан. Нотариатаар батлуулсан нь эх хувийн адил хүчин төгөлдөр бөгөөд эх хувь нь байгаа. Уг Орхон гэдэг хүний гарын үсэг, тамгаар олгосон гэрчилгээ нь 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр өгсөн нотлогддог. Газрын албанаас ирүүлж байгаа хариу албан тоот дээр уг гэрчилгээ байхгүй байна гэж байгаа. Гэтэл уг гэрчилгээ хаанаас гарч ирсэн юм бэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг гэрчилгээг хуурамч гэж байна. Энэ гэрчилгээ нотариатаар батлуулсан байгаа. Уг нэршлүүд нь өөрчлөгдсөн гэж үзэж байна. Уг гэрчилгээг сумын засаг дарга, аймгийн засаг дарга хүчингүй болгосон талаар мэдээлэл байхгүй. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал, засаг дарга, иргэнээс асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй учраас энэ ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Н******* болон түүний охин хүсэлт өгсөн боловч одоо болтол шийдэгдээгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулсан үүргээ биелүүлээгүй этгээдийг ойлгоно гэсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Г******* гэдэг хүний эрхийг зөрчсөн хүн Э******* биш байна гэж үзэж байгаа. Г*******ын өвөлжөө, Н*******гийн гэрчилгээ давхцаж байгаа эсэхийг тодорхойлоогүй. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн эхнэр нь гэрчээр орсон. Э******* өмнөх шүүх хуралдаанд барьсан гэдэг зүйлийг ярьсан. Би хадам аавдаа барьж өгсөн гэж тайлбарладаг. Үргэлжлүүлж амьдарна гэж хэлсэн ярьсан юм байна. Уг хариултын дараа манай хадам аавын газар гэж хэлсэн байдаг. Үргэлжлүүлэн амьдарна гэдэг зүйлээр хариуцагчаар оруулж ирж байгаа нь үндэслэлгүй. Тухайн газар нь Н******* гэдэг хүний газар нь ойлгомжтой байна. Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших гэрчилгээний лавлагаа, кадастрын зураг, маргаан бүхий газрын гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
6.Хариуцагчаас хариу тайлбар болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн.
7.Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс Сэлэнгэ сумын 2 дугаар баг, Т*******тай, Б******* гэх газар байршилтай, нэгж талбарын .......... дугаартай гэрчилгээтэй өвөлжөө, хаваржааны газартай холбоотой эзэмших эрхийг олгосон, хүчингүй болгосон засаг даргын захирамжуудыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, гэрчээр Б.Б*******ыг асуусан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Манайх Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 06334-А/346/2023 тоот захирамжын дагуу 57 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, ...... дугаартай эрхийн гэрчилгээтэй, 4999 м.кв талбайтай өвөлжөө, хаваржааны газрыг Сэлэнгэ сум, Б******* гэх газар эзэмшиж байгаан. Гэтэл Т.Э******* нь зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр дур мэдэн манай газар дээр хашаа барьж, газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн гэв.
3. Хариуцагч Т.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хашаа барьсан газар нь манай хадам аав Н*******гийн эзэмшлийн газар бөгөөд үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн эзэмшиж байгаа гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Д.Г******* нь Булган аймгийн Сэлэнгэ сум, Б******* гэх газарт байршилтай 4999 м.кв талбайтай газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 57 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан ......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Сэлэнгэ сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/346 дугаартай Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захир*******р тогтоогдож байна.
4.2. Хариуцагч Т.Э******* нь хэрэгт авагдсан фото зураг дээрх шинэ хашааг барьсан, барихад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч, уг хашаа барьсан газар нь манай хадам аав Н*******гийн эзэмшлийн газар тул үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн эзэмшинэ гэж маргаж байгаа бөгөөд шүүх хурал дээр Т.Н*******гийн нэр дээр 1998 онд олгогдсон Иргэний газар ашиглах гэрчилгээ-ний хуулбарыг нотлох баримтаар гаргасан.
4.3. Зохигч газрын нэршлийг Таван толгойн ам, Б******* гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа ч Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/1020 дугаартай албан бичигт ...Нэхэмжлэгч Д.Г*******ын ........ дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар нь Сэлэнгэ сумын газар нутгийн нэрийн зураг, 1:100000-ны масштабтай байр зүйн зургуудад тусгагдсан газар зүйн нэрийг ашиглан тодорхойлсон байна. гэж, тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/47 дугаартай албан бичигт ...Т.Э*******ын нотлох баримтаар өгсөн Н*******гийн газар ашиглах гэрчилгээтэй газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, Таван толгойн арын ам гэх газар зүйн нэр Сэлэнгэ сумын газар нутгийн нэрийн зураг, 1:100000 масштабтай байр зүйн зураг, Сэлэнгэ сумын газар зүйн нэрийн мэдээллийн санд тусгагдаагүй болно. гэж тус тус лавлагаа ирүүлсэн байх тул маргаан бүхий газрын нэршил нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар баг, Б******* гэх нэршилтэй болох нь тогтоогдож байна.
4.4. Хариуцагчаас хадам аав Т.Н*******гийн газар ашиглах эрхийн гэрчилгээтэй уг газрыг үр хүүхдүүд нь эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа ч Т.Н*******д 1998 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 60 жилийн хугацаагаар олгосон Иргэний газар ашиглах гэрчилгээ-нд заасан Таван толгойн арын ам гэх газарт газар эзэмших гэрээ байгуулсан, гэрчилгээ авсан талаархи нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Мөн хариуцагчийн хадам аав Т.Н*******гийнх маргаан бүхий газарт 1996-1998 онд өвөлжиж байсан, тэр үеэс хойш маргаан бүхий газарт өвөлжөөгүй болох нь гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хариуцагчийн өгсөн хариулт зэргээр тогтоогдож байна.
4.5. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын албан бичигт маргаан бүхий газар, шинээр барьсан хашааны газар хоёрт давхцал буй эсэхийг тодорхойлох боломжгүй гэсэн боловч зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн ...шатсан өвөлжөөний суурин дээр Т.Э******* давхцуулж өвөлжөө, хаваржаа барьсан гэх, хариуцагчийн ...шатсан гээд байгаа өвөлжөө бол Г*******ын хуучин өвөлжөө байгаа юм. Тэрний урд талд манайх өвөлжөөгөө барьсан. Г*******ын өвөлжөө нь хонхортоо байдаг. Одоо манай байгаа өвөлжөөн дээр манай хадам аав өвөлждөг байсан юм... гэх тайлбаруудаас хариуцагчийн барьсан хашаа нь бусдын эзэмшил газар дээр давхцсан гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх гэж газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн бөгөөд хариуцагч Т.Э*******ыг хашаа барьсан газрыг эзэмших хууль ёсны эрхтэй гэж үзэхгүй. Учир нь хариуцагчийн хадам аав Т.Н*******гийн нэр дээр олгогдсон Иргэний газар ашиглах гэрчилгээ нь 1998 онд олгогдсон бөгөөд 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ авах үүргээ биелүүлээгүй байна. энэ байдал нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй, 40.1.5 дах хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг газар эзэмших эрх хүчингүй болох үндэслэл бүрджээ.
6. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дах хэсэгт бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргийг газар эзэмшигч хүлээх бөгөөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар иргэнд эзэмшүүлсэнээс бусад газар хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ангилалд хамаарах бэлчээр бүхий газарт багтах бөгөөд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар-ыг нийтээр ашиглана гэж заасан байна.
Хариуцагч нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг нотлохдоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу олж авсан баримт бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй.
7. Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргахдаа хариуцагчийг зөв тодорхойлоогүй, барьсан хашаа нь хариуцагч Т.Э*******ын хадам аав Н*******гийнх, түүний эзэмшлийн газар дээр баригдсан, хариуцагч зөвхөн тусалсан гэж байгаа тул энэ хэргийн хариуцагч биш гэж мэтгэлцэж байгаа ч бусдын эзэмшилд хууль бусаар халдаж байгаа үйлдлийг гаргаж байгаа этгээд заавал өмчлөгч эсхүл эзэмшигч байхыг хуульд заагаагүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт өмчлөгч нь ...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд эрх зөрчигч нь заавал өмчлөгч буюу эзэмшигч байхыг хуульчлаагүй. Харин эрх зөрчсөн үйлдэл гаргаж байгаа аливаа этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй гэж хуульчилсан тул хашааг барьсан, барихад оролцсон гэж байгаа хариуцагч Т.Э*******аас өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлтэй.
8. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригын дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ., 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт ... хууль ёсны эзэмшлээс шаардаж болохгүй, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна, 106.2 дах хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г*******ын өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар дээр давхцуулан хашаа барих үйлдлийг зогсоох, барьсан хашааг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Булган аймгийн Сэлэнгэ сумын Т*******тай баг, Б******* гэх газар байршилтай, нэхэмжлэгч Д.Г*******ын ......... дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж авахыг хариуцагч Т.Э*******т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА