Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/856

 

 

 

 

 

      2023           8            24                                           2023/ДШМ/856

 

Б.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа /томилолт/  

шүүгчдэгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/547 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Эд холбогдох 2305000000955 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Э, 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Нормов” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 33 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЖН93042311/,

Б.Э нь нь такси үйлчилгээ үзүүлж явахдаа 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадаа хохирогч Н.Амаржаргал нь тухайн таксинаас буухдаа таксины суудал дээр мартаж буусан IРаd 8, iwatch 7, Air pod pro, Gucci брэндийн нүдний шил, харааны шил, Magic mouse, Lumuemom брэндийн үүргэвч, IPad keyboard зэрэг эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Баяржаргалын Энхтулгыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эас 750.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Амаржаргалд олгож, хэрэгт Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/547 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 5 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хариуцлагийн талаар улсын яллагч дүгнэлт хэлэхдээ:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох санал тавьсан боловч шүүх дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноосонд гомдолтой байна. Миний бие Air pod pro маркийн чихэвчийг хараагүй, аваагүй, тэр цүнхэнд байсан эд зүйлсийг тоо ёсоор буцааж өгсөн. Иймд тогтоолын 5 дахь заалтаар надаас чихэвчний үнэ 750.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Амаржаргалд олгохоор болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Э миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Нормоунт” ХХК-д оператор ажилтай, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг. Ажилтай байх хугацаанд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлхээр болвол ажлаа таслах болно. Ажлаа тасалбал ажилгүй болно, ажилгүй болвол 0-6 насны 3 хүүхэд, гэр бүл амьдрал минь хүнд байдалд орно гэх мэтчилэн олон асуудал тулгарч байна.

Шүүх нь шийтгэл тогтоолдоо гэмт хэргийн хохирол гэж юу болохыг заагаад, хуульд зааснаар гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй болохыг дурьдаад, улсын яллагчын гаргасан санал нь шударга ёсны зарчим хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж зөвхөн хохирогчийн мэдүүлгээр намайг буруутгаж, чихэвчийг авсан гэж дүгнэж түүний үнийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь бодит үнэнд нийцсэнгүй. Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж ойлгож байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь заалтад шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав гэжээ. Миний хувьд ямар ч хүсэлт гаргаагүй учраа ч олоогүй сонсгол муутай учраас шүүгчийн ярьж байгааг ч сонсож чадаагүй. Сонсогдохгүй байгаа тухай хэлэхэд, хүлээж аваагүй шүүх хуралдаан маш богино хугацаанд болж өнгөрсөн. Ийм байдлаар хуралдаан болдог гэж бодоогүй, чөлөөтэй мэдүүлэг өгөх боломж олдоно гэж итгэсэн учир өөрийгөө өмөөрч хуралдаанд оролцсон болно. Гэвч миний эрх ноцтой зөрчигдөж ял шийтгэл авч, байгаагүй эд зүйлсийн үнэ төлөхөөр болсондоо маш их гомдолтой байгаа тул миний эрхийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүлээлгэж өгсөн эд зүйл дотор чихэвч нь байгаагүй талаар хохирогч тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Э нь гээгдсэн эд зүйлсийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирлыг нөхөн төлөөгүй байдал, хувийн байдал зэргийг харгалзаад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Э нь нь такси үйлчилгээ үзүүлж явахдаа 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадаа хохирогч Н.Амаржаргал нь тухайн таксинаас буухдаа таксины суудал дээр мартаж буусан IРаd 8, iwatch 7, Air pod pro, Gucci брэндийн нүдний шил, харааны шил, Magic mouse, Lumuemom брэндийн үүргэвч, IPad keyboard зэрэг эд зүйлсийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Амаржаргалын “...Бөхийн Өргөөний замын хойд талаас такси бариад тухайн тээврийн хэрэгслээс буугаад өөр такси бариад гэртээ харьсан. Гэртээ харих замдаа өөрийн хар өнгийн цүнхийг өмнөх таксинд мартаж буусанаа санаад Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний эд зүйлээс утасгүй чихэвчээс бусдыг нь надад өгсөн. ...” /хх 5-6/,

Б.Э яллагдагчаар өгсөн “...Эргэн дурсахгүй гэх нэртэй баарны гадна хүргүүлээд, би замаасаа цааш 2 хүн аваад явж байтал өмнө нь буусан хүн цүнхээ мартаад буусан байсан. Би тухайн цүнхийг багааж руугаа хийгээд хэд хоногийн дараа цүнхийг онгойлгож үзтэл дотор нь 2 ширхэг нарны шил, ipad, iwatch, mouse, keyboard, тухайн хүний бичиг баримт, усны сав байсан. ipad-ыг нь асаагаад код нэхэхээр нь 123456 гэж хийсэн чинь нээгдээд би ашиглаж эхэлсэн. ...” /хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 35/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 36/, хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээ /хх 15-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд хавтаст хэргийн материалд авагдсан баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан, түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэм бурууд нь тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/547 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ