Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Х*******р сум, 1 дүгээр багт оршин суух, Б*******н овогт Л*******ын У*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х*******р сум, 5 дугаар багт оршин суух, Д*******гийн Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөлийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий *******И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.У*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******,

Гэрч Н.Нг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Л.У******* нь хариуцагч Д.Б*******т холбогдуулан өмчлөлийн газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Л.У******* би Булган аймгийн Х*******р сумын 5 дугаар багийн Мийн тоотод байрлах нэгж талбарын дугаартай, 809 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг 2009 онд Н.Нг гэх хүнээс худалдаж авсан бөгөөд ажил, амьдралын шаардлагаар өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадахгүй явсаар байгаад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Н.Нгийн хамт холбогдох байгууллагад нь очиж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Намайг 2009 онд Н.Нгээс уг газрыг худалдаж авч байхад Д.Б******* нь 002 нэгж талбарын дугаар дээр үл хөдлөх хөрөнгө буюу 5х5 харьцаатай дүнзэн байшин барьчихсан байсан. Би уг газрыг худалдаж авхаасаа өмнө Д.Б*******ыг байшингаа буулгаж газрыг минь чөлөөлж өгөхийг шаардахад Та газраа Н.Нгээс худалдаад авчих, наймаагаа хийчих, дараа нь таны газар буюу миний байшин барьсан хэсэг газар хэрэг болох үед байшингаа буулгаад газрыг чинь чөлөөлөөд өгнө гэж хэлж байсан. Ингээд 2009 оноос хойш буюу уг газрыг худалдаж авснаас хойш байшингаа буулгаж газрыг минь чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахад Удахгүй байшингаа буулгаад газрыг чинь чөлөөлөөд өгнө, дараа жил чөлөөлж өгнө гэх зэргээр худлаа ярьдаг байсан. Сүүлдээ энэ миний эзэмшлийн газар болсон, би хуулийнх нь дагуу гэрчилгээгээ гаргуулсан учраас одоо миний эзэмшлийн газар болсон гэдэг болсон. Би Д.Б*******аас гаргуулсан гэх гэрчилгээг нь харахад миний өмчлөлийн газар дээр биш миний хашааны гадна догол буланд байрлах нэгж талбарын дугаартай эзэмшлийн газар байсан. Өөрөөр хэлбэл Д.Б*******т миний өмчлөлийн газрын гадна, хашааны буланд байрлах дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон байхад миний өмчлөлийн газар буюу хашаан дотор байрлах 002 нэгж талбарын дугаартай хэсэг дээр байшингаа барьсан байна. Д.Б******* нь хууль зөрчиж бусдын буюу миний өмчлөлийн газар дээр байшингаа барьсан. Иймд Д.Б*******ын байшинг албадан буулгаж, миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Булган аймаг Х*******р сум 5 дугаар багийн иргэн Ц овогтой А манай эхнэрийн нэр дээр 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар бүхий 0,07 ам дөрвөлжин метр газрыг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Б******* би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Х*******р сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийг үндэслэн дугаар бүхий 70 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газрыг тухайн үед ажиллаж байсан даамлын буруутай үйлдлээс болж анхны өмчлөгч Н.Н мөн шилжүүлэн өмчлөгч Л.У*******ын өмчлөлийн газарт давхардуулан олгосон байна.

Иймд миний эзэмшлийн 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийн дагуу ноогдуулсан 70 м.кв газрыг иргэн Л.У*******ын газраас хасаж миний эрхийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд газар чөлөөлөх үндэслэл байхгүй. Булган аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байхад газар эзэмших гэрчилгээтэй байсан. Газрын тухай хуулийн .10 дугаар зүйлд анх удаа үл хөдлөх эд хөрөнгө бүрдүүлэхэд нэгж, газрын талбайг 4 талаас нь зураг авч бүртгүүлнэ гэсэн үндэслэлүүдээр байшингийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, хүсэлтүүд, шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа учраас түдгэлзсэн. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж байсан ба газар эзэмших нотлох баримт чинь олдохгүй байсан. 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших гэрчилгээг Ц овогтой А, Д.Б******* нарт олгосон. Газар эзэмшүүлэх нотлох баримт олдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.32 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулж, Булган аймгийн Х*******р сумын Засаг даргын 2005 оны гурван 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамж олдсон. Уг захирамжийн 21 дэх хэсэгт давхар Д.Б*******т 2 дугаар хороо 30:30 харьцаатай байшингийн газрыг олгосон байдаг. Ямар ч эрх зүйн чадамжгүй, мэдлэггүй хүн үнийг хараад ойлгохоор байна. Илт хууль бус байна гэж үзэж, би дахин Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг газрыг 1 тушаалаар 2 хүнд олгосон захирамжид гомдол гаргасан. Шүүх удаа дараа нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр татгалзсан. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б хариуцлагагүй хандаж, захирамжид гарын үсэг зураагүйгээс үүдэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр хянагдаж, улмаар буцаагдсан. Уг газрыг давхцуулж өгснийг хэргийн оролцогчид бүгд мэдэж байгаа. Энэ нь хэн алиных нь буруу биш, тухайн үеийн техникийн бололцоо, газрын эрх зүйн байдал, цагийн байдлыг О мэдэхгүй, төрийн албан хаагчийн мэдлэг, боловсрол, чадвар чансаагүй, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга ч байгаагүй цаг үетэй холбоотой байна. Хэн хэнийгээ буруутгах асуудал биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэл нь газар эзэмших гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгөтэй иргэн хүний буруу биш, үр хүүхдэдээ үлдээх хөрөнгөтэй, 70 гаруй настай хүний байшинг нураана, буулгана гэвэл энэ нь харгис санагдаж байна. Нэг нутгийн хүмүүсийг уулзаж, ярилцах боломжоор хангах нь зохимжтой санагдаж байна гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-нэхэмжлэгч Л.У*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/,

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Х*******р сумын нутаг дэвсгэрт байрлах, Н.Нг, Э.Дон, Э.Ц нарын өмчлөлийн, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай,837 м.кв газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Х*******р сумын 5 дугаар баг, М 4 дүгээр гудамж, 402 тоотод байрлах, Л.У*******ын өмчлөлийн, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 809 м.кв газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

- Булган аймгийн Х*******р сум, Д 4 дүгээр гудамж, 402 тоотод байрлах, Н.Нгийн өмчлөлийн газрын кадастрын зургийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Д.Б*******ын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,

3.Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн болно.

-Д.Б*******ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 17-р хуудас/,

-Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний хуулбар /хэргийн 18-р хуудас/,

-Ц.Агийн 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /хэргийн 19-р хуудас/,

-Д.Б*******аас Б.Н*******д 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 24-р хуудас/,

4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Нгээс гэрчийн мэдүүлэг авсан /хэргийн 29-30-р хуудас/,

Хариуцагчийн хүсэлтээр Булган аймгийн Г, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/731 дугаартай Д.Б*******ын нэр дээр Х*******р сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 70 м.кв газар бүртгэлтэй байгаа боловч газрын кадастрын мэдээллийн санд ороогүй гэх албан бичиг /хэргийн 48-р хуудас/,

-Тус газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгээр Н.Нг, Л.У******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан, дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэх, газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 70-75-р хуудас/,

-Булган аймгийн Х*******р сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааны 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/02 дугаартай Сумын 2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолын хуулбар /хэргийн 76-78-р хуудас/,

-Булган аймгийн Х*******р сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1Y дэх удаагийн сонгуулийн хуралдааны 2/4 дугаартай Төлөвлөгөө батлах тухай тогтоолын хуулбар /хэргийн 79-80-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Булган аймгийн Г, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/757 дугаартай албан бичиг,

-Булган аймгийн Х*******р сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар,

- Булган аймгийн Х*******р сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай хамтран өмчлөгчөөс хасалт хийх тухай захирамжийн хуулбар,

Н.Нг, Л.У******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан, дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэх, газрын гэрчилгээний хуулбар /хэргийн 81-87-р хуудас/,

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймаг, Х*******р сум, 5 дугаар багт байрлах, нэхэмжлэгч Л.У*******, хариуцагч Д.Б******* нарын өмчлөлд байх нэгж талбарын дугаартай газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 93-96-р хуудас/,

-хариуцагчийн хүсэлтээр Х*******р сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр Н.Нг, Л.У******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан, дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэх, газрын гэрчилгээний хуулбар,

-Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08/1732 дугаартай албан бичгийн хуулбар,

-Д.Б*******ын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Засаг даргад гаргасан гомдлын хуулбар,

-Х*******р сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар,

-Д.Б*******аас Б.Н*******д 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон итгэмжлэл,

-Олон нийттэй харилцах төвийн 11-11 дугаарын утсанд ирүүлсэн санал гомдлыг шийдвэрлэх маягтын хуулбарыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.У******* нь хариуцагч Д.Б*******д холбогдуулан өмчлөлийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талаас миний бие нь Булган аймгийн Х*******р сумын 5 дугаар багийн Мийн тоотод байрлах нэгж талбарын дугаартай, 809 м.кв талбай бүхий өмчлөлийн газрыг 2009 онд Н.Нг гэх хүнээс худалдаж авсан. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. 2009 онд Д.Б******* нь 002 нэгж талбарын дугаар дээр үл хөдлөх хөрөнгө буюу 5х5 харьцаатай дүнзэн байшин барьчихсан байсан. Д.Б*******ыг байшингаа буулгаж газрыг минь чөлөөлж өгөхийг шаардхад та газраа Н.Нгээс худалдаад авчих, наймаагаа хийчих, дараа нь байшингаа буулгаад газрыг чинь чөлөөлөөд өгнө гэж хэлж байсан. Үүнээс хойш удаа дараа шаард.хад удахгүй байшингаа буулгаад газрыг чинь чөлөөлөөд өгнө, дараа жил чөлөөлж өгнө гэх зэргээр худлаа ярьсаар байсан. Сүүлдээ энэ миний эзэмшлийн газар болсон, би хуулийнх нь дагуу гэрчилгээгээ гаргуулсан учраас одоо миний эзэмшлийн газар болсон гэдэг болсон. Д.Б*******т миний өмчлөлийн газрын гадна, хашааны буланд байрлах дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон байхад миний өмчлөлийн газар буюу хашаан дотор байрлах 002 нэгж талбарын дугаартай хэсэг дээр байшингаа барьсан байна. Иймд Д.Б*******ын байшинг албадан буулгаж, миний өмчлөлийн газрыг чөлөөлж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч нь манай эхнэр Ц.Агийн нэр дээр 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар бүхий 0,07 ам дөрвөлжин метр газрыг олгосон. Уг газрыг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Х*******р сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийг үндэслэн дугаар бүхий 70 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн. Гэтэл тухайн үед ажиллаж байсан газрын даамлын буруутай үйлдлээс болж анхны өмчлөгч Н.Н мөн шилжүүлэн өмчлөгч Л.У******* нарын өмчлөлд уг газрыг давхардуулан олгосон байна.

Иймд миний эзэмшлийн 70 м.кв газрыг иргэн Л.У*******ын өмчлөлийн газраас хасаж миний эрхийг баталгаажуулж өгнө үү гэж маргаж байна.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Булган аймгийн Х*******р сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай захирамжийн 31-д Н.Нгт га газрыг өмчлүүлсэн байна. Н.Нг, Э.Дон, Ц.Ц нар нь Булган аймгийн Х*******р сумын нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 837 м.кв хэмжээтэй газрыг өмчилж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 4-р хуудас/,

Хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу Булган аймгийн Г, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр Н.Нг, Л.У******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэх болон газрын гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар зэргийг ирүүлжээ.

Уг баримтаас үзвэл Н.Нг, Л.У******* нар нь Булган аймгийн Х*******р сум, 5 дугаар баг, Мааньт, Д-4 дүгээр гудамж, 402 тоотод байрлах, 809 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, гарын үсгээ зуржээ.

Уг газрыг Л.У******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад дугаарт бүртгүүлж, дугаар гэрчилгээ олгосон үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

4.2. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараах эрхтэй, 19.1.4-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1,2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах, 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана, 22 дугаар зүйлийн 22.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно, 23 дугаар зүйлийн 23.1-т Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна, 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан байна.

4.3.Хариуцагч талаас манай эхнэр Ц.Агийн нэр дээр 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар бүхий 0,07 ам дөрвөлжин метр газрыг олгосон. Уг газрыг 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Х*******р сумын Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 тоот шийдвэрийг үндэслэн дугаар бүхий 70 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшсэн гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ц.Ад Булган аймгийн Х*******р суманд 0.07 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх дугаартай газар эзэмших гэрчилгээг 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон байна.

нэгж талбарын дугаар бүхий, 70 м.кв хэмжээтэй газрыг үйлчилгээний зориулалтаар Д.Б*******т, хамтран эзэмшигчээр Ц.А нарт 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000458925 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Гэвч тус гэрчилгээнд заасан уг газрыг эзэмшүүлэх үндэслэл болсон Х*******р сумын Засаг даргын 2003 оны 21 дүгээр захирамж хэрэгт авагдаагүй, хариуцагчаас уг баримтыг гаргаж маргаагүй байна.

Гэрч Н.Нгийн мэдүүлэгт ..Д.Б******* нь 1998 билүү 1999 оны үед манай талийгаач нөхөр н.Эрдэнэбилэгээс гуйж түр хугацаанд байшингаа бариад эргүүлээд зөөгөөд аваад явна гэж хэлээд барьж байсан. Тухайн байшингаа хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан. Тэгээд би газраа Л.У*******т худалдсан болохоор байшин доорх газар нь Л.У*******ынх гэж бодож байна. 2009 онд намайг Л.У*******т газраа зарахад Д.Б******* нь та хоёр наймаагаа хий, би байшингаа хашаанаас нь чирээд гаргаад газрыг чөлөөлж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед Л.У*******, Д.Б******* бид гурав хамт байсан гэж байна.

Хэрэгт авагдсан нэгж талбарын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаар 809 м.кв талбай бүхий газар болон нэгж талбарын дугаар бүхий газрууд нь хөрш залгаа газрууд байх бөгөөд уг газрууд давхцалгүй байна. /хэргийн 6-р хуудас/

Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд Булган аймгийн Х*******р сум, 5 дугаар баг, Мааньт, Д-4 дүгээр гудамж, 402 тоотод байрлах газарт үзлэг хийсэн. Маргаан бүхий газрын хашаан дотор баруун хойд буланд хуучны шавар цагаан байшин, зүүн хойд буланд цагаан өнгийн шавар /дугуй засвар, гагнуур гэсэн хаягтай/ байшин, зүүн талд улаан өнгийн дүнзэн /маргаан бүхий байшин/ байшин, зүүн урд талд цагаан тоосгон, хөх хаалгатай, Ардчилсан намын байр гэсэн хаягтай/ байшин байв гэжээ. /хэргийн93-96-р хуудас/,

Нэхэмжлэгчийн өмчлөлийн нэгж талбарын дугаар бүхий газарт хариуцагчийн эзэмшлийн 5х5 хэмжээтэй дүнзэн байшин байрлаж байгаа гэх үйл баримттай талууд маргаагүй. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлтээр тус газарт Д.Б*******ын эзэмшлийн байшин байгаа болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас 2014 онд 70 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон сумын Засаг даргын захирамж, уг газар нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцалтай, түүний газар дээр байрлах байшингийн доорх газрыг эзэмшдэг болохыг тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн нэгж талбарын дугаар бүхий газарт байрлаж байгаа хариуцагчийн байшингийн суурины доорх газрыг Д.Б******* хууль ёсоор эзэмшиж, өмчилж байгаа болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн нэгж талбарын дугаартай, 809 м,кв хэмжжтэй өмчлөлийн газарт байрлаж байгаа Д.Б*******ын эзэмшлийн 5х5 хэмжээтэй дүнзэн байшинг нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас албадан чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.У*******т олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У*******ын өмчлөлийн Булган аймгийн Х*******р сум, 5 дугаар баг, Мааньт, Д-4 дүгээр гудамж, 402 тоотод байрлах, 809 м.кв хэмжээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэгж талбарын дугаартай газарт байрлаж байгаа хариуцагч Д.Б*******ын эзэмшлийн 5х5 хэмжээтэй дүнзэн байшинг нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас албадан чөлөөлүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.У*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ