| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2305000000857 |
| Дугаар | 2023/ДШМ/857 |
| Огноо | 2023-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/857
2023 8 24 2023/ДШМ/857
Ё.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
хохирогч Ч.Мөнгөнжигүүрийн өмгөөлөгч Ц.Гансүх,
шүүгдэгч Ё.Х, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1111 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ё.Хгийн өмгөөлөгч Г.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлоор Ё.Хд холбогдох 2305000000857 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ё.Х, 1946 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 77 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, техник механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурийн 23 дугаар гудамжны 12-9 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЖЮ46080571/,
Ё.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 35-4 дүгээр байрны орчимд иргэн Ч.Мөнгөнжигүүртэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд няцарсан шарх, зүүн чихний дэлбэн, чамархайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ё.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана”
-4.3-т “прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх”
-4.4-т “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх”,
-4.6-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”,
-6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилжээ.
Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын 3.4-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ...тогтоогдвол хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ...” гэжээ.
Прокуророос шүүгдэгч Ё.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын дээрх санал нь шүүгдэгч Ё.Хд ямар нэгэн эрүүгийн хариуцлагын санал танилцуулаагүй атлаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг танилцуулсан байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах зэрэг ялын төрөлтэй байхад прокурор нь шүүгдэгчид дээр дурьдсан эрүүгийн хариуцлагын аль нэгийг танилцуулаагүй, шүүгдэгчтэй тохиролцоогүй байна.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шүүгдэгчид тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага оногдуулж, тухайн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хэргийн материал танилцуулаагүй гэх хүсэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч дараахь эрхтэй”, 2.3 дахь заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах” гэж, 2.9 дэх заалтад “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцах, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах...” гэж, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан.. гэж үзвэл хохирогч, өмгөөлөгчид хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, “...хохирогч, түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, “хэргийн материалтай оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан байна.
Хохирогч Ч.Мөнгөнжигүүр, түүний өмгөөлөгч Г.Батболд нарт 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Ё.Хд холбогдох хэргийн материалыг танилцуулсан ба тухайн танилцуулснаас хойш хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурьдсан ажиллагаануудыг хийсэн, тухайн ажиллагаануудыг хохирогч болон түүний өмгөөлөгчид танилцуулаагүй, танилцах нөхцөл боломжоор хангаагүй байх тул хэргийн материалтай танилцуулсан, танилцуулах боломжоор хангасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн хүсэлтэд заасан ажиллагаануудыг хийх шаардлагатай гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ё.Хд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ё.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ё.Хгийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Миний үйлчлүүлэгч Ё.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 241.925 төгрөгийг бүрэн төлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасныг прокурор хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг яллагдагч болон түүний өмгөөлөгч бид нарт танилцуулсныг яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурснаар прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн байдаг. Ё.Х нь одоо 77 настай, тэтгэвэрт гарсан, биеэ хамгаалж чадахгүй, өндөр настан юм.
Ам бүл 3, эхнэр Л.Бадамцэцэг 75 настай, тэтгэвэрт, охин Х.Цэнгэлмаа 36 настай, хөгжлийн бэрхшээлтэй нарын хамт амьдардаг. Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдсэнээр сард 971.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа, өөр орлогогүй хүн юм.
Миний үйлчлүүлэгч Ё.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх ба үүндээ чин санаасаа гэмшиж, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Ё.Х нь 2023 оны 4 дүгээр сарын 9-ний энэ өдрөөс хойш толгой нь байнга өвдөж, даралт нь тогтмол ихэсч, чих нь дүнгэнэж, сэтгэл санаа нь уймрах, мартах зовиуртай болсноос өрх, дүүргийн эмнэлгээр 3-аас 4 удаа үзүүлж, 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч бие нь сайжирч хэвийн болохгүй, одоо гэрээр байнгын эмчилгээтэй байгаа юм.
Прокурор дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шийдвэр гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Ё.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасан гэж үзэж байгаа ба энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шударга зөв шийдвэр, санал байсан гэж үзэж байна.
Гэтэл шүүгч захирамжийнхаа тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хэнан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг өөрчлөн найруулж бичээд түүнийгээ мөрдүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалт гэсэн хүчингүй болсон заалтыг мөрдүүлэхээр тодорхойлох, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг “...прокурорт буцаах шийдвэр гаргана. ...” гэж тус тус хуульчилжээ. ...” гэж өөрийн шийдвэрт нийцүүлэн өөрчлөх зэргээр хуулийн заалтыг өөрчлөн тодорхойлох, хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэх байдлаар өөртөө давуу байдал бий болгож, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.1, 50.1.23 дахь заалтуудыг илт зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргалаа.
Мөн шүүгч захирамжийнхаа тодорхойлох хэсэгт “...Прокуророос шүүгдэгч Ё.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруудайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын дээрх санал нь шүүгдэгч Ё.Хд ямар нэгэн эрүүгийн хариуцлагын санал танилцуулаагүй атлаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг танилцуулсан байна гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан, хуулийн буруу хэрэглээ гэж үзэж байна.
Мөн шүүгч дээрх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн асуудлаа баталгаажуулж “Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэлээ”, “Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүчингүй болсон заалтыг үндэслэж, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.1, 50.1.23 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дуаар зүйлийг зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргалаа.
Мөн шүүгч захирамжийнхаа тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчмх эрх хязгаарлах зэрэг ялын төрөлтэй байхад прокурор нь шүүгдэгчид дээр дурьдсан эрүүгийн хариуцлагын аль нэгийг танилцуулаагүй, шүүгдэгчтэй тохиролцоогүй байна. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шүүгдэгчид тухайн зүйл заалтад заасан эрүүгийн хариуцлага оногдуулж, тухайн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг буруу тайлбарлан, хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бий болгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаас зөвхөн 2023 оны 5 дугаар сард шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн практикийг судлахад олон шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг зөв хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байхад шүүгч Эрүүгийн хуулийг зөрүүтэй , буруу хэрэглэж байна. Жишээ нь:
Эрүүгийн хуулийн дээрх заалтыг зөв хэрэглэж байгаа практикаас дурьдвал:
-БЗД-ийн ЭХАШШ- ийн шийтгэх тогтоол 2023.05.30. дугаар 2023/ШЦТ/790
-Архангай аймаг дахь СДЭХАШШ-йн шийтгэх тогтоол 2023.05.29 2023/ШЦТ/121
-ЧД-ийн ЭХАШШ- ийн шийтгэх тогтоол 2023.05.18. дугаар 2023/ШЦТ/342
-ЧД-ийн ЭХАШШ- ийн шийтгэх тогтоол 2023.05.09. дугаар 2023/ШЦТ/324
-Налайх дүүргийн ЭХАШШ- ийн шийтгэх тогтоол 2023.05.03. дугаар 2023/ШЦТ/65
-Хөвсгөл аймаг дахь СДЭХАШШ-йн шийтгэх тогтоол 2023.05.02. 2023/ШЦТ/133
-СБД-ийн ЭХАШШ- ийн шийтгэх тогтоол 2023.04.06. дугаар 2023/ШЦТ/35 гэх мэт олон байна.
Шүүгч захирамжийнхаа тодорхойлох хэсэгт “Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хэргийн материал танилцуулаагүй гэх хүсэлт нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ” гээд өмгөөлөгчийн эрх, хохирогч Ч.Мөнгөнжигүүр, түүний өмгөөлөгч Г.Батболд нарт 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш хийсэн ажиллагааг танилцуулаагүй талаар дурьджээ.
Эдгээр хүмүүст мөрдөгч хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн байна. Мөн танилцсан байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурьдсан ажиллагаатай шүүх дээр танилцах боломжтой байсан. Энэ хэргийг шийдвэрлэх шүүх хурал анх 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зарлагдаад хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 14 хоног хойшилсон. Энэ хугацаанд танилцах боломжтой байсан. Энэ танилцаагүй гээд байгаа материал нь 10 гаруй хуудас материал байна. Үүнийг шүүхийн шатанд танилцах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Ер нь хэргийн материал танилцуулахтай холбоотой энэ асуудал нь хэргийн нотолбол зохих байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад хамааралгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй асуудал гэж үзэж байна.
Мөн шүүгчийн захирамжид шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд миний нэрийг буруу оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн нэн хариуцлагагүй, хайнга байдал гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ё.Х “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.
Хохирогч Ч.Мөнгөнжигүүрийн өмгөөлөгч Ц.Гансүхээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Яллагдагчийн хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүхээс “ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар бичээгүй атлаа эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг бичсэн байна. Энэ нь буруу. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоогоод эрүүгийн хариуцлага оногдуулаад, оногдуулсан хариуцлагаас чөлөөлдөг. Энэ нь прокурорын алдаа” гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос “яллах дүгнэлтэд оруулах өөрчлөлт байна. Ялын санал оруулахаа мартсан” гэдэг байдлаар өөрийнхөө бурууг зөвшөөрсөн. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн ч бай, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан ч бай эхлээд гэм буруутайд тооцож, ял оногдуулаад дараа нь ялаас чөлөөлнө. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Энэ хэрэгт мөрдөгч, прокурорын зүгээс маш хайнга хандсан. 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд Ё.Хд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэргийн материал танилцуулсан. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцуулаад, яллагдагчаас мэдүүлэг авсан байдаг. Хэргийн материал танилцуулсаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцуулсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм. Мөн Ё.Хд ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан СиДи бичлэгийг үзэхэд Ё.Хгийн ярьж буй байдал, хийж буй үйлдлийг харахад биеэ хамгаалах чадваргүй гэдэг нь худлаа байдаг. Иймд бидний зүгээс прокурорын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг эсэргүүцсэн. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхэд прокуророос санал гаргаж оролцсон. Яллагдагч хэдийгээр хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн боловч заавал мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээсэн байх шаардлагагүй. Прокурорын шатанд чин санаанаасаа гэмшсэн. Мөн прокурорын шатанд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Яллагдагч Ё.Х нь 77 настай, тэтгэвэрээс өөр орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хамт амьдардаг, хөнгөн гэмт хэргийг тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаагаа үйлдсэн гэх хувийн байдлуудыг прокуророос харгалзаж үзсэн. Шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэлгүй гэж үзэх юм бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Таслан сэргийлэх арга хэмжээг заавал авна гэж хуульд заагаагүй. Мөрдөгчөөс таслан сэргийлэх арга хэмжээ авах гэсэн боловч Ё.Х ирээгүй байдаг. Прокуророос эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно уу, яллагдагч Ё.Хгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ё.Хгийн өмгөөлөгч Г.Бадамхандын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Ё.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Шүүгчийн захирамжид заасан “...Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.
Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх. ....” гэж хуульчилсан бөгөөд үүнийг захирамжийнхаа үндэслэл болгон хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд “...торгох ял; нийтэд тустай ажил хийлгэх ял; зорчих эрхийг хязгаарлах ял; хорих ял; эрх хасах ял. ...” гэж ялын төрлийг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ; эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ; хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ. ...” гэж албадлагын арга хэмжээний ялын төрлийг тус тус хуулинд тодорхой, ойлгомжтой хуульчлан заажээ.
Прокуророос дээрх дурдсан ялын болон албадлагын арга хэмжээний төрлүүдийн аль нэгээр нь ял тохиролцоогүй байна.
Прокуророос эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тохиролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасныг зөрчжээ.
Шүүгдэгч Ё.Хгийн өмгөөлөгч Г.Бадамханд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1111 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалт буюу хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/1111 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.Хгийн өмгөөлөгч Г.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ