| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2021/0665/З |
| Дугаар | 128/ШШ2024/0911 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** ХХК /РД:00000/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б /Акт гаргасан албан тушаалтны нэрээр/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х, Б.М нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлээгүй дээр тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаар удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэйгээр ***** ХХК-д Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд, хэрэглэгчдээс чанарын шаардлага хангахгүй автобензин, дизел түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдлын хүрээнд хяналт шалгалт явуулсан байна.
2.2.Ингээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь нэхэмжлэгч компанийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 0000 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон гэж үзэж 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаартай шийтгэлийн хуудсаар 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.3.Нэхэмжлэгч ***** ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2021/000 дугаар захирамжаар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ***** ХХК нарын хуулийн этгээдүүдийн нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын байцаагч А.Бямбадоржид холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2.5.Тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0000 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 325 дугаар тогтоолоор тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
2.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т зааснаар захиргааны хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хянан шийдвэрлэв.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай "Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд" хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021.03.17-ноос 2021.04.17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд 26 аж ахуйн нэгж байгууллагуудаас авсан шатахууны дээжийг тус тус кодоор баталгаажуулсан.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны лабораторид тус тус сорилтын үр дүнгийн тайлан гаргаж баталгаажуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадорж нь 2021.07.02-ны өдрийн "Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай" 0000 тоот дүгнэлт, 2021.07.02-ны өдрийн "Автобензиний шинжилгээний дүнгийн тухай" 01-07-106/260 тоот дүгнэлтийг тус тус гаргасан. Дээрх дүгнэлтээс "****" ХХК нь 2021.07.02-ны өдрийн "Автобензиний шинжилгээний дүнгийн тухай" 01-07-106/260 тоот дүгнэлтээр MNS0000 стандартын шаардлага хангасан гэж үнэлэгдсэн. Харин 2021.07.02-ны өдрийн "Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай" 0000 тоот дүгнэлтээр дээж авсан Дизель түлш нь:
Цетан тоо 41.4-44.5 буюу дунджаар 43.2 тодорхойлсон нь "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0007 "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 0000 стандартын шаардлага хангахгүй, - 20 С дахь хувийн жин 796.30-829.4 кг/м буюу дунджаар 820.5 кг/м тодорхойлогдсон нь Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 0000 стандартын шаардлага хангахгүй гэжээ.
Дээрх дүгнэлтийг бид дараах байдлаар үгүйсгэнэ:
1.Улсын байцаагч нар дээж авч шинжлүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох журмыг зөрчсөн талаар:
Зөрчлийн гэх үйлдэл нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болсон байдаг. Тухайн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий байцаагч нар үнэмлэхээ үзүүлэн загнаж, шалтгааныг тайлбарлалгүй, шууд ШТС-37 салбарын шатахуун түгээх станцаас тус бүр 1 литрийн шилэн саванд АИ-92, Дизель түлш зэрэг бүтээгдэхүүнийг колонкийн хошуунаас авсан байдаг. Савнаас авах саналыг тавьхад зөвхөн колонкийн хошуунаас авсан. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллага болох мэргэжлийн байцаагч, хөндлөнгийн шинжилгээ хийж байгаа лабораторийн шинжээч зэрэг мэргэжлийн хүнийг оролцуулалгүй, зөвхөн манай эрхлэгчийг гарын үсэг зуруулж баталгаажуулсан нэрийдлээр шууд өөрсдөө тухайн бүтээгдэхүүний дээжийг биднийг болоод хөндлөнгийн ямар нэгэн этгээдийг оролцуулалгүй өөрсдөө авч явсан байдаг. Хөндлөнгийн этгээдийг оруулах шаардлагатай байсан.
Түүнчлэн нэр бүхий Т.М байцаагч болон бусад байцаагч нар өөрсдөө дээж авч, тусгай дээж авахад зориулагдсан хувцас өмсөөгүй, стандартын дагуу аваагүй мөртлөө шууд өөрсдөө лабораторид хүргүүлсэн байдаг. Ингэхдээ бүр 2 лабораторид хүргүүлсэн. Хүргүүлэх явцад лац, ломбо бүрэн, гадны нөлөөгүй, гэмтэж солигдоогүй хүргэгдсэн эсэх, тухайн компанийнх гэж маргаангүй мөн эсэх, дээжний битүүмж алдагдсан байж болзошгүй эсэх зэрэг нь хэнд ч мэдэгдэхгүй. Мөн лабораторт хүлээлгэн өгөхдөө гадаа, гудамжинд ямар ч ариун нөхцөлд бус байсан. Түүнчлэн "****" ХХК-ийх юм уу аль нэг газрынх юм уу хэнд ч мэдэгдэхгүй нөхцөл байдлыг үүсгэн лабораторид хүлээлгэн өгсөн. Эргэлзээтэй байдлуудыг удаа дараа гаргасан. Иймд шинжилгээ хууль, журмын дагуу явагдаагүй, стандартыг зөрчсөн нь хэргийн материалд тодорхой харагддаг.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хүргэж өгсөн гэдэг ба лабораторийн шинжилгээ холбогдох заавар, журмын дагуу явагдаагүйгээс шинжилгээг ямар хугацаанд, ямар арга баталгаажсан багаж, хэрэгслээр шинжилсэн, маргаан үүссэн тохиолдолд хоёр дахь дээжийг дахин шинжилгээнд хамруулж шинжилгээний дүнг бүрэн нотлох ёстой байтал хэргийн оролцогчид гомдол, хүсэлт гаргах, дахин шинжилгээ хийх боломжийг олгохгүйгээ байгаа зэрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэгэнт эрх зүйн хүрээнд шинжээч томилсон атлаа шинжилгээний байгууллагаар дээрх ажлыг гүйцэтгүүлээгүй нь илт хууль зөрчсөн үйлдэл болсон. Хамгийн гол ноцтой алдаа бол хоёр лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Лабораторийн шинжилгээ 14 хоногт гарах бүрэн боломжтой атал дээж авснаас хойш даруй 3 сарын дараа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн 0000 тоот дүгнэлт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гарч, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудас танилцуулсан. Зөрчлийн хэрэг нээсэн талаар тухайн үед мэдэгдсэн. Зөрчлийн хэрэгт "****" ХХК нь дизель түлштэй холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүгнэлт огт байгаагүй бөгөөд уг маргаантай танилцахыг хүссэн боловч нууц тул танилцах боломжгүй, шинжилгээний хариу нь байгаа тул үзүүлнэ гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч үзүүлээгүй. Дээж хадгалах хугацаа 3 сар байх бөгөөд хэрвээ маргаан үүссэн нөхцөлд 4 сарын хугацаанд дахин шинжилгээ хийлгэж маргаан таслахаар стандарт дээр тусгасан байхад Зөрчлийн хэрэг нээсэн хугацаа нь анх дээж авсан өдрөөс 3 сарын дараа үүсэж байгаа нь хэргийн оролцогчын дээжний хариутай танилцах, маргах эрхийг хязгаарлаж хууль зөрсөн.
2. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй талаар:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид нь хяналт шалгалт явуулах хуулиар олгогдсон эрхтэй хэдий ч хяналт, шалгалтын хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллага, хүмүүсийг татан оролцуулж үнэн бодит, шударга явуулах ёстой. Тодруулбал, тусгай мэдлэг, мэргэжил шаардсан асуудалд шатахууны чанар, стандарттай холбоотой мэргэжлийн байгууллагын оролцоог хангалгүй хууль зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.
3.Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт, тайлан гаргасан.
4.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр" батлах тухай 98 дугаар тогтоол батлагдаж Евро-5 стандартын экологид ээлтэй шатахууны хэрэглээг 2019 онд 50 хувьд хүргэх, 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0007 стандарт, Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS00000 стандартуудыг тус тус баталсан. Эдгээр стандартууд Евро-3 ангиллын шатахуунаас Евро-5 ангиллын шатахууны техникийн нөхцөлийг баталсан. Гэвч 2019 онд Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг ОХУ-ын 000 ОХУ дотооддоо Евро стандартад шилжиж байгаа тул Монгол Улсад Евро ангилалын шатахууны их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй гэдгээ Монгол Улсын талд албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0007 стандарт, Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага" MNS0000 стандартуудыг шаардлага хангасан шатахуун ОХУ-ын 000 нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнээс шалтгаалж 2019 оноос цетан тоо, хүхрийн хүчлийн хэмжээ өндөр гэх шалтгаанаар гаалийн хилээр их хэмжээний шатахуун нэвтрэх боломжгүй болж гацаа үүссэн. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-аас Евро стандартын шатахуун нийлүүлэх боломжтой болох хүртэл хугацаанд шилжилтийн үеийн "Дизелийн түлш, Техникийн шаардлага" MNS 0000 стандартыг баталж хэрэгжүүлж байгаа билээ. Хэдийгээр Дизель түлшинд 2 стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч Монгол Улс өөрөө нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш 100 хувь импортын бүтээгдэхүүнээс хараат байгаа тул ханган нийлүүлэгчээс нийлүүлж буй шатахууны стандартад өөрийн улсын дотоодын стандартыг нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлээгүй нөхцөлд шатахуун импортолж дотоодод худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хохирдог шударга бус нөхцөл байдал үүсээд байна.
5.Дээрх нөхцөл байдал илт тод байхад манай ***** дүүргийн 14 дүгээр хороо, Дамбын замын цагдаагийн постын орчимд байрлах "*****" ХХК-ийн ШТС-37-оос энгийн дизель түлшний дээж авч яваад дизель түлш Евро-д баримталдаг стандартаар хэмжилт хийсэн нь хууль бус бөгөөд үнэнд нийцэхгүй болно.
6.Иргэний нисэхийн оношилгоо хэмжилзүйн лабораторийн өөрсдийн багажны тохируулгын аргачлалаар ДТ-ний цетон тооны үзүүлэлтийн шинжилгээ хийсэн нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS0000, Дизель түлш. Евро. Техникийн шаардлага" MNS0000 зэрэг стандартуудын шинжилгээний аргын стандартын дагуу хийгдээгүй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргасан.
7.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Улсын байцаагч нь хяналт шалгалт хийсэн, нөхцөл байдлыг нарийн судалж шалгасны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг гаргах үүрэгтэй.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадорж нь:
1-т Өөрийн шалгаагүй асуудлаар,
2-т Стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариуг үндэслэж
3-т Хөндлөнгийн буюу гуравдагч этгээдээр дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан байхад хууль зөрчин дүгнэлт гаргасан. Энэ нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон төдийгүй иргэн, аж ахуйн нэгж хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжгүй нөхцөлд мөн энгийн дизель түлшийг "Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага" MNS0000 стандартыг зөрчсөн гэх дүгнэлт үйлдсэн. Энэхүү хууль бус дүгнэлтийг үндэслэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Б 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №0000 дугаар "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг бидэнд өгсөнд гомдолтой байна.
Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №0000 дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг бүхэлд нь хянаж хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0000 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу 26 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар авто бензин, дизель түлш тус бүрээс гурван дээж авсны нэгийг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хяналт зүйн газрын лабораторид, нөгөөг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхай, газрын тосны лабораторид хүргүүлсэн байдаг. Уг хоёр дээжийг хүргүүлээд гурав дахь дээжийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хадгалсан байдаг. Тухайн хоёр лабораторийн хариу хоорондоо зөрөөтэй гарсан байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг зөрчсөн байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хяналт шалгалтын процессыг зөрчсөн буюу Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгалтын удирдамжийн хугацааг тодорхойлсон байдаг. Үүнд 60 хоног хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийнэ гээд хууль тогтоогчоос тогтоож өгсний дагуу хяналт шалгалтыг хийсэн. Ингэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 30 хоногийн хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 30 хоног хүртэлх хугацаанд хийсэн гэдгээ хэлдэг бөгөөд баталсны дараа ахин 30 хоногоор сунгасан байдаг. 2021 оны 03 дугаар сарын 18-аас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд уг хяналт шалгалтыг хийгээд, удирдамжид заасан дээж авах, шинжилгээ хийлгэх мөн хамгийн гол ач холбогдол болоод байгаа дүгнэлт гаргуулах гэдэг зүйлийг 60 хоногийн хугацаанд хийж дуусгах ёстой байсан. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөрчсөн гэж үзэж байна. Мөн энэ хугацаа явж байх хооронд хуулиар тогтоосон стандартын дагуу маргаан таслах гурав дахь дээжийг устгасан байдаг. Холбогдох хуульд суурин газар бол 45 хоног, алс хол аймаг орон нутагт 3 сар хадгална гэсэн байх боловч уг маргаан таслах дээжийг захиргааны байгууллага хариуцлага алдсаны улмаас устгасан гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн удирдамжийн дөрвийн 3 дахь хэсэгт шатахууны бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн дотоодод борлуулж буй авто бензин, дизель түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх дүгнэлт гаргах гэж тодорхой тусгаж өгсөн байгаа. Манай компанийн зүгээс шатахууны дээж авах дүгнэлтийг өмнө нь гаргуулж байсан. Ингэхдээ Эрчим хүчний нэгдсэн лабораторийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дээж авч 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинжилгээг энэ компани ямар нэгэн стандарт зөрчөөгүй байна гэх дүгнэлтийг хавтаст хэрэгт авч өгсөн байгаа. Мөн *** ХХК-ийн дээж авч дүгнэлт хийсэн материал хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнтэй холбоотойгоор дээж авах процесс, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гардуулах процесс ямар хугацаанд явах боломжтой байдаг талаар Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори болон *** ХХК-ийн гаргасан дүгнэлтүүдээс харах боломжтой. Хариуцагчид мэргэжил арга зүй дутсан учраас Гаалийн ерөнхий газрын лабораторид, Ашигт малтмалын газрын тосны лабораторид хандсан гэдэг. Гэтэл энэ нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй, ялангуяа гүйцэтгэх эрх мэдлийн уялдаа холбоогүй ажилласнаас болоод мөн хугацаа алдсанаас болоод маргаан таслах гурав дахь дээж устсан нөхцөл байдал байгаа. Мөн дүгнэлт гаргуулах 140 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Үүнийг үндэслээд мэргэжлийн хяналтын байцаагч 07 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлтээ гаргуулаад Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Дүгнэлт гарах хугацаа удаан байгаа учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа компаниуд 3 дахь дээжээр батлуулж чадахгүй болчихсон. Учир нь удирдамжийн дагуу хяналт шалгалтын байгууллагууд дээжээ аваад явчихсан.
Мөн манай компанийн хувьд Зөрчлийн хэргийн шийтгэх хуудастай холбоотойгоор авто бензин бол чанарын шаардлага хангаж байна гэсэн.
Манайхыг авто бензиний шаардлага хангаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, зөвхөн дизель түвшин дээр маргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа алдаа гаргасан буюу Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээнд зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Хэрэг маргаантай холбоотойгоор энэ олон компаниудад зөрчлийн шийтгэл оногдуулсан бөгөөд зарим нь торгуулиа төлсөн нөхцөл байдал байгаа. Энэ компаниуд бүгд авто бензин болон дизель түлш гэсэн хоёр стандартын шаардлага хангаагүй харин манай компанийн хувьд зөвхөн дизель түлшийг хангаагүй гэж гарсан. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан үүнийг харгалзан үзээгүй бөгөөд байж болох хамгийн дэд хэмжээгээр торгуулийг оногдуулсанд гомдолтой байна. Манай компани бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхдээ холбогдох байгууллагуудаар шинжилгээг хийлгэдэг.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт хэсэгт Хууль ёсны илтгэлийг хамгаалах зарчмыг тусгаж өгсөн байдаг. Манай шатахуун түгээх станц шатахууныг өөрөө үйлдвэрлэдэггүй учир хил гаалиар нэвтрүүлэн ирэхдээ холбогдох байгууллагуудаар шаардлагатай шинжилгээг хийлгэж оруулж ирдэг бөгөөд тухайн шинжилгээний дүнгээр авто бензин, дизель түлш нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг хангаж байна гэх шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Өмнө нь хэлсэнчлэн хяналт шалгалт явахаас өмнө буюу 2021 оны 02 дугаар сард хийсэн Зэвсэгт хүчний болон *** ХХК гээд хоёр дүгнэлт байгаа. Эдгээрийг бол харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Улсын байцаагч нар дээж авч шинжлүүлсэн үйл ажиллагаа нь холбогдох журмыг зөрчсөн, хяналт шалгалт явуулахдаа мэргэжлийн байгууллагыг татан оролцуулаагүй" гэх талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй "чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдол мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл зэргийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн.
Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ***** дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын уулзвар, Дамбадаржаагийн замд байрлах "*****" ХХК-ийн шатахуун түгээх станц 37-д эрхлэгч Б.Ог, түгээгч н.Баяржав, н.Золжаргал, Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Б.Э нарыг байлцуулан жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс зориулалтын саванд дээж авч 0000 гэсэн кодоор кодолж, тэмдэглэл үйлдсэн. Мөн 03 дугаар сарын 24-ний өдөр "*****" ХХК-ийн агуулахад тээвэр ложистик эрхэлсэн захирал Н.А, ерөнхий инженер Г.Ц, агуулахын дарга Р.Б нарт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулж, бөөнөөр борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс дээж авч 00000 дугаараар кодолж, лацадсан. Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга" стандартын дагуу түүвэрлэгдсэн шатахуун түгээх станциудын шатахуун түгээгүүрийн хошуу, савнаас авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн. Иймд хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй.
"Зөрчлийн хэрэгт дизель түлштэй холбоотой лабораторийн сорилт, шинжилгээний дүгнэлт огт байгаагүй, танилцуулж үзүүлээгүй" гэх талаар:
Дээжийг шинжилсэн лабораторийн үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Дүгнэлт гаргуулах тухай" дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0000, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн "Сорилт шинжилгээний үр дүнгийн тайлан СШ21/119, СШ21/120, СШ21/177, СШ21/178 дугаартай сорилтын үр дүн зэрэг нотлох баримтаар "****" ХХК-ийн борлуулж буй дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин бага тодорхойлогдсон нь "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 0000 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна" гэж заасныг зөрчсөн. Үүнтэй холбоотой бүх баримт материал, зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна. Иймд "****" ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариу тайлбараа бичгээр шүүхэд гаргасан. Зарим нэг зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай байна. Манай агентлаг бие дааж уг шалгалтыг хийгээгүй бөгөөд чиг үүрэг нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг мөн хэвлэл мэдээллээр гаргасан иргэд, хэрэглэгчдийн гомдол, мэдээллийн дагуу энэхүү хяналт шалгалтыг хийх үүргийг авсан. Гэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Ашигт малтмал газрын тосны газрын Уул, уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори гээд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэхүү хяналт шалгалтыг хийсэн байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга хяналт шалгалтын удирдамжийг баталсан бөгөөд ажлын хэсгийг удирдамжийн хавсралтаар баталсан байгаа. Энэ нь зөрчлийн хэрэгт авагдчихсан байгаа учраас шүүх дээр танилцуулагдсан гэж ойлгож байгаа. Удирдамжтай хяналт шалгалт нь 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 18-ны өдөр өдөр 000 дугаартай удирдамж батлагдсан. Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт хяналт шалгалтыг тухайн удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй, дуусаагүй тохиолдолд агентлагийн дарга 30 хүртэлх хоногоор сунгана гэсний дагуу удирдамжийн 3 дахь хуудсан дээр бусад гэсэн заалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг үндэслээд 30 хоногоор сунгагдаад доор агентлагийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан. ***** ХХК-ийн шатахуун түгээх станц дээр нь 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр очсон. ***** дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын урд ****** замд байрлах *****ийн шатахуун түгээх станц 37 гэх салбар дээр очиж шинжилгээний дээж авахад эрхлэгч н.Отгонцэцэг тухайн өдрийн түгээгч н.Баяржав, н.Золжаргал гэх албан хаагчдыг байлцуулан дээжийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа МНС/MNS/02182008 гэсэн стандартыг үндэслэн дээжийг авсан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр агуулахаас дээж авсан бөгөөд тээвэр ложистик эрхэлсэн захирал н.Ангар, ерөнхий инженер н.Ц, агуулахын дарга н.Б гэх эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан дээжийг авсан. Тийм учраас дээж авах ажиллагаа ямар нэгэн байдлаар хууль тогтоомж болоод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацааны талаар ярьсан. Бид ганц компанийг шинжлээгүй. Тухайн үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа шатахууныг буюу газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж бөөнөөр болон жижиглэн худалдаалж байгаа нийт 26 аж ахуй эрхлэгчийн 144 дээжийг хоёр лабораторид өгсөн байгаа. Тэгэхээр уг 26 аж ахуй нэгжийн 144 дээжийг шинжлэх хугацаа удаашралтай байсан. Тийм учраас хоёр лаборатори дээжээ авсан цагаасаа хойш аль болох боломжит богино хугацаандаа бүх дээжийг шинжлээд өгье. Үүнийг хараад биччихдэг юм биш, техникээр механикаар гэх мэт олон аргаар үздэг учраас дээж шинэчлээд сорилын дүн гарах хугацаан дээр хугацаа хэлэх боломжгүй байна гэх тайлбарыг тухайн үед ажлын хэсгийн хурал дээр мэдэгдэж байсан бөгөөд боломжит хамгийн богино хугацаандаа гаргаж өгсөн байдаг.
Сорилын дүнг үндэслээд арга хэмжээ авах нь учир дутагдалтай юм байна гэж үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тухайн үеийн Эрчим хүч, ашигт малтмал, газрын тосны асуудал хариуцсан улсын ахлах байцаагчаар дүгнэлт гаргуулсан. Дээж авах ажиллагаа дээр уг улсын ахлах байцаагч н.Б дүгнэлт гаргах учраас оролцоогүй. н.Б дээж авах ажиллагаанд оролцуулахгүй шалтгаан нь тухайн аж ахуйн нэгжийн дээж ямар кодоор кодлогдож байгааг нь бүгдийг нь тухайн хяналт шалгалтад оролцсон албан хаагчдаас Албаны нууцын тухай хуулиар нууцын баталгаа гаргуулж авсан учраас улсын байцаагчид дүгнэлт гаргуулахаар өгсөн лабораторийн сорилын дүнгүүд бүгд аль аж ахуйн нэгжийнх гэдэг нь мэдэгдэх боломжгүй байдаг.
Улсын байцаагч дүгнэлтдээ 18 үзүүлэлтээс 9 шаардлага хангаж байна гэж дүгнэсэн. Дүгнэлтийн 2, 3 дахь хэсэгт дизель түлшний аль хэсгийг хангаж бас хангахгүй байгааг бичсэн байдаг. Анхаарч үзэх нэг зүйл нь уг 18 үзүүлэлтээс нэг л үзүүлэлтийг хангахгүй бол бүх шаардлагыг хангахгүй байна гэж үздэг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. Тийм учир Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу 9 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тухайд мэдээж эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа гомдол, мэдээллийг хүлээж аваад ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн 4 шийдвэр гаргах ёстой байдаг. 07 дугаар сарын 07-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлтийг албан бичгээр албан ёсоор хүлээж авсан. 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх прокурорт нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс хойш ажлын 5 хоногийн дотор хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 6.6.1.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан, хэмжилт хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж байгаа. Бид сорилын дүн гарсан дээрээс нь улсын байцаагчийн дүгнэлт гарсан учраас энэ хэргийг заавал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах цааш нь үргэлжлүүлээд хохирол нөхөн төлбөрийг тооцох шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд зүйтэй гэж үзсэн. Мөн энэ ажиллагаа нь хяналтын прокурорын хяналт дор гүйцэтгэгдсэн учраас манай байгууллагын эрх бүхий албан тушаалтан өөрийн эрх, үүргийн хүрээнд хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзсэн. Тийм учраас ***** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч дээжийн хугацааны талаар ярьж байсан. Газрын тосны бүтээгдэхүүн дээж авах арга MNS/02182008 гэх стандарт байгаа. Үүний 7.7 дахь хэсэгт маргаан таслахдаа 45 хоног, алс хол оршдог захиалагчид илгээх газрын тосны бүтээгдэхүүний маргааны дээжийг 3 сар, гадаадад шинжлүүлж байгаа бол 4 сар хадгална гэсэн стандартын хугацаатай. Бид бүгд энэ дээжийг Улаанбаатар хотоос авсан учраас алс холоос авч байгаа дээж буюу тээвэрлэж ирэх дээж гэж үзээгүй. Тийм учраас 45 хоногийн хугацаа дууссан тул Гаалийн ерөнхий газрын лабораторид хадгалагдаж байсан маргаан таслах дээжийг стандартад заасан хугацаа хэтэрсэн байгаа учраас устгалд оруулах нь зүйтэй байна гэсэн ажлын хэсгийн дүгнэлтээр устгалд оруулсан. Гэхдээ тухайн үед буюу дүгнэлт хэлэлцэж байх хугацаанд бидний зүгээс тайлбар өгч байсан. Нэгэнт стандарт дээр бүтээгдэхүүний дээжийг лабораторид илгээснээс хойш 45 хоног хадгална гээд заачихсан байгаа учраас тэр хадгалах хугацааг баримтлаад явах нь зүйтэй байна гэх байр суурьтай байсан тул 3 дахь маргаан таслах дээжийг шинэчлэхгүйгээр дүгнэлтийг үндэслэж шийтгэл оногдуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ маргаанд захиргааны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус газрын Хууль зүй, дотоод хяналтын газрын улсын байцаагч Э.Б /цаашид Улсын байцаагч гэх/ хяналт шалгалт явуулсан, уг хяналт шалгалтыг мөн оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 30 хоног явуулахаар тогтоож, дахин 30 хоног сунгаж хяналт шалгалтыг хийхээр тогтоосон байна./ХХ-ийн 38-42 дахь тал/
2.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Т.М (Удирдамжид нэр нь орсон) 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр ***** ХХК-ийн ***** дүүргийн 14 дүгээр хороо, Дамбын /тэмдэглэлд бичсэнээр/ замын цагдаагийн постын орчимд байрлах ШТС-37 дугаартай шатахуун түгээх станцад байгаа АИ-92 автобензинээс дээж авч **** дугаараар кодолж, дизель түлшнээс дээж авч 210746 дугаараар кодлон энэ ажиллагаагаа Тэмдэглэлээр баримтжуулжээ. /ХХ-ийн 76 дахь тал/
2.4.Үүний дараа н.Батчимэг гэгч (Удирдамжид нэр нь ороогүй) 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ***** ХХК-ийн Агуулахын 3 дугаар савнаас АИ-92 автобензинээс дээж авч * дугаара****ар, 5 дугаар савнаас дизель түлшийн дээж авч ***** дугаараар тус тус кодлон дээж авч Тэмдэглэлээр баримтжуулжээ. /ХХ-ийн 91 дэх тал/
2.5.***** ХХК-ийн худалдан борлуулж буй АИ-92 автобензин, дизель түлшийг Гаалийн ерөнхий газрын төв лаборатори, *** хувийн лабораторид тус тус дээжийг шинжлүүлж, шинжилгээний дүгнэлтийг гаргуулан авсан болох нь шинжилгээний бичгээр батлагдаж байна. /ХХ-ийн 77-90, 93-105 дахь тал/
2.6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаар удирдамжид зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын улсын ахлан байцаагч А.Бямбадорж нь хамтран удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэйгээр хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон байна. /Удирдамжид. ХХ-ийн 38 дахь тал/
2.7.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дээрх дээж авах ажиллагааг явуулаад, Улсын байцаагчаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид *****, 0000, **** дугаар бүхий 4 дээжийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүлээлгэн өгчээ.
2.8.Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ***** дугаартай автобензинийн дээжийн шинжилгээний дүгнэлтийг GT025 дугаартай, ***** дугаартай дизель түлшний дээжийн сорилын үр дүнг GT056 дугаартай тайланг гаргасан./ХХ-ийн 53-56 дахь тал/
2.9.Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 0000 дугаартай автобензинийн дээжийн шинжилгээний дүгнэлтийг GT041 дугаартай, 05 дугаар сарын 12-ны өдөр 210816 дугаартай дизель түлшний дээжийн сорилын үр дүнг GT077 дугаартай тайланг гаргасан./ХХ-н 63-66 дахь тал/
2.10.Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 210712 дугаартай автобензинийн дээжийн шинжилгээний дүгнэлтийг СШ21/63, СШ21/64 дугаартай, 210746 дугаартай дизель түлшний дээжийн сорилын үр дүнг СШ21/119, СШ21/120 дугаартай тайланг гаргасан./ХХ-ийн 60-62 дахь тал/
2.11.Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 0000 дугаартай автобензинийн дээжийн шинжилгээний дүгнэлтийг СШ21/101, СШ21/102 дугаартай, 210816 дугаартай дизель түлшний дээжийн сорилын үр дүнг СШ21/177, СШ21/178 дугаартай тайланг /ХХ-ийн 67-69 дахь тал/ тус тус гаргаж баталгаажуулсан байна.
2.12.Дээрх Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторын сорилын дүн ***** ХХК-ийн АИ-92 автобензинийн хувьд хоорондоо зөрүүгүй гарсан гэж тайлбарлан талууд энэ асуудлаар маргахгүй байна.
2.13.Харин тус компанийн шинжилгээний сорилд ирүүлсэн 210746 дугаартай дизель түлшний дээжийн сорилын дүн нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторын сорилын дүн стандартад нийцсэн гэж гарсан бол, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн дүнгээр ***** дугаартай дизель түлшний цетаны тоо 45-аас их байх үзүүлэлтийн шаардлагад 43.4 +/-0.1 гэж, **** дугаартай дизель түлшний дээжийн сорилын үр дүн 45-аас их байх үзүүлэлтийн шаардлагад 42.7 +/-0.1 гэж гарсан байна./ХХ-н 62, 72 дахь талууд/
2.14.Ийнхүү Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн дүн дизель түлшний цетоны тоо үзүүлэлтээр хоорондоо зөрүүтэй гарсан болох нь нотлогдлоо.
2.15.Хариуцагч Улсын байцаагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаар албан бичгээр хандаж хяналт шалгалтын явцад жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин, дизелийн түлшнээс дээж авч, мэргэжлийн лабораториудаар шилжүүлээд, лабораторийн сорилт, шинжилгээний үр дүнд дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүргүүлсэн байна. /ХХ-ийн 46 дахь тал/
2.16.Хариуцагч Улсын байцаагч нь хяналт шалгалтын хүрээнд ***** ХХК-ийн жижиглэнгээр худалдан борлуулж байгаа автобензин, дизель түлшнээс 3 хэсэг дээж авсан, эдгээрийн 2 дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори руу явуулсан, 3 дахь дээжийг маргаан гарвал дахин шинжилгээ явуулахад зориулж гэж хадгалж үлдээжээ.
2.17.Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3 дахь дээжийг 45 хоног хадгалдаг журамтай тул уг хугацааг болмогц устгасан гэж тайлбарласан учраас хариуцагч нь хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацааны дотор явуулж дуусгаагүй, нэгэнт дуусаагүй байсан хяналт шалгалт эцэслэгдээгүй байхад маргаан гарвал ахин шинжлүүлэх зорилгоор авсан 3 дахь дээжийг устгасан болох нь тогтоогдлоо.
2.18.Хариуцагч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторт, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүд хоорондоо зөрүүтэй байхад хөндлөнгийн шинжилгээ хийлгээгүй, ямар нэг байдлаар дахин шинжээч томилоогүй болох нь Зөрчлийн хэргийн материалаар нотлогдлоо.
2.19.Ийнхүү ***** ХХК-ийн худалдан борлуулж буй дизель түлшний сорилын дүгнэлт 2 лабораторт хоорондоо зөрүүтэй гарсан байхад тус хяналт шалгалтын багийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй буюу шалгалтын бүрэлдэхүүнд орсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлан байцаагч А.Бямбадорж нь зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн дүнг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаар дүгнэлтийг үлдэж, уг дүгнэлтээ ***** ХХК-ийн дизель түлш нь Монгол Улсын стандарт Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага MNS0007, Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 0000 стандартын шаардлагад нийцэхгүй гэж тус тус дүгнэлт үйлдсэн байна. /ХХ-ийн 15-17 дахь тал/
2.20.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ... 150 сорилын үр дүнг судлаад Улсын ахлах байцаагчаас дүгнэлт гаргасан талаар мэдэгдэж, уг дүгнэлтийг хавсарган хүргүүлсэн байна. /ХХ-ийн 47 дахь тал/
2.21.Дээрх дүгнэлтийг үндэслэн хариуцагч Улсын байцаагч нь зөрчил гарсан нь тогтоогдсон гэж үзэж, ***** ХХК-ийн төлөөлөгчөөс хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг эс зөвшөөрч байгаагаа тайлбарласан байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0000 дугаартай шийтгэлийн хуудас үйлджээ. /ХХ-ийн 115 дахь тал/
2.22.Хариуцагч Улсын байцаагчаас нэхэмжлэгч ***** ХХК-ийг чанар, стандартын шаардлага хангаагүй шатахуун худалдсан зөрчил гаргасан нь Улсын байцаагчийн дүгнэлт, лабораторийн сорилын үр дүнгээр нотлогдсон, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил мөн гэж үзээд зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тэмдэглэл үйлдэж, 0000 дугаартай шийтгэлийн хуудсаар 9,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулах захиргааны арга хэмжээ авчээ.
2.23.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тэмдэглэлд ***** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Батболд нь Нэг тал зөвшөөрөхгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж, гарын үсгээ зурсан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо. /ХХ-ийн 114 дэх тал/
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т "хяналт шалгалтын арга, хэлбэр" гэж тухайн хяналт шалгалтад хамаарах баримт бичгийг хянан үзэх, шалгуулагч этгээдийн , бүтээгдэхүүн болон тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны орчноос дээж авч шинжлэх, турших, гаргасан зөрчлийн хоорондох уялдаа холбоог тогтоох зорилгоор шинжилгээ явуулах зэрэг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын албан тушаалтан, түүнчлэн хууль тогтоомжид заасан журмын дагуу хяналт шалгалтад татагдан оролцож байгаа шинжээч, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг, 10 дугаар зүйлийн 10.12.1-т холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчийн бүрэн эрх байхаар тус тус хуульчилжээ.
3.2.Энэ заалтын дагуу Улсын байцаагч нь явуулсан хяналт шалгалтдаа мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж шинжилгээ хийлгэсэн байна.
3.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрийн хяналт шалгалт хийхэд дараахь зарчмыг баримтална гээд мөн зүйлийн 4.1.2-т хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх гэж, мөн зүйлийн 4.1.4-т шалгуулагч этгээдэд , түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-т Улсын байцаагч хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах эрх, үүрэгтэй байхаар тус тус заажээ.
3.4.Энэхүү хяналт шалгалтын зарчмын дагуу Улсын байцаагч нь хяналт шалгалтыг хараат бусаар шударга, ил тод явуулах, хийсэн шалгалтынхаа үнэн зөвийг хариуцах ёстой.
3.5.Гэтэл энэхүү маргаантай хяналт шалгалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын улсын ахлан байцаагч А.Бямбадорж нь уг хяналт шалгалтанд хөндлөнгийн байр сууринаас хандаж дүгнэлт гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү ажлын хэсэгт удирдлагын чиг үүрэгтэй оролцогч Улсын ахлах байцаагч хөндлөнгийн гэх дүгнэлт гаргасан нь хяналт шалгалт нь хараат бус байх зарчимд нийцээгүй, илтэд зөрүүтэй гарсан 2 өөр лабораторийн дүнгийн зөрүүг арилгах, дахин хөндлөнгийн, хараат бус шинжээч томилох, шинжилгээ хийлгэх ажиллагаа явуулаагүй нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчим нийцээгүй хууль бус байна.
3.6.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын улсын ахлан байцаагч А.Б нь хяналт шалгалтын бүрэлдэхүүний хувиар дүгнэлт гаргасан гэж байгаа бол энэ нь хууль зүйн зөрчил гэж үзэхгүй байтал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөндлөнгийн байдлаар оролцуулсан гэж тайлбарласан тул энэхүү дүгнэлтийг хийж байна.
3.7.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана гээд, мөн зүйлийн 5.2.6-д шалгалт эхлэх болон дуусах хугацаа гэж заасан байна.
3.8.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах гэсэн зарчим болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6-д заасан хяналт шалгалтыг удирдамжийн дагуу явуулах, удирдамжид заасан хугацаанд явуулахаар хуульчилсныг төрийн хяналт шалгалтын ажиллагаанд заавал мөрдөх ёстой гэсэн зохицуулалт юм.
3.9.Гэтэл хариуцагч Улсын байцаагч нь удирдамжид заасан хугацааны дотор хяналт шалгалтаа явуулж дуусгаагүй, удирдамжид заасан хугацаа дууссан байхад шалгалтыг үргэлжлүүлсэн нь удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулсан гэж үзэх хууль зүйн дагавартай болно.
3.10.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж, мөн зүйлийн 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн , эд зүйлд үзлэг хийх, , шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан тул хариуцагч Улсын байцаагчаас энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай тохиолдолд шинжээч томилж шинжилгээ хийлгэх, лабораторын сорилын зөрүүтэй дүгнэлтийг заавал зөрүүг шалган эцэслэсний үндсэн дээр зөрчлийг шалган шийдвэрлэх ёстой байжээ.
3.11.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1-д Оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй гэж, 4.11 дүгээр зүйлийн 5-д Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно гэж, мөн зүйлийн 6-д Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэжээ.
3.12.Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14. дүгээр зүйлийн 2-т Зөрчлийн нотлох баримт нь , шинжээчийн дүгнэлт, , стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно гэж заасан байна.
3.13.Мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 4-т Оролцогчийн гаргасан нотлох баримт шалгуулах хүсэлтийг энэ хуулийн 1.13 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 5-д Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилжээ.
3.14.Ийнхүү хуулийн дээрх журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь лабораторийн дүгнэлт зөрүүтэй гарсан тохиолдолд шинжээч томилуулах, дахин шинжилгээ хийлгэх /зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлт/ хүсэлт гаргах эрхтэй байхад энэ эрх болон прокурорт гомдол гаргах эрхийг нь хангаагүй атлаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6 дахь заалтад заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болох нь дээр тогтоогдсон үйл баримтуудаар нотлогдож байна.
3.15.Түүнчлэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид явуулсан дизель түлшний 210746, 210816 дугаар бүхий 2 дээжид хийсэн сорилын дүн хоорондоо зөрүүтэй байхад шинжилгээг дахин явуулах замаар уг зөрүүг арилгах шаардлагатай байхад зөвхөн стандартад нийцээгүй гэх дүгнэлт бүхий 1 сорилын дүнг үндэслэсэн нь хууль бус бөгөөд ийм баримтыг хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримт гэж үзэхгүй тул дээрх сорилын дүн нь нотлох баримтын чадвараа алдсан гэж үзэх нь зүйтэй байна.
3.16.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гээд мөн зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж, мөн зүйлийн 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж, мөн зүйлийн 1.3-т зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж тус тус заасан.
3.17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тул зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэх тайлбар нь хуульд нийцээгүй байна.
3.18.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан.
3.19.Гэтэл зөрчилд хологдогч ***** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь сорилын дүн, Улсын байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй, мөн зөрчил үйлдсэнээ зөвшөөрөөгүй байхад зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон гэж үзсэн нь илт хууль зөрчсөн ажиллагаа болно.
3.20.Дээр тогтоогдсон үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд төрийн байгууллагуудын 2 лабораторийн сорилын дүн зөрүүтэй байхад нэхэмжлэгчид ашиггүй сорилын дүнг баримталж зөрчил гаргасан гэж үзэж, ингэхдээ холбогдогчийн эрхийг хангахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.4-т заасан шалгуулагч этгээдэд , түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчимд нийцээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн болох нь нотлогдсон гэж дүгнэв.
3.21.Дээрх хууль зүйн үндэслэлээр ***** ХХК-ийн нэхэмжлэлийн /гомдлын/ шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 10 өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Маргааны зүйл болох стандартын шаардлагад нийцээгүй гэх дизель түлшний дээж нь 2021 оны 03 дугаар сарын 19, 24-ний өдрүүдэд авагдсан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг дээжийн 3 дахь хэсгийг 45 хонуулаад устгасан гэж тайлбарласан тул тухайн дээжид шүүхээс шинжилгээ хийлгэх боломжгүй нөхцөл үүссэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3, 106.3.12 дахь хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6, 10 дугаар зүйлийн 10.12.1, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6, 4.14. дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 5, 6.6 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг, заалтуудыг баримтлан нэхэмжлэгч ***** ХХК-ийн нэхэмжлэлийн /гомдлын/ шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөл газрын Улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 10 өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, уг 70200 төгрөгийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчаас нөхөн гаруулж ***** ХХК-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ