Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/858

 

 

 

 

           2023           8            24                                          2023/ДШМ/858

 

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Уранчимэг,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/580 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Эд холбогдох 2309000000425 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баяд овгийн Г.Э, 2004 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 751 тоотод бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Гангарын 20Б байрны 26 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УЦ04221281/,

Г.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ла Фонтана” ресторанд ажиллаж байхдаа О.Наранцогтын эзэмшлийн гээгдүүлсэн алтан гинжийг кассын машинаас олж аван бусдад худалдаж, 11.713.200 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Баяд овогт Г.Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Эгээс 3.713.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Наранцогтод олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг дүгнэсэн атлаа эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж ялыг хүндрүүлж оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Г.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ нь цалин хөлс орлоготой болохыг нотолж байгаа учраас илэрхий үйл баримт тодорхой байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй гэж шүүх буруу дүгнэлт хийжээ. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарласан боловч шүүх хүлээж аваагүйгээс гадна “шүүх хурлын завсарлага авсаны дараа цалин хөлсийн тодорхойлох нотлох баримтыг авахгүй” гэж оролцогчидод тайлбарласан нь шүүх хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Миний үйлчлүүлэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 3.713.000 төгрөгийг хохирогч О.Наранцогтод 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5622593598 дансанд шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулснаас гадна “Бренд нью хотелс” ХХК-д бармен албан тушаалтай, сард 1.500.000 төгрөгийн цалинтай болохыг тодорхойлжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр тогтоож хэсэгчлэн төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Одоо ажил хийж байгаа. ...” гэв.

Прокурор Э.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх хохирол төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Г.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ла Фонтана” ресторанд ажиллаж байхдаа О.Наранцогтын эзэмшлийн гээгдүүлсэн алтан гинжийг кассын машинаас олж аван бусдад худалдаж, 11.713.200 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Наранцогтын “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө би өөрийн ажлынхаа VIP хэсэгт үйлчлүүлж байхдаа өөрийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг хүзүүнээсээ тайлчихсан гадуур куртикнийхээ энгэрийн халаасанд хийчихсэн байж байгаад шөнө 04 цагийн үед гарангуутаа гинжээ алга болсныг мэдээд эргэж орчихоод буцаж гэртээ харьсан санагдаж байгаа юм. Тухайн үед би нилээн согтуу байсан. Тэр цагаас хойш 1 сарын дараа Дөлгөөн над руу холбогдож “Гинжийг чинь манай зөөгч Энхжин аваад алт мөнгөний дархан дээр очоод хайлуулаад зарчихсан юм байна” гэж хэлсэн. Алтан гинжийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би өөрөө Турк улсын Истанбул хотод явж байхдаа 2.860 ам доллараар худалдаж авч байсан. ...” /хх 9/,

гэрч Х.Дөлгөөний “...707 тоот өрөөний дотор талд спикерний дэргэд шалан дээрээс шаргал өнгөтэй хүзүүний гинж олж авсан. Тухайн гинжийг барихад алга дүүрээд том бүдүүн гинж байсан. Тэгээд би тухайн гинжийг кассны шургуулганд хийж орхисон. Намайг гинжийг касс руу хийж байхыг манай бармен Буяа бас харж байсан. Би түүнд “кассын шургуулганд хийсэн” гэж хэлэхэд “байхгүй байна шүү дээ” гэж хэлсэн. Манай зөөгч Энхжин өөрийн буруугаа хүлээж над руу зурвас бичсэн. ...” /хх 11-12/,

Г.Эгийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сард намайг касс дээрээ ажиллаж бах үед касс дотор шаргал өнгийн хүзүүний гинж байсан. Маргааш өдөр нь байж л байсан. 2 хоногийн дараа би нөгөө гинжийг өөртөө авчихсан. Тэгээд өөртөө 2 хоног байлгаад хүн асуухгүй болохоор нь Урт цагааны “Алт мөнгө авна” гэсэн хаягтай газарт ороод зарах гэж үзүүлэхэд 32.8 граммтай монетан гинж байсан. 1 граммыг нь 100.000 төгрөгөөр үнэлээд 3.280.000 төгрөгөөр зарчихсан. Зарсан мөнгөө тухайн үед үерхэж байсан найз залуугийнхаа дансаар шилжүүлэн авч хувьдаа зарцуулсан. ...” /хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд, “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт /хх 15-16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...зорчих эрх хязгаарлах ялыг торгуулын ял болгон өөрчилж, торгох ялын доод хэмжээгээр тогтоож хэсэгчлэн төлүүлж өгнө үү . ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Г.Э нь анхан шатны шүүх хуралдааны дараа буюу хохирогч О.Наранцогтод хохирлын үлдэгдэлд 3.720.000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан /хх 107/, одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа /хх 108-109/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг тус тус хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 450.000 төгрөгрийн торгуулийн ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Мөн шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Наранцогтод 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирол төлбөрт 3.713.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/580 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх нэмэлт заалтуудыг оруулж, зарим заалтуудыг хүчингүй болгож, зарим заалтад өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/580 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.. ...” гэж өөрчилсүгэй.

2. тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 450.000 төгрөгрийн торгуулийн ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ